“Өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай”

terbishМонгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD),  профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиш

Нэгэн зүйл. МОНГОЛ ЦАГЛАБАРЫН УЧИР

Манай монголчууд Чингис хааны үеэс эхлэн Цагийн Хүрдэний одон зурхайг хэргэлсээр иржээ. Энэ талаар Оор Монголын их багштан, Ойрад Монголын Хүннү заяаийн хөвгүүн, Дөрвөн Ойрадын Холбооны ахлаач Байбагасбаатарын өргөмөл агь, Огторгуйн далай буюу Ойрадын Зая бандид хэмээн алдар болсон Намхаажамц хутагтын  шавь, түүх, шашдир, дуун ухаан, яруу найраг тэргүүтэн хорин найман боть ном туурвиж, “Цастны мэргэдийн түүх, шашдир, яруу аялгасын их оройн чимэг” хэмээн алдаршсан Төвдийн Тавдугаар далай лам Агванлувсанжамц (1617-1682)-ын “Одон, хар зурхайгаас туурвисан асуултын хариулт (དཀར་ནག་རྩིས་ལས་བརྩམས་པའི་དྲིས་ལན)” хэмээх тэргүүтэн өмнийн мэргэдийн зохиол, туурвилуудад тов тодорхой буй.

Монголын эрдэмтэн Сүмбэ хамбо Ишбалжир (1704-1788) 1747 онд зохиосон “Зурхайн гол төгс буянт шинэ зурхай эх, хөвгүүн судар” (རྩིས་གཞུང་དགེ་ལྡན་རྩིས་གསར་མ་བུ།) хэмээх номондоо монгол орны өргөн уудам газрын хуваарьт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёс хэмээх гараг, эрхэсийн хөдөлгөөн байршлыг өнгөрсөн, одоо, ирээдүй цагт хөөн олж цаглабар зохиох аргыг нарийвчлан боловсруулсан бөгөөд дээрх ном нь түүний бүрэн зохиолын “Жа“ (ཇ།)” ботид орсон буй. Тэрхүү шинэ зурхай нь гараг, эрхэсийн хөдөлгөөнийг секундийг 149209 хуваасантай тэнцэх их нарийвчлалаар боддог тул эдүгээ цагийн тэнгэрийн одзүйн аргаар эрхэсийн байрлалыг олох аргатай шууд дүйдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны аргаар бодсонтой адилхан дүнтэй гэсэн үг ээ.

Монголд Бурханы шашин дэлгэрэхийн зэрэгцээгээр хүрээ, хийдүүд олноор байгуулагдаж, томоохон хүрээ, хийдүүдэд  Дүйнхор, Зурхай дацан нэрт сургуулиуд буй болов. Тухайлбал: Их Хүрээнд XIII жарны шороон тахиа жил (1789) “Цагаан биндэръяа” хийгээд Лувсанданзанжанцан(1639-1704)-ы зурхайн голуудыг дагасан Зурхай дацан, мөн жарны гал барс жил (1806) Дэчингалавын сүмийг байгуулан “Цагийн Хүрдэний Язгуур үндэс”-ийг дагасан Дүйнхор дацан байгуулагдав. Тэдгээр дацанд Цагийн Хүрдэний номлол хийгээд одон зурхайн ухааныг заан сургаж, түүнээ мэргэжсэн олон эрдэмтэн лам нар төрөн гарав. Улмаар дараалан томоохон хүрээ хийд бүхнээ дээрх дацангууд буй болсон билээ. Тэндээс төрөн гарсан эрдэмтэн лам нар өөрийн зурхайн зохиол бүтээлээ төвд хэлээр бичиж, туурвиж байсныг мөнөөхөн түүх гэрчилнэ. Зурхайн дацан сургуулиуд зурхайн сургалтыг явуулахаас гадна, “Да зурхайч” хэмээх гол зурхайч нь эрхлэн зурхайч нар нийлж, лит (Цаг тооллын бичгийг төвдөөр ལེའུ་ཐོ།/, ལི་ཐོ།/ лит  гэнэ)-ийг наанадаж 12, цаанадаж жаран жилээр гаргадаг уламжлал тогтжээ. Чингээд жил бүр тухайн нутаг хошууны Зурхай дацангаас эрхлэн литийг барлан хийдийн лам нарт тараадаг байв.

Хийдийн хуврагууд тэрхүү литийг хэрэглэн шавь олон ардад зурхайгаар үйлчилдэг журам ч буй болов.
Монголын зурхайн мэргэд одон зурхайд тулгуурлан төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг зохиож, шашин номын бүхий л үйл ажиллагаагаа түүнд түшиглэн явуулж, ард олонд зурхайн үйлчилгээг явуулж ирсэн уламжлалтай.
Тэрхүү цаглабарт чухам юу, юуг тусгаж байсан юм бэ хэмээвээс:
Нэгдүгээрт, цаглабарын эхэнд тэр жилийн тэр жилд гол нөлөө үзүүлдэг, жилийн эзэн, хаан, түшмэл гараг хийгээд жилийн эзэн одны хөдөлгөөн байршлыг хөөн олоод, тэдний байгаль, цаг уур болон хүмүүний хэм, хэмнэлд нөлөөлөх үр хаялгыг урьдчилан гаргадаг.

Хоёрдугаарт, “Шороон үхрийн шинж”-ийг тодорхойлон гаргадаг байна.
Харин энэхүү “Шороон үхрийн шинж” нь нанхиад зурхайн хуулбар биш учир юун хэмээвээс 1800 оны үед Бээжингийн Юнхэ Гүний зийрэмбэ Засаг Арагч Үйзэн даа лам Өлзийбат хэмээх монгол хүмүүн хятад хэлнээс шороон үхрийн шинжийг орчуулаад, монгол газрын хуваарьт тохируулан “Нангиадын шороон үхрийг зурах арга хийгээд түүний жилийн сайн, муу үрийн номлол сэлттэй оршвой (མ་ཧཱ་ཙི་ནའི་ས་གླང་བསྡུངས་བའི་བརྩི་ཐབས་དང་དེའི་ལོ་ལེགས་ཉེས་ཀྱི་འབྲས་བཤད་ དང་བཅས་པ་བཞུགས་སོ།།)”  хэмээх ном зохиож, газар тариалан эрхэлдэг суурьшмал амьдралтай иргэдийн зурхайн ёсноос сэдэвлэж, дээдийн буянт мал сүргээ, дөрвөн цагийн улирлын араншинд тохируулж, дураараа нутаг сэлгэдэг нүүдэлч малчдын амжиргааны хэв маягт тохируулсан “Шороон үхрийн зурхай” хэмээх шинэ ёсыг буй болгосон билээ. Үлгэрлэвээс үсэг бичиггүй балай сохор байсан монгол туургатан тухай үеийн соёл иргэншил өндөртэй уйгарчуудын босоо бичгээс сэдэвлэн “Уйгаржин монгол бичиг”-тэй болсонтой агаар нэгэн буюу. Тиймээс энэ бичгийг бас “Худам монгол бичиг”гэх нь буй.

Дашрамдуулахад, өнөө цагийн соёлын алхаанд нийцсэн монгол бичгийг тухай үеийн ард олны эгээрэл, нам, засгийн тогтоол шийдвэрээр бичгийн их хүмүүн Ц.Дамдинсүрэн абугай крилл үсгээс сэдэвлэн зохиогоод, тэр бичгээр монголчууд билгийн мэлмий нээж, бүх дэлхийн соёлтой танилцсаар буйг түүх гэрчилнэ. Үүнээс хойш сайхи “Уйгаржин монгол бичиг” цагийн аясаар “Хуучин монгол бичиг” хэмээх цол хүртжүхүй.  Хүн төрөлхтний соёл иргэшлийг дагаад, монголчуудын олон янзын бичиг зохион хэрэглэсээр ирсэн. Их даяаршилын үед латин бичгээ ч дахин хэрэглэх юун магад. Тийн атал олон бичиг дотроос онцгойлж нэгийг аваад “Миний юм хэмээн цээж дэлдэн ханхалздах” буюу эс бөгөөс нөгөөг нь гоочлон ад зэтгэр мэт хараан үлдэх нь “Дотроо хийтэй”-гийн шинж ээ! Хий ихэт дээш дэгдэн өндөр газар хүрэх боловч хэзээ нэгнээ хагаран шалчийх жам ёстой. Монголын Годон ноёны зарлиг дуртгалаар Хор Монголд заларч, хамаг монголыг номын гэгээнээр гийгүүлсэн Саж бандид гүнгаажанцан (1182-1251) хэдрэг мод өргөн бичиг зохиож хайрлахыг дуртгасан эхнэр хүмүүн зүүдэндээ болгоож, хэдрэгний хэлбэрт үсэг шинээр зохиосон тухай сонирхолтой домог байдгийг олдой би тэр номт мэргэн бандид “Уйгаржин бичиг”-улам сайжруулсныг айлдаж байна хэмээн ухаардаг. Эдүгээ хэрэглэж буй шинэ бичгийг эгэл ардаас их өндөр суудалт төрийн түшээд хүртэл элвээр харааж зүхэлгүй хэрэглэсээр их хэргээ бүтээсээр атал “Базаахгүй л юм болвол баруун хойд талын хар овоохойгоос боллоо” гэгчээр гоожлон хялайгч заримуудыг өгүүлэн буй их бандидын мэргэн айлдварыг санах болов уу? хэмээн  горьдном. Саж бандид “Сажийн сайн номлол” буюу “Субашид” хэмээх алдарт зохиолдоо хаад хаан төрийн хэргийг номын ёсчлон тэтгэх хэрэгтэйг увдислан үзүүлсэн буй. Тэр зохиолдоо : “Дээрэнгүйг боомтлон, хянамгайг эрхэмлэгчдийг сайшааваас зохистой хийгээд омогшин хөөрөмсөгчдийг хийг дарах хэрэгтэйг соёрхсон нь :
“Эрдэм багатын омог нь их
Эрдэмтэн мэргэд болвоос номхоны орон.
Өчүүхэн горхины усан насад хоржигномуу
Өргөн их далайгаас дуун юун гарах (ཡོན་ཏན་ཆུང་རྣམས་ང་རྒྱལ་ཆེ། །མཁས་པར་གྱུར་ན་དུལ་བར་གནས། །ཆུ་ཕྲན་རྟག་ཏུ་ཀུ་ཅོ་ཆེ། །རྒྱ་མཚོ་ཅ་ཅོ་ག་ལ་སྒྲོགས། །)” хэмээсэн буй.

Энэ мэт хос ёсны эрхэм уламжлалыг эгэл ардаас эрхэм дээд төрийн түшээд хүртэл анхаарваас зохилтой мэт санагддагаа  өгүүлэхийг эс өгүүлээд цааш өгүүлэх нь монгол орноо хүрээ хийд дэлгэр байсан цагт нутгийн хийдийн зурхайч нар жил солигдохын өмнө нутаг газартаа тохирсон “Шороон үхэр”-ийг тооцоолон зурж гаргаад, дацан хийдийн үүдэн дээр хадах агаад түүнийг хүмүүс үзээд, тухайн жилийн байр байцыг ямар мэт байхыг мэддэг асан хэмээн өтгөс хуучилдаг билээ. Үүнээс үзвэл шороон үхрийн зурхай нь нэн өргөн хэрэглэгдэж байсан нь илт. Нөгөөтэйгүүр энэ нь зурхайн ухаан ард түмний өргөн хэрэглэгээ болж, ахуйн соёл болтлоо дэлгэрч байсныг ч давхар гэрчилж буй хэрэг.
Гуравдугаарт, Балбын мэргэдийн уламжлалтай “Цасан чихрийн амт мэт жилийн үр” хэмээх тэр жилийн хур, үр тариа, өвс, сэрүүн, чийг, хий, арвидал, хомсдол, хямрал тэргүүтнийг тооцоолж тоон үзүүлэлтээр гаргадаг.

Дөрөвдүгээрт, Сар бүрийн эхнээ тухайн сард нөлөө бүхий сарын эзэн гараг, од тэдгээрийн үр нөлөө, жилийн хорин дөрвөн улирлын аль, аль улирал тухайн сарын хэдэн, хэдний ямар цаг мөчд эхлэх, бас энэ дэлхийд гол нөлөө бүхий таван гараг (Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир)-ийн  байршил хийгээд наран, саран хиртэх бол түүний үзэгдэх, үргэлжлэх хугацаа, бас сүүлт утаат од хэдийд хаана үзэгдэх талаар тэмдэглэсэн байхаас гадна, тухайн сарын газрын эзэд, лусын гүйлт, суулт зүг, чиглэл тэргүүтнийг тусгасан байдаг. Бас Дашням, Балжинням, Модон хохимой, Тэрсүүд өдөр зэрэг газрын эздийн гүйлт суулт; жилтэн тус, тусын сүлд, амь, тотгор гараг хийгээд од; тухайн хүмүүний сүлд орших орон, цагийн сайн муугийн ялгал, хөлөл зэрэг өдөр, судар үзэхэд нэн чухаг зүйл тэргүүтнийг гаргана.

Тавдугаарт, сарын өдөр тус бүрийн ээлжийн гараг, билгийн өдөр, тухайн өдөр наран, саран ямар одонд байрлан харагдахыг үзүүлсэн саран од, наран, од, барилдлага одыг мөч, чинлүүр, амьсгал тэргүүтэн цаг хугацааны нэгжээр илэрхийлэн бичдэг. Саран од гэдэг нь цаглабар хэрэглэгчийн хувьд саран тухайн өдөр ямар одонд байрлахыг, наран од гэдэг нь наран ямар одонд байрлахыг, барилдлага од гэдэг нь нар, сарны хоорондын зай ямар байхыг харуулдаг.
Зургадугаарт, тэр өдрийн оргил тал алтан зурхайн тодорхойлолтуудыг тэмдэглэдэг. Тэр нь өдрийн бортан буюу оргил тал хэмээх жил-өдөр, хөлөл, мэнгэ тэргүүтэн болно.

Долдугаарт, тухайн өдрийн махбодын барилдлага, шүтэн барилдлагыг тавьдаг.
Наймдугаарт, цаглабарын ард 1-100 насны хүмүүсийг эр, эмээр нь ялган жилийн элдэв хэмнэлийг дөчин долоон үзүүлэлтээр гарган бичдэг ба үүнийгээ чулуу хэмээдэг байна. Монголчуудын чулуу тавих ёс нь төвд, нангиадынхаас тэс өөр юм. Энэ нь Лувсанданзанжанцаны монгол үндэстэнд зориулан номлож хайрласан, зурхайн нарийн нууц увдис бөгөөд хүмүүсийг жил хийгээд эр, эмээр нь ялган нарийн нягталж хэмнэлийг нь гаргадаг байна. Төвдүүд үүнээс бүдүүвчилж, харин нангиадууд 13 үзүүлэлтээр хэмнэлийг гаргадаг ялгаатай.
Өдөр тасарч, давхарлах хийгээд илүү сар хэдийд гарахыг цаглабарт мөн тэмдэглэдэг.

Ер өдөр тасарч, давхарлан, илүү сар гардаг нь дараах од зүйн утгатай. Монгол цаглабарыг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөнийн хугацаа 29,53 хоногоор, жилийг нарны жилийг сартай уялдуулан нарны 76 жил нь сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365,2422*76=27758,7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтайгаар авч мөн Бархасвадь гарагийн нарыг тойрох хугацаа 12(11,862) жил, Санчир 30(29, 458)  жил болохыг харгалсан ажээ.

Сарны доторхи хоногуудыг хооронд нь ялган тоолоход тэнгэрийн эрхэсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах, шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм. Нарны ургах, шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авиагаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд монгол тоололд сарын дотрохи өдрүүдийг тогтоохдоо юуны урьд сарны хоёр гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар, сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн(сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15(сар тэргэл байх) болно. Дээр өгүүлснээр сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандал дахь хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандлыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна. Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар, сарны хиртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд монгол тооллын 30, 15-нд таарч байгааг харьцуулсан судалгаа харуулж байна. Үүнээс өөр аргачлал бүхий дорнын орнуудад энэ үзэгдлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий.

Илүү сарыг хэдүйд гаргах тухайд, дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил, 28 илүү сартай жилийг тоолдог. Энэхүү арга нь сар-нарны тоолол бүхий бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр, өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц саран хэмээх эрхэсийн хөдөлгөөнд дулдуйдан илүү сарыг гаргадаг бол, Нангиадын шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

Монгол зурхайн ёсны цаглабар нь голдуу төвд хэлээр гардаг байв. Тэр нь төвд хэл манай мэргэдийн эх бичгийн хэл болж байсантай холбоотой юм. Харин баатарлаг туульсыг эзэд болсон баруун монголчууд цаглабараа Ойрадын Зая бандида Огторгуйн Далай хутагтын зохиосон тод монгол үзгээр гаргаж нийтийн хүртээл болгож байсныг сайшаан дурдая.

Өмнө өгүүлсэн монгол цаглабарыг өнгөрсөн зууны гучаад оны үеэс эхлэн “Нам, засгийн үзэл онолтой үл таарна” хэмээн албан ёсоор хааснаас хойш сайхи уламжлал нь ч тасрахуйд хүрээд асан үед миний бие Монгол зурхайн цаглабарыг “Аль хэдүй нь үеэ өнгөөрсөн” хэмээн буруу үзэгдсэн социалист нийгмийн үед зохих боловсролыг олсон “мэдээтэй” олон уншигчдын хэрэгцээг хангахуйц байхаар сэтгэн шинээр тооцоолон боловсруулж, Монголын одон зурхайн Төгс Буянт Шинэ Зурхайн ёсны  цаглабарыг гаргасаар хориод жилийн нүүр үзэхийн хооронд бодол ухаанаа шингээн гаргасан цаглабар “булган сүүлтэй” байж олон дүү нарыг дагуулав. Зарим хийд орон цагалабар гаргаж эхлэв. Цаглабар гаргагч мэргэн дүү нар гараг, эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодохдоо бага сага, алдаа мадаг гаргаж буйгаа эрхбиш анхаарваас зохилтой. “Тод оюут шинэхэн зурхайч” нарын “мэдээ муутай” зарим нь “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” үлгэрийг давтаж, “Надаас өөр сүргийн манлай байхгүй. Би хамгийн сайн нь хэмээн томрох” болсон ч “Эрдэм багатын омог их, ишгэн тэхний тачаал их” хэмээсэн мэргэдийн шүнтэй сургаалыг санагалзаж, алдаа мадагнаасаа салваас ард олны тусд нэмэртэй байх болов уу?! хэмээн мунхаглаж, улиг үгийг зогсоож, ургахуй жилийн байр байцыг одон зурхайгаар тооцоолсноо олон уншигчдын гэгээн мэлмийд болгоолгосу!

Нэгэн зүйл. “ГАЛЗУУРУУЛАГЧ” ХЭМЭЭХ МОДОН ХОНИН ЖИЛИЙН ҮР

Зурхайн ухааны эрхэм гол шүнгүүдэд : “Галзууруулагч” хэмээх Модон хонин жилд хэвлийн халуун тэргүүтэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохилдохын нигууртай” хэмээн зарлигласан буй.

Жилийн эзэн гараг Будын үр нь: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ.Үр тариа, жимс цэцэг дэлгэрнэ. Хүмүүс номын явдлыг эрхэмлэнэ. Номын ёстнууд өргөл, хүндлэл олж, төрийн өндөр суудалтны хүчин  арвижна.

Жилийн эзэн од Үнэгний үр нь: Хур цагтаа буун, тариа, төмс, хүнсний ногоо арвижиж, амьтан бүхэн асралцан, баясаж, амгалантай үйлээр явмуй.
Хаан гараг Санчирын үр хаялга нь : Элдэв хэрэгт гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүс өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох хийгээд цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, мөрөн голын ус татрах шалтгаатай ажээ.

Түшмэл гараг Ангарагийн түмнээ нөлөөлөх үр нь: Галын хүч арвижих ба хулгайч нар хөшилдөн, зарим газар оронд хур үлэмж тасран, заримд нь ган болох нигууртай. Шар өвчин арвижин, хэрүүл тэмцэл дэлгэрнэ.

Малчин угсаат монгол нүүдэлчдийн зан, заншилд тохируулан Аригч үйзэн зурхайч Өлзийбат хэмээгч мэргэн номтын туурвисан байгал цагуурын байдал, хүн зоны явдал мөрийг урьдчилан боддог зурхайн арга буй. Тэр аргын ёсоор тухайн жилийн “Шороон үхэр” нь : Амаа хамхин, сүүлээ баруун тийш шарвасан, толгой нь ногоон, омруу нь ногоон эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, биений зүс шар үхэр үхэр хариулаачийн ард алхаж явна.

Харин модон хонин жилийн үхэр хариулаач нь: Ногоон нигууртай, шар дээлтэй, ногоон бүстэй, баруун гутлаа өмсөн, зүүн гутлаа баруун талдаа зүүсэн, үс нь чихний араар хийссэн, олсон шилбүүртэй, өвгөн хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явна.

“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй жил болно. Үхэр хариулаачийн байр байц нь : Үхэр хариулаач өвгөн хүмүүн тул өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай жил ээ. Малд амгалантай, доодос хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй. Өвгөн хүмүүнээр төрийн өндөр суудалтан, залуусаар дунд зэрэг дэсийн түшмэл, харин нялхасаар нийт ард зоныг ичнээлэн илэрхийлэх зурхайн ёсон буй.

Энэ жилийн хувьд наран Хумх, Хонь, Үхэр, Жинлүүр, Матарын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, Мэлхий, Арслан, Охин, Хилэнц, Нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин Хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай.

Нэгэн зүйл. “Цасан чихрийн амт” мэт жилийн үр

Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь 5, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур 7, Үр 15, өвс 7, сэрүүн 7, чийг 17, салхи 13, хямрал 11 болно.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …