Х.Амгаланбаатар: Hувийн хэвшлийнхнийг эрхзүйн бодлогоор дэмжиж, тэнд ажиллагсдын цалинг нэмэгдүүлнэ

olloo_mn_1429747807_mТөрийн албан хаагчдын цалин ирэх долдугаар сараас нэмэгдэнэ гэх мэдээлэл цацагдах болсон. Үүнтэй холбоотойгоор Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

-Ирэх долдугаар сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл тархаад байна. Энэ бодитой мэдээл мөн үү?
-2015 оны нэгдүгээр сард МҮЭХ, Монголын Засгийн газар, Монголын ажил олгогчдын эдийн нэгдсэн холбоо гэсэн гурван газрын төлөөлөл Хөдөлмөрийн нэгдсэн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Энэ хэлэлцээрт нийт 53 асуудлыг гурван талаас ярьж тусгасан. Энэ асуудлууд зөвхөн цалин тэтгэвэр нэмэх тухай асуудал биш их өргөн хүрээтэй хэлэлцээр болсон. Эдгээр 53 асуудлын нэг нь л зөвхөн цалинг нэмэгдүүлэхийн тухай юм.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр үйлдвэрчний эвлэлийн  тэмцэл, түүний баталгаажуулалт нь зөвхөн цалин нэмэгдүүлэхэд чиглэгддэг бус, улс орны эдийн засгийг сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн хамгаалал гээд маш өргөн асуудлыг хамардаг хэлэлцээр болдог л доо.
Хэлэлцээрийн хүрээнд нэг тохиролцсон асуудал бол энэ 2015 онд цалин тэтгэврийн нэмэх асуудал байсан. Энэ нь ч иргэдийн дунд маш их хүлээлттэй байсан. Ялангуяа төрийн албанд ажилладаг хүмүүсийн зүгээс. Яагаад төрийн албан хаагчдын цалингийн асуудлыг яриад байна вэ гэхээр, өнөөдрийн байдлаар Төрийн албанд ажилладаг 180 гаруй мянган хүний ажил олгогч нь Монгол Улсын Засгийн газар байдаг. Энэ утгаараа эдгээр хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх гол эх үүсвэр нь Улсын төсөв байдаг. Улсын төсвийн хэдэн төгрөгийг нь цалин тэтгэвэрт зарцуулах вэ, хичнээнийг нь тэтгэвэр тэтгэмжид зарцуулах вэ, энэ бүгдэд хичнээн төгрөгийг хөрөнгийг гаргах вэ гэдгийг энэ хэлэлцээрийн хүрээнд ярьж Улсын төсөвт суулгуулдаг байгаа.

Тэгэхээр цалин нэмэгдүүлэхэд энэ 2015 онд 90 тэрбум төгрөгийг Улсын төсвөөс зарцуулахаар суулгасан. Улсын төсвөөс татаас хэлбэрээр 13 тэрбумыг, Нийгмийн даатгалын сангаас 77 тэрбумыг , нийтдээ 90 тэрбумыг тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр зарцуулъя гэж тохиролцсон байгаа. Нийтдээ энэ онд цалин тэтгэвэрт 180 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын хэлэлцэхээр тохиролцсон байна.

Үүнээс цагаан сарын өмнөхөн Тэтгэвэр тэтгэмжийг нэмж, 20, 20 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн багаа.
Одоо төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд цалингаа нэмэгдүүлэх сонирхол их байгаа. Энэ хүрээнд хоёрдугаар сарын нэгнээс хойш Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд, ажил олгогчид, Үндэсний хорооны түвшинд тооцоо судалгаа хийсэн. Ялангуяа боловсрол, соёл шинжлэх ухааны яам, эрүүл мэндийн яам гээд гол гол салбарын үйлдвэрчний эвлэлүүд энэ тооцоо судалгаан дээр ажилласан байгаа. Ингээд 14 хоногийн өмнө үндэсний гурван талт хэлэлцээрийн хүрээнд тохиролцоогоо хийсэн. Энэ тохиролцоог Засгийн газраар баталгаажуулах ажил одоо хүлээлттэй байна.

Энэ удаа бид цалинг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Үндэсний  хорооны түвшинд тохиролцсон. Нэгдүгээрт, тавдугаар сарын нэгнээс төрийн үйлчилгээний салбарт ажилладаг албан хаагчдын цалинг нэмэгдүүлье. Хоёрдугаарт долдугаар сарын нэгнээс төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнуудын цалинг нэмэгдүүлье. Гуравдугаарт, 10 дугаар сарын нэгнээс  төрийн захиргааны буюу удирдах албаны ажилтнуудын цалинг нэмэхээр болсон.

-Төрийн албан хаагчдын цалинг яг хичнээн хувиар нэмэгдүүлэх вэ?
-Энэ удаа өмнөх туршлагаасаа үзээд цалинг хувь хэмжээгээр нэмэгдүүлэх нь нэмэгдэл болж чаддаггүй юм байна гэсэн ойлголцолд хүрсэн. Иймээс Төрийн бүх албан хаагчдын цалинг ижил мөнгөн дүнгээр гурван үе шаттайгаар нэмэхээр болсон. Тэгэхээр мөнгөн дүнгээр нэмэгдүүлэхийн ач холбогдол нь өндөр. Учир нь төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа  хүмүүсийн дийлэнх нь бага цалинтай буюу 550-аас доош цалин авч байна. Энэ хүмүүсийн хувьд ижил мөнгөн дүнгээр нэмэх нь боломжийн нэмэгдэл болж байгаа юм. Өмнө нь цалингийн тэдэн хувь гээд заагаад өгчихдөг байсан. Гэтэл энэ нь бага цалинтай хүмүүс бага цалин авдаг хэвээр, өндөр цалинтай хүмүүс нь өндөр нэмэгдэл авдаг. Цалингийн зөрүү хэвээр байсан. Иймээс энэ зөрүүг арилгах үүднээс ижил мөнгөн дүнгээр нэмэхээр болсон.

Эдийн засгийн байдал хүнд улсын төсөв 150 гаруй тэрбумаар алдагдалтай байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь чамлахааргүй том нэмэгдэл болно.

-Яг хичнээн төгрөгөөр нэмэх вэ?
-Хичнээн төгрөгөөр нэмэх мөнгөн дүнг өнөөдөр олон нийтэд зарлах эрх байхгүй. Яагаад гэхээр цалин тэтгэврийн нэмэгдлийг олон нийтэд ил зарлахгүйгээр тухайн салбарын түвшинд нь нэмэгдүүлнэ гээд заачихсан. Гэхдээ Засгийн газраас баталгаажаад тавдугаар сарын нэгэнд “миний цалин өмнөхөөсөө тэдэн төгрөгөөр нэмэгджээ” гэдэг нь цалингийнх нь цэсэн дээр нэмэгдээд хувь хүн бүр дээр нь очно. Тэгэхээр мэдэх боломжтой. Үүнийг хэлэлцээрээр хүлээсэн үүргийнхээ дагуу одоо олон нийтэд зарлах эрх байхгүй.

-Төрийн албан хаагчдын цалин жил бүр нэмэгдээд байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн нэмэгддэггүй. Энэ асуудлаар Гурван талт хэлэлцээрээр яригдсан зүйл бий гэсэн энэ талаар тодруулмаар байна?
-Гурван талт хэлэлцээрээр ярьсан зүйл бий. Засгийн газрын, төсвийн хүрээнд төсвийн байгууллагын ажилтнуудын цалингийн нэмэгдлийг л ярьдаг. Хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалинг тухайн салбартаа компанидаа хамтын гэрээ хэлэлцээрээ хэлэлцэн үргэлжлүүлэн цалингийн нэмэгдлээ ярих ёстой байдаг.

Гэхдээ Улсын хэлэлцээрээр хувийн хэвшилд ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх үүднээс хувийн хэвшлийн ажил олгогч нараа дэмжиж эрхзүйн хүрээнд нь шийдвэрлэж өгөхөөр болсон. Энэ нь  НӨАТ-ын тухай хууль, Эдийн засгийн өршөөлтийн тухай хууль зэрэг бодлогын баримт бичгийн хүрээнд дэмжинэ. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн элдэв татвараас чөлөөлөгдөөд ирэхээр ажиллагсдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж нь бүрдэх юм.  Өөрөөр хэлбэл, энэ боломжийг ашиглаад тухайн салбартаа  компани  ашиг орлогоо харгалзаад зөвхөн төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг харгалзахгүйгээр өөрсдийн ажилчдынхаа цалинг нь нэмэх боломжийг олгож байгаа юм.

Гэхдээ одоо ажилчдынхаа цалинг нэмээд сайн ажиллаж байгаа байгууллагууд ч байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Монголын төмөр зам нийгэмлэг гэх байгууллагууд ажилчдынхаа цалинг нэмсэн. Мөн томоохон компаниуд байна. Зарим нь нэмэгдүүлэх боломж байхгүй байна гээд явж байгаа компани ч байна.
Иймээс хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд цалингаа нэмэгдүүлэх асуудлаа өөрсдөө ажил олгогч нартаа тавих хэрэгтэй. Энэ эрх нь хөдөлмөрийн хамтын гэрээгээр ажиллагсдад олгогдсон байдаг.

-Тэгэхээр цөөн ажилтантай компаниуд байгаа шүү дээ. Мөн үйлдвэрчний эвлэлгүй байгууллагууд чбайна. Тэдгээр ажилчид цалингаа яаж нэмэгдүүлэх вэ?
-Энэ тохиолдолд ажилчид өөрсдөө цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн тооцоо судалгаагаа хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнийхээ дагуу ажил олгогчдоо тавьж байх ёстой. Үүн дээр манай үйлдвэрчний эвлэлийн байгууллага аргазүй, эрхзүйн туслалцаа үзүүлж ажиллахад нээлттэй.
Мөн иргэд өөрсдөө үйлдвэрчний эвлэлээ байгуулаад цалин болоод нийгмийн асуудлаа шийдэх боломжтой.

-Та түрүүн хувийн хэвшилд ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг  эрхзүйн зохицуулалтаар нь дэмжихээр болсон гэлээ. Энэ талаар тодруулна уу?
-Тиймээ. Эн асуудал бол Засгийн газрын түвшинд хүлээлтийн байдалтай. Төсөл нь аль хэдийн эхэлчихсэн туршилтын байдалтай байна. Тэгэхээр хувийн хэвшилрүү санаа зовж, тэдний цалин хөлсөнд нь анхаарах үүрэгтэй УИХ-ын гишүүд энэ Эдийн засгийн өршөөлийн тухай хууль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулиудаа хурдан хугацаанд батлах хэрэгтэй. Бид гурван талт хэлэлцээрээрээ энэ асуудал дээр тохиролцсон. Төслийг нь Засгийн газраас боловсруулаад УИХ-д өгчихсөн байна.

Энэ асуудал бол хувийн хэвшлийнхний цалингийн нэмэгдлийг ч орхигдуулаагүй гэдгийг харуулж байна. Тэнд ажилладаг нийт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэхгүйгээр зөвхөн төрд ажилладаг 180 мянган хүний асуудал дээр тоглолт хийгээд байгаа юм биш шүү дээ. Аль ч улсад Засгийн газар  төрийн албанд ажиллагсдын томоохон ажил олгогчийн хувьд хувийн хэвшилдээ үргэлж жишээ болж явдаг Энэ нь хувийн хэвшлийнхээ үлгэр жишээ болж,  зах зээлд сигнал болж явдаг гэсэн үг. Ингэж байж хувийн хэвшлийнхэн  ажиллагсдаа өөр байгууллагад алдахгүйн тулд цалингаа нэмэх том хөшүүрэг болж байдаг.

-Цалин нэмэхээр бараа  бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг гэх яриа бий?
-Хэвлэлээр яриад байдаг л даа. Цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд цалингийн нэмэгдэл- нэмэгдэл биш болох гээд байна аа гээд яридаг. Тэгвэл цалингаа нэмэхгүй л яваад байя л даа. Тэгвэл цалин нэмэгдэхгүй  ч бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд л явдаг шүү дээ.
Эдийн засгийн онолоор бол цалин нэмэгдэхээр ажил үйлчилгээний нийлүүлэлт нэмэгдээд явдаг. Нийлүүлэлт нэмэгдэхээр  өмнө нь таван талх зах зээлд оруулж байсан бол цалин нэмэгдэхээр 500 талх нийлүүлдэг болох жишээтэй. Энэ бол онол. Манайхан эсрэгээр боддог. Хүмүүсийн цалин нэмэгдлээ барааны үнээ нэмнэ гэдэг сигналыг ажил олгогч, бизнес эрхлэгчид өөрөө өөрсдөдөө өгдөг. Тэгэхээр бид зоригтойгоор  цалингаа олон улсын түвшинд хүргэхийн тулд л явах ёстой.

Өнөөдөр монгол хүн хэцүү байгаа учраас бараа үнэ нэмэгдэх гээд байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байна. Үндэсний статистикийн хорооноос хөөрөгдөж гаргаж байгаа судалгаагаар цалингийн дундаж хэмжээ 844 мянган төгрөг гэж байна. 99 мянган аж аж ахуй нэгжийн 90 мянган нь цөөн тоотой аж ахуй нэгжүүд эзэлж байна.  Тэдний ажилчдын цалин 530-аас доош байна. Энэ хүмүүсийн цалинг нэмэгдүүлэхгүй байвал монгол хүн энэ даяаршлын үед амьдрахад маш хэцүү. Бид урагшаа эрээн гарлаа гэхэд “Монгол хүний цалингийн хэмжээ бага байлдаг гэсэн. Тэглээ гээд барааны буулга” гэж л лав хэлэхгүй байх. Тэгэхээр үйлдвэрчний эвлэл цалин нэмэгдүүлэхийн тулд буруу зүйл хийгээд байгаа юм биш шүү дээ.

Манай үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд яагаад жагсаал цуглаан хийгээд цалингаа нэмэгдүүлэх, ажиллах нөхцөл байдлаа сайжруулах тогтолцоогоо шинэчлэх зэрэг шаардлага тавин жагсаж байна вэ гэхээр энэ бол эдлэх ёстой эрхээ эдлэхийн төлөө шүү дээ. Энэ бол нийгмийн буруу зүйлд уриалан дуудаад байна гэсэн үг биш. Яагаад хамтын гэрээ хэлэлцээрийнхээ хүрээнд цалин хөлсөө нэмэгдүүлж чадахгүй байгаа юм бэ. Эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй байхад, эрхийнхээ дагуу  Олон улсын түгээмэл тунхаглал, үйлдвэрчний эвлэлийн  тухай хууль, Улсын  хөдөлмөрийн тухай 87, 97 дугаар конвенцынхоо дагуу эрхээ эдлэхээр тэмцэж байхад үүнийг харлуулах эрх хэнд ч байгүй.  Тэгэхээр энэ үйл ажиллагаа эдийн засгийг муужруулж бус сэргээхэд гол хөшүүрэг болдог.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …