С.Эрдэнэбат: Хэвлэлийн эрх чөлөөг хангах нь салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрхтэй холбоотой

erdene.mn МҮЭХ-ны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа

– Хэвлэлийн эрх чөлөөг хангахад сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийн асуудал хөндөж ярих ёстой асуудлын нэг байдаг. Энэ тал дээр ҮЭийн байр суурийг ямар байгаа вэ?

– Сэтгүүлчдэдээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе. Хэвлэлийн эрх чөлөө гэхээр хамгийн түрүүнд шудрага үнэн байдал, эрч хүч, нийгмийн ухамсар ардчилал мэдрэгддэг. Ингэх ч ёстой. Өнөөдөр олон сэтгүүлчдийн эрх ашиг ил далд хэлбэрээр зөрчигддөг. Тэрийгээ зоригтойгоор ил гаргаж чадахгүй, яаж гаргах аргаа ч олохгүй байх шиг. Түрүү жил Сэтгүүлчдийн эвлэлтэй хамтарсан зөвлөгөөн дээр Сэтгүүлч нарын эрх ашгийг хамгаалах нэг том гарц ҮЭ байгуулах гэж үзэж байсан. Эрх чөлөөг баталгаажуулахын тулд сэтгүүлчдийн эдийн засгийн баталгаа, үүн дотроо цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлуудыг нь шийдвэрлэх нь чухал.

– Эдгээр асуудлыг шийдвэрлэх гарц…

– Би хөдөлмөрлөх эрх чөлөө гэдэг талаас нь яръя. Ажилчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шийдвэрлэх гарц нь хамтын гэрээ хэлэлцээр, тарифын гэрээ хэлэлцээрээр шийдвэрлэгдэх ёстой. Бүр тэр дундаа салбарын хэмжээнд ажил олгогч, ҮЭ, төрийн байгууллагууд нь салбарын хэлэлцээрээр зохицуулдаг. Энэ механизм дутагдаж байна гэж үзэж болно. Хэвлэл мэдээллийн салбарын цалингийн доод хэмжээ одоо хүртэл байхгүй л байна. Хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудал дээрээ сэтгүүлчид эвлэлдэн нэгдэх эрхээ дутуу эдэлж байна

– Сэтгүүлчидэд МҮЭээс ямар дэмжлэг үзүүлэх боломжтой вэ?

ҮЭ гэдэг бол ажилчид өөрсдөө эхлээд хүсэл тэмүүлэл, итгэл үнэмшилтэй байх ёстой. Аль нэг гэр бүлд хэн нэгэн хүн очоод байшин бариад өгдөггүй биз дээ. Байшинг гэр бүлийн гишүүд хамтарч барих ёстой. Тэгвэл  тухайн байшин хэлбэр төдий биш илүү бат бөх болно. Үүний нэгэн адлаар асуудалд хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид өөр хоорондоо эвлэлдэн нэгдэж, ҮЭ-ийн байгууллагад хандаж болох юм.

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөө хөгжсөн орнуудад сэтгүүлчдийн ҮЭ хүчтэй байдаг. Нэг сэтгүүлчийнхээ төлөө тэд тэмцэж чаддаг. МҮЭ-ийн холбоо одоо эгнээндээ нэгтгэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд байдаг. Цаашид эгнээгээ өргөтгөх зорилго бидэнд бий, харин сэтгүүлчид өөрсдөө дэмжвэл бид бүх талаар туслахад бэлэн.

– Энэ асуудлыг яг хаанаас эхлэх ёстой вэ, таны бодлоор…

– Энгийн жишээ хэлье. Сэтгүүлчийг ажилд орохоос эхэлнэ дээ. Хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, жишиг цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон байрны хангамж, ажлын байрны баталгаа зэргийг зохицуулахаас эхэлнэ дээ. Илүү цагаар ажиллах байдал хэвлэл мэдээлэлд маш их байдаг.

– Хэвлэл мэдээллийн эзэд хир хүлээж авах бол…

– Нэг талдаа болгоомжилдог юм шиг санагддаг. Гэхдээ энэ салбарын хөгжил хүнээ хир хөгжүүлсэн хир хамгаалсан байдлаас шууд хамаарна. Үүнийг эзэд ажил олгогч нар ухамсарладаг гэдэгт найдаж байна. Орчин үед компанийн засаглал  бол “би л эзэн би л том дарга” гэдэг үзлээс илүү “би ерөнхий чиглүүлэгч, хамтрагч, хөгжүүлэгч, дэмжигч, зохицуулагч” гэж хардаг болсон. Хаашаа тэмүүлж байгаа, ямар үр дүн үр ашиг бий болгох уу. Ямар үед яаж хамгаалах уу, ажлын байр баталгаатай байх уу гэдгийг шудрагаар тухайн ажил олгогч ажилтныг төлөөлсөн ҮЭ хамтын гэрээн дээрээ тодорхой зохицуулах ёстой. Миний харж байгаа нэг давуу тал бол хэвлэл мэдээллийн байгууллагуудын ихэнх ажил олгогч нар нь мэргэжлийн, салбартаа нэр хүнд бүхий хүмүүс байдаг учир тэд ажилчдынхаа эрхийг хүндэтгэх, дэмжих тал дээр илүү ойлгох боломжтой.

 

– Төр засгийн зүгээс ямар дэмжлэг хэрэгтэй вэ.

– Улс төрчид сонгууль ойртохоор сэтгүүлчдэд хайр зарладаг, сонгууль дуусахаар мэдээлэл өгөхөөс зугтдаг, сэтгүүлчдийг  шорон шүүх рүү чиглүүлдэг тийм хандлага байж  болохгүй. Хэвлэл мэдээллийг ямар нэг байдлаар хараат байлгах гээд үзэж тараад байж бүр ч болохгүй. Нийгмийн шудрага үнэн ёс зүйн ухамсрыг бий болгогч сэтгүүлчдийг ямар нэг далд аргаар чөдөрлөөд байх нь аюултай. Бие биенийхээ нэр хүнд рүү үндэслэлгүйгээр халддаг зэвсэг болгож болохгүй гэж харж байна. Хэвлэл мэдээллийн тухай хуулиндаа сэтгүүлчдийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлуудыг давхар тусгаж өгөх ёстой. Энэ нь төрийн зүгээс үзүүлж буй дэмжлэгийн хэлбэр.

А.Гал

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …