Монголын Залуучуудын Холбоо 2013 оноос орон нутаг дах залуучуудын холбоог шинэчлэн бүтэц бүрэлдэхүүнийг нь шинээр сонгон баталгаажуулж, Улаанбаатар хот дахь аймгийн залуучуудын холбоог байгуулах ажлыг өрнүүлсэн билээ. Ингэснээр салбар холбоод үйл ажиллагаагаа сэргээн дахин эхлүүлсэн юм. Тиймээс бид бусаддаа үлгэрлэн, ажил үйлсээрээ тэргүүлж яваа залуучуудын холбооны тэргүүн нарыг олон нийтэд сурталчлах, таниулах зорилгоор цуврал ярилцлагыг хүргэж байгаа билээ. Энэ удаад Улаанбаатар хот дах Ховд аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Батзаяаг ярицлагынхаа буланд урьлаа
Монголын залуучуудын холбооны Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаад хэр удаж байна вэ?
Улаанбаатар хотод Монголын залуучуудын холбооны дэргэд 21 аймгийн Залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш одоог хүртэл хоёр дахь жилдээ ажиллаж байна.
Ер нь яагаад Улаанбаатар хотод Ховд аймгийн залуучуудын холбоог байгуулах болсон бэ. Хөдөө орон нутгийн салбар холбоог хотод байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?
Миний хувьд сурагчдын өөрөө удирдах байгууллага, оюутны байгууллагуудад ажиллаж байсан. 2013 онд Монголын залуучуудын холбооноос 21 аймгийн залуучуудын холбооны уулзалтыг зохион байгуулах ажил явагдаж эхэлж байсан үе. Тухайн үед Ховд аймгийн залуучуудын холбоо байгуулах хуралд оролцсон юм. Нутгийн залуучууд маань итгэл хүлээлгэн холбоог удирдах боломжийг надад олгож байсан.
Танай холбооноос өнгөрсөн жил олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Тэгвэл 2015 онд залуучууддаа чиглэсэн ямар ажлуудыг зохиохоор төлөвлөөд байна вэ. Энэ талаар уншигчдад сонирхуулбал?
Бид залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ бол залуучуудын өөрсдийн сэтгэл зүтгэл гаргаж хийдэг ажил бөгөөд олон нийтийн ажил ч ийм л байдаг. Бид 2015 он гарснаас хойш хэд хэдэн ажлыг зохион байгуулаад байна. Хамгийн эхэнд “Гадаадад хэрхэн тэтгэлгээр суралцах вэ” гэсэн уулзалтыг “Шинэ үеийн мэдлэг боловсролын төв”-тэй хамтран зохион байгууллаа. Дараа нь “Спиртийг биш спортыг сонгоё” уриатай ууланд алхдаг эко аялал, мөн аймгийн шилдэг залуучууд, удирдах зөвлөлийнхөө нийт гишүүдийн дунд “Залуу манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр нь залуучуудын байгууллагыг удирдлагуудад зориулсан манлайлалын сургалт юм. Бид энэхүү сургалт судалгааны Полиси төвийнхөнтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бид “Оюунлаг Ховд” номын аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд нийт “10000 ном” Ховд аймаг руу илгээхийг зорьж байна. Хэрвээ нэг номыг 10000 төгрөгийн үнэтэй гэж бодох юм бол нийтдээ зуун сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт төрсөн нутагтаа хийж байна гэсэн үг юм.
Мөн хотод аймгийн холбооны дэргэд Сумдын зөвлөл гэж байгуулагдсан. Энэ талаар дэлгэрүүлнэ үү. Ингэж нэг бүрчлэн сумдын зөвлөл ажиллах нь залуучуудад ямар ач холбогдолтой вэ?
Бидний зорилго бол залуучуудыг идэвхтэй ажиллуулах, аймгаас эхлээд улс орны хөгжилд оруулах хувь нэмрийг дэмжихэд чиглэгддэг. Тэгэхээр нэг нөхөр ганцаараа бүгдийг удирдаад, тамга атгаад байна гэдэг сонин ойлголт юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс бүгд л өөрсдийн гэсэн оролцоо, санаа бодолтой, шийдвэр гаргах түвшинд байх ёстой. Тэгж байж хамтдаа урагшилна. Тэр үүднээсээ Монголын Залуучуудын Холбоо ч үндсэндээ сумдын зөвлөл байгуулах уур амьсгал, чиг хандлага ороод ирчихсэн. Түүнийг угтаад л хамгийн түрүүнд манайхан эхэлчихсэн хэрэг. Одоо бүх сумдууд маань өөрсдийн холбоо зөвлөлтэй, тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичигтэй сум бүр удирдах зөвлөлийн 15-20 хүний бүрэлдэхүүнтэй, өөрсдийн гэсэн тамга тэмдэгтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулаад явж байгаа.
Эдгээр ажлууд хэр идэвхтэй явагдаж байна. Сумдын залуучууд маань оролцъё гэвэл яаж хамрагдах вэ?
Сумдын залуучуудын холбоодын үйл ажиллагаа харилцан адилгүй байгаа нь тухайн сумын залуучуудын оролцооноос шалтгаалж байна. Сумдын залуучуудын зөвлөлүүд байгуулагдаад жил тойрох гэж байна. Тэгэхээр бидэнд зарим зүйл дээр суралцах зүйл байна. Зарим хүмүүс нь илүү туршлагатай байгаа, тэр хүмүүсээрээ дамжуулан бусдыгаа чадваржуулаад хамтдаа хичээвэл амжилтад хүрч чадна. Сумдын холбоодууд бүгд одоогоор байртай болж амжаагүй байгаа. Бид Монголын Залуучуудын Холбоон дээрээ байрлаж, 209 тоотод хурлаа хийдэг. Тэгэхээр манай пэйж хуудсаар ороод утасны дугаарууд, имэйл хаягуудыг аваад тухайн сумынхаа холбоодуудтай холбогдож болно.Мөн манай холбооны ажлын албаар дамжуулан холбогдох боломжтой.
Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбоог харж байхад “Оюунлаг Ховд”, “Оюунлаг баасан гариг” гэх мэт дандаа залуучуудын оюунд хөрөнгө оруулахад чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг нь харагддаг. Энэ талаар?
Хувь хүний хувьд би эх орны хөгжилд залуучууд хамгийн их хувь нэмэр оруулдаг гэж боддог. Тэр тусмаа Монгол залуучуудын орон болоод байна. Гэхдээ аливаа улс орныг хөгжүүлж чадна гээд уриа лоозон барихаас илүүтэй сэтгэж, санаачилдаг, түүнийгээ бүтээж чаддаг, чадвартай хүмүүс хэрэгтэй. Тэр утгаараа бид эхлээд хамтдаа оюунаараа нэг шат ахия, оюунаа хөгжүүлэхийг эхэнд тавьцгаая, тэгэх юм бол улс орон, орон нутагт хийх үйлс маань илүү үр дүнтэй болно. Тиймээс “Оюунлаг баасан гариг” хөтөлбөр, “Оюунлаг Ховд” номын аяныг зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. “Оюунлаг баасан гариг” хөтөлбөр нь салбар салбарын шилдэг эрхмүүдийг залуучуудтай уулзуулдаг. Энэ нь ямар ач холбогдолтой гэхээр нэгд тэднээс суралцах, үлгэр дуурайлал авах, мөн идэвх, итгэл үнэмшил төрүүлэх гэх мэтчилэн залуучуудад мэдлэг мэдээлэл, урам зориг өгдөг. “Оюунлаг баасан гараг” хөтөлбөрт идэвхитэй хамрагдсан оюутан залуучууд нэгдэж “Оюунлаг” клубийг байгуулаад 2 жилийн нүүрийг үзэж байна. “Оюунлаг Ховд” аяныг яагаад хийж байгаа вэ гэхээр орон нутгийн хүрээнд ном авах төсөв маш бага байдаг. Тэр утгаараа номын хүрэлцээ муу байдаг. Ийм учраас бид номын аяныг эхлүүлээд байна. Улаанбаатараас хол, аймаг, сумынхаа залуучуудад шинэ ном хүргэнэ гэдэг бол буянтай ажил гэж бодож байгаа.
Номын аянд залуучууд хэр идэвхитэй оролцож байгаа вэ? Ховд аймгийн залуучуудаас өөр бусад хүмүүс оролцох боломжтой юу?
Ер нь бол бүгд оролцох боломжтой. Гэхдээ ямар нэг зүйл зорилттой байх ёстой, 21 аймаг бүгд л залуучуудын байгууллагатай. Бидний хамтарч авч явж байгаа манай байгууллага бол Ховдынх. Тэгэхээр бид яг энэ хэсэг дээрээ ажиллах нь чухал юм. Өөрөөр хэлбэл ном цуглуулчхаад түүнийгээ хэдэн тийшээ тараачихвал үр дүнгүй зүйл болно. Тиймээс бид энэ цэг дээрээ төвлөрье гэсэн сонирхолтой байгаа. Гэхдээ хэрвээ үнэхээр энэ аянд оролцъё, баруун бүсийн хүүхэд залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийе гэсэн хүсэлтэй хүн байвал заавал Ховдын хүн байх ёстой гэхгүйгээр ном өгөхөд нээлттэй. Бид номыг хүргэх ёстой газар нь хүргэж өгөх болно.
“Оюунлаг Ховд” номын аяныг “УБ хот дахь Ховд аймгийн залуучуудын холбоо”-той ямар байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа вэ?
Аяныг “Ховд аймгийн нийтийн номын сан”, “Номтой нөхөрлөе” клуб, , “Ховд аймгийн оюутан залуудын соёл боловсролыг дэмжих төв”, “Ховд аймгийн залуучуудын холбоо” Монгол эрмэлзэл ТББ зэрэг байгууллагууд бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Ер нь хүмүүс нэг нь нэг гэхгүй, тав нь тавдахгүй чадах чинээгээрээ ном хандивласан. Энэ олон хүмүүсийн сэтгэл зүтгэлээр номын аян маань өргөжиж байна.
Өнгөрсөн жил номын аяныг явуулсан, энэ жил бас зохион байгуулж байна. Орон нутгиийн залуучууд энэ ажлыг хэр хүлээж авч байна. Аяны хүрээнд хийгдэж байгаа ажлуудаасаа сонирхуулвал?
Мэдээж маш олон ном байгаа. Тэр болгоныг унших ёстой гэсэн үг биш харин өөрийн амьдралд хэрэгтэй мэдээллийг өгч чадах номыг олж унших нь нэгд чухал. Бид аяны хүрээнд хөрсөө бэлдэж эхний ээлжинд номоо хүргэж байна. Залуучууд сүүлийн үед номын ач тусыг их ойлгодог болжээ. Хоёрдугаарт бидний хийх ажлын төлөвлөгөөний дагуу Төрийн соёрхолт Н.Нацагням инженер Ховд аймагт залуучуудтай уулзалт хийх юм. Мөн хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд номын аян, ном уншихын ач тусын талаар мэдээлэл хүргэнэ. Мөн “Мини номын сан”-тай байгууллага төслийн нээлтийг энэ үеэр зохион байгуулах гэж байна. Дараагийн бидний бодож байгаа зүйл бол стандарт хангасан номын дэлгүүртэй болох. Ингээд ном хүрээд, дэлгүүртэй болоод, номын ач холбогдлыг таниулах, сэдэлжүүлэх үйл ажиллагаанууд зохион байгуулагдаад ирэхээр хүмүүс аяндаа сонирхож тухайн нийгэм номтой нөхөрлөөд ирнэ гэсэн үг.
Сүүлийн үед цахим ертөнц, интернэт хөгжсөнтэй холбоотойгоор номыг цаасан хэлбэрээр унших нь харьцангуй багассан юм шиг?
Сошиал ертөнц бол бидний өдөр тутмын хэрэгцээ болсон байна. Гэхдээ миний бодлоор аливаа юманд эерэг, сөрөг хоёр тал бий. Эерэг гэвэл бид мэдээллийг үнэ төлбөргүйгээр маш хурдан хугацаанд авч чадаж байна. Харин сөрөг талын тухайд ном бол богино хугацаанд уншигддаг зүйл биш, түүнийг уншиж дуустлаа компьютерийн дэлгэц ширтээд сууна гэдэг нүдний хараанаас эхлээд эрүүл мэндэд муу нөлөөтэй. Ном шимтэн уншигчид номын хуудсыг эргүүлэхэд хүртэл ямар сайхан мэдрэмж төрдгийг мэднэ дээ. Цахим орчинд байгаа, цахим бааз нэг л өдөр устаж мэднэ. Харин ном бол хэзээ ч орхигдохгүй зүйл гэж би ойлгодог.
Залуучууд нийгэмд өөрчлөлт шинэчлэл, хөгжлийн шинэ давалгааг бий болгодог
Залуу хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй. Ер нь залуу хүн зорилгодоо хүрэх эхний алхам юу байдаг вэ?
Залуу хүн бол заавал зорилготой мөн өөрийн гэсэн зарчимтай, тэмүүлэлтэй, тууштай, бас тасралтгүй суралцагч байх ёстой болов уу. Өнөөдөр юу хийж байна, маргааш түүнийгээ давуулан биелүүлж, нөгөөдөр өөртөө ямар нэгэн ур чадварыг нэмж байх учиртай. Энэ бол хөгжил. Цаг хугацаа маш хурдан өнгөрч, юмс нэг өдрийн дотор л өөрчлөгдөж байна. Үүнд залуу хүмүүс хамгийн их нийцэж явах ёстой. Хөгжлийн давалгаанд хаягдахгүйгээр түүнтэй хамт урагшилж байх ёстой хүмүүс бол залуучууд юм. Тэндээс хоцроод эхлэх юм бол сэтгэлгээгээрээ бид хөгширч байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд мэдээлэлтэй, мэдлэг боловсролтой байж, ур чадвараа үргэлж ахиулж, урагшаа тэмүүлж байхыг эрмэлздэг. Бид нар нэг зүйлийг бас харах хэрэгтэй. Юу гэхээр хөгжихөөс гадна өнөөгийн бидний нийгэм нэг өнгө төрхтэй байна шүү дээ. Уур амьсгал, хандлага, зарчмын хувьд ерөнхийдөө сөрөг, буруу байна гэж харагдаж байгаа. Тэгэхээр шинэ үеийн залуучууд арай өөр түвшинд сэтгэж, аливаа асуудалд шинэлгээр хандаж, эерэг өөрчлөлтийг бий болгохыг төлөө түүчээлэх учиртай. Улс орон маань хөгжлийн шинэ түвшинд хүрнэ гэдгийг ойлгож залуучуудын хөгжлийн шинэ дуу хоолойг илэрхийлж, хариуцлагатай, түүнийхээ төлөө зоригтой тэмцдэг байх ёстой гэж бодож байна даа.
Залуучууд аливаа зүйлийг санаачлаад хийхэд тулгардаг нэг том бэрхшээл бол санхүүгийн асуудал байдаг. Та бүхэн үүнийг хэрхэн шийдэж байна?
Энэ бол маш чухал асуудал байдаг л даа. Олон нийтийн байгууллагад олон жил ажиллалаа. Хамгийн түрүүнд л санхүүгийн бэрхшээл тулгардаг. Өөрийн амьдралыг болгоод явж чадах боломжтой залуучууд нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэм олон нийтийн ажил хийдэг. Үйл ажиллагаа зохион байгуулахад заавал төсөв санхүү хэрэгтэй болдог учраас хүмүүсээс мөнгө гуйж тусламж хүсэж эхэлдэг. Энэ надад хамгийн хэцүү санагдаад байгаа. Гэхдээ яахав, нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүмүүс байна. Далайд дусал нэмэр гэдгээр маш олон дуслыг цуглуулаад л болгож байна. Үүн дотор залуучуудын хөлс хөдөлмөр бас дусал болон шингэж яваа.
Залуучуудын байгууллага тэр дундаа олон нийтийн байгууллагад ажилласнаар залууст маань хөгжих боломж хэр нээлттэй байдаг вэ? Улстөржих, намчирхах асуудлууд ямар нэгэн нөлөө үзүүлдэг үү?
Хувь хүн хөгжих талаас бол маш нээлттэй. Ерөөсөө өөрөөс нь л шалтгаална. Миний суралцаагүй зүйл бол миний л алдаа, би л чадаагүй. Харин амжилт гэдэг таны хичээл, зүтгэл тааламжтай цаг хугацаа, сайн хүмүүсийн хамтын бүтээл гэж боддог. Тэгэхээр хөгжих нээлттэй, хаалттай тал дээр бол залуу хүмүүст боломж байгаа. Үүнийгээ залуучууд бүрэн дүүрэн ашиглах ёстой. Улс төрийн нөлөөний хувьд бол залуучуудад маш сөрөг, хар сэдэв л дээ. Олон нийтийн ажил хийгээд явахад заавал ямар нэг улс төрийн хүний “халаасанд” орох гээд байдаг шаардлага тулгардаг. Гэхдээ эндээс би зайлсхийх ёстой гэж үздэг. Тэгснээрээ яриад байгаа дараагийн өнгө төрх, өөр зүйлийг бий болгоно гэж бодож байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бид залуучуудын байгууллагын хувьд урагшаа төлөвлөсөн ажлаа л хийнэ. Тиймээс хэрвээ ямар нэг улс төрийнхөнд хандвал “Энэ ажлыг хийгээч” л гэж бид шаардана. Залуучуудын төлөвлөсөн ажлыг хамтраад дэмжээд явж байгаа хүмүүсийг бид дэмжинэ. Түүнээс биш хэн нэгний төлөвлөсөн ажлын төлөө залуучуудыг золиос болгохгүй.
Залуучуудын байгууллагыг хоёр жил удирдаад явж байгаагийн хувьд залуучуудаа хэрхэн үнэлдэг вэ? Ахмад үеийнхэн маань бол бидэнд шүүмжлэлтэй ханддаг?
Уулын мод урттай богинотой гэдэг шиг сайн залуучууд ч байгаа саар залуучууд ч байгаа. Хүүхэд хүмүүжихэд гэр бүл нөлөөлдөг шиг өнөөгийн нийгэм бол бидний ах эгч нарын л толины тусгал юм. Нийгэм ямар байна, залуучууд яг тийм л байж байдаг. Гэхдээ нийгэм сөрөг байлаа гээд залуучуудаа сөрөг байя гэсэн үг биш харин энэ байдлыг өөрчлөхийн тулд бид өөрсдөө эерэг уриалга гаргах, шинийг санаачлах, хэрэгжүүлэх шинэ үеийнхэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг зүйлийг бас хэлэхийг хүсч байна. Өнөөдөр залуучууд хариуцлагатай байх ёстой. Яагаад гэвэл өнөөдөр гаргаж байгаа ах, эгч нарын шийдвэр 20-30 жилийн дараах залуучуудын нуруун дээр ирнэ. Тиймээс залуучууд хариуцлагатай, оролцоотой байх ёстой.
Тэгэхээр ярилцлагын төгсгөлд залуучууддаа хандаж ямар уриалга хэлэх вэ. Энэ залуу насандаа юу хийж бүтээх ёстой вэ?
Аливаа нийгэмд өөрчлөлт шинэчлэл, хөгжлийн шинэ давалгааг бий болгодог хүмүүс залуучууд байдаг. Тиймээс бид энэ нийгмийг хамгийн хүчтэй хөгжлийн дуу хоолой болж хариуцлагатай, оролцоотой байх учиртай. Залуу насаа эргээд дурсахад харамсах зүйлгүй эх орон, элгэн түмнийхээ төлөө хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй байхыг эрхэмлэж амьдрах нь чухал гэж боддог.
Ярилцсанд баярлалаа.