Талх чихэр ХХК-ийн талх хөгцтэй байсан талаар нэгэн хэрэглэгч олон нийтийн цахим сүлжээнд хэдхэн хоногийн өмнө зураг хөрөгтэй мэдээлэл нийтэлсэн билээ.
Тэгвэл нийслэлийн иргэдийн 60-70 хувийг талх, нарийн боовоор хангадаг хүнсний томоохон үйлдвэрийн нэг Талх чихэр ХХК-аас тайлбар өглөө. Өдөрт хэрэглээндээ тааруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд агуулахад хөгц ортол нь хадгалж байгаад худалдаанд гаргана гэсэн асуудал байхгүй гэдгийг батлан хэлж байв.
Энэ талаар Талх чихэр ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Баттулгатай ярилцлаа.
-Нэгэн хэрэглэгч дэлгүүрээс худалдаж авсан Талх чихэр ХХК-ийн талх битүү хөгцтэй байсан талаар олон нийтийн цахим сүлжээнд мэдээлсэн байсан. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сайтад гарсан мэдээллийн мөрөөр ирж мэдээлэл авч байгаад талархаж байна. Тухайн хэрэглэгч талх авсан ч хөгцтэй байсан талаар зураг хөрөгтэй мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн байсан. Манай компанийн хувьд өглөө 5 цагаас борлуулалтын үйл ажиллагаа эхлээд 01 цагт дуусдаг. Бид хэрэглэгч болон харилцагчийн захиалгад тулгуурласан борлуулалтыг хийдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр зах зээлийн хэрэгцээ шаардлагаас давсан бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэггүй. Захиалга авчихаад агуулах дотор хадгалж байгаад хэрэглэгчдэд хүргэдэггүй гэдгийг баталж хэлмээр байна.
Логик талаас бодсон ч гэсэн үйлдвэрлэгч компани, байгууллага нь хэрэглэгчээ хуурч мэхэлсэн ажил хийвэл шууд утгаараа хэрэглэгчээ булшилсан хэрэг болж байгаа юм. Өдөр тутмын худалдан авалтаараа бидний үйл ажиллагааг дэмжиж байдаг хэрэглэгчээ хуурна гэдэг зүй ёсонд ч байж болохгүй асуудал. Хоёрдугаарт ирээдүйн алсын стратеги зорилтоо бодсон ч хийж болохгүй үйлдэл юм. Манай компани хуучин болон удсан бүтээгдэхүүнийг зал зээлд нийлүүлэхгүй гэдгийг дахин дахин батлан хэлье.
-Танайх нийслэлийн хүн амын хэдэн хувийг хангадаг вэ? Хичнээн түгээлтээр хэрэглэгчдэд хүрч байна?
-Манай компани нийслэлийн хүн амын талх, нарийн боовны 60-аас дээш хувийг хангадаг. Өдөр тутамдаа 3000 орчим цэгүүдэд түгээлт борлуулалтыг хийдэг. Сүлжээ дэлгүүрүүд 120 орчим нь байдаг. Бусад нь 6 болон 8 нэрийн дэлгүүр, захуудад түгээгддэг.
-Гомдол гаргасан хэрэглэгч ор үндэслэлгүй мэдээлэл тавиагүй байх. Магадгүй та нараас шалтгаалахгүй хүчин зүйл байж болох?
-Миний үзэж байгаагаар хэрэглэгч олон нийтийн цахим сүлжээнд мэдээллийг нийтэлсний дараагаас эхлээд өнөөг хүртэл бид холбогдож чадахгүй байна. Үйлдвэрлэгчдээ эхний ээлжинд яагаад мэдэгдээгүй юм бол. Бидний нэг алдаатай тал бий. Талхны ам боогч тайлагдаад өөр талхны амыг боох боломж нөхцөлтэй байдаг. Үүнийг сайжруулах судалгааг одоо хийж байна. Хэрэглэгч үнэхээр тийм талх авсан бол хамгийн эхлээд үйлдвэрлэгч талдаа хандах хэрэгтэй байсан. Хоёрт дулааны улирал учраас талх богино хугацаанд муудах тал бий. Гэхдээ манай үйлдвэрлэж байгаа талх 3 хоногийн дотор хөгцрөхгүй. Бид итгэмжлэгдсэн лабораторт төрөл бүрийн туршилтуудыг хийхэд хугацаандаа муудаж байгаа талх ерөөсөө байхгүй. Бидэнтэй холбогдоогүй нь эргэлзээ төрүүлж байгаа юм.
-Худалдан борлуулж байгаа дэлгүүр, зах, супермаркетуудад асуудал байж магадгүй юм?
-Бидний хэрэглээний багагүй хувийг талх эзэлж байгаа учраас онцгой бүтээгдэхүүн. Зарим хүмүүс янз бүрийн асуудлууд үүсвэл шууд л үйлдвэрлэгч буруутай гэж буруутгадаг. Нэгдүгээрт худалдааны байгууллагын орчин нөхцөл хүнд байна, тухайн орчны температур гэрлийн шууд тусгал гэх зэрэг нөлөөлнө.
Харилцагчаа муулж байгаа зүйл биш. Гэхдээ бүх дэлгүүрүүдийг хянаж үзвэл их зүйл гарч ирэх байх.
Зах зээлд тэргүүлж буй учраас маш том хариуцлагыг үүрч байдаг. Энэ утгаараа бид тийм талх гаргахгүй, гаргах шаардлага ч байхгүй.
Танайд хичнээн хүн ажилладаг вэ?
-Талх чихэр ХХК 700 гаруй ажилтантай. Үүнээс борлуулалтын албанд 150 ажилтан харьяагдаж ажилладаг. Өглөөний 4, 5 цагаас эхлээд нийслэлийг талхаар хангаж ажилладаг. Бусад үйлдвэрүүд маань 24 цагийн ажиллагаатай.
-Хичнээн нэр төрлийн бүтээглэхүүн үйлдвэрлэдэг вэ?
-80 гаруй нэр төрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Ингээд Талх чихэр ХХК-ийн Ерөнхий технологич Д.Бадамцэцэг үйлдвэрийн шат дамжлагын үе шаттай танилцуулав.
Дашрамд Талх чихэр ХХК-аас хэрэглэгчид рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “хэрэглэгчийн өдөр”-тэй болохоор төлөвлөжээ. Энэ хүрээнд хэрэглэгчийн санал гомдол мэдээллийг 9333-9001 дугаарын утсаар авах юм байна.
Г.Туяа