Намтар: Энэ нэрийг та бүхэн дунд сургуульд суралцаж байхдаа нэг бус удаа геометрийн хичээл дээрээс Пифагорын теорем гэдгээр сонсож байсан биз ээ.
Грекийн Самос арал дээр худалдаачны гэр бүлд төрсөн. Бага наснаасаа эхлэн хөгжим, уран зураг, биеийн тамир сонирхож байсан бөгөөд үүнд нь тухайн үеийн шилдэг багш нар хичээл зааж байжээ. Идэр залуу насандаа геомерт, математик, одон орон зэргийг сонирхон судлаж, улмаар Анаксимандрын шавь болж байжээ. Үүний дараа тэрээр тухайн үеийн хөгжингүй улс орнууд болох Египет, Вавилон, Энэтхэг зэрэг орнуудаар олон жилийн турш аялаж, олон арван зүйлийг сурч мэджээ. Тэрээр энэхүү аялалаас буцаж ирээд өдгөөгийн Италийн өмнөд хэсэг дэх Кротон хотод амьдарч, тэндээ ёс суртахууны болон шашны сургаалын холбоо байгуулсангэдэг. Мөн Феано гэдэг бүсгүйтэй гэрлэн хүү, охин хоёрын эцэг болж байсан ажээ. Түүний байгуулсан холбооныхон тухайн үеийн хүмүүсийн амьдралын хэв маягаас өөр өвөрмөц байдлаар амьдарч байжээ. Тус холбоонд оюун ухаан болон ёс суртахууны өндөр чадвартай хүмүүс л элсэн орох эрхтэй байжээ. Холбоонд элсэхдээ бүх хөрөнгөө нийгэмчилнэ. Тэд үүрээр эртлэн босож, үг цээжлэх дасгал хийх ба нар мандахыг далайн эргээс харцгаана. Үүний дараа биеийн тамирын дасгал хийцгээн, хөдөлмөр эрхэлцгээнэ. Орой нь усанд сэлцгээж, хамтран хооллоод, бурханд ерөөл өргөөд, унтахын өмнө тухайн өдөр юу хийснээ тунгаан бодоцгооно. Тэд хэрхэн эрүүл саруул байх, яаж сэтгэл санаагаа зөв төвлөрүүлэх, оюун ухаанаа ямар аргаар хөгжүүлэх асуудлыг боловсруулдаг байжээ. Пифагор аливаа зүйлд сэтгэл хөдлөл багатай, дур хүсэлдээ хөтлөгддөгүй нэгэн байсан гэдэг. Пифагорын үхэлтэй холбоотой олон таамаглал байдаг. Зарим нь түүнийг хорлогдож, бусдын гарт үрэгдсэн гэж үздэг байхад зарим нь түүнийг 40 хоногийн турш хоол идэлгүй байсаар өлсөж үхсэн гэж үздэг байна.
Үзэл санаа: Тэрээр философи гэдэг нэр томъёог анх хэрэглэж, хүний амьдралын өдөр тутмын үйл хэрэгт анхаарлаа үл хандуулан, нэр төр, эд баялаг, алдар хүндэд үл дурлан, ертөнцийн юмс үзэгдлийн мөн чанарыг танин мэдэхийг эрмэлзэгчдийг философичид гэж нэрлэсэн байна. Түүний үзэл баримтлал дараах агуулгыг илэрхийлсэн байна. Тухайлбал:
Философи бол хүмүүст зөв зохистой амьдрах арга барилыг зааж өгөх ухаан
Тоо бол бүхний анхдагч үндэс төдийгүй, хамгийн ухаалаг зүйл бөгөөд тэр нь материаллаг болон санаалаг бүх зүйлийг эзэмдэнэ. Сэтгэл гэдэг бол тэгш хэм юм, тэгш хэм бол тоон харилцаа, чанар гагцхүү тоогоор хэмжигдэнэ.
Ертөнцийн байгууламжийн бүтэц гагцхүү тоогоор л тайлбарлагдана. Ертөнц гэдэг бол тоогоор зохион байгуулагдсан орон зай юм.
Оюун санаа бол үхэшгүй мөнх хэлбэртэй. Тэрээр оюун санааг оюун ухаан, хүсэл тэмүүлэл, сэтгэлгээ гэсэн 3 хуваан үзсэн бөгөөд эдгээр нь тус бүрдээ хүний биеийн аль нэг хэсгийг захирч байдаг, оюун ухаан, хүсэл тэмүүлэл бараг бүх амьд амьтанд байдаг бол зөвхөн сэтгэлгээ л хүнд байдаг зүйл. Тиймээс сэтгэлгээг хэрхэн хэрэглэснээс аливаа зүйлийн мөн чанарыг ухааарн ойлгож, түүнд хариу үйлдэл хийх боломжтой. Энд сэтгэлгээний танин мэдэхүйн үйл явц нь хүнийг цэцэн мэргэнд дурлахад хүргэж, эцэстээ философийн үндэслэл болдог .
Пифагор бурхан байдаг гэдгийг үгүйсгээгүй ба бурхан харагдахгүй байгаа нь түүнийг байхгүй гэсэн үг биш, нүдэнд харагдаж байгаа зүйл заримдаа худал хуурмаг, хий хоосон зүйл байх явдал бий гээд яг л манан будан харагдаж байдаг хирнээ хий хоосон байдагтай утга нэг гэжээ. Тэрээр сүнс байдаг гэдэгт итгэдэг төдийгүй өөрийхөө өмнөх насны амьдралын тухай олонд сонирхуулж ярьж байжээ. Сүнс бол өмнөх зуунд бурхадын хажууд амьдардаг тэнгэрлэг оршихуй байсан бол энэ, зуунд бие махбодь хэмээх шоронтой холбогдсон байдаг хэмээн хэлж байжээ.
Онч үг:
– Философи бол цэцэн мэргэнд дурлах явдал
– Ухаан гэдэг бол эрэмбэ дараатай мэдлэг мөн.
– Өмч хөрөнгөгүй хүнд эх орон гэж байдаггүй.
– Согтуурал бол солиорохын дасгал
– Ихийг бүү амла, харин ихийг хий.
– Ухаан солитой хүнд илд бариулах, шударга бус хүнд илд бариулах ав адилхан аюултай.
– Өнгөрсөн өдөр, ямар алдаа хийснээ бодож, унтмаар байсан ч нүдээ бүү ань.
– Адгийн амьтад л нүүрэн дээр магтаж, нүүрнээс далдуур муулдаг.
– Бүхий л амьдралыг, яалнгуяа залуу насаа саруул ухаанд даатгавал зохино.
– Хоосон үг урсгаж байснаас үхсэн нь дээр.
– Зөв амьдарсан хүн орчлонгийн тэгш гоо сайхныг ухаарна.
Ц.Мөнх