-Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт нийт 32 зуслан албан ёсны бүртгэлтэй. Үүнээс 21 нь үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдсэн.
Энэхүү 21 зуслангаас 16 нь эрхийн бичгээ борлуулаад хүүхдүүдээ хүлээж авна. Үлдсэн тав нь халамж, асрамжийн төвийн дэргэдэх болон төрийн бус байгууллагын дэргэдэх зуслан учраас эрхийн бичиг борлуулахгүй, зорилтот бүлгийн хүүхдүүдээ авч амраах юм.
-Зорилтот бүлгийнхэн гэдэгт ямар хүүхдүүд орох вэ?
-Нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүдийг амраадаг болоод гурав дахь жилтэйгээ золгож байна. Эхний жилд 500 хүүхэд амрааж байсан бол өнгөрсөн жил 250, энэ жил 200-250 хүүхэд амраана.
Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг амраахаар болсон. Таван зусланд зорилтот бүлгийн 40, 40 хүүхдийг амраана. Дээр нь эдгээр зуслан нэмж тав, таван хүүхдийг өөрсдийн хөрөнгөөр амраах юм.
-Зуслангийн үнийн тарифын тухайд?
-Бага ангийн хүүхдүүд 125, дунд ангийнхан 130, ахлах ангийнхан 140 мянган төгрөг байхаар батлагдсан. Тэгэхээр хүүхдүүд 125-140 мянган төгрөгөөр нэг ээлжиндээ долоо хоногийн хугацаанд зусланд амарна гэсэн үг.
-Үнийн хувьд бага, дунд, ахлах гэж тогтоосны шалтгаан нь юу вэ?
-Хүүхдүүд насны онцлогоосоо хамаарч их, бага илчлэгтэй хоол хэрэглэх шаардлагатай. Тиймээс насны ангиллаар өөр өөрөөр тогтоодог.
-Өмнөх жилтэй харьцуулахад хүүхдийн зуслангийн төлбөр ямар байна вэ?
-Урьд жилд бага ангийнхан 100, дунд ангийнхан 110, ахлах ангийнхан 120 мянга гэсэн төлбөртэйгөөр амардаг байсан. Энэ жил нэмэгдсэн. Зуслангууд эрхийн бичгийн борлуулалтаараа санхүүждэг байгууллага. Үүгээрээ ажилчдын цалин, цахилгаан, хоол хүнсний мөнгө, хөтөлбөр, үйл ажиллагааны зардал, унаа зэргийг төлдөг.
Гэтэл нэг жилийн дотор бензин шатахуун, талх, мах зэрэг өргөн хэрэглээний бараа, хөдөлмөрийн доод хэмжээ хүртэл нэмэгдлээ шүү дээ. Тэгэхээр яалт ч үгүй үүнийгээ дагаад 10-20 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгддэг.
-Жил бүр хүүхдийн зуслангуудад шалгалт хийдэг. Энэ шалгалтаар дээрх 21 зуслан шаардлага хангасан гэсэн үг үү?
-Үгүй. Зуслангууд одоо л бэлтгэл ажлаа хийж байна. Яагаад ингэж оройтдог вэ гэвэл цаг агаарын байдалтай холбоотой. Дулаарч, газар гэссэн тохиолдолд ундны усны шинжилгээ өгч, гадна дотор засвар, тохижилтоо хийдэг. Мэргэжлийн байгууллагууд эдгээр 21 зусланд шалгалт хийнэ. Гэхдээ зуслангууд үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо гэсэн үед буюу зургаадугаар сарын 1-нээс хойш хяналт шалгалтаа хийх юм.
-Хүүхдийн хоол хүнсний чанарын асуудалд хаанаас анхаардаг вэ?
-Зуслан бүр өөрсдөө хүүхдүүдэд өгч буй хоол тэжээлийн чанарын асуудалд анхаардаг. Ялангуяа аюулгүй, баталгаат хүнсээр хангадаг газруудтай гэрээ байгуулж, хоол хүнсээ нийлүүлж ажилладаг.
-Боловсон хүчний асуудалд хаанаас анхаардаг вэ?
-Өмнөх жилүүдэд их, дээд сургууль, ЕБС зэрэг хүүхэдтэй ажиллаж байсан туршлагатай хүмүүст бүлгийн багшаар ажиллах урилга хүргүүлж, ярилцлагын аргаар түүвэрчилж авч байгаад 30 гаруй багш бэлтгэдэг байсан.
Харин энэ жилээс зуслангууд өөрсдөө ажиллах хүчнээ бүрдүүлж, манайхаас явуулж буй гурав хоногийн сургалтад хамруулж, албан ёсны сертификаттай багш бэлтгэдэг болсон. Багш нар хоёр хоногийн турш онолын сургалтад суугаад, үлдсэн нэг өдөр зусланд практик дадлага хийдэг болсон.
-Зуслангуудад эмч ажиллуулна биз дээ?
-Тийм ээ. Хүүхдийн зуслан бүрт эмч ажиллана. Эмч нарт Нийслэлийн эрүүл мэндийн газраас арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулдаг.