Судлаач Д.Баярхүү: Нам төвтэй төр, нам дагасан “хүн сүрэг” улс орныг хөлдөө чиржээ

Судлаач, нийтлэлч Олхонууд Д.Баярхүүгийн  gogo.mn сайтын сэтгүүлч О.Ариунбилэгтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

–    Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрсөн. Харин Та зөвшөөрөх үү?

-Зөвшөөрнө.

–    Засаглалын хямрал нь яаж илрээд байх юм?

-Энэ бол Засгийн газар огцрох төдий асуудал биш. Социализмын үед байсан МАХН гэх ганц намын хязгааргүй засаглалын загвар өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Үүний улмаас төрийн алба, намын алба хоёр нь холилдчихсон. Нам төвтэй төр бол хямралыг байнга дагуулдаг, ардчиллын зарчимтай нийцэхгүй гаж үзэгдэл.

–    Та олон улсын харилцааны судлаач-профессор хүн учраас Танаас шууд л “Бид аль улсын туршлагыг судлан хэрэгжүүлж байж энэ засаглалын хямралаас гарах вэ” гэдгийг асуумаар байна?

-Хоёр зуун жилийн өмнөх АНУ-ын түүхийн гашуун, зовиуртай замыг бид одоо туулж байна. АНУ нь XIX зуунд 60 гаруй жилийг яг ийм замналаар туулж, XX зууны эхээр салсан. Энэ түүх бидэнд маш том туршлага, сургамж болох ёстой. Хэдийгээр газар нутгийн хувьд алс хол, том жижиг хоёр өөр улс үндэстэн, бүх зүйлээрээ харьцуулшгүй боловч ингэж харьцуулахаас өөр аргагүй.

–    Яаж салсан юм бол?

-Энэ түүх 1829 онд Эндрю Жексон гэдэг хүн АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор эхэлдэг. Тэрээр хийсэн бүтээсэн гавъяатай боловч түүхэн дэх хамгийн популист Ерөнхийлөгч хэмээн тооцогддог. Албаа авснаар гаргасан хамгийн эхний шийдвэр нь тэр үед цөөхөнд тооцогдоно, 2000 гаруй мэргэжсэн түшмэдтэй байсан төрийн албыг намынхаа нөхөд болон өөрийнх нь төлөө ажилласан хүмүүсээр сольсон. Энэ томилгоо нь сүүлдээ хавтгайран, намын зүтгэлтнээсээ хальж танил тал, найз нөхөд, ах дүү, амраг садных болж хувирсан. XIX зууны дунд үе гэхэд америкчууд тийм томилгоонд дургүйцэж “авлигал” гэж үздэг, нэрлэдэг болсон. Ах дүү, найз нөхөд, хамаатан садан, намын нөхдөө томилно гэдэг нь авлигыг бий болгоно, хүнд суртлыг төрүүлнэ, улсын сан хөмрөгийг хоосолно, нам болон хэсэг тойрон хүрээлэгчдэд л өгөөжтэй юм байна гэдгийг ойлгосон. Гэхдээ ингэж ойлгох хүртлээ 60 жилийг туулж, бүр АНУ-ын нэг Ерөнхийлөгчийн амь насанд хүрч байж ойлгосон шүү дээ. 1881 онд Жеймс Гарфилд гэдэг Ерөнхийлөгч томилгооноос болж амиа алдсан гашуун түүх бий. Амласан томилгоондоо тавихгүй болохоор нь цаад нөхөр нь буудаад алчихсан. Тэр үед л ийм томилгоог зогсооё, нам төвтэй төрийг больё, нам ба засаг захиргааг салгая гэдэг шийдэлд хүрсэн. 1883 онд Иргэний албаны тухай хууль баталж, 1887 онд америкийн нэртэй профессор, хожмын Ерөнхийлөгч Вүдро Вильсон  Засаг захиргаа, төрийн удирдлагын онолоо гаргаж ирсэн. Энэ онолыг л манайх одоо л шүүрч аваад судлах  хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг даа.

–    Манай улсын төрийн албыг зарж худалдаалдаг гэх. Гадаад хэргийн яаманд ийм зүйл байсан уу?

-Би үүнийг сонсож, мэдэж байсангүй. Шар хэвлэлд бичсэн зүйлсийг би анзаарч, тоодоггүй. Намайг ажиллаж байхад голдуу улстөрчид Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Тэр бол заавал мэргэжлийн дипломатч байх албагүй гарцаагүй улстөрч очих томилгоо. Дэд сайд гэдэг бол эвслийн засгийн газрын өнгөн дээр эвсэлд орсон өөр нэгэн намын төлөөлөгч байх, эсвэл нэг нам дангаараа засгийн эрхийг барьсан тохиолдолд бодлогоо хүчтэй хэрэгжүүлэхийн тулд томилдог  албан тушаал. Гэхдээ хүмүүсийн ярьдаг “дэд сайд бол бялуу хуваах зорилгоор өгдөг, шагналын албан тушаал” гэдэгтэй би санал нэгдэнэ. Харин Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас доогуурх нь бол мэргэжлийнх байх ёстой.

–    Уг нь бол аль ч яаманд…

-Гадаад харилцаа гэдэг бол төрийн тусгай алба. Гадаад харилцааны мэргэжлээр сургуулийг нь төгссөн хүн хийх ёстой. Дурын хүн хийдэг ажил ч биш, оролддог зүйл ч биш.

–    Гэхдээ ГХЯ-нд хамаатан саднаа томилдог гэх мэт яриа байдаг. Таны хэлж байгаагаар ТНБД-аас доогуурх албан тушаалдаа Та нар мэргэжлийн албан хаагчдаа авч үлдэж чаддаг уу?

-Харьцангуй гайгүй болов уу гэж боддог. Улстөрийн томилгооны хүн ирчихээд газар хэлтсүүдийг бужигнуулж байсан түүхийг би олж хараагүй юм байна.

– Манай нийгэмд “төрийн албыг зарж байна, Засгийн газрын дараагийн ээлжнийхэн хоолондоо орох гэж байна” гэсэн цуу яриа л хэт их байх юм. Хэн үүнийг баталж, хэрхэн зогсоох юм бол? Америкийн жишээ шиг хэн нэгний аминд хүрч байж зогсоох юм болов уу. Та юу гэж бодож байна?

-Үүний хамгийн том учир шалтгаан нь өнгөрсөн 27 жилийн туршид Монгол Улс ардчилал шинэчлэлийг хийсэн боловч улстөрийн намын шинэчлэлийг хийж чадаагүйд л байгаа юм. 1990 онд ардчилал руу орохдоо МАХН ч, бусад нам ч социализмын үеийн намын тогтолцоогоо тэр чигт нь хуулчихсан. Социализмын үед МАХН Үндсэн хуулиараа дархлагдсан, босоо тогтолцоотой цорын ганц төржсөн нам байлаа. Түүний бүтэц нь гэхэд л айхтар том. Яг тэр тогтолцоогоороо одоо хүртэл явж байна. МАН-ыг л хар даа. Бага хурал, Удирдах зөвлөл гэж айхтар том байгууллагууд, намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, УИХ дахь намын бүлгийн ахлагч, түүний орлогч гээд том том албан тушаалтнууд байна. Үүний дээр засч залруулах ёстой нэг гажуудал нь гишүүнчлэлийн хойноос хөөцөлддөг, үнэнчийн шалгуур тавьдаг. Барууны улс орнуудад үүнийг хэдийнээ больсон. Энэ чинь большевик, коммунист, нацист, фашист намуудад байдаг эд шүү дээ. Ийм тогтолцоо 27 жил үргэлжиллээ. Энэ коммунист тогтолцооноосоо л салахгүй бол бид дахиад хорь гаруй жил энэ асуудлаа л ярина. Энэ бол гарцаагүй. Өнөөгийн МАН гэхэд Ж.Батмөнхийн үеэс буюу 1987 оноос л шинэчлэл ярьсан. Ярьж л байна. Дуусдаггүй.

–    Тэгвэл Та Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна уу?

-Үндсэн хууль бол тусдаа юм аа.

– Өөрөөр яаж тэр намын тогтолцоог өөрчлөх боломжтой вэ?

-Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлт нь Засгийн газрын гишүүдэд УИХ-ын гишүүдийн эзлэх хувь хэд байх зэргийг заасан ялимгүй, өнгөн заслынх юм билээ. Тэр бол гол асуудал биш. Энэ талаар амьд жишээнүүд болох АНУ, ОХУ-ыг хар л даа. Засгийн газарт ороод Сайд болох л юм бол гишүүнээсээ шууд татгалздаг. Трампын танхимд Сенат, Конгрессын, Медведевийн танхимд нэг ч Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүн байхгүй. Энэ бодит жишээ биш гэж үү?

–    Гэхдээ үүнийг тайлбарлахдаа “бид цөөн хүн амтай болохоор” гэдэг. 

-Би Швейцарьт туршлага судалж яваад ирсэн. Швейцарь бол 8.5 сая хүн амтай, өндөр хөгжилтэй айл. Маш завгүй, бүтээлч. Төрийн албан хаагчийнх нь тоо 38 мянга. Энэ бол хөдөлшгүй. Хэдэн жил ч энэ тоог барьж байгаа юм бүү мэд. Засгийн газар нь 7 яамны 7  сайдтай. Энэ тоогоо бас хуульчилсан. Долоон яамных нь сайд нар нэг нэг жилээр ээлжилж Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчөөр хавсарч ажилладаг. Байнгын төрийн тэргүүн гэж байхгүй. Жишээ нь гадаад орны Элчин сайд Швейцарийн Ерөнхийлөгчид бус Засгийн газарт итгэмжлэх жуух бичгээ барьдаг. Энэ туршлага биш гэж үү? “Монгол бол онцгой” гэж тунхаглаж болохгүй.

–    Тэгээд яаж хийх ёстой гэж?

-1990 онд намын шинэчлэлийг цоо шинээр эхлүүлж чадаагүйд харамсдаг. Тухайн үед бэлээхэн туршлага, жор байсан. МАХН тэр үед ах дүү социалист орнуудын намуудтай нягт ажиллагаатай байлаа. Энэ намууд бүгд тарсан. Гэхдээ хүчээр биш. Их хурлаа хийгээд “за тарцгаая” гээд л тарсан. Тэгээд цоо шинэ нам их хурлаараа байгуулсан. Унгарын ажилчны социалист нам нь Унгарын социалист нам, Германы нэгдмэл социалист нам нь Ардчилсан социализмын нам, Болгарын коммунист нам нь Болгарын социалист нам болсон. Энэ л зөв арга барил байсан.

–    Тэгэхээр өөрчлөлтийг намууд өөрсдөө хийх нь байна тийм үү?

-Намууд л ярих хэрэгтэй. Намын дарга нар бахдалтайя ярьдаг нэг юм байна. “Манай нам 230 мянган гишүүнтэй” гэнэ. Энэ тоог гурван сая хүндээ хуваагаад үз дээ. Гурван сая хүнээсээ 230 мянгыг нь “энэ манай намынхан” гээд хашаа хаалт босгоод үзээч. Үндэсний эв нэгдлийн асуудалд энэ чинь аюултай бус уу? Ардчилсан нам нь бас манайх төдөн зуун мянган гишүүнтэй гээд л.

–    Бид 200 жилийн өмнөх АНУ-тай адилхан юм байж. Яг одоо бидэнтэй адилхан улс орнууд энэ дэлхий дээр байна уу?

-Африкийн болон хөгжиж байгаа улс орнуудад байна. Ичмээр туршлагууд бий. Монголын ардчиллын этгээд сонин үе гэж гадаадынхан ярихыг олон удаа сонссон. Манай УИХ-ын сонгууль, томилгоо зэргийн талаар элэглэж шоолж ярьдаг болсон. Гашуун сургамжийн жишээ болгож гадаадад ярьж суудаг. Зээл тусламжийг яаж үгүй хийдэг талаар Японы эрдэмтэн Хироно гэж хүн жишээ болгон лекцдээ жишээ татаж байхыг би Токиод сонсож л байсан. Ичиж үхмээр ийм жишээ болон яригдаж байгаагаа манай монголчууд мэддэггүй.

–    Бид тэгэхээр дэлхий дахинд шившгээ тарьж байгаа юм аа даа?

-Шившиг ч гэж арай хэлэхгүй ээ. Гэхдээ олон улсад манай нэр хүнд унасан. Санхүүгийн сахилга батгүй, олон амладаг, улстөрчид нь энд тэнд элдэв юм ярьж явдаг. Дур дураараа юм ярихыг ардчилал гэж хэлэхгүй. Гадаад бодлогоо нэг цонхоор явуулдаггүйн л гай. Нэг цонхны гадаад бодлогын талаар би ярьж, бичиж, тогтоолын төсөл боловсруулахад нь ч ажиллаж л байсан. Нэмэр байдаггүй. Амлалт өгдөг, амлалт нь алга болчихдогт гадаадын хөрөнгө оруулагчид маш их хямардаг.

–    Энүүгээр явбал ийм зам байна, тэрүүгээр явбал тийм зам байна гэдэг шиг бидэнд одоо ямар зам байна?

-Бид онцгой зам хайгаад байх шиг. Сая “Инвест Монголиа” чуулганд Баабар тодорхой хэлсэн дээ. Тэрийг л олон дахин уншаасай гэж үзэгч, уншигчдад уриалж байна. Голд ортол хэлсэн байна лээ.

–    Ройтерс манай улсад сүүлийн хэдэн жил бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажилласан нэг ч Ерөнхий сайд байхгүй гэж тэмдэглэсэн байна билээ.

-Хоёр байгаа. П.Жасрайн танхим 1992-1996 онд, Н.Энхбаярын танхим 2000-2004 онд. Гэхдээ эвтэй сайндаа байгаад байсан юм биш. Засаг төрөө тогтвортой харагдуулахын тулд хүчээр барьж байсан юм. Гэхдээ П.Жасрайн засгийн газар багш нарын ажил хаялтын улмаас Боловсролын сайдаа унагаж л байсан.

–    Ройтерсын бичсэн нь “2004 оноос хойш” гэсэн байсан. Манайхан болохоор “Япон ч гэсэн Засгийн газраа дахин дахин унагадаг” гэж барьцах юм.

-Би Япон улстай харьцуулмааргүй байна. Гол нь нам төвтэй төр, НАМ гэсэн айхтар “хүн сүрэг” л улс орныг хөлдөө чирээд байна. Намын дарга, түүний удирдах бүрэлдэхүүн, намын ерөнхий нарийн бичгийн даргыг тойрсон баахан хүмүүс засаг төрийн элдэв албан тушаалд очих гээд өлөн нүдлээд байж байдаг. Мэргэжил, боловсрол, тархиных нь хэмжээ хүрэхгүй байхад л албан тушаалд улайм цайм томилогдчихсон олон хүмүүс байдаг шүү дээ. Агентлагууд, дүүргийн албад дээр очоод үзээрэй. Энэ бол намын хүн сүргээс гарч ирсэн босоо тогтолцооны эд эс нь. Энэ чинь л хямралыг бүрдүүлээд, ард түмнийг хөлдөө чирээд, улстөрөөс залхаагаад байгаа юм. Тэгэхээр нам төвтэй төрөөсөө түргэн татгалзаад, төрийн албаа багахан оролдоод, гишүүнчлэлийн болон үнэнчийн хатуу шалгуураа болиод, соёлтойгоор орчин цагт өрсөлдөх хэрэгтэй шүү дээ. Өнөөдрийг хүртэл төрийн мэргэжсэн алба төлөвшиж чадахгүй байна. Мэргэжсэн нь ч алга, мэргэшсэн нь ч алга. Үүнийг чинь тусгай боловсрол, эрдмээр бий болгодог юм. Энэ чинь эмч, багш, инженер, техникч гэдэг шиг нарийн мэргэжил байхгүй юу.

–    Гэхдээ би их харамсалтай зүйл сонссон. Зарим яам, агентлагийн төрийн албан хаагчид ажлаасаа гарахдаа компьютер доторхи хийж байсан бүх ажлаа устгаад дараагийнхаа хүнд ажлаа шилжүүлдэг гэнэ. Дээгүүр сайд дарга нар нь хямарсан ч төрийн албан хаагчид нь арай ёс зүйтэй баймаар юм аа. 

-Мэргэшсэн төрийн алба байхгүйгээс л ингээд байгаа юм. Дөрөв, дөрвөн жилийн зайтай УИХ-ын сонгууль бүрийн дараа бужигнуулдаг энэ байдал чинь монгол төрийн ой санамж, хар хайрцгийг алга болгочихоод байна. Швейцарьт зөндөө олон сонгууль болж л байгаа шүү дээ. Гэтэл өнөө 38 мянган төрийн албан хаагч нь байж л байдаг. Төрийн алба нь явж л байдаг. Тэгэхээр төрийн албанд мэргэжүүлдэг тусгай сургуулийг нь байгуулаач ээ гэж уриалмаар байна. Вүдро Вильсоны бэлэн онол нь байна. Вүдро Вильсон өөрөө Нью-Жерси мужийн захирагч болоод нам төрийг заагласан системээ эхлээд хэрэгжүүлсэн байгаа юм. Дараа нь 1913 онд Ерөнхийлөгч болоод 1921 он хүртэл ажиллахдаа нөгөө системээ төрийн институци болгоод төлөвшүүлчихсэн. Түүнээс хойш Америкийн хоёр намын тогтолцоо нь маш сайн хэрэгжсэн. Өнөөдөр Америкт монголчууд олноороо очиж, амьдарч, туршлага судлаж байна. АНУ-ын Ардчилсан намын батлахтай иргэн байхгүй, Вашингтон хотын намын хороон дарга гэж байхгүй, Калифорни мужийн намын хороо гэж байхгүй. Хэвтээ тогтолцоотой.

–    Мужийн захирагч хүн хэрэгжүүлж болж байгаа юмыг хэн нэгэн зоригтой дунд шатны албан тушаалтан ч хэрэгжүүлж болох л юм байна, тийм үү?

-Тэнд туршаад болгочихсон. Вүдро Вильсон өөрөө Наполеон Бонапарт, мөн Германы туршлагуудаас сайныг нь шилж авсан. Германы хатуу сахилга батыг оросын большевикууд хуулсан шүү дээ. Ленин өөрөө “германчуудаас, еврейчүүдээс суралцаач ээ” гэж хэлж байсан. Германд дарангуйлах засаглал байгаа ч, чанга сахилга бат байна. “Хянаж боловсруулах, бодох төлөвлөх ажлыг еврей, германчуудаар хийлгэ, хар бор ажлуудаа оросуудаар хийлгэ” гэсэн Лениний Кремлиэс бичсэн олон цохолт байдаг. Нацистын Герман тэр хүчирхэг нийгмийг цогцлоосон нууц нь юу байсан юм. Тэрээр Веймарын Германаас бэлэн зэхээстэй маш чанд, мэргэжсэн төрийн албыг өвлөж авсан шүү дээ. Тэгэхээр Европоос Франц, Герман улсууд байна гэх мэт би улс бүр дээр ярьмааргүй байна. Энэ туршлагуудыг яагаад манайх судалдаггүй юм. Энэ талаар туршлага судална гээд л УИХ-ын гишүүд, улстөрийн зүтгэлтнүүд бөөн бөөнөөрөө курс дамжаанд яваад л байдаг. Юу хийж явдаг юм бэ?

–    Бид хямралд тулаад ирэхээрээ хэн нэгэн удирдагчийг хайж эхэлж байх шиг. Энэ хямралаас өнөөх нь гаргаад өгчих ч юм шиг?

-Тэр бүтэхгүй. Бид нэг хүний засаглалд дургүй. Энэ нь өнгөрсөн сонгуулиар тод харагдлаа. Бид тэнцвэрийг барьж чаддаг. Тэгэхээр парламентын хүчтэй засаглал нь илүү оновчтой байж болно. Түүнийгээ Үндсэн хуулийн өөрчлөлтөд маш сайн тусгаж өгөх ёстой. Германы, Японы Ерөнхий сайд шиг Засгийн газраа өөрөө мэдэж байгуулдаг Ерөнхий сайдтай байвал өөр. Эсвэл Америкийнх шиг Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог байж болно. Швейцарьт бас тийм байна. Нэг яамны сайд мөртлөө Ерөнхийлөгч. Өмнөд Африкт нэг сонин туршлага бий. Парламентын сонгууль нь улстөрийн намын нэрээр явагдана. Дөрвөн жилд нэг удаа. Парламентын сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхийлөгч болно. Тэр нь Засгийн газраа байгуулна. Парламентын сонгуульд дийлэнх олонхи болж чадаагүй, гэхдээ эвсэл байгуулах бол дараагийн намын дарга Дэд ерөнхийлөгч болчихно. Гэхдээ Африк Үндэсний конгресс нам сонгуульд шувт ялж байгаа учир 23 жил Засгийн эрх барьж байна.

–    Баабар шиг, тань шиг сэхээтнүүд нам төвт тогтолцооны эсрэг тэмцэж болдоггүй юм уу. Яаж гэдгийг нь би мэдэхгүй байна л даа. Гэхдээ л ямар нэгэн байдлаар…

-Гол асуудал нь 27 жил дэндүү удаан үргэлжиллээ. Хэр баргийн улс орон ийм удаан шилждэггүй юм аа. Зүүн өмнөд Азийн бар улсууд 27 жилийг маш үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Сингапурын жишээ байна. Бараг 5 сая хүнтэй, төрийн удирдлагад нь 300 хүн л ажиллаж байна. Ли Куан Ю 1960-аад онд тогтоосон тэр л хэвээрээ. Тэнд төрийн албанд орохын тулд гурван хүн нэг местэнд өрсөлдөнө. Мерит систем, ур чадвараараа өрсөлддөг тогтолцоо тэнд байна.

–    Миний асуулт болохоор Та нар юм хийж болдоггүй юм уу л гэж?

-Би албан тушаалтай, улстөрийн нөлөө бүхий хүн биш юу хийх вэ? Харин одоо 10 дугаар сарын 1-нээс хичээлийг нь эхлүүлэх гэж байгаа Гүрэн дээд сургуульд багшилна. Энэ сургууль Харвардын их сургуулийн сургалт, сертификатыг олгох эрхтэй Ази-Номхон далайн бүс нутгийн 5 их сургуулийн нэг боллоо. Энэтхэгт 2, Сингапурт 1, Австралид 1 тэгээд Монголд 1 байна. Энэ сургуульд би профессороор ажилладаг. Энд жинхэнэ төрийн албан хаагчийг бэлтгэх гэж байна. Харвард, Колумбийн их сургуулийн хичээлүүд болон НҮБ-ын сургалт судалгааны төвийн сургалт орно. Харвардын менежментийн сертификатын хөтөлбөр, Харвардын Кеннедийн Төрийн захиргааны сургуулийн хөтөлбөрөөс бүрдэх 18 сарын магистрын хөтөлбөр англи, монгол хэл дээр зэрэг явагдана. Хүсвэл Америкт очиж дадлага хийж болно. Төрийн удирдлагаар бид Харвардын сертификаттай төрийн албан хаагчдыг төгсгөж үзсэн. Би өөрөө “Манлайлагч ба манлайллын түүх” гэдэг хичээл заадаг. Манай шавь нар арай өөр түвшний хүмүүс болсон. Бид Вүдро Вильсоны бичсэн бүтээлийг орчуулаад дуусч байна. Монголчуудад “Нам ба Засгийн газар гэдэг чинь хоёр тусдаа байдаг юм аа, төрийн аппарат гэдэг чинь шал өөр өө” гэдгийг дэлгэж тавих цаг болсон. Ингэж байж намын томилгоог америкчууд бүрэн зогсоож чадсан байна гэдгийг заах гэж байна. “Гүрэн”-д шинжээч бэлтгэх, менежер бэлтгэх, манлайлагч бэлтгэх гурван үндсэн семейстерийн хүрээнд 60 гаруй хичээл заана

–    Танайхаас өөр төрийн албан хаагч бэлтгэдэг сургууль монголд бий юу?

-Бэлтгэнэ гэсэн сургуулийн тоо тоймоо алдсан. Монгол Улс дээд боловсролын маш том хямрал дунд явж байна. Нэг үе 200 гартлаа их дээд сургуультай болсныг цөөрүүлээд одоо 100 гаруй байх шиг байна. Израиль Улс жишээ нь ямар аугаа хүчирхэг улс билээ, 8 сая орчим хүнтэй. Их сургуулийнх нь тоо нь 4-хөн.

–    Монголд лидер бий юу?

-Байна. Нам бүр лидертэй.

–    Тэгвэл тэр хүмүүс нь Таны яриад байгаа шинэчлэлтийг хийх ёстой юм болов уу?

-Гэхдээ хийх хүсэл байна уу, мэдсээр байж хийхгүй байна уу гэдэгт л асуудал байгаа юм. Би саяхан Манжуур, Хайлаарт очоод ирлээ. Улаанбаатар хот маань ардчилсан төрт-улсын нийслэл гэхэд Эрээн, Манжуурын худалдааны зээл шиг хот болчих вий гэхээс элэг эмтэрч байна.

–    Бараг болчихоод байна л даа.

-Иргэдийнх нь олонхи нь Эрээн, Манжуурын зээл дээр зогсож байгаа наймаачид шиг болчих вий гэж харамсаж сууна. Гэхдээ бас заримдаа сайхан мэдээ дуулдах юм. Танай дээр ч гарсан байна билээ. Гоц оюун ухааны спортын олон улсын уралдаанд 90 медалийн 73-ыг нь монголчууд авчихаад ирлээ гээд хүүхдүүдийн талаархи мэдээлэл харлаа. Энэ хүүхдүүдээ бушуухан мэдлэгийн эдийн засаг руу оруулах бэлтгэлийг хий л дээ.  Зах зээл, эдийн засаг гэдгийг лангуугаар ойлгоод байгаагаа болих хэрэгтэй.

–    Миний хардалтаар бол улстөрчид юун дээр алдаад байгаа, яавал хөгжүүлэх вэ гэдгийгээ мэдэж байгаа. Гэхдээ мэдсээр байж өөрчлөхийг хүсэхгүй байгаа болов уу. Энэ тохиолдолд ?

-Нэг харамсалтай зүйл байна. Монголд дөрөв дөрвөн жилээр төрийн эрхийг нэгэндээ дайн мөргөлдөөнгүйгээр шилжүүлээд, ардчиллыг төгс төгөлдөр хийж байна аа. Энэ сайн хэрэг. Тэр дөрвөн жилд сонгогдсон хүмүүс болон тэдний хаялгаар албан тушаал авсан хүмүүс нь амьдрал нь илэрхий, бүр нүдэн дээр сайжраад яваад өгдөг. Ард түмэн нь яг л байдгаараа үлддэг. Эрээний хүнсэндээ оочерлоод л, Эрээнээс авчирсан бараагаа зах, лангуун дээр аваачиж зараад л. 27 жилийн турш ийм циклээр Монголын амьдрал үргэлжиллээ. Яагаад өөрчилж болдоггүй юм бэ. Ард түмэн яагаад өөрчлөгдөхгүй байна аа. Гол аюул, харуусал энд л байна. Түүнээс би өөрөө Элчин сайд байсан хүн, ном бүтээл арвинтай, миний амьдрал бол ханачихсан. Би ард түмэн ядуу байгаад л гайхаад, хямраад болохгүй байна.

–    Боловсролын салбарын хямрал бас нөлөөлөөд байгаа болов уу?

-Тэр талаар бүр ярих ч юм биш. Бүр тусдаа нэвтрүүлэг хийх хэрэг болно.

–    Миний асуух зүйл дууслаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Мэдлэгийн эдийн засаг руу л яаралтай орох хэрэгтэй. Газар нутгаа ухаж төнхөхгүйгээр хөгжих боломжийг бий болгомоор байна. Швейцарийн туршлагыг судлаач ээ. Би бүр аргаа бараад бичсэн. Энэ сарын 29-ны өдөр “Засгийн газрын мэдээ” сонинд миний нийтлэл гарна. Швейцарийн төр засаг, мэргэжлийн албан хаагчдын бүгдийнх нь цалинг жагсаасан. Хэн юу хийдэг, юу чаддаг вэ гэдгийг нь. Швейцарь байгалийн баялаг байхгүй, авах юм нь цэвэр ус л байна. Өөр юу ч байхгүй. Далайд гарцгүй. Бидэнтэй адилхан зовлонтой. 8 сая хүнтэй. Дээрээс нь элдэв цагаачдыг цуглуулчихсан. Гэхдээ яагаад баян байгаа юм. Тэрийг судлаач. Банкны тогтолцоог нь судла л даа. Манай улс өөрөө оффшор улс болох хэрэгтэй. Дэлхийн баячуудын мөнгийг хураадаг оффшор улс болж яагаад болохгүй гэж. Олон улсын хуулиар хориогүй. Зүүн Сибирь, Хойд Хятад, Өвөр Монголын энэ хавийнхаа бүс нутгийн оффшор бүс нь болоод, банк санхүү, бирж нь байж яагаад болдоггүй юм. Нөгөө оюун ухааны уралдаанд 73 медаль авсан хүүхэд залуусаа мэдлэгийн эдийн засагчаар одооноос бэлтгээч. IT бизнес, программ хангамж байна. Манай сайн сайн залуус Гүүгл, Майкрософт, японы компаниудад ажиллаж байна. Тэднийгээ энд ажиллуулах хэрэгтэй. Том орлого оллоо, улсынхаа санг баяжууллаа. Тэр даруйдаа жирийн сэхээтнүүд, багш эмч нар, инженер техникийн ажилтнуудаа цалинжуулчих. Ингээд эхэлбэл Өмнөговь аймаг байгалийн онгон дагшин газар болж хувирна. Уурхайгүй.

Миний хэлэх бас нэг зүйл. Монголчуудын өөр нэг том дутагдал нь санхүүгийн сахилга бат байхгүй явдал. Япон, хятадууд энэ талаар тэмдэглэж байна. Хуримтлал бий болгож чадахгүй, идчихдэг, үрчихдэг. Монгол Улс байгалийн баялгаараа бялхаж байсан Сү.Батболдын Засгийн газрын үед эдийн засгийн өсөлт нь ч бил үү, эсвэл ДНБ нь 17 хувьд хүрсэн. Вашингтонд саяхан манай найз ярьж байна лээ. Америкт удаан хугацаагаар амьдраад ногоон карт авчихсан, бүгдээрээ тодорхой ажилтай байсан залуус тэр үед “Монголын маань эдийн засаг өссөн, дэлхийн нэг номерын эдийн засаг болох нь” гээд олноороо Монголдоо ирж гэнэ. Америкт байсан бүх амьдралаа орхиод. Хамгийн харамслатай нь тэдний ихэнхи Америкаас авчирсан хамаг мөнгөө хэрэглэж дуусаад, зарим  нь өрөнд ороод, ажил ч үгүй  Улаанбаатарт архичин болчихсон байна гэнэ. Хэнд итгэж ирж байгаа юм бэ?

–    Зайлуул, төр засагтаа л итгээ байлгүй дээ.

-Тухайн үед 14 тэрбум долларыг монголчууд гар утас, автомашин, хавтгай дэлгэцтэй том зурагт, уул уурхайн ганц хоёр техникт зориулаад, үлдсэнийг нь халамжаар тараачихсан. Одоо зарим нэгэн автомашин нь байдаг л байх. 14 тэрбум долларыг улсын сан хөмрөг, банкиндаа хадгалаад хүүг нь өсгөөд сууж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байх байсан. ТВ-ээр “Засгийн газраас эдийн засгаа босгохыг даалгаад яамд, хот, аймгуудын ЗДТГ-уудад бондын мөнгөнөөс тараасан чинь 3500 жийп машин авсан” гэж ярьж байсныг би үзсэн. Арай ч 3500 жийп аваагүй байх. Гэхдээ 1000-ыг бол авч л орхисон юм байна гэж бодсон. Мөнгөө ингэж үрдэгийг манайд хөрөнгө оруулалт хийдэг, худалдаа арилжаа хийдэг улсууд бүр гайхаад баршгүй. Япон, солонгос, хятад, герман хүмүүсийн яриаг л би давтаж ярьж байна шүү дээ. Гудамж замаар нь автомашинууд нь багтах зайгүй байхад Танай эдийн засгийн хямрал хаа байгаа юм бэ гэж асууж байна. 1997 онд Өмнөд Солонгост эдийн засгийн хямрал дэгдэхэд Сөүл хотын шатахуун түгээх станцууд нь бүгд хаагдаж байсан юм гэсэн. Хүмүүс машин унахаа болиод нийтийн тээврээр зорчоод эхэлсэн. Гэтэл танайд би эдийн засгийн хямралыг олж харж чадсангүй, танай юунд чинь болж бид мөнгө өгөх юм бэ гэж солонгосын профессор надтай маргаад байсан шүү.

Нийтлэлчийн зөвшөөрснөөр Ugluu.mn сайтад оруулав.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …