О.Сансархүү: “Хүүхэд зорчиж байна” аян зам тээврийн ослыг бууруулна

3ff4c0c6-1cdd-4ff6-b6a6-d4dc0c484caa2009 оноос 2014 он хүртэлх  хүүхдийн зам тээврийн осол 2 дахин нэмэгдсэн, жилд дундажаар 40 хүүхэд амь насаа алдаж байгаа харамсалтай тоо мэдээ байна. Аюулын харанга дэлдэж буй энэхүү аймшигт гэнэтийн ослоос үр хойчоо аврахын тулд хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Иймд Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд зорчиж байна аяныг  өрнүүлээд байна. Энэ талаар тодруулахаар тус аяны санаачлагч О.Сансархүүтэй цөөн хором ярилцсан юм.

“Хүүхэд зорчиж байна” аяны талаар уншигчдад маань мэдээлэл өгөхгүй юу?

Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн Замын Цагдаагийн газар хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд зорчиж байна” гэсэн аяныг өрнүүлээд байна. Энэхүү аян нь Зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа хүүхдийн тоог бууруулах, Зам тээврийн ослоор бэртэж гэмтэж буй хүүхдийн тоог бууруулах гэсэн 2 зорилготой юм. Учир нь өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 450 мянган машин замын хөдөлгөөнд оролцдог. Жил ирэх тусам машины хэрэглээ өсч 2013 онд 36 мянга, 2014 онд 30 мянга орчим машинаар нэмэгджээ. Үүнийг дагаад замын түгжрэл, бензиний үнэ зэрэг олон асуудал гарч ирж байна. Харин жолооч нар маань эдгээр асуудалд хэтэрхий анхаарал хандуулаад дагавар гарч ирж байгаа эмгэнэлтэй асуудлуудыг анзаарахгүй байгаа нь харамсалтай. Улсын хэмжээнд 2014 онд 48  хүүхэд, Улаанбаатар хотод 10 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж, 1061 хүүхэд бэртэж гэмтсэн гэсэн тоо бий. Мөн 48 хүүхэд амь насаа алдсаны 27 хүүхэд нь орон нутгийн замд зорчиж яваад амь насаа алдсан байгаа юм. Зун цаг наашилж, амралт зугаалгын улирал ирж байна. Иймд орон нутгийн хооронд зорчих хөдөлгөөн ихэснэ. Иймд жолооч эцэг эхчүүд маань анхаарал болгоомжтой зорчих ёстой. Бид энэхүү аяныг амь насаа алдсан хүүхдийн тоо, бэртэж гэмтсэн хүүхдийн тоог 0 болтол үргэлжлүүлэх болно.

Таны хэлж байгаагаар 1061 гэдэг  бага тоо биш. Тэгвэл бид хүүхдүүдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ ?

Эцэг, эхчүүдийн хувьд хамгийн хайртай хүн бол үр хүүхэд л байдаг. Гэхдээ хүүхдүүдийн зам тээврийн осолд өртөж байгаа шалтгаан нь өөрсдөөс нь бус эцэг эх, жолооч, залуучуудын хайхрамжгүй үйлдлээс болж гардаг нь харамсалтай. Осол гардаг хэд хэдэн шалтгаан байгаа юм. Мэдээж хурд хэтрүүлэх, машинд нь зориулалтын хамгаалалтын суудал байхгүй, мөн манайхан хүүхдүүдээ урд талын суудалд авч суудаг, арын суудалд суусан ч хүүхдүүдээ анхаардаггүй учраас цонхоор гараа гаргах  зэрэг нь осол руу хөтлөх шалтгаан болсоор байна. Мөн эцэг эхчүүд өөрсдөө буруу үлгэр дууриал үзүүлж байдаг нь энэнд нөлөөлж байгаа юм. Улаанбаатар хотод 2014 онд 10 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд насны ангилалаар 0-6 насны 7 хүүхэд, 7-12 насны 3 хүүхэд байсан. Энэ бүхэн ганцхан шалтгаантай хүүхдийн зам тээврийн осол гэмтэлд эцэг, эх, жолооч, залуучууд бүгд анхаарах шаардлагатай.

