Бидний барьж буй утас, хэрэглэж буй компьютер хүртэл “ухаалаг” алдартай болчихлоо.
Сүүлийн үед засаг төр, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүхий л ажлаа “ухаалаг” гэдэг үгтэй холбох болж. Анх хуучин иргэний үнэмлэхээ “ухаалаг” нэртэй цахим иргэний үнэмлэхээр солих ажил эхэлсэн. Гэвч энэ үнэмлэхнийхээ ухааныг Монголчууд хараахан үзэж эхлээгүй л байна. Чухал уншуулдаг картаа хэзээ бүрэн утгаар нь хэрэглэхийг хэлж мэдэхгүй.
Мөн дараахнаас цахимд холбогдсон бүх ажлаа ухаалаг гэж нэрийдээд буй. Хамгийн сүүлд хийгдэж буй нэг “ухаалаг” нэртэй ажил нь нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрч буй. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ кондуктарт загнуулан зандруулан мөнгөө төлдөг байсан бол маргаашаас эхлэн иргэн та карт уншуулж явах боломжтой болох юм.
Тэр картыг “U money” цэг гэсэн хаягтай газраас цэнэглэлтийн хэмжээгээр худалдан авахгүй бол таны мөнгийг маргааш хураах кондуктар ажиллахгүй гэсэн үг.
Нэг талдаа хаа хаанаа чирэгдэлгүй үйлчилгээ нэвтэрч буй нь сайшаалтай ч эхлээд иргэд, үйлчлүүлэгчиддээ мэдээллийг хангалттай өгч, сургаж дадлагажуулах ажил хангалтгүй байна.
Цахимаар төлөх бүү хэл татуулж чангуулж байж төлдөг зарим иргэд энэ завшааныг ашиглан, эцэст нь нийтийн тээврийн үйлчилгээний компаниуд алдагдалтай ажилласан гэдэг нэрээр түрий барьж, хичээл сургууль эхлэх, ажил ундрах үест ажил хаялт зарлан, үнээ нэмэх барьцаагаар дуусах бий вий.
Ингээд өнөөх гайхал “ухаалаг” системийн ачааг иргэд нуруундаа үүрэх хэрэг гарахыг үгүйсгэх аргагүй юм.
Г.Эрдэм