Шилэн дансны тухай хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Уг хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан УИХ-аар батлуулсан юм. Хуулийн гол зорилго бол улсын төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг олон нийтэд нээлттэй байлгах явдал. Шилэн дансны тухай хуулийн үйлчлэх хүрээнд төсвийн болон төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компани, төрийн өмчийн оролцоотой хувийн хэвшил болон бусад байгууллага хамрагдаж байгаа юм. Төсвийн байгууллагад яамд, агентлагаас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүрэг, тосгоны цэцэрлэг, сургууль зэрэг бүхий л шатны 5000 төсвийн эрх захирагч, төр, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар компанид төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар зэрэг 360 байгууллага, хувийн хэвшил болон бусад байгууллагад 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалт, төсөл, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага байх юм. Мөн өнгөрсөн оны худалдан авалтын үйл ажиллагаанд 20 мянган аж ахуйн нэгж хамрагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийг тайлбарлахдаа “Би ард түмний өгсөн мөнгөөр цалин авч, машин унаад явж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Тэр цалин өг ч байгаа чинь миний чамд өгөөгүй олон нийтэд зарцуулах мөнгө төгрөгийг зөв зарцуулаарай гэсэн гол утга агуулж байдаг. Аливаа төрийн хамгийн гол үүргийн нэг нь ч энэ шүү дээ. Шийдвэр, хууль гаргадаг, дараа нь түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. хоёр дахь гол үүрэг нь төсөв. Төсөв баталдаг. Үндсэн хууль, бусад хуульд ч бүгдийг нь заагаад өгсөн байгаа. Тийм учраас энэ ажлаа бид хийж байгаа юм” гэдгийг төрийн албан хаагчдад хэлсэн юм. Мөн түүний анхааруулсан бас нэг зүйл нь бол төрийн нууцад хамаарч байна гээд мэдээллээ гаргаж өгөхгүй байж болохгүй гэв. Ганцхан төрийн нууцад хамаарах төсөв, үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон гүйцэтгэх ажил эрхлэх эрх бүхий байгууллагын гүйцэтгэх ажилтай холбоотой төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагнал энэ хуульд хамаарахгүй гэдгийг Ерөнхийлөгч хатуу хэллээ.
Түүнчлэн мөнгө зарцуулах, гаргах шийдвэр заавал гарсан байх ёстой. Тэр шийдвэрийн жагсаалт, нэр, мөнгө олох тухай, цалин өгөх, томилолтоор явуулах тухай, хоол, үйлчилгээ авах тухай тодорхой туссан байх шаардлагатай. Мөн дээрхийг хэрэгжүүлээгүй бол хариуцлагаа тооцож чаддаг байх ёстой. Хуулийн хэрэгжилтийг хангахдаа хэчнээн хүнд хариуцлага тооцсон гэх жагсаалтыг гаргах ёстой гэдгийг сануулсан юм.
Засгийн газраас шилэн дансны нэгдсэн цахим хуудсыг ашиглалтад оруулахад бэлэн болгосон. Нэгдсэн цахим хуудас нь www.shilendans.gov.mnхаягтайгаар Үндэсний дата төвд байршиж байгаа юм. Уг цахим хаягт Ерөнхийлөгчийн Тамгын газар, УХ, Засгийн газар, агентлагууд, орон нутгийн бүх шатны төсөвт байгууллагууд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд зэрэг нийт 6088 байгууллагыг холбосон. Эдгээр байгууллагууд мэдээллээ төсөв гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт, үнэт цаас, байгууллага гэсэн таван бүлэг, 19 маягтаар оруулна. Одоо ашиглаж байгаа Төрийн сангийн мэдээллийн системд хандах эрхийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст шууд ашиглахаар зохицуулсан учир төрийн байгууллагад богино хугацаанд хэрэглэж дадна гэдгийг хэлж байна. Үүгээр Монгол Улсын нийт хөрөнгө оруулалт, урсгал зардлыг харуулах боломжтой юм. Дээрх цахим сайтыг Сангийн яам эрхлэн хөтлөх юм байна. Ерөнхийлөгчийн хэлснээр уг хуулийг хамгийн идэвхтэй хэрэгжүүлж тэргүүлэх ёстой газар бол Засгийн газар, Сангийн яам болохыг онцолж байв.
Ц.Гэрэл