“Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг 2 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, ШУА, “Сентура гоулд Монголиа” компанийн төлөөлөл зэрэг таван газрын төлөөлөл оролцсон юм.
Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулав. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ:
“Сүүлийн үед Монголын нийгэмд Ноён уулын орчимд ашигт малтмал олзворлохтой холбоотой асуудлаар янз бүрийн асуудал үүсэж, хөдөлгөөн өрнөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж Ноён уулаа аврах хөдөлгөөн, Босоо хөх монгол ТББ, Монгол байгаль дэлхийд ганц ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, УИХ-ын зарим гишүүдийн гарын үсэг бүхий санал зэрэг нийт 10 бичиг, захидал, мэдэгдэл, шаардлага ирсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түүх соёлын талаархи болон уул уурхайн салбарын хөгжлийн талаархи байр суурь тодорхой байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчилсан. Энэ айлчлалын үеэр Санкт- Петербург хотын Эрмитажийн музейд зочилсон. Энэ үеэр уг музейн доод давхарт хадгалагдаж байгаа, 1924-1925 онд П.К.Козловын экспедицийнхэний Монголоос, Ноён уулаас аваачсан археологийн олдворуудын заримтай нь үзэж танилцсан. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевтэй эдгээр дурсгалууд болоод ер нь Монголтой холбоотой тэнд байгаа дурсгалуудын талаар иж бүрэн каталог гаргахаар тохиролцсон. Энэ хүрээнд Монголын судлаачид ОХУ-ын Эрмитажийн музейн судлаачидтай хамтарч уг олдворуудыг каталогжуулах чиглэлээр ажиллаж байгаа. Энэ ондоо багтаах төлөвлөгөөтэй байна. Каталогт орох олдворууд дотор Монголоос зуугаад жилийн өмнө Ноён уулаас аваачсан нэн ховор олдворууд орж байгааг манай түүхч, археологичид сайн мэднэ.
“Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа. Энэ байр суурь дээрээ хатуу байгаа. Хэрэв булшийг ухах төнхөх дээрээ хүрвэл энэ ажлыг мэргэжлийн археологичид, эрдэмтэн судлаачид хийж гүйцэтгэх учиртай. Харин тэр судалгаа шинжилгээний зардал, санхүүжилтийг ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаа компани 100% хариуцах ёстой. Ингээд олдсон олдвороор нь орон нутгийн болон улсын музейг баяжуулж, тухайн бүсд аялал жуулчлалын үйлчилгээг хөгжүүлэх ёстой.
Тухайн газар оронд манай нэртэй эрдэмтэн судлаачид Оросын эрдэмтэдтэй хамтарч хайгуул судалгаа хийсэн. Хамгаалалтад авах газраа орон нутаг нь авчихсан гэж байгаа. Би боддог юм, манай соёлын үнэт өв нэг бол газар доор хэвтээд байдаг, нэг бол гадны хүн олоод, аваад явчихдаг байж болохгүй гэж боддог. Тэгэхлээр ухах, судлах шаардлагатай бол ухах ёстой, ухахдаа мэргэжлийн хүмүүс нь тэр ажлыг хийж, Монгол Улсын соёлын өвийн тухай хуулиа хатуу мөрдөх ёстой. Мэдээж энэ бүх үйл явц нь Хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагааны зарчим, хэм хэмжээ байх учиртай. Хариуцлагатай уул уурхай хууль, хэм хэмжээг чанд мөрдөж, байгалийн нөхөн сэргээлтийг дэлхийн жишгээр хийж, орон нутаг, улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэхүйц үр өгөөжтэй, нийгмийн зөвшилийг хангаж ажиллах ёстой. Хариуцлагатай уул уурхай, ер нь бид бүгдээрээ нээлттэй, ил, тунгалаг байх учиртай.
Төгсгөлд нь хэлэхэд, өнөөдөр бүх талын төлөөллийг нэг дор байлцуулж байгаа нь асуудлыг нэг талаас биш олон талаас нь харж, хэлэлцье гэж шийдсэн юм. Ийм хэлэлцүүлэг хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч надад үүрэг болгосон. Өнөөдрийн хэлэлцүүлэгт урилгаар болон зарын дагуу сайн дураараа ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид дэг журамтай байж, бие биендээ хүндэтгэлтэй хандана. Мэдээлэл хийж байгаа, асууж байгаа, хариулж байгаа хүн эхлээд өөрийгөө товч танилцуулна. Ажил, овог нэрээ хэлэхэд болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичлэг хийж байгаа.
Үг хэлж байгаа хүмүүс санаатайгаар худал мэдээлэл өгөх, олон нийтийг төрөөгдүүлсэн зүйл ярихаас зайлсхийх буюу татгалзах үүрэгтэй. Зөвхөн үнэнийг мэдээллэх ёстой. Өнөөдрийн хэлэлцүүлэг ийм зарчимтай явагдана.
Энэхүү Ерөнхийлөгчийн дэргэдэх анхны Иргэний танхимд олон чухал сэдвээр олон удаа хэлэлцүүлэг явагдаж байсан түүхтэй. Уламжлалтай. Туршлагатай. Энэ танхимд Эрдэс баялгийн салбарт Төрөөс баримтлах бодлогын төсөл хэлэлцүүлж, Төрийн нэгдсэн бодлоготой болох ажил өрнөж байсан. Уг бодлогын баримт бичгийг УИХ баталж мөрдүүлж эхэлсэн.
Хэвлэл мэдээллийнхэн маань идэвхитэй хүрэлцэн ирсэнд талархаж байна. Зоос хоёр талтай гэдэг, үнэн хэрэг дээрээ түүнээс олон талтай. Алив зүйлийг олон талаас, олон өнцгөөс харах тусам түүний өнгө будаг, хэмжээ домжоо, чанар чансаа тодордог. Нэг талаас харахад хар мөртлөө нөгөө тал нь шаргал байхыг харж байж л мэддэг лугаа адил.
Тийм болохоор хэлэлцүүлгээ дэгтэй, соёлтой ажил хэрэгч явуулцгаая. Монголын ардчилал бол зөвшилцлийн ардчилал. Бас хариуцлагатай байх ёстой. Өчигдөр Засгийн газар Гацууртын ордыг ашигласны улмаас тухайн бүс нутагт, түүх соёлын өвд нөлөөлж болзошгүй нөлөөлийг судлах ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийн төлөөлийг ч энд урьж оролцуулж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэж ярьдаг.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, уул уурхайн сайд Р.Жигжид Таныг микрофонд урьж байна. “Сентура гоулд Монголиа” компанид олгосон, өнөөдрийн хэлэлцүүлгийн сэдэв болоод байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, талбайтай холбоотой мэдээлэл хийнэ үү” гэлээ.
Уул уурхайн сайд Р.Жигжид:
-Монгол Улсын Засгийн газар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр ихээхэн ажил хийдэг. Өнгөрсөн жил Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлоготой болсон. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулсан. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг ид хийж байна. Ингэснээр энэ салбар хууль эрх зүйн орчинтой, өрсөлдөх чадвартай болж байна.
Эдийн засгийн байдал амаргүй байгаа энэ үед бид нөөц бололцоогоо зөв ашиглах, эрдэс баялгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Уул урхайн яам хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна. Үүний дотроос ил тод байдлыг хангаж ажиллах тэргүүн зэргийн зорилт тавьж ажиллаж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж өргөн бариад байна.
Уул уурхайн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батхүү:
-Стратегийн ач холбогдол бүхий Гачууртын ордын талаар товч танилцуулъя. Уг орд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Энд тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Сентерра голд” компани нь Бороогийн алтыг олборлож баяжуулах үйлдвэртээ боловсруулдаг. Хамгийн сүүлд батлагдсан ТЭЗҮ-ээр Гачууртын ордоос олборлосон алтыг 50 км замаар тээвэрлэж Бороогийн баяжуулах үйлдвэрт боловсруулна. Жилийн турш ажиллах боломжтой орд. Алтны шороон ордыг 1996 онд илрүүлсэн. “Гурван гол”, “Гачуурт” компаниуд 1992-2000 онд шороон ордод олборлолт хийсэн. 1998 онд үндсэн ордыг нээсэн.
2005 онд анхны ТЭЗҮ-ийг боловсруулсан. 2007 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцийг хүлээн авч, 2008 онд ТЭЗҮ-ийг баталсан. 2013 онд нөөцийн хэмжээг шинэчилсэн. 2014 онд дахин ТЭЗҮ-ийг боловсруулсан.
Өнөөдрийн тогтоосон нөөцөөр Гачууртын орд нь эдийн засгийн ашигтай БЦ үнэлгээгээр17,1 сая тонн хүдэрт 50 тонн алт, тодорхой нөхцөлд үр ашигтай БЦП үнэлгээгээр 10,6 сая тонн хүдэрт 26,1 тонн алт, нийтдээ 76,1 тонн алтны нөөцтэй гэсэн үнэлгээ гаргаж баталгаажуулсан. Энд 10 жил үйлдвэрлэл явуулна. Гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж 659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. 352,9 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллах төсөл байгаа.
Ноён уулаа хамгаалах хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмид:
– Өнөөдөр Монголын төр Ноён уулаа ухах хүртлээ ядуурсан хэрэг үү гэвэл үгүй юм. Монголын төр, Монгол Улсын төрийн эрхэнд гарсан хүмүүс өнөөдөр улсаа Ноён ууландаа тултал худалдаж, идэж, ууж, их өвөг дэдсийнхээ алтан шарилыг хөндөхдөө тулж байгаад би үнэхээр харамсаж байна. Монгол орон өнөөдөр байна уу, үгүй юү. Үүнийг би Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга , Уул уурхайн сайд Р.Жигжидээс асуумаар байна. Р.Жигжид сайд “Хүнийхээ хувьд би тантай яг санал нэг байна. Даан ч Засгийн газар кабинетийн зарчмаар ажилладаг болохоор энэ ажил үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүй байна” гэж байсан.
Эцэг өвгөдийн маань сүнс гомдож байна, миний сэтгэл өвдөж байна. Ноён уулын булш бунханаас олдсон зүйл Эрмитажийн музейд хадгалагдаж байна гэж сая П.Цагаан дарга хэллээ. Манай түүх ямар их агуу вэ. Монгол хэмээх үндэстэн ямар агуу вэ. Ямар их хувь заяатай ард түмэн бэ. Гэтэл нутагтаа байгаа бунхныг нь бид хөндөж байгаа нь харамсалтай. Өнөөдөр би уйлмаар байна. Өнөөдөр эцэг өдгөдийнхөө алтан шарил, их Хүннү гүрний төрт ёс бий болсон, Монголын ард түмний юугаар ч үнэлшгүй их өвтэй Ноён ууланд халдах гэж байгаад би их харамсаж байна. Би Монголынхоо өв соёлыг та нараар ухуулахгүй гэдгээ хэлчихье.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү:
-Би сумынхаа ард иргэдийн байр суурийг илэрхийлье. Манай Мандал сум 27 мянган хүн амтай. Сум нэртэй хотын зовлонг үүрч явдаг газар. Бодит амьдрал дээр төрийн шийдвэр гаргахдаа орон нутгийн иргэдийн саналыг сонсох ёстой гэж шийдвэр гаргах түвшний өндөрлөгүүд маань бүгд л хэлж ярьдаг. Гэтэл гаргасан хуулийг нь хараад үзэхээр иргэдийн саналыг тусгаагүй, иргэдийн үгийг сонсоогүй байдаг. Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрх зүйн актуудад орон нутгийн байр суурийг орхигдуулдаг.
Орон нутгийн зүгээс компанитай хэлэлцүүлэг хийе, иймэрхүү байдал үүсэх нь байна шүү гэж хэлж, анхааруулж сануулж байсан. Гэвч Сентура гоулд Монголиа ХХК-ийнхан хуулийн хүрээнд боломжгүй байна. Эхлээд Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг харж байж шийднэ. Хууль өөрөө ийм байна гээд бидэнтэй огт уулзаагүй. Иргэдэд ч тайлбар таниулга хийгээгүй. Ашигт малтмалын тухай хуулийг би байнга харж байна. Орон нутгийн байр суурийг харна гэсэн зүйл тэнд алга. Үүнийг хууль тогтоох байгууллагынхан эргэж хараач ээ. Орон нутгийн оролцоог тодорхой болгож өгмөөр байна. Юунаас айгаад байгаа юм бэ. Үүнээс болж үл ойлголцол үүсч байхыг үгүйсгэхгүй.
Үүнээс болж өнөөдрийн энэ нөхцөл байдал үүссэн гэж бодож байна. Манай сумын гурван иргэн өлсгөлөнд оролцсон. Сар шинийн үе таарсан. Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны асуудлыг мэргэжлийн холбогдох байгууллагаас нь байнга асууж санаа тавьж байсан.
Бороо гоулд ХХК-ийн Боловсруулалт, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Т.Оргодол:
-Гацуурт төслийн олборлох талбай хил нь Ноён уулаас 4,6 км зайтай байна. Хүннүгийн эртний олдворт булш бунхнууд нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт, уурхайн хилээс 7,5 км-ийн зайд оршиж байгаа. Археологийн судалгааг хоёр удаа үе шаттайгаар хийхэд Гацууртын ордын ашиглах талбай, орон нутгийн замын трассын дагуу эртний булш бунхан, түүхий олдворууд тогтоогдоогүй. Гацууртын ордын төслийг хэрэгжүүлэхийн тулд манай компани нийтдээ 535 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Жилд 1750 сая тонн хүдэр боловсруулна. Уг орд дээр жилийн турш, өдөр шөнөгүй ажиллана. Жилд 1,7 сая тонн хүдэр боловсруулна. Борлуулалтын орлогын 69-70 хувийг Монгол Улсад зарцуулна. Нийт зардлын 80 хувийг мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр зарцуулна. 17 хувийг орон нутгийн хөгжлийн санд хандивлана.
Өмнө хийж байсан ажлуудаасаа ярихад 10 жилийн хугацаанд 20 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжилд зарцуулсан. Үүнээс 9,3 тэрбум төгрөгийг Сэлэнгэ аймагт, 11,5 тэрбум төгрөгийг Улаанбаатар хот, бусад аймагт хандив, тусламжийн төсөв санхүүжүүлэхэд зарцуулсан. Улаанбаатарын 1-р амаржих газрын өргөтгөлд 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Энд 2 төрлийн хүдэр бий. Исэлдэх хүдрийг Бороогийн үйлдвэрт ашиглаж байгаа уусгах аргаар боловсруулна. 80 гаруй хувь нь сульфидын буюу анхдагч хүдэр байгаа. Үүнийг боловсруулахад төвөгтэй хүдэр гэдэг. Үүн дээр биологийн исэлдүүлэх процессын арга хэрэглэж алтыг ялгаж авахаар төлөвлөж байна. Ордыг ашигласны дараа газрын гадаргыг тэгшилж хэлбэржүүлэн техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ. Хаалтын шатанд нутгийн уугуул ургамлын үрийг ашиглан нөхөн сэргээнэ. Тэсэлгээний хүч бага тул нөлөөлөл багатай.
Төсөл жил гаруйн хугацаан дотор ашиглалтад орох боломжтой. Нийтдээ 130 гаруй төрлийн зөвшөөрөл авах ёстой. Тэр хугацаа ямар байдлаар үргэлжлэхийг мэдэхгүй.
“Сентура гоулд Монголиа” ХХК-ийн салбарын захирал Д.Сандаг:
-Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад сумдын дарга нар үүнийг мэднэ. Сэлэнгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү ч үүнийг батлах байх. Гагцхүү Гацууртын ордыг тухайлан ярилцаагүй өнөөг хүрсэн нь учиртай. Уг төслийг нөөц 2007 онд, ТЭЗҮ 2008 онд батлагдаад явж байтал, 2009 онд “Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон. Гацууртын орд ойн сав газарт оршиж буй учир төслөө 2012 он хүртэл зогсоосон. Урт нэрт хуульд хамрагдах нь тодорхой болсон учир төслөө сурталчлаад байж болохгүй байсан. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ, нөөцийг дахин боловсруулах шаардлагатай болсон. Ингээд 2014 оны эцсээр ТЭЗҮ батлагдаж, 2015 оны эхээр Гацууртын ордын стратегийн ордод хамруулсан шийдвэр гарлаа шүү дээ. Одоо л дөнгөж бүх зүйл тодорхой болж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүх шийдвэр төр засгийн төвшинд гарсны дараа төслөө хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэрийн ашиг олох, түүнээс хэдийг нь орон нутагт зориулах вэ гэдгээ танилцуулна.
Татварын Ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.Батчимэг:
-“Бороо гоулд” компани нь 2002-2013 оны хооронд нийт 11 төрлийн татварт 263 тэрбум 490,5 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Үүнээс аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 150 тэрбум 420 сая төгрөг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 73 тэрбум 773,8 сая төгрөг төлсөн. Өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц төлбөрт 2626,4 сая төгрөг, алтны албан татварт 5376,5 сая төгрөгийн татвар төлсөн. Ус ашигласны, газрын төлбөр, авто тээврийн албан татвар, буу, үл хөдлөх хөрөнгийн татвар гэхчилэн 10 гаруй нэр төрлийн татвар төлсөн байдаг. Тус компани 91 тэрбум 165,7 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж, НӨАТ-аар 51 тэрбум 242 сая төгрөгийг буцаан суутгасан байна.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очир:
-Ноён уул нь Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумыг дамнан оршдог нуруу юм. Хүннүгийн үеийн түүхэн дурсгалт газар нь Ноён уулын Сүжигт, Хужирт, Зурамт гэсэн гурван аманд оршдог. Анх 1912 онд эл дурсгалт газрыг илрүүлсэн байдаг. 1924-1925 онд алдарт судлаач, аялагч Козлов тэргүүтэй хүмүүс судалсан байдаг. 50-60 оны үед үндэсний судлаачид, 2006-2012 онд Монгол Оросын судлаачдын хамтарсан баг Хүннүгийн үеийн булш бунхан дурсгалыг нарийвчлан судалсан. Дээр дурдсан гурван аманд нийтдээ 230 булш бунхан дурсгал бий. Хүннүгээс гадна хүрэл зэвсгийн үеийн дурсгалыг нэмэхээр нийтдээ 374 дурсгал Ноён уулын бүсэд бий.
2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн дурсгалт газрын хилийн бүсийг тогтоож, Засгийн газар баталгаажуулсан. 2014 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Археологичид булш бунханыг тодруулахын тулд малтлага хийж илрүүлсэн. Огт хөндөхгүйгээр археологийн дурсгалыг илрүүлэх аргагүй. Хатуу хөрстэй газар тул малтлага хийхэд Хүннүчүүдийн ухсан нүх гарч ирдэг. Одоогоор олдсон хамгийн гүн булш 18 м-ийн гүнд байна. Шаардлагатай булшинд малтлага хийж түүхийн дурсгалыг илрүүлээд нөхөн сэргээлт хийж, ойролцоо нь таних тэмдэг тавьдаг.
Гацууртын ордын хувьд хамгийн ойрхон дурсгал нь Сүжигтийн амны дурсгал байгаа. Сүжигтийн амны Хүннүгийн дурсгалт газар Сентура гоулдын талбайн захаас 5,8 км-т оршдог. Олборлолтын цэг хүртэл 11 км зайтай.
Каскади майнинг гээдг компани 1999 онд Гацууртын ордыг эзэмшиж байхдаа Соёлын өвийн хуулийн хүрээнд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд хандсан байдаг. Ингээд 1999-2000 онд 3 удаа археологийн хайгуул судалгааны баг гарч хайгуулын лицензтэй талбайд хайгуул судалгааны ажил гүйцэтгэж эртний нийт 81 дурсгал илрүүлсэн. 2005 онд Сентура гоулд Монголиа компани МУИС-ийн Археологи, антропологийн тэнхимд хандаж хайгуул судалгааны ажил гүйцэтгүүлсэн.Тэд Бороо гоулдын уурхайгаас Гацууртын орд хүртэлх авто замын дагуу хайгуул хийж 63 дурсгал илрүүлсэн. Гацууртын амны хувьд олборлолт хийх гэж байгаа талбайд одоогоор эртний булш, бунхан илрээгүй гэсэн тайлан өгсөн байдаг. Харин лицензтэй талбайгаас гадна 200 м-ээс 2 км-ийн зайд 5 дурсгал илэрсэн. Сүжигт, Зурамт, Хужиртын аманд нийт 230 дурсгал байна. Эдгээр нь хүрэл зэвсэг, Хүннү, дундад зууны үеийн булш, дурсгалууд юм. Ноён уулын бүс нутагт одоогоор 374 дурсгал бүртгэгдээд байна.
“Босоо хөх Монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин:
-Манайхан сая Ноён уулд олборлолт хийхийн эсрэг өлсгөлөн зарлаж тэмцлээ. 2005 оны арванхоёрдугаар сард Мандал сумын ИТХ-аас Ноён уулын 31 мянган га талбайг тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ шийдвэрийг хөндөх, өөрчлөх эрх Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хэнд ч байхгүй. Гэтэл тэр үеэс хойш хичнээн их хууль бус ажиллагаа явуулсныг дээрх хүмүүс хэллээ. 2009 онд авсан фото зургийг 2014 онд авсан зурагтай нь авчирлаа. Энэ хугацаанд ямар олон мод огтолж байхгүй болгосныг зургаас харж болно. Урт нэрт хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоосон гээд байгаа ч хэчнээн олон мод бутыг нь сүйтгэсэн нь зургаас харагдаж байгаа. Нөгөөтэйгүүр олборлолтын явцад 9 сая тонн сульфиттай чулуу гаргаж овоолох гэж байгаа. Тэр чулуунууд борооны усаар угаагдан сульфит гэдэг хорт бодис Гацууртын гол руу орох магадлалтай. Цаашлаад Хараа, Ерөө голын усанд нэвтэрч Байгаль нуурт хүрэх магадлалтай. Ерөө гол Байгаль нуурын усны 67 хувийг тэтгэдэг. Байгаль нуур дэлхийн цэвэр усны 20 хувийг, ОХУ-ын цэвэр усны 90 хувийг бүрдүүлдэг. Хэрэв Байгаль нуурт сульфит хүрэх юм бол Ноён уулын олборлолт дэлхий нийт, хүн төрөлхтөний өмнө “ногоон терроризм” болох магадлалтай. Тиймээс олборлолтыг болих хэрэгтэй.
ТЭЗҮ хийсэн Авирмэд гуай саяхан учир битүүлгээр нас барсан нь гайхшрал төрүүлж байгаа. Үлгэр шиг юманд та бүхэн хууртаад дэлхийн хүн төрөлхтөний өмнө “ногоон терроризм” хийж нүгэл үйлдэж болохгүй. Маш сайн судлаарай гэлээ.
Үүний дараа асуулт хариулт өрнүүллээ.
Байгаль орчны ерөнхий зөвлөлийн Хяналтын хорооны дарга Ганбаатар:
-Нэг компанийн төлөө төрийн байгууллагаас авахуулаад Бороо гоулд,ШУА-ийн реклам явагдчихлаа. Компани яагаад өөрөө цогц асуудлаа ярьж чадахгүй байгаа юм бэ. Стратегийн ордын жагсаалтад байхгүй орд 1 дүгээр сарын 23-ны орой УИХ-д үсэрч орж ирээд батлагчихсан нь ямар эрх ашигтай холбоотой вэ?
ТЭЗҮ дээр доошоо 200-300 м бус, бүр 9 м өргөнтэй 1010 м-ийн гүн карьер байгуулах гэж байгаа харагдсан.Тэсэлгээ, дэлбэлэлт хийх үеэр газрын гадарга дорх мөнх цэвдэгт нөлөөлөхөөс гадна түүхийн дурсгалууд эвдэрч сүйдэх магадлалтай. Одоо болтол яагаад цэвдгийн судалгаа гаргаж өгч чадахгүй байгаа юм бэ?
Уул уурхайн сайд Р.Жигжид:
– Стратегийн орд гэдгийг Ашигт малтмалын хуульд тодорхой заасан. Ц.Эрдэнэхүү дарга орон нутгаас зөвшөөрөл авдаггүй тухай ярьсан. Үүнийг залруулъя. Шинээр нэмэлт, өөрчлөлт оруулсан Ашигт малтмалын тухай хуульд орон нутагтай харилцах харилцааг тодорхой тусгасан. Орон нутгаас санал авч байж хайгуулын тусгай зөвшөөрлийг өгч байгаа. Байгаль орчин хамгаалах тухай мөн байгаа. Жил бүр биелэлтийг орон нутагт тайлагнах ёстой. Орон нутгийн захиргааны байгууллагатай харилцах талаар тусгай зүйл оруулсан.
“Сентура гоулд Монголиа” компанийн техникийн асуудал эрхэлсэн захирал Ж.Бүрэнтөгс:
-Би Гацууртын ордод 1998 оноос эхэлж ажилласан хүн. Цэвдэг үндсэн чулуунд байдаггүй. Компани ашиглалтаа шууд үндсэн чулуунд хийнэ. Цэвдэгт хамааралгүй. Цэвдэг судлаач Шархүү гэдэг хүн ашиглалтын үйл ажиллагаа цэвдэгт нөлөөлөхгүй гэдгийг сонинд бичсэн байсан. 1000 м хүртэл гүн карьер ухахгүй. Эдийн засгийн хувьд ч энэ нь ашиггүй. Хамгийн гүндээ нэг цэгт 200 м-ийн гүнтэй карьер ухна. Тооцоог нэг ам.доллар 1700 төгрөгтэй тэнцэж байхад хийсэн. Одоо 2000 төгрөгт дөхсөн. 2000 төгрөг гэвэл нөөц багасч гарна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү:
-Ноён уул бүхэлдээ ашиглалтын болон хайгуулын лицензэд хамрагдаад байгаа. Стратегийн орд гэдэгт энэ бүхэлдээ хамрагдах уу? Зөвхөн Гацуурт үлдээд бусад цуцлагдах уу? Үүнийг Мандалчуудынхаа өмнөөс асууж байна.
МХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав:
-Өнөөдөр үүсээд байгаа асуудал бол өмчийн харилцаатай л холбоотой. Манайд төрийн өмч байна гэж Үндсэн хуульдаа заасан. Хувийн, нийтийн өмчийг хүлээн зөвшөөрсөн. Нийтийн өмчийг нийтийн, орон нутгийн, ТББ-ын өмч гэж хуваасан. Төрийн нийтийн хамааралтай өмчид газар, газрын хэвлийн баялаг, ой мод, дагалдах баялаг, ус, дагалдах баялаг, археологинй зүйлс, хөшөө дурсгал, ургамал, амьтан ордог. Төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах нь зөвхөн УИХ-д хамаардаг.
Өнөөдөр УИХ-ын дарга энд байх ёстой. Гэтэл алга. Бид өмчийн эзний эзгүйд хэлэлцүүлэг хийж байна. Бидний энэ хэлэлцүүлэг алдаатай болж байна.
Уул уурхайн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Батхүү:
-Тусгай зөвшөөрлийг цуцлах нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулагддаг. Тухайн аж ахуйн нэгж Тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг өгөөд, байгаль орчин хамгаалах үүргээ биелүүлээд, үүнд сум жил бүр гарын үсэг зурж байгаа. Энэ байдал хэвийн явж байгаа үед Тусгай зөвшөөрлийг цуцалбал зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг бүрэн төлсний дараа цуцлах боломжтой. Хэрэв тусгай зөвшөөрлийг цуцлана гэвэл нөхөн олговрын асуудал хуулиар яригдаж байж шийдэгдэнэ.
Жавхланболд:
-Алтны экспорттой холбоотой НӨАТ буцааж төлөгдөнө. Бороо гоулд өмнө өгсөн НӨАТ-аа хуулиар буцааж авах эрх нээгдэж байсан.
Иргэдийн Алъянс төвийн захирал Ж.Занаа:
– Нийтийн өмчид хамаатай хуулийг батлалгүй нийтдээ 19 жил явлаа. Иргэдийн Алъянс төвөөс Нийтийн өмчийн эрхийн тухай хууль гэж хуулийн төсөл гаргаад олон жил явсан. Тухайн үед 2011 онд АН, МАН-ын хамтарсан Засгийн газар төслийг хүлээж аваагүй. Тэр хуулийг баталбал байгалийн баялаг, уул уурхай гэсэн нийтийн өмчийг замбараагүй зарж болох, хуульгүйгээр далимдуулсан хулгайгаа хийх боломжгүй болно гэж үзсэн юм шиг байгаа юм. Одоо УИХ-ын нэлээд олон гишүүнд хуулийн төслөө өгчихсөн байгаа. Тэд аваад ширээн доогуураа хийж орхичихоод байж байна. Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хуультай болох саналыг хэлж байсан. Тэгээд хийсэн төсөл.
Төрийн нийтийн өмчийн эрхийн тухай хууль гараагүй цагт хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа хийх нь хориотой. Ийм хуульгүй цагт нийт ард түмний өмч рүү дайрах эрх байхгүй. Үндсэн хууль зөрчих эрх хэнд ч байхгүй. Үндсэн хуулиа дагаж холбогдох хуулиудаа гаргацгаая. Тэгж байж ордуудаа ашиглая.
“Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Шинжээравдан:
-Би сая өөрөө өлсгөлөнд оролцсон хүн. Гадаад, дотоодын иргэдээс өдөр бүр 100 гаруй мессеж бидэнд ирж байгаа. Энэ мөнх цэвдгийн доод талыг яаж судалж байгаа вэ? Яагаад тэр булш бунхнууд талбай дотор байдаггүй, дандаа гадуур нь байдаг юм бэ? Археологийн хүрээлэнгийнхэн уг нь үүнийг гүйцэд судалж чадахгүй гэж хэлж байсан.
Ноён уулыг ухуулах уу, үгүй юү гэдгийг Монголын нийт ард иргэдээс санал асуулга явуулж шийдүүлэх ёстой. Ерөнхийлөгчийн Тамгын газарт 3-4 удаа шаардлага явуулсан. Түүний хариуг нэг ч аваагүй. Түүний хариу нь олон цагдаагаар хүч хэрэглэж биднийг тараасан явдал юм уу?
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэ-Очир:
-Гацууртын аманд Хүннүгийн дурсгал байхгүй. Сүжигтийн аманд байгаа. Тэнд мөнх цэвдэг байхгүй. 10 м-ийн гүнээс хагас цэвдэг илэрдэг. Гацууртын талбайд хөрсний дор судалгаа хийсэн зүйл байхгүй.
Боловсрол, соёл,шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга:
-Ерөнхий сайдын уржигдрын захирамжаар Гацууртын уурхай ашиглалтад орсноор тэнд байгаа соёлын өв, түүнд нөлөөлөх нөлөөллийг тогтоох ажлын хэсэг байгуулсан. Булш бунхан байгаа эсэхийг үзэхийн тулд малтлага хийж үзэх ёстой. Наана нь тандалт судалгааны ажил хийдэг. Түүнийг компанитай хамтраад явуулахад болохгүй гэх зүйлгүй. Уул уурхайн компаниуд соёлын өвийг хамгаалах үүргийг давхар хангах ёстой. Ийм үүргийг хуулиар хүлээсэн байгаа.
Академич Х.Намсрай:
-Газар шороо бол нүүдэлчин аймгийн амин сүнс юм. Чингис хаан газар дээрээ ялж, далайд ялагдсан байдаг. Өнөөдрийн асуудалд манай ард түмэн хүлээцтэй, бодлоготой хандах хэрэгтэй. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй гэдэг бол Монголын гайхамшигтай зарчим. Баялгаа хурдан түргэн ухаад, бүгдээрээ машинтай, баян чинээлэг, Европ сэтгэлгээгээр хаустай, булган шубатай болъё гэдэг бол монгол амьдралын хэв маяг биш. Зөрчил тэмцлийнхээ зөв зохистой шийдлийг олъё. Монголчууд ингэж чадна. Болно. Бүтнэ. Болохгүй зүйл ерөөсөө байхгүй гэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг хааж хэлсэн үгэндээ “Манайд хариуцлагагүй уул уурхай байсан. Лицензүүдийг зогсоож, хэлэлцүүлэг хийж байгаад шинэ бодлого боловсруулж өнгөрсөн 2014 оны долдугаар сараас мөрдөж эхэлсэн. Саяхнаас лиценз өгч эхэлсэн.
Монголд шинээр лиценз олгосноос хойш хариуцлагатай уул уурхайн эрин эхлэх ёстой. Хариуцлагатай уул уурхай гурван зүйлээс бүрдэнэ.
Нэгдүгээрт, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй, хоёрдугаарт, байгаль, хүний эрүүл мэндэд ээлтэй технологи ашигладаг, гуравт, нийгмийн зөвшилцөл дээр суурилсан байх ёстой. Дээрээс нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Ил тод бай” гэж хэлж байгаа. Бид энэ оны 1 дүгээр сарын 1-нээс Шилэн дансан дээр 5 саяас дээш төгрөгийн гүйлгээг тавьдаг болсон.
Өнөөдрийн хэлэлцүүлэг бол ганц компанийн тухай биш, хариуцлагатай уул уурхайн эрин эхэлж байгаа энэ үед нийт уул уурхайн компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ил тод, ойлгомжтой, хэмжүүртэй, хэмжигдэхүүнтэй хэлээр ярих ёстой. Дэлхий “хавтгай”, мэдээлэл түгээмэл болсон цагт нууж хаах ямар ч хэрэг байхгүй. Ил тод байх тусам монголчууд итгэдэг, итгэсэн хүндээ илүү итгэдэг. Одоо үүнийг үйл ажиллагаагаараа харуулах хэрэгтэй. Монголчууд бол хэрсүүжиж байгаа ард түмэн.
Байгалийн нөхөн сэргээлт, орон нутгийн хөгжил, улсын эрх ашиг, эрэмбэ дарааллаа хүртэл бодож, ярьж, хэмжиж болдог шалгуураар үйл ажиллагаа явуулах хэрэгтэй.
Санал бодлоо ярьцгаалаа. Хэлэлцүүлэг амжилттай боллоо. “Бороо гоулд” компани Монголчуудын сэтгэлд сүүдэр тусгасан ажил хийсэн нь үнэн. Тэр алдаагаа засч монголчуудын итгэл үнэмшлийг сэргээхийн төлөө цаашид ажиллах хэрэгтэй.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт тал бүрийн төлөөлөл болж хүрэлцэн ирсэн Та нарт их баярлалаа” гэснээр хэлэлцүүлэг өндөрлөв.