– ГУРВАН САЯ ТӨГРӨГИЙН АППАРАТ АВЧ ЧАДАХГҮЙГЭЭС ХЭД ХЭДЭН ИРГЭН АМИА АЛДЖЭЭ –
Эмнэлгийн хашаанд “Ээж ээ” гэж 16 орчим насны охин чангаар хашгиран, уйлж суух юм. Чухам юу болсныг асуухад “Хэрэв би мөнгөтэй байсан бол ээж минь өнөөдөр хорвоог орхихгүй байлаа. Хагалгаанд ч орж чадалгүй бурхан болчихлоо. ХСҮТ-ийн эмч нар чадах бүхнээрээ бидэнд тусалсан. Гэвч хагалгаа хийхэд шаардлагатай аппарат нь дэндүү үнэтэй байв. Би гурван сая төгрөгийг халааснаасаа гаргаж чадсангүй” гээд дуугаа хураачихав. Охиноос өөр олон зүйл асуухыг зориглосонгүй. Түүний ярьж буйгаар, ээж нь ходоодны хорт хавдрын өвчлөлөөр хорвоог орхисон бөгөөд хагалгаанд ороход гурван сая төгрөгийн үнэ бүхий “Ethicon”, “Аutosuture” гэх аппарат шаардлагатай болдог аж. Өмнөх жилүүдэд аппаратын үнийн тал хувийг эмнэлгээс, тодорхой хувийг өвчтөнгөөс гаргуулдаг байжээ. Гэтэл энэ оны эрүүл мэндийн байгууллагын төсвийг батлахдаа улс орны эдийн засгийн байдал муудсан гэх шалтгаар эмнэлгүүдийн төсвийг нэлээд танасан. ХСҮТ-ийн энэ жилийн төсвийг л гэхэд нэг тэрбумаар танажээ. Төсвийг их танасан учир хагалгаанд шаардлагатай аппаратыг худалдан авахад эмнэлгээс ямар ч тусламж үзүүлэх боломжгүй болжээ. Нэг үгээр хэлбэл тухайн аппаратыг худалдан авах зардал өвчтөний халааснаас 100 хувь гарах болж. Үүнээс шалтгаалж зарим өвчтөн хагалгаанд орж чадалгүй амь насаа алдаж байгаа нь дэндүү харамсалтай. Сүүлийн жилүүдэд хорт хавдраар хорвоог орхих хүний нас залуужиж, энэ төрлийн өвчлөл эрчимтэй нэмэгдэж, аюулын харанга дэлдэж байгааг мэргэжлийн эмч нар халаглан ярьсаар байна. Чухам юунаас хүмүүс хорт хавдраар өвчилж байгаа. Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Я.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.