Олон улсад “Baby in car” наалтыг хүүхэд тээвэрлэж яваа  машин бүр нааж хөдөлгөөнд оролцдог. Энэ нь ч ослыг бууруулахад түлхэц болдог байх. Энэхүү наалтыг та бүхэн нэвтрүүлэхээр болсон гэсэн энэ талаар?

Энд нэг л улсын жишээг дурдъя. Австрали улс гэхэд хүүхэд төрөнгүүт л ээж, аавынх нь аль нэгнийх нь машиныг шалгадаг. Машинд хүүхдийн суудал байна уу? “Хүүхэд зорчиж байна” гэсэн наалт нь байна уу?хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх бусад зориулалтын хэрэгслүүд байна уу гэдгийг нягталдаг. Хэрэв аль нэг нь байхгүй бол хүүхдийг эмнэлэгээс гаргадаггүй байх жишээтэй. Бидний сайн мэдэх Солонгос улсад супермаркетад нь худалдаалж байдаг. Иргэн хүн өөрийн ухамсараараа аваад машин дээрээ байршуулдаг. Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотод гэхэд нийт 70 мянган машин хүүхэд тээвэрлэдэг гэсэн тоон үзүүлэлт байдаг. 70 мянган машин энэхүү наалтыг хэрэглэх юм бол маш том мессеж нийгэмд хүрнэ.

“Хүүхэд зорчиж байна” гэсэн энэхүү наалт яг олон улсын стандартаар хийгдсэн үү? Магадгүй бидний ярилцлагыг уншиж байгаа уншигч маань наалт авахаар бол хаанаас авах вэ?

Ер нь бол хүүхэд мэндэллээ жолоо барьдаг л бол шууд энэхүү наалтыг аваад машин дээрээ наах хэрэгтэй гэдгийг л зөвлөмөөр байгаа юм. Ингэснээр таныг замын хөдөлгөөнд оролцоход бусад жолооч нар ядаж л зам тавьж өгөхөөс гадна хүндлэл үзүүлнэ шүү дээ. Манай улсаас бусад бүхий л оронд энэ бол хэвшмэл болчихсон зүйл. Бид  “Хүүхэд зорчиж байна”  гэдэг дээр анхаарч чадвал энэ байдал арилах бүрэн боломжтой гэж харж байна. “Хүүхэд зорчиж байна” гэсэн энэхүү наалтыг БНХАУ-д захиалгаар хийлгэсэн. “Bаby in car”- ыг хийдэг стандартын дагуу үйлдвэрлэсэн. 12*15 -ын хэмжээтэй шөнө гэрэлтдэг. Боса холдингийн сүлжээ дэлгүүрүүдээр 3000 төгрөгийн үнээр худалдаалж байгаа. Бид нар хүчээр наачиж болно. Гэхдээ олон нийтийг хамруулах ажил нь өөрөө сайн дурын оролцоо хүмүүсийн ухамсраар өрнөдөг. Тэгж байж энэ нь тогтвортой удаан хугацаанд үргэлжилдэг.

Энэхүү наалтыг нааснаар хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь үнэхээр багасана гэж үзэж байна уу?

Бид өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ны өдрөөс хоёрдугаар сарын 20-ны хооронд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд сошиал сурталчилгаа болон энэхүү наалттай холбоотой ажлыг зохион байгуулсан. Тухайн үеийн тоон үзүүлэлтийг өнгөрөгч онтой нь харьцуулахад 16,4 хувиар буурсан дүн мэдээ гарсан юм. Иймээс олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулснаар эцэг эхчүүд хамгийн хайртай хүнээ зам тээврийн ослоос хамгаалах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл бид хүмүүсд анхаарал анхаарал бас дахин анхаарал гэдгийг л ойлгуулж байгаа юм.

“Хүүхэд зорчиж байна” аяны дараагийн ажил юу байх бол ?

Бид ирэх есдүгээр сараас хүүхдийн аюулгүйн суудлын талаар ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                               Н.Ангараг

626ccc6e-1453-411a-a623-ca5b40af1931

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …