Б.Чинбат: “Түмэн хишигтэн”-ийг бүтээхэд ер бусын мэдрэмжээр хөглөгдсөн

 Төгөлдөр хуурын яруу эгшгийнхээ хүчээр энэ цаг үеийн урлагийн “Түмэн хишигтэн”-үүдийн нэг болж яваа, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Чинбат удаан хугацаанд сэтгэл, оюунаа чилээсэн орчин цагийн симфони туульсаа үзэгчдэд хүргэхэд бэлэн боллоо. Тэрбээр“Түмэн хишигтэн” төслийг гардан ажиллахдаа олон ч уран бүтээлчийг чиглүүлэн, тэднийг цоо шинэ бүтээлийнхээ түлхүүр утас болгон хөглөжээ. Өнөөдөр Б.Чинбатын “Түмэн хишигтэн”үзэгчдийн өмнө хөшгөө нээнэ. Шинэхэн бүтээлээ өлгийдөн авахаар догдлон яваа МУСТА Б.Чинбаттай “Бүх монголчуудад” хэмээн хаягласан симфони туульсынх нь талаар ярилцлаа.  

 -“Түмэн хишигтэн” туульс урлагийн ертөнцөд мэндлэхэд хэдхэн цаг үлдлээ?

-Тийм ээ. Энэ бүтээл надтай хамт амьдрах гэж байгаад туйлын их баяртай байна. “Түмэн хишигтэн”-ээ өлгийдөж авах энэ цаг тулгар төр байгуулагдсаны 2222, ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жи­лийн ойтой давхцаж буй нь сайхан байна. Энэ бүтээл бол их түүх, “Түмэн хишигтэн”-ээрээ бахархсан бүрэн хэмжээний симфони туульс юм.

 -Симфони туульс гэж юу вэ. Урьд нь энэ төрөл манай урлагийн салбарт хийгдэж байв уу?

-Энэ нь нэг ёсны магтуу юм. Үүнийг ойлговол Их Монгол Улс, “Түмэн хишигтэн”-ий тухай бүх­нийг өгүүлсэн өгүүлэмж гэсэн үг. Тэр дундаас нэг зүйлийг хэлэхийг хичээсэн. Хэрэв та монгол хүн мөн бол надаар хэлүүлэлтгүй, заавал тайлбар авахгүйгээр “Түмэн хишигтэн”-ийг сонсоод л өөрийгөө болон эх түүхээ мэдрэх болно.

-Зохиолыг бичихэд ямар эрэмбэ тогтоосон бэ? 

-Зохиолын эхэн хэсэгт эх хүн хэмээх аугаа том ертөнцийг харуулъя гэж бодсон. Ингээд цаашилбал түмэн хишигтний өөрсдийнх нь түүх. Байлдан дагуулалт, ялалт, омогшил, баяр хөөр, гуниг, гутрал гээд бүх зүйл энэ л хөгжимд шингэж чадсан болов уу гэж найдаж байгаа.

Эл төсөл маань найман зууны тэртээх Чингис хааны үеийн түүх, соёл, ахуй амьдралыг өгүүлэх 10 мянган баатрын хөшөөний нээлтэд зориулагдсан.

 

-Бүтээл төрөх агшин, хугацаа гэж байдаг. “Түмэн хишигтэн” бүрэлдэн бий болохоос эхлээд төрөх хүртлээ тантай хэр хугацаанд хамт байв?

-Ерөнхийдөө бүтээлээ бий болгохын тулд сар гаруй хугацаанд өөрөө дотор нь орж, тухайн үеийн буюу Их Монгол Улсын аж, ахуй амьдралын дэргэд байгаа мэт, тэр орчинд очсон мэт мэдрэмжээр амьдарсан. Нэг сарын хугацаанд шаналж, бодож, уйлж, омогшиж байж бүтсэн бүтээл юм.

 -Хэчнээн уран бүтээлч оролцсон бэ?

-“Түмэн хишигтэн” симфони туульсын хөгжмийг Монголын радио дахь манай улсад байдаг цор ганц том хэмжээний студид Төрийн их найрал хөгжмийн удирдаач, МУСТА Н.Буянбаатартай 70 гаруй үндэсний хөгжимчин, дуурийн театрын 50 дуучинтай хамтран  бичсэн. Ийм том хэмжээний үйл ажиллагаанд бүтээсэн үндэсний бүтээл гэж ойлгож болно. Нийтдээ 120 хүний бүрэлдэхүүнтэй “Түмэн хишигтэн”-ийг амилууллаа.

 -Танд яагаад “Түмэн хишигтэн”-ийг бүтэх сэдэл төрсөн бэ?

-Надад анх энэ бүтээлийг хамтран хийх саналыг “Түмэн хишигтэн” компани тавьсан. Бид анх ярилцахдаа үндэсний хэмжээнд өгүү­лэгдэх, тэдэнд мэдрэгдэх ийм том бүтээл туурвих ёстой гэдэг дээр санал нийлсэн. Энэ саналаас татгалзах шалтгаан байгаагүй.

Би өөрөө монгол хүн. Дэл­хий нийт манай ул­сыг аугаа их түүхээр нь таньдаг. Бидэнд түүхээрээ бахархах шалтгаан бий. “Түмэн хишигтэн” компани Чингис хааны морин дэл дээр ташуураа тулаад алсыг ширтэж буй хөшөөг сүндэрлүүлсэн. Энэ бол дэлхийд ганц бүтээл. Түүнтэй адилхан дэлхийд цорын ганц “Түмэн хишигтэн”-ийг магтуу болгон хөгжмөөр амилуулж байгаа.

Энэ хөгжим бол их эзэн хааны хөшөөний бэлд 10 мянган цэргийн бүтээн бай­гуу­лалтын нээлтэд зориул­сан. Тэнд бий болсон түмэн хишигтнүүд олон зүйлээрээ давуу талтай.

Жишээлбэл, манай ол­ны танил урлаг, спортын хүрээнийхэн гэлтгүй жирийн иргэд ч хайртай аавыгаа, ахыгаа, өвөөгөө дүрслэн нүүр царайг нь бүтээх боломжтой. Тэр 10 мянган цэрэг жирийн иргэдийн өвөг дээдсийн дүрээр амилах гэж байгаагаараа онцлогтой.

 -“Түмэн хишигтэн” өнөөдөр ард түмний өмнө хөшгөө нээнэ. Үйл ажиллагаа ямар өнгө төрхтэй байх бол?

-Арга хэмжээ үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын задгай талбайд болно. Энэ үдэш, үзэгч олон Монголын ард түмэндээ зориулж “Түмэн хишигтэн” симфони туульсыг нээх гэж байна. Би их догдолж байна. Бас омогшиж байна. Нээлтийн үйл ажиллагааг монголчууд ирж үзээсэй. Их түүхээ мэдрээсэй. Яг энэ цаг үед шинэ Монгол мандаж байна. Энэ тоглолтод шинэ Монголыг цогцлоох залуучууд маань ирээсэй. Би ийм зүйл хүсч байгаа.

-“Түмэн хишигтэн”-ий нээлтийг ямар уран бүтээлчид чимэх вэ?

-Өнөөдрийн тоглолтыг задгай талбайд хийж бай­гаагаараа онцлог. Бид ямар ч тасалбар, хураамж авахгүй. Ашиг хараагүй гэсэн үг. Тийм болохоор хүн бүхэн ирээсэй гэж ам бардам хэлж, тэднийг харуулдаж байгаа. Тоглолтод нийт 130 гаруй уран бүтээлч оролцоно. Юун түрүүнд “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээ өргөнө. Мөн уртын дуучид үзэгчдэд бэлэг барих юм. “Эртний сайхан” буюу манай анхны төрийн дууллыг нийт монголчууддаа зориулахаар бэлтгэж байгаа. Төрийн дуул­лаа эгшиглүүлсний да­­­­раа үйл ажиллагаагаа ёслол төгөлдөр нээх болно. Миний бодлоор өнөөдөр уран бүтээлээ өргөх уран бүтээлч, найрал хөгжимчид маань өнөө цагийн түмэн хишигтэн юм болов уу. Тэдэнгүйгээр бидний амьд­­ралд хүчилтөрөгч байх­гүйтэй адилхан. Миний багт орж ажилласан бүх уран бүтээлчдээ талархаж байна. Бид маш олон өдөр бэлтгэл хийсэн. Сайхан залуучууд, уран бүтээлчдийнхээ хөдөл­мөрийг энэ үдэш бүх монгол түмнийхээ өмнө сэтгэл бардам, сэтгэл өег нээхэд бэлэн боллоо.

images (1)

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …