Хөхөгчин хонь жилийн босгон дээр Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдантай уулзаж ярилцлаа.
-Ховдчууд хонин жилээ ямар амжилт бүтээлээр угтаж байна вэ?
-Ховд аймгийн хувьд өнгөрч байгаа он жилүүд сайхан жил болж өнгөрч байна. Хамгийн чухал нь байгаль цаг уур ээлтэй сайхан байлаа. Зундаа бороо хур олон жилийн дунджаас ахиу орсон, цэцэг ногоо сайхан гарсан, урт сайхан намартай, ялангуяа морин жилийн өвөл бүх сумаар тойрч явахдаа настан буурлууд, үе үеийн улс аймгийн алдартай сайн малчидтай уулзаж байхад “энэ жарандаа тодоор тэмдэглэж үлдэж өнтэй өвөл болж өнгөрлөө” гэдгийг хэлж байна. Морин жилийн ажил үйлс Ховдчуудын хувьд өөдрөг сайхан байлаа. Ховд аймгийн хүн ам өсөж байна. Нэг үе жилд 3-5 мянган хүн хот хороо төв суурин газар шилждэг байсан бол одоо шилжиж явж байгаа хүмүүсээс нутагтаа ажиллаж амьдрахаар, бизнес хийхээр буцаж ирж байна. Дундаж наслалт эрчимтэй өсөж улсын дунджаас Ховдчууд 2 насаар урт насалж байна.
Аймгийн нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтүүд морин жилийн эцсээр дүгнээд үзэхэд өндөр үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал Ховд аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө бүх шатандаа давж биелж байна. Монгол Улсын хэмжээнд санхүү эдийн засгийн хямралтай, улсын төсвийн орлого бүрдээгүй, улсын төсвөөр хийгдсэн ажлууд цаг хугацаандаа хэрэгжиж чадахгүй байгаа ч Ховд аймгийн хувьд төсвийн орлого бүрдүүлэлт их өндөр хувьтай гарсан аймагт орж байгаа. Ховдчуудын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд улсын төсөвт төвлөрүүлэх ёстой орлого маань 110 хувиар давж биеллээ. Сумын төсөвт төвлөрүүлэх орлого 100 гаруй хувиар биелсэн. Аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 110 шахам хувиар давж биелсэн үзүүлэлтүүд гаргалаа.
Ховд аймгийн ДНБ 25 хувиар өслөө. Энэ бол улсын дундажтай харьцуулахад их өндөр гарч байна. Мөн аймгийн маань мал сүрэг 2014 он буюу морин жилд түүхэндээ хамгийн өндөр өсөлттэй, хамгийн олон мал тоолуулсан, хамгийн олон төл мал хүлээж авсан жил болж өнгөрч байна.
-Тухайлбал оны сүүлээр хичнээн мал тоолуулав?
-Өнгөрсөн зун, хавар манай малчид 880 мянган төл мал бойжуулж хүлээж авсан байна. Оны эцсээр Ховд аймгийн мал сүрэг 17,2 хувиар буюу 385 мянган толгойгоор өсөж 2 сая 625 мянган малтай боллоо. Энэ бол Ховд аймгийн түүхэнд хамгийн олон төл хүлээн авсан, мал тоолуулсан жил болж өндөрлөж байна.
-Хөрөнгө оруулалт, хийгдсэн бүтээн байгуулалтын ажлынхаа талаар мэдээлэл өгвөл?
-Хөрөнгө оруулалт нэмэгдэж зөвхөн 2014 оны байдлаар аймгийн хэмжээнд 300 гаруй тэрбум төгрөгийн бодит хөрөнгө оруулалт орж ирсэн байна. Энэ хөрөнгө оруулалтын 240 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил, ард иргэд маань хийж, улсын төсвөөс 60 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт орж ирлээ. Мөн Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр босоо тэнхлэгийн авто замд 60-аад тэрбум төргөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Энэ үзүүлэлтээр аваад үзэхэд МУ-ын хэмжээнд хөрөнгө оруулалт буурсан энэ хүндхэн жилд Ховдчуудын хувьд их амжилт олсон сайхан жил боллоо гэж хэлж болохоор юм.
Дараагийн онцолж хэлэх зүйл нь Ховд аймаг хөгжлийн цогц суурь асуудлуудаа цогцоор нь шийдвэрлэсэн ийм жил болж өнгөрч байна. Тухайлбал “Ховд аймгийн 2025 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн стратеги төлөвлөгөө”, хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын баримт бичиг, ногоон хөгжлийн стратеги, “Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүдээ баталж, хэрэгжүүлж эхлээд байна.
Ингэхийн тулд бид сүүлийн 50 жилийн нийгэм эдийн засгийн, байгаль орчин тогтвортой хөгжлийн суурь судалгааг өндөр түвшний эрдэмтэн судлаачидтай хамтарч хийж, энэ суурь судалгаан дээрээ үндэслэж ирээдүйн хэрхэн хөгжихийг төлөвлөсөн бодлогын баримт бичгүүдээ гаргалаа. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөний дагуу 2020 он гэхэд Ховд аймгийг нэг их наяд төгрөгний ДНБ-тэй аймаг болгоё, 2025 он гэхэд 2 их наяд төгрөгний ДНБ-тэй аймаг болгоё, тухайлбал 2 их наядын Ховд аймаг гэдэг зорилтыг дэвшүүлэн ажиллах, хүргэх, зорилгоо, ба тодорхой шалгуур үзүүлэлттэйгээ гаргасан нь их чухал. ДНБ-ийг 25-аас доошгүй хувиар өсгөж байж энэ зорилтдоо хүрнэ гэж бодож, төлөвлөж байна.
Морин жилд Ховдчууд аймгийн тэр дундаа Ховд хотын хөгжлийн суурь бүтээн байгуулалтуудыг цогцоор нь шийдвэрлэлээ. Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр хийснээс гадна хотыг дулаанаар хангах 2 дугаар дулааны станц, шугам сүлжээний өргөтгөлийг хийж ашиглалтанд орууллаа. Ховд хотыг цахилгаанаар хангах 2 дугаар дэд станц, шугам сүлжээний өргөтгөлийг дуусгалаа. Ховд хотыг цэвэр усаар хангах 2 дугаар цэвэр усны өргөлтийн станц, шугам сүлжээний өргөтгөлийг барьж байгуулах ажил 80 хувьтай явагдаж ирэх хавар дуусна. Мөн Ховд хотын цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх ажлыг хийж дуусгаж байна. Энэ ажлуудыг хийснээр МУ-ын хэмжээнд Ховд аймаг суурь асуудлуудаа цогцоор нь шийдвэрлэсэн цорын ганц аймаг, хот болж байгаа юм. Ингэснээр өнөөдөр Ховд хот 40 мянган хүнтэй байгаа бол ирээдүйд 80 мянга ба түүнээс дээш хүн амтай бүс нутгийн үйлдвэрлэл үйлчилгээ, төвлөрсөн хот болоход дулаан, цахилгаан, цэвэр бохир усны хангамжийн хувьд асуудалгүй цорын ганц хот болсноороо их онцгой жил болж байна.
-Сайхан мэдээ байна. Өнгөрсөн онд танай аймагт авто замын бүтээн байгуулалт болон барилга орон сууцжуулалт хэр хийгдсэн бэ?
-2014 онд аймгийн нутаг дэвсгэрт 310 гаруй км хатуу хучилттай олон улсын болон улсын чанартай зам ашиглалтанд орлоо. Ингэснээр манай аймаг нутаг дэвсгэр дээрээ нийтдээ 900 гаруй км хатуу хучилттай зам ашиглалтанд оруулж улсын хэмжээнд хамгийн их зам барьж ашиглалтанд оруулсан аймаг болж байна.
Мөн хувийн хэвшил, компани, аж ахуйн нэгжүүд аймгийн 80 жилийн түүхэнд барьсантай тэнцэхүйц хэмжээний орон сууцыг сүүлийн 2 жил барьж байгуулсан үзүүлэлт гарсан. 2014 онд л гэхэд 720 гаруй айлын 54 мянган м2 талбай бүхий орон сууц баригдаж эхлээд тал хувь нь ашиглалтанд орлоо.
120 гаруйг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу ТОСК—ийн санхүүжилтээр барьж байна. Үлдсэн 600 гаруй айлын орон сууцыг манай аймгийн барилгын салбарын аж ахуйн нэгжүүд барьж байгуулж байна. Зөвхөн аймгийн төвд төдийгүй сумын төвүүдэд орон сууцууд баригдаж эхэлсэн шүү.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 4 сургууль, 2 цэцэрлэгийн барилга баригдаж ашиглалтанд орлоо. Мөн соёлын төв, спортын төв 3-ыг барьж ашиглалтанд орууллаа гэх мэтчилэн олон барилга байгууламжууд ашиглалтанд орсон. Энэ бүгд олон үндэстэн ястнуудын маань хөдөлмөр зүтгэлийн үр дүн, төр засгийн дэмжлэг, орон нутгийн санаачилга нийлээд бодит бүтээн байгуулалтууд хийгдэж байна гэдгийн илэрхийлэл.
Мөн өнгөрсөн 2014 онд олон улсын болон улсын чанартай 80 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан.
–Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хэр өргөжүүлж ажилласан бэ?
-Манай аймгийн нэр хүнд улсын төдийгүй бүс нутаг, хөрш орнуудын хэмжээнд дээшилсэн ийм сайхан жил болж өнгөрч байна. Өмнөх удирдлагуудын хийж бүтээж байсан бүтээн байгуулалт, ажлыг улам эрчимжүүлэх, ингэхдээ зөвхөн аймгийнхаа онцлогт тохирсон биш МУ-ын хөгжлийн онцлогтой уялдуулах тэр дундаа Алтайг тойрсон ОУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймаг бүс нутаг, алтайг тойрсон таталцлын төв болон хөгжихөд дэвшил гарсан сайхан жил боллоо гэж хэлж болно.
2014 онд МУ-аас АНУ, Япон, Хятад, Франц, Герман, Швед, Казахстан улсад сууж байгаа элчин сайдууд болон холбогдох төлөөлүүд манай аймагт айлчиллаа. Энэ нь бүс нутгийн хэмжээнд Ховд аймаг сонирхол татсан бүс нутаг болж байгааг харуулж байна. Ирээдүйд МУ-ын баруун бүс нутгийн тулгуур төвөөс гадна олон улсын транзит тээвэр, ачаа тээвэр, ложистикийн төв том зорилтын төлөв нь бүрдсэн.
–Ховд нутгийн малчид, тариаланчид, уяачдаас хонин жилийн босгон дээр хичнээн хүн улсдаа хөдөлмөрөө үнэлүүлсэн бэ?
-Аймгийн маань 8500 гаруй малчин өрх 15000 шахуу малчдын дундаас ажил үйлсээрээ тодорч МУ-ын сайн малчин гэдэг цолыг 4 малчин хүртлээ. Буянт сумын Цагаан бургас багийн малчин Должинсүрэнгийн Отгонням, Дарви сумын Буянт багийн малчин Рэнцэндоржийн Цэрэндорж, Мөст сумын Баянхайрхан багийн малчин Жавзангийн Төмөрөө, Үенч сумын Жаргалан багийн малчин Хинатын Бөрбэй нар МУ-ын сайн малчин гэдэг эрхэм алдрын эзэн хүртсэн бол, 2800 гаруй тариаланчдын дундаас Буянт сумын Цагааны Шинэбаяр, Идэшийн Батсүх, Жаргалант сумын Чулуунхүүгийн Дэмбэрэл нар улсын аварга тариаланч гэдэг эрхэм алдрыг хүртлээ. Ховд аймгийн сайн малчнаар 29 малчин, тэргүүний тариаланчаар 5 тариаланч шалгарч шагнагдсан байх жишээтэй.
Зөвхөн 2014 онд 222 хүн төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан байна. Тухайлбал аймаг орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа 8 хүн МУ-ын гавьяат гэдэг эрхэм алдрын эзэд болжээ.
Мөн нутгийнхээ нэр хүндийг гаргаж яваа олон эрхмүүд төр засагтаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж байна. Тухайлбал Ховд аймгийн Чандмань сумын Баатархүүгийн Пүрэвсайхан МУ-ын харцага цол хүртсэн бол, нутгаар овоглодог уяачдын дундаас Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ширнэнбандийн Адьшаа, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул Белуз компанийн захирал Анхаагийн Баатархүү нар МУ-ын алдарт уяач гэдэг эрхэм алдрыг хүртлээ. Алтай сумын уугуул, Торгоны зам компанийн захирал н.Гантөмөр, Мөст сумын уугуул Буднямын Буяннэмэх нар улсын манлай уяач болсон бол морин спортын хамгийн дээд амжилт болсон МУ-ын тод манлай уяач цолоор Дарви сумын уугуул н.Мөнхтөр шагнагдсан нь хөдөлмөрч, бүтээлч олон угсаатан ард иргэдийн маань амжилт түүчээлж, улс орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсний илэрхийлэл юм.
-Хөшөөтийн уурхайн асуудал өнөөдөр ямар шатандаа байгаа вэ?
-Хөшөөтийн уурхайтай хамтран ажиллах,уурхайн талаар баримтлах бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ өнгөрсөн онд хэлэлцэн баталсан. Энэ баримт бичгийг ИТХ-ын 41 төлөөлөгч суугаад нэг өдөр батлаагүй, ард иргэд, байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа ТББ-ууд, төсөл хөтөлбөр, ИНБ-уудаар хэлэлцүүлэг явуулсны үр дүнд Хөшөөт төслийн талаар баримтлах Ховд аймгийн бодлогын баримт бичгийг хэлэлцэж баталсан. Энэ дагуу Хөшөөтийн уурхайн лиценз эзэмшигч МоЭнКо компанитай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа.
Өнгөрсөн жил энэ уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нэлээд ажлууд хийгдлээ. Мөн уурхайд туршилтын нүүрсүүдээ гаргаж эхэлсэн, нүүрсийг баяжуулах үйлдвэрээ байгуулсан. Одооноос их тээвэрлэлийн ажил эхлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.
МУ-ын ЗГ, МУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүрээнд ч гэсэн нүүрсний төслүүдийг хэрэгжүүлэх тал дээр орон нутаг, Засгийн газар, холбогдох яамдууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа чиглэл зөвлөмжийн дагуу бид ажиллаж байна. Гэхдээ улсын хэмжээнд Ховд аймгийн байгуулсан гэрээ хамгийн нэгдүгээрт ил тод болсон, олон нийтээр хэлэлцүүлсэн гэрээ болж чадсан. Нөгөөтэйгүүр аймгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг дээд зэргээр хангасан гэрээг байгуулсан. Гэрээний дагуу энэ хавраас ажил жигдэрнэ.
Гэхдээ нэг том хүндрэл бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасан, БНХАУ-д нүүрсээ нийлүүлэх гэсэн олон шинэ улс орнууд, уурхайнууд гарч ирсэн. Энэ бүгдтэй өрсөлдөхүйц байхын тулд орон нутгаас бүхий л талаар дэмжиж ажиллах, МУ-ын хууль, ЗГ-ын тогтоолоор хөрөнгө оруулах талтайгаа харилцан ашигтай байх зарчмаар хамтран ажиллах эрэлт хэрэгцээ гарч байна. Орон нутгийн зүгээс ямар нэгэн асуудалгүйгээр энэ уурхайг ажиллуулах бодлоготой байна.
-Хөшөөт төсөлд орон нутгийн ажилчид голлон ажиллаж байгаа юу?
-Өнөөдрийн байдлаар Хөшөөт төслийн хэмжээнд 800 гаруй хүмүүс ажиллаж байна. Эдгээрийн 600 гаруй нь Ховд аймгийн харьяат болон ард иргэд ажиллаж байгаа юм. Тээвэрлэлтийн шалгарсан 4 компани нь аймгийн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн дундаас үүсгэн байгуулагдсан компаниуд ажиллаж байна. Ажил энэ хавраас жигдрээсэй билээ гэж хүсэж байна.
-Өнгөрсөн онд Ховд аймгийн төвд битүү худалдааны төв шинээр баригдаж ашиглалтанд орсон хэдий ч одоо болтол ажиллагаа нь жигдрээгүй байгаа юм билээ. Энэ талаар?
-МУ-ын хэмжээнд хамгийн томоохонд тооцогдох битүү худалдааны төв өнгөрсөн онд баригдаж ашиглалтанд орсон. 1200 м2 талбайтай. Энэ битүү худалдааны төвийг барихад ЗГ, Ерөнхий сайдын багцаас 3,6 тэрбум төгрөг, орон нутгийн бизнес эрхлэгчид 1 тэрбум орчим төгрөг гаргаж энэ худалдааны төвийг барьсан.
Барилга нь баригдах явцад орон нутгаас удаа дараа чанарын асуудалд хяналт тавьж чанаргүй баригдсан хэсгүүдийг бүгдийг сайжруулсан. Тухайлбал дээврээсээ ус гоождог хэсэгт их засвар хийлээ. Хоёрдугаарт өвөл ашиглалтанд орсон учраас шалнаас нь тоос шороо гарч байна гэх гомдлын дагуу удаа дараа орон нутгаас шаардлага тавьж битүү нийтийн зам, коридорыг плита шалтай болгосон. Ийм сайхан худалдааны төвдөө бизнес эрхлэгчид орж тав тухтай дулаан орчинд худалдан авагчиддаа үйлчлэх ёстой. Харамсалтай нь улс төрийн өнцгөөс болон улсын төсвөөр баригдсан барилга байгууламжийг шууд хувьдаа авна, бид авах ёстой гэсэн цөөхөн хүмүүсийн хатгаас түлхэлтээр ажилд бага зэрэг хүндрэл байгаа.
Эцсийн дүндээ манай аймаг сайхан худалдааны төвтэй болсон. Энэ төв 80 жил ажиллах баталгаат хугацаатай. Энэ хугацаандаа Ховдчуудад үр өгөөжөө өгсөн, бизнес эрхэгчид хамгийн хямд ашиглалтын зардалтай хамгийн бага түрээстэй ийм худалдааны төвд орж ажиллах нь чухал юм.
-Улс орны хэмжээнд санхүү эдийн засаг хүндэрч улс, аймаг орон нутаг, сум, баг байгуулага бүрийн удирдагчдын өмнө том сорилт, шалгалт тулгарч байна. Эдийн засгийн хямралыг хүндрэл багатай даван туулахын тулд менежер хүний хувьд бодож төлөвлөсөн зүйл мэдээж бий байх.
-Тэгэлгүй яахав, Өмнөх 2012 онд ЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байхад, хүрье гэсэн түвшнээ бодож тооцоолж байх үеэс одоо санхүү, эдийн засгийн түвшин орвонгоороо өөрчлөгдсөн жил болж байна. Эдийн засгийн хямрал бэрхшээл бидний зорьсон төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд маш их нөлөөлж байна. Тухайлбал Засгийн газарт байгаа, тухайн үед салбарын яамдтайгаа тохироод хэрэгжүүлье, хийе гэж зорьсон олон ажил цаг хугацааны хувьт хойшлох, хүлээгдэх байдал гарч байгаа хэдий ч шалтаг тоочоод суух биш энэ бүгдийг улсын төсвөөс хийж чадахгүй ч гэсэн бусад ард иргэдийнхээ хүчээр, Ховдоо гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүсийн хөдөлмөр зүтгэл, санал санаачилгаар хийж хэрэгжүүлэхийг зорьж ажиллах болно.
Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд энэ хүндрэл хямралыг алба хашиж яваа, хамт олныг удирдаж яваа, аймгийг толгойлж яваа хүний хувьд, Д.Цэвээнравдан гэдэг хүний хувьд нэг талдаа биднийг шалгаж байгаа шалгалт сорилт, нөгөө талдаа боломж гэж харж байгаа.
Тиймээс шат шатандаа юу хийж чаддагаа харуулах боломжийг дээд зэргээр ашиглаж, зөвхөн аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан биш, манай баг, сум, байгууллага, хэлтэс агентлагуудыг удирдаж байгаа дарга удирдагч болгон, аж ахуйн нэгж компанийн захирал болгон энэ хямралыг өөрсөддөө боломж болгохын төлөө, шалгалтанд бүдэрчихгүй ямарч хүндрэлийг давж чадах сэтгэлгээний хувьд уужим сэтгэдэг, шантаршгүй дайчин байх чанартай ийм удирдагчид гэдгээ харуулах боломж юм.
-Ховвд аймгийн цаашдын дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөг сонсохгүй, асуухгүй өнгөрч болохгүй байх. Хийхээр төлөвлөсөн, бодсон зүйлээсээ хуваалцаач?
-Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт эрс буурсан, ч манай аймагт хамгийн ихээр хийгдэх ийм боломж бүрдсэн жил болж байгаа. Яагаад гэвэл өмнөх жилүүдэд олсон аймгийн сайн нэр хүнд, Ховдчууд хэлсэндээ эзэн болдог, хийхээр барьж авсан ажлаа эцсийг хүртэл дуусгадаг гэдэг энэ үнэлэмж бол бид бүхэнд хүндрэлийг давах сайхан угтал нөхцөл боллоо гэдгийг хэлье.
Нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд явуулсан бодлого, үйл ажиллагааны үр дүнд хөрөнгө оруулагчид Ховд руу зүглэж эхэлсэн. Зөвхөн гадаадын олон улсын хөрөнгө оруулагчдаас гадна МУ-ын хэмжээний топ компаниуд, аж ахуйн нэгжүүд Ховдод хөрөнгө оруулалт хийхэд хамгийн сайн дэмжсэн бодлоготой, нөөц боломжийн хувьд давуу аймаг байна гэж онилж байна.
2015 онд манай аймгийн нутаг дэвсгэрт 400-аас доошгүй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулж ирэхийг зорьж байна. Нэгдүгээр Ховд хотоос Баян-Өлгий чиглэлийн олон улсын зам, Мянгадын гүүрнээс Сархайрхан чиглэл, Зэрэг Дарвийн Байшин үзүүрээс Говь-Алтай чиглэлийн замыг барьж эхэлнэ.
Аймгийнхаа төв дотор замуудыг үргэлжлүүлж барина. Мөн баруун бүсийн хөдөө аж ахуйн ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр барихаас гадна сургууль цэцэрлэг, дотруур байр, соёлын төвүүдийг үргэлжлүүлж барина.
Эдгээрээс гадна хувийн хэвшлийн дэмжлэг, хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, олон 100 айлын орон сууцууд баригдана.
Ховдчууд баруун бүс нутагт дотооддоо газрын тос нефтээ эрж хайж, нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажил хийгдэнэ.
Мал аж ахуйгаас гарч байгаа ноос ноолуур, арьс шир, мах зэрэг түүхий эдийг үйлдвэрийн аргаар боловсруулахад хөрөнгө оруулагчдыг татна.
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, аймгийнхаа бодлого шийдвэрт орсон хөрөнгө оруулалтын болон хөгжлийн бодлого, хот төлөвлөлтийн шинэ хөгжлийн төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлж эхлэх ийм сайхан гарааны жилүүд болно.
Тиймээс 2015 он Ховдчуудын хувьд унтах нойроо хугаслаж, амрах цагаа багасгасан их ажил хөдөлмөрийн жил болно гэдэгт итгэл төгс байна. Манай аймгийн ард иргэдийн урам зориг маш их өндөр байна. Мал сүрэг хур таргатай, онд царигтай сайхан орлоо.
Ховдчууд улам олуулаа болно. Оны өмнө Монголчууд 3 саяулаа болоход бид нутгаасаа төрсөн 3 сая дахь хүүхдийн чацуутанд шинэ баригдаж байгаа орон сууцнаасаа байр өгсөн.
-Сайтын маань “Өглөөний зочин”-оор уригдан ярилцсанд талархаж, ажлын амжилт хүсье.
Ярилцсан: Г.Одонтуяа