Монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Б.Балжиннямтай үндэсний брэндийн хөгжлийн асуудлаар ярилцлаа.
– Монголд өнөөдөр дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүн байна уу гэвэл магадагүй ихэнх хүмүүс толгой сэгсрэх байх. Таны хувьд ямар бодолтой явж байна вэ?
Зорилтот зах зээлийнхээ байнгын хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжийг бий болгосон эргээд тогтмол эрэлт нь үүсэж байх ийм л бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийд танигдсан брэнд гэж хэлээд байгаа юм. Манайд төр хувийн хэвшлийн уялдаа холбоог нэгтгэж чадвал Үндэсний брэндийг бий болгох боломж ойрхон байна. Зорилтот зах зээлд монголын гэх онцлогийг гаргасан загвар дизайнтай, чанартай, насжилт удаан дархлаа сайтай брэнд бүтээгдэхүүнийг эрэлт хэрэгцээ шаардлагад тулгуурлан үйлдвэрлэх шаардлагатай юм. Брэндийн асуудлыг ярихдаа оюуны өмчийг хэрхэн хуульчлах тухай орхигдуулах ёсгүй. Тодруулбал, монголыг илтгэсэн үндэсний брэнд дэлхийн тавцанд гарахад түүнийгээ хамгаалж авч үлдэх эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх шаардлагатай гэсэн үг. Нэн түрүүнд дотоодын үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүнээ тогтмол худалдан авах тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Ямартай ч хамгийн түрүүнд төрийн дэмжлэг энэ салбарт ус агаар мэт амин чухал хэрэгтэй байгааг онцлох хэрэгтэй. Цаашилбал дэмжлэгийн авч зах зээлдээ хүлээн зөвшөөрөгдөөд хөлөө олоод хүчээ аваад хүрээгээ тэлээд тогтворжоод ирэхийн цагт улсын хөгжил, эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж чадах сектор байх болно.
– Манай улс социалист нийгмийн үед тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хөгжиж байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр үйлдвэрүүд маань балгас болж, овжин нэг нь хувьчлах нэрийдлээр хөлжсөн гэдэг. Тэгвэл энэ 24 жилийн хугацаанд үйлдвэрлэл хөгжих ямар ч боломж байсангүй юу, аль эсвэл манай дарга нарт сонирхол байсангүй юу?
Ер нь аж үйлдвэрийг хөгжүүлж байж л улс шиг улс болдог юм байна. Аж үйлдвэрийн хөгжилгүй орныг хөгжсөн гэж үздэггүй. Жишээлбэл, Өмнөд Солонгос 19 жилийн хугацаанд хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болсон байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улс аж үйлдвэрийн орон болох эсэх нь тодорхойгүй байна. Нэг талаас төрийн зөв бодлого чиглэл, нөгөө талаас хувийн хэвшилийхэний идэвхи оролцоо санаачлага чухал. Дэд бүтцийн сул хөгжил маань улсын хөгжил, эдийн засгийг хойш нь татаж байна. Тиймээс зөвхөн дарга нар дээгүүр яриад шийдчих хялбар асуудал биш учраас төр, хувийн хэвшлийн хамтын оролцоо санаачлага нэгдмэл байдал идэвхи чухал юм. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогц үйл ажиллагаа яаж явагддаг вэ гэвэл хамгийн түрүүнд суурь судалгаа, дараа нь зах зээл хэрэглэгч нөгөө талаас нийлүүлэгч үйлдвэрлэгчдийн сонирхолыг нэгтгэж тэдгээрийн хоорондын итгэлцлийг бий болгон хөтөлбөр гарган үйл ажиллагаа чанартай явуулхад оршдог. Ингэж байж тухайн дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүний кластер бүрдэнэ. Манайд энэ л дутагдаад байгаа юм.
-Одоо бид үндэсний брэндтэй болох талаар ярилцаж байна. Тухайлбал өнгөрсөн жил эдийн засгийн форумыг энэ сэдвийн хүрээнд хийж байсан. Монгол бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр амжилттай борлох тэр цаг үе мөн ч хол байна даа гэсэн иргэд олон байгаа. Энэ хандлага цаашид хэр удаан үргэлжлэх бол?
Ер нь манай монгол гэх брэндүүд маань дотоод зах зээлдээ нэр хүндтэй, чанартай өөрсдийн хэрэглээнд нийцэмжтэй байгаа. Харин дэлхийн түвшинд очихоороо төрөл стандарт шийдлийн хүчин зүйлээрээ ард үлдээд байна. Ер нь олон улсын үнэлэмж цензурт хараахан хүрэхгүй байна л даа. Монгол брэндийг хэрхэн гадны зах зээлд хүргэх вэ гээд цогц стратеги гарган ажиллаж ёстой. Манайд өнөөдөр ноос ноолуур, арьс шир л олон улсын брэндийн үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ тавьж оролцож байна шүү дээ. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломж бидэнд байна. Мэдээ мэдээллийг интернет онлайн орчинд цаг минут тутамд авч байна. Тиймээс ер нь технологийн шинэчлэл хийж чадвал олон улсад эн тэнцүүхэн өрсөлдөх чадвар бүхий брэндийг бүтээх боломж бид бүхэнд нээгдэнэ. Хандлагыг хэр удаан үргэлжлүүлэх вэ гэдэг нь бид бүхний хамтын ажиллагаа оролцооноос ихээхэн хамаарна.
-Брэнд бүтээгдэхүүнтэй болно гэдэг амар ажил биш. Тиймээс хамгийн эхэнд хийгдэх ажил бол зах зээл юу байна. Байгаа боломж маань юу байна гэдгийг судлах хэрэгтэй байх. Энэ чиглэлийн судалгаа хийгдсэн үү?
Манайх өрсөлдөөн ихтэй жижиг зах зээлтэй. Тиймээс ямар нэгэн зүйл хийхэд ялгарал давуу талаа орчин нөхцөл зах зээлтэйгээ уялдуулан бий болгох шаардлага тулгараад байгаа юм. Дэлхийн зах зээл дээр нэмүү өртөг шингээсэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргах нь чухал. Манай улс өөрөө хөдөө аж ахуйн орон. Тиймээс энэ бэлэн байгаа түүхий эддээ тулгуурлаад үндэсний гэсэн агуулгыг шингээсэн брэндыг бүтээх хэрэгтэй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үр ашигтайгаар ашиглаж чадвал үйлдвэрлэлийн салбараа өргөжүүлээд үндэсний брэндээ улам боловсронгуй болгож чанаржуулж чадна. Судалгаа шинжилгээний нарийвчилсан ажил эд явагдаж байна.
-За төрийн зүгээс энэ салбарыг хөгжүүлнэ гээд нэг чиглэл гаргаад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр яаж, хэрэгжүүлэх вэ, тэр идчихлээ, энэ идчихлээ гээд хий хоосон хар, улстөр их гардаг. Тэгэхээр төрөөс гарч буй зарим бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн холбоодод даалгъя гэсэн санаа яваад байгаа. Үүнийг та дэмждэг үү?
Үйлдвэржилтийн эрин үеийг Шинэчлэлийн ЗГ тодотгож өглөө. Үндэсний брэнд өөрөө өвөрмөц байх хэрэгтэй. Экспортын орлого саарч буй өнөө үед импортын хэрэглээг хэт дэмжсэн тохиолдолд эдийн засаг тамираа барах эрсдэлтэй байдаг. Тиймээс импортын барааг орлох бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэж хэрэглэж заншуулах, экспортын баримжаатай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дэлхийн зах зээл дээр борлуулах нь бидний том зорилго байх ёстой. Энэ нь бидний яриад байгаа үндэсний брэнд юм. Төрийн зүгээс дотоод эрх зүйн орчин нөхцлийг нь маш сайнаар бүрдүүлэх хэрэгтэй тэгэж байж сая чанартай хүртээмжтэй хүлээн зөвшөөрөгдсөн эцсийн бүтээгдэхүүн бий болно. Бат суурьтай эдийн засгийг хөгжүүлэхийн тулд үйлдвэрлэлийн том суурьтай эдийн засагтай байвал бидэнд маш том давуу тал болно. Ямар ч нөхцөлд хөдөлгөөн багатай, бодит агуулгатай, тогтсон тодорхой бодлоготой байснаар урт хугацаанд эдийн засаг тогтвортой хөгжинө. Тиймээс үндэсний үйлдвэржилтээ дэмжиж санхүүгийн эрх чөлөө бизнесийн орчинг нь сайжруулах тал дээр илүү таатай нөхцлөөр төр цааштаа тогтмол хангах хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголын эдийн засагт “Голланд өвчин”-ий ерөнхий шинж бүрдээд байна. Эдийн засгийн бүх нөөц зөвхөн уул уурхайн салбарт шингэж экспортын бараа бүтээгдэхүүний 80 орчим хувь нь зөвхөн уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээс хараат болчоод байна. Тиймээс мэргэжлийн холбоод асуудлаа хариуцлагатайгаар хариуцаад явбал төрийн хүнд ачааг бага ч гэсэн хөнгөвчлөх боловуу.
-Танай холбоо энэ чиглэлийн ажилд оролцох боломж нөхцөл юу байна? /Холбоонынхоо талаар/
Бид энэ л үгүйлэгдэж буй орон зайг нөхөх гэж санаачилга гарган байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Цаашдаа төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа эргэх холбоог нэмэгдүүлсэн шинэ санаачилга гаргасан дэвшүүлсэн шинэлэг олон ажлуудыг хэрэгжүүлнэ. Эхнээсээ бодлогтоо тусгаад төлөвлөөд хэрэгжүүлж эхлэж албан ёсоор Дэлхийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн байгууллагаар элсээд байна. Үйлдвэрлэлийн хувьд хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл үйлчилгээг явуулж дэвшилтэт технологийг нэвтрүүлэх хэрэгтэйг онцлоё.
-Танай холбоонд өнөөдрийн байдлаар хэдэн гишүүн байгууллагатай болж байна вэ?
Манай холбоонд одоогийн байдлаар 80 орчим үндэсний үйлдвэрлэгч байгууллага гишүүнээр нэгдэж элсээд байна. Сүүлийн өдрүүдэд манай холбоонд хандагсдын тоо эрс өссөөр байгаа. Энэ гишүүнчлэл болгон нэгтгэх ажил цаашдаа идэвхижнэ. Бид олуулаа нэгдэж чадсанаар тулгарах саад бэрхшээлийг хамтдаа давж гарц шийдлийг ярилцаж илүү нарийн төлөвлөгөө нэгдсэн бодлоготойгоор гадаад зах зээлрүү чиглэлээ эрчимжүүлнэ. Гишүүнчлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлж том амжилтанд богино хугацаанд хүрхийг хүсвэл www.mongolianbrands.mn сайтаар орж бүртгүүлж холбооны гишүүнээр элсэж болхоос гадна манай байгууллагатай холбогдохыг хүссэн хэн бүхэнд манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг сануулъя.
-Танай холбооны сүүлийн үед төлөвлөж буй ажлын талаар ?
Үндэсний үйлдвэрлэл аж ахуй нэгжийг дэмжих тэгдгээрийн тогтвортой хөгжлийг хангах эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж төрөлжүүлэх зорилгоор Үндэсний үйлдвэрлэгчидийн анхдугаар чуулганыг Үндэсний брэндийг дэлхийд уриайтайгаар ЭЗХЯ-тай хамтраад он гараад зохион байгууллахаар төлөвлөж байна. Энэ ажил маань ихээхэн том ажил байх болно. Цашдаа үйлдвэрлэгч байгууллагуудынха дунд сургалт судалгаа явуулах, олон улсын үзэсгэлэн яармаг экспод оролцуулах, гадны хөрөнгө оруулалтыг татаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, өндөр хөгжилтэй орны мэргэжлийн экспертүүдийг авчиран үйлдвэрлэлийн орчинд дүн шинжилгээ хийлгүүлэх зэрэг олон ажил ар араасаа биднийг хүлээж байна.
-Төрийн зүгээс баримтлаж буй зарим нэг бодлого шийдвэрийн таалаар өөрийнхөө байр сууриа илээрхийлвэл ?
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй Төм төрөөс ухаалаг төрлүү үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн салбар хуралдаан боллоо. Тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ шийдлээ ярилцлаа төр засгийн зүгээс эдийн засгаа яаж өсгөх вэ, төрөө яаж засах вэ хэрхэн алдаагүй зөв чиглэлийг баримтлах вэ гэхчлэн гарц арга замуудаа хамтран ярилцлаа. Ямартай ч бизнес хувийн хэвшилийхэнийг илүүтэйгээр дэмжиж бинесын таатай орчиноор хангахаа илэрхийлсэн. Төрийн хүнд ачааг хөнгөвчлөх мөн мэргэжлийн холбоод ТББ-ыг дэмжих үүрэг хариуцлагыг нь нэмэгдүүлэх зорилгоор зарим нэг зайлшгүй чиглэлийн ажилыг итгэл хүлээлгэн даалгахаа дахин мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Манай холбооны эрхэм зорилго алсын хараа үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг дэмжин ажиллахаа илэрхийлсэнд талархаж байгаа.
– Чухал сэдвээр ярилцсанд баярлалаа. Цаашдынх нь үйл ажиллагаанд амжилт хүсье. Учиран золгох 2014 ондоо илүү ихийг хийж бүтээгээрэй?
За баярлалаа хүсэл тэмүүлэл эрч хүч ундарсаар байна. Зорилгынхоо төлөө тууштай сайн ажилнаа. Танай сонины хамт олонд ч мөн ажлын өндөр амжилт хүсье.