МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, судлаач Б.Эрдэнэбаттай “Чингис бонд”-ыг тойрсон асуудлаар ярилцлаа.
-Монголын их хаан Чингисээр овоглосон 1.5 тэрбум ам.долларын бондын ханш суларсан талаар сүүлийн үед ярьж байна. Шалтгааныг нь та юу гэж бодож байна вэ?
-“Чингис бонд”-ыг хөрөнгийн биржээр арилжаалаагүй. Угаасаа гадаад зах зээлээс хөрөнгө босгох үйл явц нь хаалттай байсан. Тиймээс өнөөдөр ч мөн адил ханшийн уналтын талаар нийгмийн цөөн хэсэг л мэдэж байна шүү дээ. Гэтэл бонд бол ирээдүйн өр.
Түүнийг төлөх эзэд нь нийт монголчууд. Харамсалтай нь бондын талаарх мэдээлэл дотоодын зах зээлд төдийгүй иргэдийн дунд шинэ ойлголт хэвээр байна. Хэрвээ “Чингис” бондыг хувь хөрөнгө оруулагчдад бус хөрөнгийн биржээр зарсан бол ханшийн өсөлт, уналтын талаарх мэдээлэл илүү хүртээмжтэй болох байлаа.
Биржээр дамжуулаад ханшийн дүнг ажиглаад байх боломжтой. Түүнээс одоогийн нөхцөлд шууд зөв, буруу гэж дүгнэлт өгөхөд эрт байна. Манай бондыг худалдан авсан компаниуд хоорондоо хэдээр наймаалцаж байгааг бид мэдэхгүй. Ханш унах олон шалтгаан бий. Тухайн бондын худалдан авсан банкны мөнгөний эрэлт хэрэгцээ нь ихэссэн бол тэд бондоо зарна. Тэр тусмаа манай урд хөрш өнөөдөр бэлэн мөнгөний гачаалд ороод байгаа. Энэ тохиолдолд Хятад зах зээлд бондоо арилжаалж магадгүй. Манай бондыг зарах сонирхол их байх тусам ханш нь унана.
-Өнгөрсөн долоо хоногоос санхүүгийн зах зээл дээр хүүгийн савлагаа гарч ирсэн?
-Нэг сараас 30 хүртэлх жилийн хугацаатай янз бүрийн бондууд байна. Бондын хүү нь цаг хугацаатай хамт хөдлөх зүй тогтолтой.Олон улсын санхүүгийн зах зээлд хүүгийн түвшин харьцангуй бага байдаг.
Тодруулбал Европ эдийн засгийн хямралтай байхад АНУ эдийн засгаа өөд татах зорилгоор хүүгийн түвшинг маш доогуур түвшинд барьдаг байсан. Бид хүүгийн энэ таатай орчинд “Чингис” бондыг 4.25, 5.25 хувийн хүүтэйгээр босгож чадсан.
Ер нь урт хугацаанд бондын хүү ийм бага байх ямар ч боломжгүй. Жишээлбэл өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төв банкны захирлын гаргасан мэдэгдэлд “Бид эдийн засгаа хангалттай дэмжчихлээ. Одоо өөрсдийнхөө оруулсан мөнгийг инфляцийн дарамт үүсгэхгүйн тулд буцааж татна” гэж байсан. Тэгэхээр тэр цагаас хойш 10 жилийн хугацаатай бондын хүү хоёр дахин өсчихөж байгаа юм.
-Монгол Улс зөвхөн “Чингис” бондын 1.5 тэрбумаас гадна өмнөх Засгийн газрын үед 580 сая ам.долларын бонд гаргасан. Энэ бүх өрөө төлөхдөө таамаглаж байснаас илүү их зардал гаргах болох нь ээ?
-Тийм ээ. Манай улс бондын хөрөнгөө ирээдүйд орлого олох зүйлд зарцуулж чадахгүй байгаа учраас өрийн дарамтад орох нь гарцаагүй. Тиймээс бид таван жилийн дараа дээрх өрийнхөө эхний хэсгийг төлөхдөө нэг бол татвар төлөгчдийн мөнгийг өгнө. Үгүй бол дахин бонд гаргах замаар мөнгө зээлэх шаардлагатай болно.
Өнөөдрийн байдлаар татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ямар ч боломжгүй. Тэгэхээр шинээр зээл авч, хуучин зээлээ төлөхөөс өөр аргагүй болно.
-Зээлээ төлөхийн тулд шинээр зээл авах нь мөн тэр зээл нь өнөөдрийнх шиг 5.25 хувийн хүүтэй байхгүй нь тодорхой болж байх шиг байна?
-Тийм ээ. Мэдээж манай улсад 4.25, 5.25 хүүтэй мөнгө олдохгүй. Тиймээс өрийн хямрал гэдэг зүйл босч ирнэ. Латин Америкийн орнуудад ихэвчлэн тохиож байсан энэ хямралаас гарах хамгийн гол гарц нь бондын хөрөнгөө эдийн засгийн үр ашигтай зүйлд зарцуулах явдал.
-Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын бонд гаргах талаар ярилцаж байсан. Энэ мөнгөнөөс өмнөх өрөнд зарцуулагдах болов уу?
-Гаднаас ирсэн мөнгийг хаана юунд зарцуулах нь Засгийн газрын мэдлийн асуудал. Судлаач хүний хувьд хэлэхэд эдийн засгийн үр ашигтай төслүүдээ бэлэн болгочихоод л хөрөнгөө босгоосой гэж бодож байна.
Манай улс 2018 онд 580 сая, 1.5 сая ам.долларын эхний төлөлт гэхэд хоёр тэрбум ам.доллар болно шүү дээ. 3.5 тэрбум ам.доллар босгоход 10 хувийн хүүгээс доош босгож чадахгүй л болов уу. Энэ мэтээр их өр тавих нь тийм ч сайхан зүйл биш.