УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж буй байдалд хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр “В” танхимд боллоо.
Хуралдаанд Байнгын хорооны гишүүдээс гадна Цөмийн энергийн газар, Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, удирдах хүмүүс оролцлоо. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Хоролсүрэнгийн 22 бяруу үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн нь урантай холбоотой эсэхийг шалгаж байгаа ч шилжилгээний хариу бүрэн дүүрэн гараагүй байгаа гэнэ.
Учир нь олон шалтгаантай гэж ЦЭГ-ынхан мэдэгдэж байв. Мал хордсон эсэхийг шалгахын тулд малаас шинжилгээ авч нарийн шинжилгээ хийж тодорхой болгох ёстой. Гэтэл үхсэн тугалнаас дээж авч шинжлүүлье гэхээр манай улсын мэргэжлийн байгууллагуудад итгэмжлэл, тусгай шинжилгээ хийх эрх манай байгууллагуудад байхгүй. Тийм учраас ийм хүндрэлтэй зүйл байна гэж мэргэжилтнүүд тайлбарлав.
Түүнчлэн хамтран ажилладаг Япон, Солонгосын холбогдох мэргэжилтнүүдэд дээж илгээж, шинжлүүлэх хүсэлт тавьсан ч хариу ирээгүй байгаа гэж байлаа.
УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Одоо тугал үхсэн шалтгааныг урантай холбож байгаа. Тус газарт “Кожеговь” уул уурхайн компани анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд цацрагийн хэмжээ ямар байсаныг тогтоосон бол одоо ямар байгааг мэдэж болох юм. Гэтэл анх цацрагийн хэмжээ ямар түвшинд байсан нь тодорхойгүй учраас уул уурхайн компанийн үйл ажиллагаанаас болсон уу үгүй юу гэдгийг мэдэх боломжгүй байна. Нарийн шинжилгээ хийх шаардлагатай. Цаашид уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ химийн элемент хэр хэмжээнд байгааг судлаж тогтоодог байх ёстой юм байна. Бид энэ асуудалд анхаарал хандуулья” гэж байлаа.
Харин УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Уул уурхай, мал хоёр зөрчилдөж байна. Уул уурхайн олборлолтоос үүдэж малд аюул нүүрлэж байна. Тугал үхсэн нь урантай холбоотой, үгүй гэж маргаж байгааг нэг болгож тогтсон ойлголттой болох ёстой. Та нарыг голж байгаа юм биш, гаднаас мэргэжилтэн урьж, судалгаа шинжилгээ хийлгэх, шинжилгээний дүнг баталгаажуулах ёстой. Цөмийн технологийг ашиглах ч хаана ямар газар олборлолт явуулах бэ гэдгээ сайн тооцох хэрэгтэй. Бид ер нь галаар наадаж байна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Т.Түвшин
Ugluu.mn