Цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрх олгох ажлууд хийгдэж байна

2012_08_14Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдсан. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна.

Монгол, Чехийн хамтарсан “Мон-Чех Ураниум” ХХК-г байгуулан ажиллаж байгаа ба хувьцааны нь 51 хувийг монголын тал хуулийн дагуу эзэмших юм. Мөн Францын хөрөнгө оруулалттай Кожеговь ХХК-нд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд орших Дулаан-Уул, Зөөвч овоогийн ордуудад цацраг идэвхт ашигт малтмал ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон. Ингэснээс Монголын “Мон-Атом”, Францын “Арева”, Японы “Мицубиши” зэрэг компанийн оролцоо бүхий “Арева Майнс” хамтарсан компанийн ашиглалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажил эхэлж байна.

“Эрдэс баялгийн салбар 2025-II” хэлэлцүүлэг болсон

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү хэлэлцүүлгээр өнгөрсөн жилийнхээ хэлэлцүүлгээс гарсан уриалгын хэрэгжилтийг дүгнэж,  улмаар энэ онд хийж гүйцэтгэх ажлаа уриалга болгон гаргалаа. Энэхүү уриалгад, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулах, эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн асуудлаар улс төржихгүй байж, бодлогын шийдвэр гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилах, хуулийг дээдлэх зарчим баримтлах талаар уриалгад тусгасан.

Орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний загвар боловсруулж байна

Манай яамнаас орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээний загварыг олон улсын нэр хүнд бүхий “Хоган Ловеллс” хуулийн фирмтэй хамтран боловсруулж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү ажлын хүрээнд уг загвар гэрээнд зайлшгүй тусгах шаардлагатай орон нутагт тулгарч буй нийтлэг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох үүднээс Улаанбаатар хот болон Өмнөговь, Төв, Дорноговь зэрэг аймагт хэлэлцүүлэг зохион байгуулаад байна. Хэлэлцүүлэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий аймаг, сумдын 150 орчим төлөөлөл, уул уурхайн 60 орчим компани болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжиж байна

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Уул уурхайн сайдын тушаалаар орон тооны бус Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулж, түүний ажиллах журмыг баталсан.

Эрдэс баялгийн бодлогын зөвлөл нь нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Зөвлөлийн даргаар Уул уурхайн сайд, гишүүдэд яамны газар, хэлтсийн дарга, Ашигт малтмалын газар, Газрын тосны газрын дарга нар болон салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, хөрөнгө оруулагч, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн төлөөлөл ажиллаж байна.

Бодлогын зөвлөл нь эрдэс баялгийн салбарын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль санаачлагчдын боловсруулсан хуулийн төсөл, салбарын хөгжлийн стратеги, ойрын, дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллаж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай” хуулийн төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Уурхайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн тесөл, “Эрдэс баялгийн биржийн тухай” хуулийн төслийн үзэл баримтлал, Үндэсний геологийн алба байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох санал, зөвлөмж гаргаад байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдлээ.

Эрдэнэт үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсэгт нийт 155.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж өргөтгөснөөр хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж 32 сая тонн боллоо. Мөн 119,027 тонн цэвэр зэс гаргаж байсан нь 26,000 тонноор нэмэгдэх боломжтой боллоо. Зэсийн баяжмал 516,813 тонн үйлдэрлэж байсан нь 113,000 тонноор өсч, баяжуулах фабрикийн 1082 ажилчин 33 шинэ ажиллах хүчнээр нэмэгдэв. Зэсийн баяжмалын орлого 1.3 их наяд төгрөг байсан бол 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 462 тэрбум төгрөгийн татвар төлдөг байсан нь 73 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

Уул уурхайн сайдын багцын орлого 79.9 тэрбум төгрөг болов.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Ашигт малтмалын газар нийт 21.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 16.7 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 877.8 сая төгрөг, бусад орлого 3.9 тэрбум төгрөг байна.

Газрын тосны газар нийт 58.4 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн.Үүнээс газрын тосны орлого 57.0 тэрбум төгрөг, бусад орлого 1.4 тэрбум төгрөг байна.

Ингээд Уул уурхайн сайдын нийт багцын орлого 79.9 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрсөн байна.

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл

Энэ оны эхний 6 сарын байдлаар нүүрс 11.4 сая тонн, алт 3.6 тн, газрын тос 525.4 мянган тонныг тус тус олборлов. Хайлуур жоншны баяжмал 107.5 мянган тонн, зэсийн баяжмал 592.3 мянган тонн,  төмрийн хүдрийн баяжмал 2.1 сая тонн, цайрын баяжмал 45.4 мянган тонныг тус тус үйлдвэрлээд байна.

Энэ оны эхний хагас жилд зэсийн баяжмал 663.8 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 2.3 сая тонн, алт 4.0 тонн, нүүрс 6.9 сая тонн, газрын тос 514.5 мянган тонныг тус тус экспортлосон байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор газар нутгийн 19.9% буюу 31.1 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд:

  • Өргөдлөөр 13.4 % буюу 20.9 сая га
  • Сонгон шалгаруулалтаар 6.5 % буюу 10.2 сая га тус тус ногдож байна.

Эхний ээлжинд уртрагийн 104 градусын баруун талд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байна. 2015 оны 1-р сарын 26-ны өдрөөс эхлэн 23 удаа цахим хэлбэрээр 2235 дугаарыг олгосноос 1141 дугаар авсан аж ахуйн нэгж цагтаа ирж өргөдлөө гаргаагүй, дугаарын дагуу ирсэн 1094 өргөдлийг бүртгэн хянан шийдвэрлэсэн байна.

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой 103 талбайд орон нутгийн удирдлагаас санал авах мэдэгдэл хүргүүлсэн.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …