О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ

О.Бурмаа: Тэмүүллээс тэмүүлд хөтлөгдөн амьдарсаар ирлээ.

-Он гарсаар гурван мөнгө, гурван алтан медаль хvртээд байна –
Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмааг энэ удаагийн спортын зочны хойморт урилаа. Тэрээр 2002 онд буюу 20 насандаа чөлөөт бөхийн спортод эргэлт буцалтгvй орж, 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хvртэн Афин, Лондонгийн олимпын наадамд чамгvй амжилттай оролцсон юм. Мөн ААШТ-нээс хошой мөнгө, хvрэл медаль хvртэж явсан гавьяат маань одоо хэр нь тив дэлхийн тэмцээн уралдаанд Монгол хэмээх зургаан vсгийг тамгалж, төрийн дууллаа хэдэнтэй эгшиглvvлж яваа.
-Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн бөхийн төрлvvдийн нэгдсэн холбооны А зэрэглэлийн тэмцээний нэг “Mongolia open” манай улсад болсон. Таны хувьд амжилтаа ахиулж аварга болж чадлаа?
-Баярлалаа. Энэ тэмцээнийг зохион байгуулснаас хойш тасралтгvй оролцож нэг мөнгө, хvрэл медаль хvртсэн. Амжилтаа ахиулж тэмцээний аварга болсондоо баяртай байгаа.
-2013 он гарсанаас хойш медалийн олз омог тун арвин байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн, Олимпын хошой аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит болон Буриадын Ерөнхийлөгчийн цом, “Дэлхийн цом”-ын тэмцээнд мөнгө, Болгарын алдарт бөх Дан Коловын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хvртсэн гээд л?
-Тийм ээ. Бэлтгэл сургуулилт жигд сайн байгаа. Алдарт бөх Дан Коловын нэрэмжит тэмцээнд гурван удаа оролцож мөнгөн медаль хvртэж байсан.
Энэ жил амжилтаа ахиулж чадлаа. Өмнө нь шигшээ багийн эмэгтэйчvvдээс гавьяат тамирчин Ц.Энхжаргал 48 кг-д аварга болж байсан. Миний хувьд хоёр дахь аварга нь болсон. Он гарсаар Монгол Улсын аварга, олон улсын тэмцээнээс гурван мөнгө, гурван алтан медаль хvртээд байна.
-Медалийн хур буусан уу гэлтэй. Алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд ч гэсэн ялгаагvй дэлхийн шилдгvvдтэй өрсөлдсөн. Лондонгийн олимпын аварга Наталья Воробьеватай л гэхэд аваргын алтан медалийн төлөө хvч vзсэн шvv дээ?
-Энэ тэмцээнийг дэлхийн бага аварга шалгаруулалт ч гэж нэрлэдэг. Тиймдээ ч тив дэлхийн шилдгvvд чуулдаг томоохон тэмцээний нэг. Яг иймэрхvv томоохон тэмцээнд 72 кг-д тэр нь муу гэсэн гадаадын нэг ч тамирчин байдаггvй.
-Гэхдээ Наталья Воробьеваг ялж аваргын алтан медаль хvртэх бvрэн боломжтой байсан юм шиг санагддаг?
-Бид өмнө гурван ч удаа таарч барилдаж байсан. Өнгөрсөн жил яг энэ тэмцээнд зооны аваргын төлөө барилдаж ялж байлаа. Энэ жилийн хувьд тактикийн алдаа гаргаж ялагдал хvлээсэн. Тамирчин хvн алдаа гаргахгvй байна гэж байдаггvй. Гэхдээ алдаагаа тэр дор нь засч, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базаах ёстой. Миний хувьд ч ялгаагvй. Гаргасан алдаанаасаа суралцаж дараа дараагийн тэмцээн уралдаандаа давтахыг хvсдэггvй.
-Манай улсад чөлөөт бөхийн спортоор дэлхийд тэргvvлэгч орнуудын эмэгтэйчvvдийн “Дэлхийн цом”-ын тэмцээн болсон. Анх удаа шигшээ багийн тамирчид шинэ тvvх бvтээж мөнгөн цомын эздээр тодорлоо?
-Бид амжилтын шинэ тvvхээ бvтээсэн. Vvнээс ч илvv амжилт хvлээж байгаа гэдэгт ч итгэдэг.
-Сvvлийн шийдвэрлэх барилдаанд таны жингийн хvчтэй өрсөлдөгч ОУХМ Б.Одончимэг өрсөлдөгчөө ялсан бол аварга болох байсан. Гэтэл чадаагvй. Магадгvй, энэ удаад таныг барилдуулсан бол “Дэлхийн цом”-ын аварга болох ч байсан юм бил vv?
-Тамирчин, бөх хvн болгон л ялна гэж дэвжээнд гардаг. Одноогийн хувьд ч тэр. Тэрнээс би гарсан бол ялах байсан, тvvхэндээ манайх анх удаа “Дэлхийн цом”-ын эзэд болох байлаа гэж ярих утгагvй биз дээ. Энэ бол багш, дасгалжуулагчдын л сонголт. Тэр, энэ нь ялах байсан гэхээсээ илvvтэй энэ амжилтыг нь vнэлэх хэрэгтэй. Бидний хувьд урьд нь финалдаж байгаагvй. Тvvхэн амжилт гэж хэлж болно. Д.Дагвадорж аварга “Нутгийн уул ус биднийг тvшнэ. Тиймээс зоригтой барилд” гэж байсан. Vнэхээр ч vнэн юм билээ.
-Б.Одончимэгийн хувьд таны хvчтэй өрсөлдөгчийн нэг. Хоорондоо хэд таарч барилдаж байв?
-Тийм ээ. Миний хувьд чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхлээд л 72 кг-д барилдсан. Одноогийн хувьд бас нэлээн хэдэн жил энэ жинд барилдаж байна. Хоорондоо дөрвөн ч удаа таарч барилдсан. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд би ялагдсан. Харин “Mongolia open”-аар даагаа нэхэж чадлаа.
-Ирэх есдvгээр сард Унгарын Будапештэд насанд хvрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Магадгvй, та хоёрын энэ онд гаргасан амжилтыг харгалзаж дахин сонгон шалгаруулалт явуулах уу?
-Тэгэх байх аа. Энэ талаар нарийн мэдсэн зvйл алга. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд тамирчдын тухайн оны амжилтыг нь vндэслэж сонголт хийдэг. Тиймээс сонгон шалгаруулах тэмцээнээр хэн ялсан нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Залуу хvн итгэлийн цогоо алдаж болохгvй

-Та Афины олимпын наадамд оролцож байсан. Тиймээс ч Лондонгийн олимпын наадамд оролцоход ард тvмэн битvvхэндээ медаль “горьдож” суусан нь нууц биш?
-Олимпын эрх олгох тэмцээнд шигшээ багийн тамирчдыг ээлж дараатай явуулсан. Миний хувьд БНХАУ-ын Таньюань хотноо болсон олимпын эрх олгох гуравдугаар тэмцээнд оролцож эрхээ хvртсэн. Зооны барилдаанаас эхлээд л Европ, дэлхийн шилдгvvдтэй өрсөлдөж эрхээ хvртсэн. Тамирчин хvн бvрийн зорилго дэлхий, олимпын наадамд оролцох байдаг. Мэдээж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хvртээгvй ч, хоосонгvй болохоор олимпын наадамд хамаг анхаарал минь төвлөрч байсан. Гэвч тухайн өдөр хvссэнээрээ, өөрийнхөөрөө ч барилдаж чадаагvй л дээ.
-Гэсэн ч Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг чөлөөт бөхийн эмэгтэйчvvдээс олимпын анхны хvрэл медаль хvртсэн. Сэтгэл өндөр байсан биз дээ?
-Тэгэлгvй яахав. Зорилго, хvсэл мөрөөдлөө биелvvлж чадаагvй ч С.Батцэцэгтээ vнэхээр их баярлаж байсан. Мөн эмэгтэй шигшээ багийн тамирчид олимпын наадамд анх удаа багаараа оролцсон нь сайн хэрэг болсон л доо.
-Хvнд жингийн бөхчvvд хөнгөн жингийхныг бодвол нэлээн сvvлд спортоос хөндийрөх нь бий. Магадгvй, танд Бразилын олимпын наадамд зодоглох болов уу?
-Тийм ээ. Залуу хvн итгэлийн цогоо л алдаж болохгvй юм шиг санагддаг. Өнөөдөр миний жинд буюу 72 кг-д шинэ залуу хvvхдvvд хvч тvрэн гарч ирэн биднийг ялж тив дэлхийд амжилт гаргаад эхэлбэл зайгаа тавьж өгөхөд бэлэн.
-2002 онд чөлөөт бөхийн спортод хөл тавьсан. Бөх сонирхогчид таныг бага залуу наснаасаа хичээллэж эхэлсэн бол илvv их амжилт гаргах байсан гэлцдэг л дээ?
-Би чинь Төмөр замын “Замчин” клубт чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн тvvхтэй. Тухайн vед 20 настай л байсан байх. Спортод хожуу хөл тавьсан гэх хvмvvс байдаг л юм. Миний хувьд болох зvйл болдгоороо л болсон гэж боддог. Дөнгөж бөхийн спортоор хичээллэж эхлээд л олимпын эрх хvртэж Афины олимпод оролцож байсан. Ингэж явсаар 2007 онд “Хилчин” спорт клубт шилжин бэлтгэл сургуулилтаа базаасаар л явна. Надад чөлөөт бөхийн анхны суурь мэдлэгийг зааж, намайг тосч авсан багш минь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Т.Сvхбаатар шvv дээ.
-Таныг 2007 онд хөлдөө хvнд бэртэл авч байсныг санаж байна. Тухайн vед бэртлээ хурдан эдгээж их спортдоо ирэхэд Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, олимпын зэрэглэлийн шvvгч Б.Төмөрбаатар нар тусалсан гэж сонссон?
-Спортын хvнд бэртэж гэмтэнэ гэдэг сэтгэл зvйн том цохилт болдог. Тухайн vед Д.Сэрээтэр, Б.Төмөрбаатар багшийн удирдлага дор шигшээ багийнхантай бэлтгэлээ базааж эхэлсэн юм. Д.Сэрээтэр багш уулын крост их гvйлгэдэг байсан нь хөлний бэртэл эдгэхэд ихээхэн нөлөө vзvvлсэн байх. Ингээд 2008 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хvрэл медалийн төлөө Японы бөх Тамогучитэй барилдаад ялагдсан л даа.
-Гэхдээ хоосонгvй ээ. 2009 онд Данийн Хернинг хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөнгөн медаль хvртсэн шvv дээ?
-Тийм ээ.
-Миний санахаар та эхний тойрогт хийлж, хоёр дахь тойрогт Шведийн Женни Френссонг, дараа нь Испанийн Майдер Ундаг ялж хэсгийн аваргын төлөө Австрийн Марина Гастлтай хvч vзсэн байх аа?
-Марина Гастлыг мөн л хоёр vе буулган авч, аваргын алтан медалийн төлөө барилдах эрхээ хvртэж байлаа.
-Аваргын төлөө БНХАУ-ын бөх Сяочин Чинтэй барилдсан. Дэлхийн аварга болох бvрэн боломжтой байсан?
-Би тэгэх, ингэх байсан гэж ярих дургvй. Хоёр vе ялагдаж мөнгөн медаль хvртсэн. Цаашдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн өнгөө хувиргах бодолтой явдаг. Чөлөөт бөхийн спортод орсон цагаасаа хойш тэмvvллээс тэмvvллийн хооронд амьдарсаар ирсэн. Цаашдаа ч тэгнэ.
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Монгол Улсын гавьяат тамирчин цол хvртсэн. Тэр vед таны багш Т.Сvхбаатар гавьяат дасгалжуулагч болсон. Багш шавь зэрэг гавьяат болсон нь ховорхон тохиолдол шvv?
-Тухайн vед сэтгэл маш их хөдөлж байсан. Бэлгэшээмээр ч юм уу, сайхан л санагдсан. Мартагдашгvй дурсамжийн минь нэг.
Би нэлээн шартай л даа
-О.Бурмааг шигшээ багийн охидоос хамгийн тайван нь гэлцдэг. Ер нь тэмцээн, уралдаанд оролцож байхыг тань харахад ялсан, ялагдсан ч сэтгэл хөдлөл багатай. Бас барилдахдаа сэтгэл зvй сайтай гэгддэг?
-Энэ тал дээр харьцангуй гайгvй шvv. Ер нь, өөрөөсөө илvv цол зэрэгтэй, туршлагатай тамирчинтай таарсан ч айж бэргээд байж болохгvй. Өөрийнхөөрөө барилдаж тэмцээнээ өндөрлvvлэхийг хvсдэг. Чиний хэлдгээр тайван хvн гэж хэлж болно. Харин нэлээн шартай. Энэ нь муугаар биш. Цэвэр өрсөлдөөн тэмцэл дунд л даа.
-Олон жил тэмцээн уралдаанд оролцохдоо амжилтаа хадгалж явна гэдэг том, vvрэг хариуцлага юм шиг?
-Бэлтгэл сургуулилтаа сайн базааж тэмцээн уралдаанд анхаарлаа төвлөрvvлэхийн хажуугаар “Би чадна, Би ялахгvй л бол өөр хэн ч ялахгvй” гэсэн бодлыг байнга тээж явдаг. Энэ нь ард тvмэн, багш дасгалжуулагчдынхаа өмнө хvлээсэн vvрэг хариуцлага байх л даа.
-10 гаруй жил чөлөөт бөхийн спортод өөрийгөө бvрэн зориуллаа. Магадгvй, “би” гэсэн vзэл бодол хэтэрхий их давамгайлж явсан vе бий юv?
-Байлгvй яахав дээ. Тийм vе надад байсан. Олон жил тэмцээн уралдаанд оролцоод ирэхээр энэ бодол алга болдог юм билээ. Би гэхээсээ илvvтэй, миний жинд шинэ залуу хvvхдvvд гарч ирээсэй. Тэднийг тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргахад нь туслах юмсан гэсэн бодол давамгайлдаг болчихдог юм байна.
-Одоо ч гэсэн таныг харахад шигшээ багийн охидуудад чадах бvхнээрээ тусалж дэмждэг юм шиг санагддаг. Зарим нэг нь таныг “Бурмаа эгч холын замд ээж шиг минь л халамжилдаг” хэмээн ярьдаг?
-/Инээв/ Хэн нь тэгж байна.
-Ер нь бvгд?
-/Инээв/ Намайг шинэ залуу тамирчин байхад эгч нар ч гэсэн тусалж дэмждэг байсан. Тэдэн шигээ л байхыг хvсдэг. Хvн ямар замаар явж амжилтад хvрнэ. Яг тэр замаараа эргээд хvнд тус болох ёстой юм шиг санагддаг.
-Олон жил спортоор хичээллэхээр шантрах vе бишгvй л гардаг байсан байх?
-Ер нь, зорилгоо тодорхойлчихсон хvнд шантрах эрх байх ёсгvй. Хvн л юм чинь заримдаа бэлтгэлийн vед зvрхшээх vе гардаг байсан. Ялангуяа, бэртэл гэмтэлтэй vед Д.Сэрээтэр багшаасаа зэмлэл, урмын vг тэнцvvхэн сонссон доо. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Багш маань “Чи өөрөө л чадахгvй гэж бодвол бvх зvйл чинь бvтэхгvй. Бvгдийг ялна, дийлнэ гэсэн зорилготой бай” гэдэг байсан. Энэ vг нь надад хvнд бэрх замыг шантралгvй туулахад тусалсан байх.

Багадаа ишиг, хурганы араас хөөцөлдөж л өссөн дөө

-Гавьяатын бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Би чинь Төв аймгийн хvvхэд. Бага насаа Дамбадаржаагийн цаана Сэлбэ амралтын баазад өнгөрvvлсэн. Аав минь тэнд ойн цагдаа хийдэг байлаа. Багадаа ишиг, хурганы араас хөөцөлдөж л өссөн дөө. /Инээв/ Эгч гэрийн ажлаа хийчихнэ. Би болохоор байнга л малын араас гvйдэг хvvхэд байсан.
-Аав, ээжийн эрх танхи охин байв уу?
-Тийм айхтар эрх, танхи хvvхэд байгаагvй ээ. Зөв эрхэлдэг байсан болов уу.
-Хvний эцэг, эх vр хvvхдээсээ эд хөрөнгө авч баярлахаасаа илvvтэй сайн сайхан явааг харах нь жаргал байдаг юм шиг. Тиймдээ ч, ачийг нь хариуллаа гэж ярих нь ч бий?
-Тэр vнэн шvv. Ээж аавыгаа баярлуулж явсан vе надад олон байдаг ч, 100 хувь чадаагvй гэж боддог шvv дээ. Харин ч намайг ялагдахад цуг өвдөг шороодож, сэтгэл санааг минь өөдрөг байлгадаг гавьяатай хvмvvс дээ.
-Таныг энэ спортод хөтөлсөн хvн Монгол Улсын гавьяат тамирчин О.Цэрэндагва гэж сонссон?
-Тийм ээ. О.Цэрэндагва гуайн бага охинтой нь их найз байсан юм. Тэднийхээр байнга орж, гарна. Тамирчид тэднийд ирэхээр их сайхан санагддаг байж билээ. Гvндvvгvй, шулуун шударга тэр сайхан шинж чанарууд нь бөхийн спортод эргэлт буцалтгvй дурлахад хvргэсэн. Спорт хvнийг хvмvvжvvлэхээс гадна зөв зан чанар суулгадаг юм.
-Уг нь, таны мөрөөдөл юу байсан бэ?
-Цэрэг, цагдаагийн ажилтан. Хувцас нь их таалагддаг байсан юм. /Инээв/ 10 жилээ төгсөөд цагдаа болох гэтэл ах их уурлаад. Тэгэхээр нь болиод Биеийн тамирын сургуульд орсон чинь бvр ч их уурлуулж билээ. /Инээв/ Эмэгтэй хvvхдэд хvнд гэж бодсон биз дээ хөөрхий.
-Хэн байснаа хэзээ ч битгий март гэж vг бий. Энэ хэр vнэний ортой юм бол оо?
-Ёстой vнэн vг. Би жишээ нь бага насандаа хонь мал хариулж өссөн хvvхэд. Шууд л энэ амжилтад хvрчихээгvй. Манай багш Б.Төмөрбаатар ч энэ vгийг их захидаг. Байнга бодож явдаг юм.
-Таны амьдралаас авсан хамгийн том бэлэг юу вэ?
-Монгол хvн, ийм сайхан аав, ээжийн охин болж төрсөндөө хамгийн ихээр баярлаж явдаг. Айлын сайн эзэгтэй болохыг хvсдэг
-Эмэгтэй тамирчид гоо сайхандаа хэр анхаардаг юм бол. Гавьяат маань энэ тал дээр хэр анхаардаг вэ?
-Ер нь, чөлөөтийнхөн гэлтгvй спортын талбарт байгаа бvсгvйчvvдэд тулгардаг асуудал байх. Бид чинь байнга хөдөө гадаа бэлтгэл сургуулилт гээд явчихдаг. Тиймээс гоо сайхандаа нэн тvрvvнд анхаарах ёстой. Гайгvй гэж өөрийгөө боддог шvv дээ. Мэдээж, бид чинь айл гэрийн эзэгтэй, хvvхдийн эх болно. Би тамирчин гээд өөрийгөө зөнд нь орхиж болохгvй.
-Тэгвэл хэзээ гэр бvлийн амьдрал зохиох вэ гэж асуумаар байна?
-Бөхөөр хичээллэснээс хойш 10 жил болж. Одоо тун бага жилийг зарцуулаад гэрийн эзэгтэй, хvний сайн хань болоод сайхан амьдарна гэж боддог. Гэр бvлийн амьдрал зохиохоосоо өмнө бодсон, төлөвлөсөн амжилтаа ахиулна.

Эх сурвалж: “Ардчилал” сонин 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …