Хууль зүйн сайд Д.Дорлигжаваас хэдэн зүйл тодрууллаа.
-Мөрдөх албаны тухай хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?
-Мөрдөх албаны тухай хуулийн хуучин төсөл дээр дахин ажиллаад дуусч байна. Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газар хуулийн байгууллагын ажилтнуудын үйлд-сэн хэргийг шалгадаг байсан. Ийм өвөрмөц бие даасан ажиллагаатай нэгж байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ прокурорын дэргэд биш. Цэргийн гэмт хэрэгт мөрдөн байцаагч, прокурор алдаа гаргах тохиолдол бий. Тэгэхээр тусгай мөрдөн байцаах албанд хуульчдын хэргээс гадна цэргийн гэмт хэргийг өгөх хэрэгтэй.
-Таныг “Х.Тэмүүжиний хуульзүйн шинэчлэлийг зогсоолоо” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Ямар тайлбар хэлэх вэ?
-Хэвлэл мэдээллийнхэн Д.Дорлигжав, Х.Тэмүүжиний шинэч-лэл гээд нэгэнтэй нь уралдуулж, уралцуулсан зүйл их ярих юм. Угтаа бол 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ “Монгол Улсад хууль зүйн шинэчлэл хэрэгтэй” гэж зарласан. Ингээд намайг Тамгын газрын даргаар ажиллаж байх үед гавъяат хуульч Б.Чимид гуайгаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, эрх зүйн шинэчлэлийн агуулгыг иж бүрнээр нь гаргаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл баталсан. Энэ конценцийн хүрээнд манай шинэчлэл явах ёстой. Тэгэхээр тодорхой боловсруулсан хуулийн төслүүдэд учир дутагдалтай зүйлс олон байсныг хэлэх хэрэгтэй. Тиймээс өмнө нь өргөн барьсан хуулийн төслүүдийг татаж авч, өөрчилж, шинэчилсэн. Үүнийг ухралт гэж үзэх үү, урагшлалт гэх үү хувь хүний асуудал. Хэвлэлийнхэн нэг зүйл дээр намайг шүүмжилж байгаа. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Гүтгэхийг гэмт хэрэг биш. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн хууль боловсруулсан. Харин Д.Дорлигжав энэ заалтыг өөрчилж, сэтгүүлчдийг барьж хорих хууль болголоо гэсэн бухимдал бий. Гүтгэх гэдэг асуудлыг эх сурвалжаас нь хөөх ёстой. Хүн гүтгэх нь Үндсэн хуульд заасан эрүүл байх, амьд явах эрхтэй зөрчилдөж байна. Түүнчлэн манай боловсруулсан хуулийн төслийг нухацтай уншсан бол нарийн ширийн ялгаа бий. Бусдыг гүтгэсэн хүн бүрийг барьж, хорих заалт ороогүй. Хүн гүтгээд ноцтой хохирол учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хохирол нь ноцтой биш бол иргэний шүүхээр шийдвэрлэхээр ялгавартай боловсруулсан. Тухайн гүтгэлгээс хамаарч хариуцлага нь өөр өөр байна гэсэн үг. Гүтгэх гэдэг зөвхөн сэтгүүлчдийн ажил биш. Энгийн хүн ч “Тэр намайг ингэж гүтгэлээ” гээд ярьдаг биз дээ. Тэгэхээр энэ заалтыг сэтгүүлчид гэж өөртөө нялзаагаад байх хэрэггүй.
-Архидан согтуурсан иргэдийг эрүүлжүүлэхэд биш эмнэлэгт авчирдаг болсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагаа эрүүлжүүлэх болгосон энэ байдлыг хэзээ засах вэ?
-Шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд согтуу хүнийг буцаад цагдаагийн байгууллага хариуцдаг болохоор оруулж байгаа. Согтуучуудыг эмнэлэгт аваачдаг нь бас учиргүй буруу зүйл биш юм билээ. Жишээ нь, гудамж талбайд хүн муужраад уначихсан байхад цагдаагийн ажилтан түүнийг эрүүлжүүлэхэд хүргэдэг. Гэтэл өнөөх нь архаг өвчтэй байдаг юм уу эсвэл архинаасаа болдог юм уу зарим хүн нь амьсгал хураах тохиолдол гардаг. Тэгэхээр анх авчирсан цагдаад нь эрүүгийн хэрэг үүсгээд ажил төрлөөс нь халдаг. Цагдаа нар үүнээс жийрхээд байгаа юм. Тухайн хүн өвчтэй байна уу, тасраад уначихсан уу гэдгийг нь цагдаа нар ялгахгүй байна гэдэг. Цагдаагийн байгууллагад аваачихаар өөрсдөө асуудалд ороод байна. Эрүүлжүүлэхэд бараг ганц л эмч байгаа. Энэ хүн нь бүх төрлийн онош тавих, тогтоох боломжгүй. Тиймээс эмнэлгийн байгууллага түшиглэх шийдвэр гаргасан юм билээ. Гэтэл эмнэлэгт нь согтуу хүн байрлуулах байр сав, хамгаалалт байхгүй. Нөгөөх нь өвчтнүүдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад дэвээд байдаг. Одоохондоо эмнэлгийн байгууллага үүнд бэлэн биш учраас хуучнаараа явсан нь дээр гэж үзсэн.
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан өр авлага барагдуулсны төлөө үндсэн цалин дээрээ нэмээд 10 хүртэлх хувийн урамшуулал авдаг гэсэн мэдээлэл байна. Энэ байж болох зүйл үү?
-Иргэний шүүхээс гаргасан шийдвэрийг барагдуулсан тохиолдолд ийм урамшуулал авдаг. Иргэний шүүхээр хоорондоо гомдол гаргадаг. Эрүүгийн хэрэг биш учраас албадаад байж чаддаггүй. Иргэний шүүхийн шийдвэрийг идэвхжүүлэх үүднээс авсан арга хэмжээ юм билээ. Өмнө нь иргэний хэргийн шийдвэр барагдуулах арга хэмжээг хувийн компанид шилжүүлэх санал гарч байсан. Эрүүгийн хэргийг нь улс аваад, иргэнийг нь хувийн хэвшил авсан бол10 байтугай хувийн урамшуулал авна гэж зүтгэнэ шүү дээ. Шүүхийн шийдвэрийг үг дуугүй хэрэгжүүлэх ёстой байтал тухайн ажилтны өмнөөс хэрэлддэг, үл тоодог байдал их гардаг. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд“Тэр айлд очсон ч хаалгаа тайлж өгөхгүй байна. Хэл амаар доромжлоод байна” гэж халширдаг. Үүнийг шийдвэрлэхийн тулд тодорхой урамшуулал олгох замаар ажлын идэвхийг сэргээх гэсэн байх.
-Их хэмжээний өр төлбөртэй байгууллага олон бий. Эдийн засгийн хүндрэлтэй үед“Өр төлбөрийг бүгдийг нь барагдуул” гэж шахахын оронд хэсэгчилсэн байдлаар авч болдоггүй юм уу?
-150 аж ахуйн нэгжийн удирдлагуудад татвараа нуун дарагдуулсан, цаг тухайд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр эрүү-гийн хэрэг үүсгэж байсан. Тэдний зүгээс хэрвээ шоронд орох юм бол татвараа төлөх хэрэггүй юм байна гэсэн асуудал тавьсан. Засгийн газар, шүүх, прокурор дээр ярилцаж байгаад компаниудад нэг боломж гаргаж өгсөн юм. Хэрэг шалгах явцад татвараа нуун дарагдуулсан байгууллага хэргээ хүлээн зөв-шөөрөөд татварын албатайгаа өр барагдуулах хуваариа нарийн тохирчихвол эрүүгийн хэргийг нь хаах, хэрэгсэхгүй болгох эрх олгосон. Одоо энэ Эрүүгийн хуульд жинхэнэ утгаараа орж байгаа. Ийм боломж одоо ч гэсэн бий. Ганц асуудал бий. Тэр нь татвараа үнэн зөвөөр төлөөд явсан нь хохирч, нуун дарагдуулсан нь завших юм уу гэдэгт байгаа.