Үндэсний бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Данзантай наадмын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Дөрөвхөн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Гэтэл МҮБХ-ноос дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нартай холбоотой асуудлаа цэгцэлж чадахгүй байна. Өчигдөр А.Сүхбат аварга мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр танайх мэдээлэл хийж байна. Хэрүүлийн чанартай ч юм шиг энэ асуудал цаашид ингээд үргэлжлээд байх юм уу. Ер нь холбооны зүгээс уг асуудлыг таслан зогсооход ямар арга хэмжээ авах вэ?
–Өчигдөр А.Сүхбатыг мэдээлэл хийнэ гэж мэдээгүй. Манай холбоо өчигдөр тэргүүлэгчдийн хурлаа хийгээд, өнөөдөр хэвлэлийн хурал зарласан. Харин А.Сүхбат тэргүүлэгчийн хурал 14.00 цагт болно гэдгийг манайхаас мэдэгдэл аваад, манай хуралд ирэхгүйгээр давхацуулж, хэвлэлийн хурал хийсэн байсан.
Бид энэ удаагийн хурлаа А.Сүхбатын эсрэг хийж байгаа юм биш. Монголын үндэсний холбооны хууль, дүрмийн 3.5-д зааснаар “Бүртгүүлсэн бөхийг эрэмбэлдэг гол субект нь бөхийн холбоо байна” гэсэн байдаг.
Өөр хэн ч бөхийг эрэмбэлэхгүй. Харин А.Сүхбат бөхийн эрэмбийг Ерөнхийлөгч, Төр тогтооно гэж үзээд байгаа бололтой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт цол олгохдоо үнэмлэхийн дугаараар эрэмбэлээрэй гэж огт хэлээгүй.
-Өнгөрсөн жил бас л энэ асуудал болж байсан. Тэр үед А.Сүхбат аварга зүүнээ манлайлаад, амлаж аваад тахимаа өгөөд өнгөрсөн. Гэтэл бүтэн жил гаруйн хугацаа өнгөрсөн байхад энэ асуудал дахин давтагдаад байгаа юм бэ. Танай холбоо өнгөрсөн жилийн наадмын дараа энэ асуудлыг цэгцэлж болоогүй юм уу?
-Дүрмээр олгосон эрх бүхий мэргэжлийн байгууллага нь бөхийн холбоо байдаг. МҮБХ тэргүүлэгчдийн хурлаар хоёр дархан аваргыг “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 3.6.1 заалтыг баримтлан амжилтаар нь эрэмбэлэхдээ Г.Өсөхбаярыг урьд нь эрэмбэлсэн. Энэ эрэмбэ хүчин төгөлдөр гэдгийг саяхан хуралдсан тэргүүлэгчийн хурлаараа дахин нотолсон. Энэ шийдвэрээ Ерөнхийлөгчид уламжилсан байгаа.
Өнгөрсөн жилийн хувьд Г.Өсөхбаяр арт түмнээ хүндлэх үүднээс барууныг манлайлсан. Түүнээс биш би А.Сүхбатаас дутуу эрэмбэтэй хүн, би хоёр дээр зогсоно гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй юм. Үүнийгээ манайд албан ёсоор мэдэгдсэн.
-Тэр үедээ шийдлээ яагаад олоогүй юм бэ?
-Чинийхээр яах ёстой юм бэ. Битгий барилд гэх үү? Энэ чинь хэцүү байна шдээ.
-Өнгөрсөн жилийнх шиг хоёр аварга зүүний манлайг булаацалдаад, барилдаан эхлүүлэхгүй бол яах юм бэ?
-Энэ жил тийм асуудал давтагдахгүй байхаа гэж итгэж байна. Монгол улсын иргэн хүн Монгол улсын хуулийг биелүүлэх ёстой. Өнгөрсөн жилийн наадмын өмнө эрэмбээ зарласан. Гэтэл А.Сүхбат би зүүний магнайд гарч ирнээ гээд л барьцсан. Тэгэхэд Г.Өсөхбаяр наадамчин олноо хүндлээд, баруундаа гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй.
Түүний дараа өнгөрсөн 2014 оны 8-р сард МҮБХ-ноос Ерөнхийлөгчийн Тамгийн газарт Г.Өсөхбаяр нь эрэмбээрээ дээр нь байгаа гэдэг тайлбараа өгчихсөн байгаа. Энэ жил А.Сүхбат өөрөө Ерөнхийлөгчид өргөдөл гаргаад, асуудлыг дахин дэвэргэсэн. Ерөнхийлөгчийн зүгээс хууль дүрмээрээ яахаа шийд гэсэн үүргийг манай холбоонд өгсөн учраас, бид үүргийнхээ дагуу ажиллаж байна.
-Талбайгаас зугтаад гарсан бөхөө барилдаанаас хасчихдаг. Гэтэл А.Сүхбат аварга зүүний манлайд гарна гэж зүтгэхээр нь зүүний манлайгаа өгөөд л, бусад бөхчүүдэд нь дүрэм үйлчлээд л байдаг. Үндэсний бөхийн холбооны дүрэм ямар хүмүүст нь үйлчлээд, ямар нь үйлчилдэггүй юм бэ?
-Наад асуудал чинь зөв л дөө. Өнгөрсөн жилийн наадмаар гадаад, дотоодын гурван сая хүн хараад сууж байхад бөхийг хасч болохгүй байсан. Ямар баривчлаад, хүчээр гаргалтай биш. Тийм биз дээ. Тэгэхэд Г.Өсөхбаяр ард түмэн, Төрөө хүндлээд баруун тийшээ явж асуудлыг намжаасан. Өөр асуудал байхгүй.
-Өчигдөр А.Сүхбат аварга мэдээлэл хийхдээ “50-иас доош насны улсын цолтой бөхчүүдийг эрэмбэлэх үед миний нэр байгаагүй” хэмээн мэдэгдсэн. Та үүнд тайлбар хэлээч?
-2006 онд А.Сүхбат зодог тайлсан байсан. Тийм учраас бид улсын цолтой 50-иас доош насны бөхчүүдийг эрэмбэлэхдээ А.Сүхбатыг 2009 он хүртэл оруулж явсан. Тэгээд 2009 онд Г.Өсөхбаяр аварга дөрөв дэх удаагаа түрүүлээд, адилхан Даян аварга цолтой болсон. Тэгээд эрэмбэлэхэд А.Сүхбат, Г.Өсөхбаярын дээр гарч ирсэн. Ингээд 2010 оноос хойш А.Сүхбатыг барилдахгүй юм байна гэж эрэмбэнээсээ хассан.
-А.Сүхбат аваргын хэлж буйгаар барилдахгүй байгаа ч, амьд сэрүүн байгаа бөхчүүдийг оруулсан гэж тайлбарлаж байсан.
-Үгүй шүү дээ. Барилдахгүй байгаа бөхчүүдээ оруулаагүй, байхгүй. Та нар худлаа гэж бодож байвал 2010 оноос хойшхи эрэмбийг үзэж болно.
-Аймгийн наадамд түрүүлсэн бөхийн цолыг Үндэсний бөхийн холбоо хурааж авсан гэх асуудал өнгөрсөн жил гарсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хэн нэгэн Монгол улсын хуулийг зөрчиж байгаа үед холбоо, төрийн бус байгууллага, хувь хүн хуулийн зөрчлийг арилгуулахын тулд тэмцэх үүрэгтэй. Үүнтэй адилхан монгол бөхөд гарсан зөрчлийг манай холбоо арилгах үүрэгтэй. Хөвсгөл, Дундговь аймгууд барилдах 256 бөхөө эрэмбэлээд цолоо өгөөд явж байгаа.
-Ер нь энэ жилийн хувьд бөхийн барилдааныг хэрхэн зохион байгуулах гэж байна. Засуулуудад энгэрийн камер зүүсэн гэх шууд дэгдээд байгаа. Энэ үнэн үү. Үндэсний бөхийн холбоо энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Үнэн. Цагдаагийн байгууллагаас эдгээр камеруудыг баяр наадмын өдрүүдэд бидэнд хэрэглүүлэхээр болсон.
Засуулуудыг камержуулна гэхээр зарим хүн буруугаар ойлгож байна. Барилдааны явцад бөхчүүд үйл хөдлөлөөрөө таагүй байдал гаргаж байгааг хүмүүс шууд хардаг. Гэтэл бөхчүүд хоорондоо болон засуул цэц, салбар хорооны хүмүүстэйгээ юуны талаар ярьж байгааг мэдэх боломжгүй. Түүнээс болоод хэл ам хийж, ёс жудаггүй гэж “цоллодог”. Тэгэхээр энэ явдлыг таслан зогсоох, баримттай болгох үүднээс засуулуудыг камержуулахаар болсон юм.
Түүнээс хүмүүсийг тагнаж, чагнаж байгаа хэрэг биш. Бид бөхчүүдийн итгэмжлэл дээр хуулийн заалтыг нь дурдаж байгаад, энэ жилээс эхлэн засуулуудад энгэрийн камер зүүлгэх талаар мэдээлнэ. Энгэрийн камераар барилдааныг шүүхгүй гэдгийг хүмүүс сайн ойлгох хэрэгтэй.
-Энэ жил бөхчүүд хиймэл зүлгэн дээр анх удаа барилдах гэж байна. Бөхийн холбооноос аюулгүй байдлыг хангах зорилгоор сорил барилдаан хийсэн үү?
-Цэнгэлдэх хүрээлэнг хиймэл зүлэгтэй болгох талаар хоёр жилийн өмнөөс ярьсан. Тэгэхээр нь Бөхийн холбоо тэргүүлэгчдийнхээ хурлыг Цэнгэлдэхийн хажуу талын хөлбөмбөгийн талбайд хийсэн. Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд улсын арслан, заан, харцага, гарьд, начин тэргүүтэй долоон бөх байдаг. Тэгээд бид “Аварга” дээд сургуулиас залуу бөхчүүд авчраад хиймэл зүлгэн дээр барилдуулсан. Тэгэхдээ халтиргаа гулгаа, нойтон байвал ямар байхыг нь үзэхээр ус асгаж байгаад барилдуулахад дажгүй сайн байсан.
Би саяхан Цэнгэлдэх хүрээлэнд очоод нэлээд өндрөөс хиймэл зүлгэн дээр унаж үзлээ. Тэгэхэд надад доргилт мэдэгдэхгүй л байна. Харин хөлийн ул нэг сантиметр орчим шигдэж байсан. Гэтэл үүнийг сайн мэдэхгүй манай зарим бөх “Уламжлал алдагдлаа’’ гэсэн агуулгатай зүйлийг ярьсан байна лээ.
-Бөхчүүдийн шагнал, бай олгох журамд өөрчлөлт орсон уу?
-Хэвээрээ байгаа. Гэхдээ бөхийн бай, давааны шагнал хоёр тусдаа ойлголт юм. 50-аас дээш настай дархан аваргууд, үзүүр түрүүнд тодорсон бөхчүүдэд боодолтой зүйл өгдөг. Энэ нь эртнээс уламжилсан бэлгэдлийн чанартай есөн зүйлээс бүрдсэн, 150 мянга орчим төгрөгийн үнэтэй зүйл байдаг. Энэ бол төрийн хүндэтгэл бэлгэдлийн зүйл. Үүнд давааны шагнал багтдаггүй. Харин түрүү бөхийн бай гэж хэлдэг.
Ер нь түрүү бөхийн давааны шагнал 15 сая төгрөг байгаа. Үзүүрлэсэн бөх 10 сая төгрөг авдаг. Энэ жилийн хувьд манайх 85 сая төгрөгийн төсөвтэй байгаа. Үүний 73 саяыг нь бөхчүүдэд зарцуулна. Үлдсэнийг нь уяачид, хүүхдийн наадам, эм тариа болон ажилласан хүмүүст өгнө. Мөн 1000 литр айраг авдаг.
-Жил бүрийн наадмаар допингийн тухай асуудал үүсдэг. Үүнд энэ жил хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Арав гаруй жил энэ асуудлын талаар ярьж байна. Энэ жил бөхчүүдэд “Би мэдэлгүй допинг хэрэглэчихлээ” гэж хэлэх эрх байхгүй. Учир нь, Үндэсний бөхийн холбооноос энэ талаарх сурталчилгаа мэдээлэл, танин мэдэхүйн ажлыг хангалттай зохион байгуулсан. Номуудыг ч бөхчүүдэд хангалттай тараалаа. Мөн интернэтээс энэ төрлийн мэдээллийг дэлгэрэнгүй авах боломжтой болжээ.
Манай нийт бөхчүүдийн 58 хувь нь их, дээд сургууль төгссөн байна. Бага, дунд боловсролтой бөх бараг байхгүй. Гэхдээ болдоггүй эмүүдийг оруулж ирж, залуучуудад өгдөг, баригдахгүй мэдэгдэхгүй гэж хуурдаг сүлжээ байж магадгүй тухай хүмүүс яриад байгаа юм. Үүнтэй Үндэсний бөхийн болон Олимпын хороо, Допингийн эсрэг төв гэсэн гуравхан байгууллага яаж ч тэмцээд дийлэхгүй. Хил, гааль, цагдаа, төр оролцож байж үүнийг үндсээр нь таслан зогсоож чадна
-Та сая мэдээлэл хийхдээ А.Сүхбат аваргаас допинг илэрч байсан хэмээн ярьсан. Хэдэн онд тийм зүйл болсон бэ?
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу