УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцлагаа эхлүүлье?
-“Шударга ёс” эвслийн бүлгийн 10 гишүүн тус бүр өргөн барьсан болон өргөн барихаар зэхэж хэлэлцэх асуудлын дарааллаа тогтоолгохоор хүлээлгэж буй 30 гаруй хуулийн төсөл бий. Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр нийт 25 хууль болон бусад тогтоолын төслийн нэр бэлэн болсон. Гэхдээ бидний өмнөх Засгийн газарт ч, одоогийн Засгийн газарт ч тэр эмзэглэж явдаг нэг зүйл бол “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл ерөөсөө хэлэлцүүлэгт ордоггүй явдал. Өнөөдөр сонгогчдын 23 хувийн саналыг авсан манай бүлгийн гишүүдийг хамтарч байгаа нэрийн дор дэндүү дорд үзсэн хэлбэртэй байдаг. Нөгөө талаас МАХН-ын гишүүн, эвслийн бүлгийн гишүүн гэдгээс нь хардаг. Мөн нэг хуулийн төслийг өргөн барих юм бол нийгэмд их оноо авна гэдгээр нь автор булаацалдах ч юм уу, эсвэл ихээхэн төсөв хөрөнгө шаардагдана гэдгээр нь халхавчилж зогсоогоод байгаа. Гэхдээ бид нэн тэргүүнд шаардлагатай зургаан хуулийн төслийг Засгийн газар, УИХ-ын даргад өгсөн. Энд Сонгуулийн ерөнхий хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Өршөөлийн тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлт гэсэн хуулийн төслүүд байгаа.
-Өршөөлийн тухай хууль нийгэмд багагүй хүлээлт үүсгээд байна. Тэгэхээр энэ хуулийг цэвэр лоббигоор ч юм уу, яаравчлуулан батлуулж болдоггүй юм уу?
-Энэ хуулийн талаар асуудаггүй нэг ч сэтгүүлч байдаггүй. Энэ бол тухайн сэтгүүлчээр дамжуулаад нийгэмд хүлээлт үүссэн байгааг илтгэж байгаа юм. Энэ хуулийн төсөл дээр лоббидох ямар ч боломжгүй л дээ. Хуулийн төслийг УИХ дахь бүх нам, эвслийн төлөөлөл болсон 24 гишүүн өргөн барьсан учраас заавал лоббидох гэлгүй дангаараа хэлэлцэгдээд явчих боломжтой хууль. Гэтэл өнөөдөр энэ хуулийн төслийг явуулахгүй байгаагаа УИХ-ын дарга Гэмт хэргийн хуулийг орж ирэхийг хүлээж байна гэж тайлбарладаг. Энэ нь Гэмт хэргийн болон Зөрчлийн хууль гээд хуваагдчих учраас зөрчил болсон хэргүүд ялаас чөлөөлөгдөнө гэж байгаа юм. Харин нөгөө талаасаа бас нэг тайлбар хэлэхдээ Эдийн засгийн өршөөлийн тухай хуультай хамтарч явуулна гэсэн. Бид бол энэ хоёр дахь хувилбарыг байж болно гэж үзэж байгаа. Харин Гэмт хэргийн тухай хуультай цуг хэлэлцүүлнэ гэхээр дахиад баахан цаг авна, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх нь ч юу л бол. Яагаад гэхээр Гэмт хэргийн тухай хууль бол өнгөрсөн Засгийн газрын үед өргөн баригдсан ч шинэ сайд нь буцааж татаад, намрын чуулганы төгсгөлд дахин өргөн барьсан. Энэ хуультай хамт процессийн хуулиуд нь яригдана, хугацаа их орно л доо.
-Та хуулийн автор гэж ярилаа. Гишүүд хуулийн төслийн талаар хэлэлцэхдээ тухайн хуулийн автор нь хэн бэ гэдгээс шалтгаалж шийдвэр гаргадаг гэсэн хардлага иргэдийн дунд байдаг?
-Бүлэг бол эхлээд тухайн долоо хоногт хэлэлцүүлгийн шатанд орж ирж байгаа хуулийн төсөл дээр ярилцдаг. Манай бүлэг хуулийн төслийг хэн өргөн барьсан талаар огт ярьж байгаагүй. Жишээ нь, би байнгын хорооны дарга байхдаа өмнөх Засгийн газрын үед гацаад жил зургаан сар болчихсон Тамхины хяналтын тухай хуулийг явуулж, ажлын хэсгийн ахлагчаар нь Л.Эрдэнэчимэг гишүүнийг томилж байсан. Л.Эрдэнэчимэг гишүүн бол автор нь биш л дээ. Тухайн хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийг гуравны хоёр нь дахиж сонгогдоогүй бол хуулийн төслийг буцааж татдаг юм. Гэтэл тэр Тамхины хяналтын тухай хуулийг би байнгын хороон дээр авч үлдэж хэлэлцүүлсэн хүн нь би. Гэр бүлийн тухай хуулийг ч мөн ялгаагүй, тэгж үлдээсэн. Бид бол агуулгад нь анхаарлаа хандуулдаг. Гэтэл бусад намын бүлгүүд бол тэр хуулийн төслийг хэн өргөн барьж байна вэ гэдгийг нь их чухалчилж хардаг. Энэ хандлага бол УИХ-ын даргад илүү харагддаг. Жишээ нь, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль байна. Би байнгын хорооны дарга байхдаа Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль дээр нэг ажилласан юм. Тэр үед УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Л.Гантөмөр нарын гишүүдтэй ярилцаж байгаад энэ хуулийн төслийн санааг гаргасан юм. Тэгээд эмэгтэй гишүүд дэмжээд энэ хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл энэ үед эмэгтэй гишүүдийн байр суурь нэмэгдэх, энэ байдлыг олж хараагүй эрэгтэй гишүүдийн байр суурь хөндөгдөх нөхцөл байдал үүссэн юм. Үүнийг нь Ерөнхийлөгч овжноор ашиглаж, УИХ-ын даргаас энэ хуулийн төслөө буцааж тат гэсэн шаардлага ирсэн.
-Албан ёсоор ирсэн санал уу?
-Өөрөө хэлнэ гэдэг бол албан санал л даа. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүн бол АН-ынх учраас татаж аваад, биднийг бас татаж аваач гэсэн. Харин би бол татаж авлаа гэж гарын үсэг зураагүй. Гэхдээ олонхиороо буцааж татагдаад дараа нь Ерөнхийлөгчөөс орж ирсэн. Тэгэхээр ер нь бол нийгэмд хүлээлт үүссэн ч юм уу хуулийн төслийг боловсруулахдаа болж өгвөл олон гишүүдийг хамруулах ёстой юм байна гэж бодсон.