Өмнөговь айгийн Засаг дарга Б.Бадраатай нутаг орных нь талаар ярилцлаа.
-Оюу толгой, Таван толгой зэрэг дэлхийд тэргүүлэх алт, зэс, мөнгө, нүүрсний баялаг ордтой Өмнөговь аймаг Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төв бүс нутаг болох бүрэн бололцоотой. Хоёр дахь удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Засаг даргын хувьд гурван жилийн дараах Өмнөговь аймгийн хөгжил, цэцэглэлтийг хэрхэн харж байгаа вэ?
-Өмнөговь аймгийн хувьд уул уурхай эрчимтэй хөгжиж, томоохон төслүүд хэрэгжээд явж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн хувьд Өмнөговь аймагт тун багахан хувь наалдсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюу толгой ашиглалтад ороод ирвэл нэлээд хэмжээгээр орон нутгийн хөгжилд тус дөхөм болох байх.
Миний хувьд энэ дөрвөн жил Өмнөговь аймгийн хувьд хөгжлийн жинхэнэ оргил үе болох ёстой гэж үзэж байгаа. Төвийн эрчим хүчинд холбогдож байна. Нийслэлтэй хар замаар холбогдож, уул уурхай төвлөрснөөс шалтгаалаад хүн амын төвлөрөл бий болж жижиг дунд үйлдвэрлэл нэлээд хөгжиж байна. Сүүлийн дөрвөн жилд тавьсан зорилтын дагуу эрүүл мэнд, боловсролын салбар цоо шинэ, орчин үеийн хэмжээнд хүрлээ. Бид “1000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Тэгэхээр энэ гурван жилд Өмнөговь аймгийн хувьд нэлээн оргил үе байх бөгөөд дорвитой хөгжинө гэж ойлгож байгаа.
-Өмнөговь аймаг бол улсаас татаас авдаггүй цөөн аймгийн нэг. Улсад татвар хураамж хэлбэрээр хэдэн төгрөг төлдөг вэ?
-Өнгөрсөн жил Өмнөговь аймаг 106 тэрбум төгрөг улсад төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байсан. Энэ жилээс төсвийн тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор тодорхой татварууд дээшээ шууд улсад ордог болсонтой холбоотойгоор улсад төлдөг татварууд буурсан. Аймгийн ИТХ-аар орон нутгийн төсөв 75 тэрбум төгрөг батлагдсанаас 23 тэрбум төгрөгийг улсын орлогод төвлөрүүлнэ. Бусад хөрөнгийг орон нутгийн төсвийн байгууллагуудын санхүүжилт болон аймаг сум хөгжүүлэх сангуудад хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ.
-2012 оны жилийн эцэс, 2013 оны эхний хагас жилийн байдлаар Оюу толгой, Таван толгой болон бусад уурхайгаас газар, ус ашигласан болон бусад хэлбэрээр хэчнээн хэмжээний татварын орлого төвлөрсөн бэ?
-Усны болон ус ашигласны татвараар аймагт орох орлогын гол нь бий болдог. 27 тэрбум төгрөгний татвар нь зөвхөн ус ашигласны төлбөрт томоохон төслүүдээс авах ёстой. Өнөөдөр ус ашигласны татвар төлөлт нь 10 хувьдаа ч хүрээгүй. Уул уурхайн комнаниуд татвараа төлөхгүй зайлсхийх асуудал гарч ирж байна. Энэ нь орон нутгийн татварт маш муугаар нөлөөлж байна.
-Сүүлийн үед Ханбогд, Цогтцэций, Гурвантэс зэрэг суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд тухайн орон нутагт бодит хөрөнгө оруулалт хийх, бүтээн байгуулалтын ажилд оролцдоггүй гэсэн шүүмжлэл байнга гарах болсон. Тухайн суманд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг орон нутгийн хөгжилд дорвитой хөрөнгө оруулалт хийж засмал зам тавих, сургууль, эмнэлэг зэрэг нийтийн эзэмшлийн байгууламжинд хөрөнгө оруулалт хийлгэхэд аймгийн Засаг даргын хувиар хэрхэн анхаарч, шахаж шаардаж байгаа вэ?
-Ер нь бол аль болох орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хамтарч ажиллахыг нэлээд шахдаг. Томоохон, нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалтад оролцооч гэж байгаа. Зүгээр нэг айлд нэг гэр өгсөн, тэдэн хүүхдийн сургуулийн тэтгэлэг гэдэг утгаараа биш энэ аймаг орны хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийгээч ээ гэдэг асуудлыг л энэ уул уурхайн компаниудад санал тавьж байгаа. “Энержи Ресурс”-ийн хувьд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр аймаг орон нутагтай хамтарч сургууль цэцэрлэг барьсан гэдэг юм уу тодорхой нүүрсний замын асуудал шийдсэнд иргэдийн хувьд үнэлэлт өгсөн. “Оюу толгой” бол томоохон үр дүнтэй зүйл хийж өгөөсэй гэж хүсч байгаа цаашид бүтээн байгуулалтад оролцох байлгүй дээ.
-Өмнөговь аймаг газрын доорх асар их баялгаа эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Гэхдээ байгаль орчны доройтол дээд зэрэгтээ хүрч уугуул малчин ард амьдрах нутаг бэлчээргүй болж байгаа нь хамгийн сэтгэл эмзэглүүлсэн явдал.Тэгэхээр давын өмнө ямар асуудлуудыг шийдэх шаардлагатай гэж үзэж байна. Бас ямар ажлууд хийж байгаа болон хийхээр зэхэж байгаа вэ?
-Хамгийн нэгдүгээрт уламжлалт мал аж ахуй, уул уурхай хоёрыг зэрэгцүүлж хөгжүүлэх ёстой. Аль нэгийг нь давуу хөгжүүлэх гэж нэгийг нь үгүйсгэж болохгүй ээ. Уул уурхай хөгжсөнөөр бүх зүйл болохоо байсан юм биш.
Хаана нь мал аж ахуй, хаана нь уул уурхай байх хэрэгтэй вэ гэдгийг. зохицуулж ажиллах хэрэгтэй. Үүнээс гадна уул уурхайн компаниудыг дагаад сайн сайхан зүйл бий болж байгаа боловч сөргөөрөө говийн сайхан байгалийг үнэхээр сүйтгэж байгаа. Цаашдаа томоохон төслүүд хэрэгжүүлэх юм бол эхлээд зайлшгүй бэлтгэл ажлаа хангах хэрэгтэй. Ганцхан жишээ хэлье. “Оюу толгой” үйл ажиллагаа явуулаад удаж байгаа, ашиглалт нь эхлэх юм бол ядаж эхлээд замаа тавих хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд нь зайлшгүй зам болон дэд бүтцийн асуудлаа шийдэж байж дараа нь ажлаа хийхгүй бол өнөөдөр авах олох юм аа л гэнэ үү гэхээс байгаль хамгаалах тал дээр юм хийхгүй байгаа. Тийм учраас бид энэ дөрвөн жилд байгаль орчноо онцгой анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа.
-Оюу толгой, Таван толгой зэрэг томоохон уурхайнуудад дотоодын ажилчид гадны ажилчдаас нэлээд бага цалин хангамж авч байгаа. Энэ асуудалд Засаг даргын зүгээс нөлөөлөх боломжтой юу?
-Бид иргэдийнхээ төлөөлөл болж байгаа учраас дуу хоолойг нь тэдэнд хүргэх нь бидний үүрэг. Монгол ажилчдын үнэлэмжийг дээшлүүлэх, гадны ажилчидтай ялгавартай хандахгүй байх, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх талд дээр анхаарч ажиллаарай гэдэг иргэдийнхээ дуу хоолойг хүргэж ажилладаг.
-Говийн чандмань эрдэнэ болсон худаг ус, уст цэгийг нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийж байгаа вэ?
-Улсын төсвийн хөрөнгөөр жилдээ 30-аад худаг гаргадаг. Ус бол чандмань эрдэнэ гэдэг утгаараа булаг шандны эхийг хамгаалах асуудлууд тодорхой хөрөнгийн дагуу хийгдэнэ. Гэхдээ уул уурхайн том том угаах үйлдвэрүүд бий болж газрын гүний усыг ашиглаж байгаатай холбоотойгоор газрын гадаргын усны хомсдол бий болж булаг шанд, горхи, худаг хүртэл ширгэж байгаа тохиолдол гарч байна. Тийм учраас бид бүхэн цаашдаа ирээдүйдээ энэ усныхаа нөөцийг нэмэгдүүлэх Орхон, Хэрлэн гэсэн энэ төслүүдийг яаралтай хэрэгжүүлэхийг холбогдох газруудаас хүсч байгаа. Ингэж л усны гацаанаас гарахгүй бол говь хэцүү болно. Иймээс энэ асуудалд онцгой анхаарч ажиллана гэж бодож байна.
-Даланзадгад хотын дулааны цахилгаан станцын асуудал жил бүр хэл ам дагуулдаг. Энэ станцын байдал өнөөдөр ямархуу байдалтай байгаа вэ. Хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалтаар ямар засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгааг тайлбарлана уу?
-Өнгөрсөн 2009, 2010 онд Дулааны цахилгаан станцад засвар үйлчилгээ гээд нэлээд хөрөнгө зарцуулж байсан. Дулаан хангамжийн газар байгуулагдсантай холбогдуулан дулааны ЦТП, дулаан түгээх төвүүдийг барихад орон нутгаас дэмжлэг үзүүлсэн. ДЦС-ын хувьд нэгэнтээ төвийн эрчим хүчинд холбогдчихсон учраас цаашдаа зөвхөн дулаанаа түгээх зорилготой ажиллана. Төвийн эрчим хүчний системд холбогдчихсон учраас одоо засвар үйлчилгээ хийгдэж байна. Ирэх өвөл манай ДЦС зөвхөн дулаанаа түгээх ажиллагааг найдвартай бэлэн болгоно. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймаг Ухаа худгаас дөрөв орчим Мвт цахилгааны хэрэглээ авч байна. ДЦС-ын дэргэд дахин дамжуулах дэд станц баригдаад наймдугаар сарын 1 гэхэд ашиглалтад орж 25-30 мвт хэрэглээг авах бүрэн боломжтой болж байгаа.
-Өмнөговь аймаг БНХАУ-тай хил залган оршдог. Эдийн засгийн хувьд бүрэн бие даах, бусад аймгуудыг бодвол богино хугацаанд үсрэнгүй хөгжих бололцоотой. Энэ давуу талаа ашиглан богино хугацаанд томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх, үсрэнгүй хөгжих тухайд Засаг даргын хувьд ямар бодолтой яваа вэ?
-Манай аймагтай хил залгаа хоёр боомтыг анх нээгдсэнээс хойш будаа, гурил, жижиг сажиг хувийн наймаа эрхэлдэг хүмүүс нэлээд байсан. Тэр устгаараа Өмнөговьчуудын амьдрал сайжирсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдгээр боомтууд зөвхөн нүүрс тээвэрлэдэг боомт болчихсон. Ард түмний өргөн хэрэглээний бараа солилцооны асуудал дээр хоёр талаас анхаарал тааруухан байгаа. Сүүлийн жилүүдэд түүхий эд өргөн хэрэглээний барааны солилцоо наймаа хангалтгүй байна. Цаашдаа хоёр улсын Засгийн газраас анхаарахгүй бол зөвхөн нүүрс л зөөгөөд байгаа талтай.
-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой засмал замаар холбох ажил Өмнөговь аймгийн хувьд хэрхэн хэрэгжиж байгаа вэ. Улаанбаатар чиглэсэн засмал зам одоо яг хаана ямархуу байдалтай явагдаж байгаа бол?
-Саяхан Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Улаанбаатараас нааш тавигдаж байгаа засмал замын явцтай танилцаад ирсэн.
Улаанбаатараас Дундговь чиглэлд тавигдах засмал замын явц ерөнхийдөө боломжийн байгаа. Энэ чиглэлд 104 км хатуу хучилттай авто замыг Монголын гурван компани түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна. Дундговь аймгийн Мандалговь сумаас Луус сум хүртэл 45 км зам тавигдсан. Цогт-Овоо хүртэлх 15 км авто замыг БНХАУ-ын компани гүйцэтгэж байгаа юм байна, албаны хүмүүсийн хэлснээр ажлын явц 59 хувьтай байна гэсэн.
-Монгол орны хамгийн том газар нутагтай асар их байгалийн баялагтай Өмнөговь аймгийн хувьд засмал замаар бүх сумдаа байг гэхэд уул уурхайн бүтээн байгуулалт өрнөж байгаа сумдаа аймгийнхаа төвтэй холбочихвол хөгжил дэвшил хурдсах нь тодорхой. Энэ талаар ямар бодлого баримтлаж байгаа вэ? /
-Манай аймаг өнгөрсөн дөрвөн жилд зүүн тал руугаа их хөгжсөн. Улаанбаатартай холбогдох зам чинь зүүн хойшоо яваад өгчихнө, Оюу толгой Таван толгой, Гашуун сухайт гээд явж байгаа замууд дандаа зүүн тийш. Тэгтэл манай хамгийн баруун сум 300 гаруй км-т Гурвантэс сум байна. Тэгэхээр бид ийшээ тодорхой хөгжил аваачихын тулд 300 гаруй км зам барихаар төлөвлөж байна. Одоо 17 км зам баригдаж байна. Гэхдээ үүнийг орон нутгийн төсөв дангаараа гүйцэтгэхэд хэцүү учраас улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад төсөл хөтөлбөрийн дэмжлэг авахаар төлөвлөж байгаа.
Хамгийн хол сумтайгаа хатуу хучилттай авто замаар холбоно гэдэг маань том ажил. Үүнийг дагаад замд нь байж байгаа Ноён, Сэврэй, Баяндалай гэсэн сумын асуудал нэг ёсондоо шийдэгдэж байгаа. Мөн Шивээ хүрэнгийн боомт хүрэх чухал ач холбогдолтой учраас энэ зам бол зайлшгүй шаардлагатай.
-Өмнөговь аймагт хүн амын төвлөрөл хурдацтай нэмэгдэж байгаа. Шинээр байгуулагдаж байгаа болон, барьж байгуулах сургууль, эмнэлэг, соёл ахуйн барилга байгууламжуудыг сум тус бүрээр нь танилцуулна уу?
-Өмнөговь аймаг жилийн эцсийн байдлаар суурин хүн ам 56585 болсон. Харин хөдөлгөөнт хүн ам 100 гаруй мянга болсон. Тийм учраас хуучин үйлчилж байсан сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг нэмэх, үйл ажиллагааг нь өргөтгөх шаардлага тулгарч байна.
Эмнэлгийн хувьд гэхэд 2000-3000 хүнд үйлчилдэг байсан сумын эмнэлэг одоо 10 мянга гаруй хүнд үйлчлэх шаардлага гарч ачаалал нэмэгдэж байгаа учраас аль болох холбогдох яамдад нь үйл ажиллагааг өргөтгөх орон тоог нэмэгдүүлэх, орных нь тоог, нэмэх сайжруулах шаардлага тулгарч байгаа. Энэ асуудлыг шийдэхгүй бол хүн амын төвлөрөл бий болж хүн амын тоо нэмэгдэж байгаа энэ үед зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг болоод байна.
-Төрийн албаны хүнд суртал, авлига хээл хахуультай хэрхэн тэмцэж байна. Ер нь уул уурхайн их бүтээн байгуулалт, гадна, дотны хөрөнгө оруулалтыг дагаад авлига, хээл хахууль ихээхэн дэлгэрч байгаа аймгаар Өмнөговь аймаг нэрлэгддэг шүү дээ?
-Ноцтой юм алга. Бид аль болохоор төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлига, хээл хахуульгүй явуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймагт 14 хоногт ажиллаж, авлигын эсрэг тусгайлсан арга хэмжээ зохион байгуулсан. Орон нутгийн удирдлагуудын санал хүсэлтийн дагуу ажиллахдаа тус газрынхан авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төрийн үйлчилгээний ил тод байдлыг хангах талаар төрийн албан хаагчдад заавар зөвлөгөө өгч ажилласан.
Тэр үүрэг чиглэлийн дагуу цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар аймгийн Засаг даргын албан даалгавар гарч бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж ажиллаж байгаа.
-Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Түмэнбаяртай холбоотой иргэдийн гомдол санал сүүлийн үед их гарах болсон. Энэ асуудлын талаар Засаг даргын хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Ямар ч асуудал гарсан бай үнэн мөнийг нь хууль журмын дагуу л тогтоох байх.
Энэ нь үнэн, энэ нь худлаа гэж надад хэлэх юм алга. Сүүлийн үед гарч байгаа мэдээлэлд хууль хяналтын байгууллага юмуу эсвэл Түмэнбаяр өөөрөө л хариулах байх.
Эх сурвалж: