Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд дөрвөн настай охиноо санаатай хөнөөсөн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.
Улсын яллагчийн зүгээс Г.Маралмааг хүний амь нас онц хэрцгийгээр, биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хөнөөсөн хэмээн буруутгаж 25 жил, Т.Цогтыг хүний амь насанд санаатайгаар халдсан хэмээн 22 жилийн ял оноохоор төлөвлөсөн байсан.
Тэгвэл дөнгөж сая Шүүх эцсийн шийдвэрээ гаргаж тус бүр нь 24 жилийн ял оноолоо. Улмаар Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гаргав.
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/ 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган шүүсэн юм.
Хэрэгтнүүдийг шүүх хурал дуусмагч ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу авч явав.
Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан тул Г.Маралмаа нь хүүхдээ хорих ангид төрүүлж, нэг ой хүрэхээр нь асран хамаалагчид шилжүүлж өгөх юм.
Хэргийн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Мөнхбаяр, Ш.Төгсгэрэл, С.Оюунчимэг ажиллалаа.
Тухайн үед хохирогч охины ээжийн найзын анх олон нийтийн сүлжээгээр түгээсэн мэдээг бүрэн эхээр нь хүргье.
“Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4хөн настай хайрт охиноо 2015 оны 2 сарын 21-нд төрсөн эцэг болон хойт эхийнх нь гарт хэрцгий, бусармаг үйлдлээс болоод алтан амийг нь алдчихлаа.
Охины эцэг болох Т.Ц нь миний найзтай гэрлээд 3,4 жил болж байсан бөгөөд Г.М гэх хүүхэнтэй явалдаж 2 жил гаруй үйлийг нь үзсэн. Тэгээд нөгөө хүүхнийх нь хэл амнаас айж аргагүйн эрхэнд охиноо эцэггүй өсгөх болсон юм.
Гэтэл охиноо авна гээд эцэг нь өнгөрсөн 9 сард хүчээр авч, өсгөхөөр болж аргагүй эрхэнд ээж нь өгч явуулсан бөгөөд хааяа нэг уулзах боломж гардаг байсан юм. Хойт эхтэйгээ амьдардаг нялх балчир охиндоо санаа зовж хажуу айл, таньж мэдэх хүмүүсээсээ асууж сураглан чих тавин суухаас өөр арга байгаагүй юм.
2 сарын 10-нд охиноо авч 2 хоног өөр дээрээ байлгах боломж олдсон бөгөөд 2 дох хоног дээр эцэг, хойт эх 2 нь утсаар доромжлоод байхаар нь бид шөнийн 3 цагт охиныг нь хүргэж өгсөн юм.
Тэгтэл 2 сарын 17-ны өглөөний 9.00 цагт эцэг Ц нь ээж рүү нь залгаж БЗД-ийн эмнэлэгт охин нь сэхээнд байгааг дуулгасан. Найз маань энэ мэдээг сонсоод юу бодож явсан бол гэхээс зүрх зүсэгдэх шиг болохын. Гэтэл 2 сарын 12-нд охин тархиндаа хүнд гэмтсэн. Цус харвасан, хамаг бие нь хөх няц болсон байдалтай эмнэлэгт уулзсан. Эцэг Ц-с асуухад хэнэгчгүй метр гарантай шатнаас унасан гэсэн тайлбар хийсэн байсан бөгөөд, нөгөө хүүхэн нь ухаан мэдрэлгүй эмчээс нь “би яанаа, эмчээ би яанаа” гэх юм асуугаад байж байсан. Хүмүүс Ц болон эхнэр М руу хашгирч дайрахад эцэг Ц нь нөгөө хүүхнээ хамгаалаад “Хэлээ хүрэх газар маргалдаж, Хөлөө хүрэх газар явж заргалд юу ч олж долоохгүй” гэх зэргээр доромжлон зогсож байсан юм. Цагдаа нар ирж шинжилгээ хийсэн бөгөөд хүнд зодуулсан болохыг нь тогтоосон.
Бас охиныг нь яаралтай гэмтлийн эмч дуудан үзүүлсэн бөгөөд эмчийн хийсэн тайлбар нь
– Охин чинь яаралтай хагалгаанд орох шаардлагатай, цус харваад 4,5 хоносон, найдвар тун бага, биеийн байдал маш муу байна гэсэн.
Бас өчигдөр эцэг Ц нь гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлсэн, гэхдээ гомдолгүй, хэвтүүлэхгүй гээд өргөдөл бичээд охиноо аваад явсан нь
баталгаатай байна гэсэн тайлбар тавьсан. Муу алуурчин, тэр үед охиноо гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн бол өдийд охин нь сэргэх боломжтой байсан юм.
Тэр өдрөө гэмтэлд аваачиж хагалгаанд оруулсан боловч нөжирсөн цусны хамт тархи гоожин гарч ирсэн гэж эмч нар нь хэлсэн. Гоожсон тархийг таслан авсан. Ер нь бол салах ёсоо хийсэн дээр, бэлтгэлтэй байгаарай гэсэн. Гэхдээ 5 хоногийн турш тэр хүүхэд тарчлан зовж үхэж чадахгүй байсан. Ухаангүй, хагас нүд нь хараатай, хэл нь жаахан цухуйж хатсан, хамаг бие нь хөх няц арай л дэндүү нүд халтирмаар. Эмчилж байсан эмч нь охиныг бас хүчирхийлүүлсэн байх магадлалтай гэсэн. Хярзан нь урагдалтай байна. Гэхдээ баталгаатай биш гэж байна лээ. Задлангаар тогтоогдоно.
Тэр 2 алуурчдын мэдээлэл гэвэл нийтийн байранд байдаг байсан юм байна лээ. Хоёулаа бөө гэнэ лээ. Охиныг өдөр болгон зодож дарамталдаг байсан бөгөөд, бие ч засуулахгүй, хоол ч өгдөггүй байсан гэж ярих, харсан гэрчүүд олон байгаа юм. Тийм байдалтай байдаг байсныг нь мэдсэн бол… Саажилттай гэсэн ээждээ хүрээд ир, насан туршдаа уучлалт гуйж асарч амьдаръя гэж гутарч суугаа найзыгаа хараад нулимсаа барьж дийлэхгүй байна.
Яаж төрүүлсэн охин нь билээдээ, арай ч дээ 4 настай охиноо алдсан тэр ээжийн сэтгэлийг яахын бэ? Эмнэлэгт сонссон танихгүй хүмүүс хүртэл зэвүүцэж, хорсож, уйлж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөм. Яахаараа ийм юм байж болдог байнаа. Одоо хэрэг нь шалгагдаж байгаа ч нөгөө 2 чинь бие бие рүүгээ чихээд байгаа юм байна лээ. Талийгаачийг задланд оруулсан бөгөөд хариу нь бас удаж гардаг сурагтай. Манай оронд байтугай миний танил дунд ийм юм болно гэж би төсөөлчиж байгаагүй. Ийм хэрэг үйлдсэн новшнуудад цаазаар авах ял ч багадсан гэлтэй. Тэгэхэд манай орон цаазаар авч болдоггүй хуультай.
Үйлийн үрээ эдлээд үхэж байхдаа таарсан яргачингууд. Нэг нэгнээ хайрлахаа больчихсон Монгол юмуу? Нэрийг нь бичээд, зургийг нь оруулаад шившиг болгоод өгье гэж бодсон ч бүрэн шийдэгдээгүй хэргийн сэжигтэнгүүдийг болдоггүй юм байхаа. Гэхдээ л зодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж байгаа.
Ийм юм бичиж та бүхний сэтгэлийг эвгүйцүүлье гэж бодсонгүй, зүгээр л ийм юм байдаг юм байна. Үр хүүхдээ үүнээс хойш хайрлаж хамгаалъя, анхааралтай байцгаая гэдэг үүднээс сануулга болгон хүргэж байна. Миний хамгийн их айж байгаа зүйл бол бэл бэнчин муутай, хамаатан садангүй найзыг маань дээрэлхэж муу адгийн новшнууд суларчих вий дээ л гэж бодохын. Ийм хүмүүстэй мөр зэрэгцэн амьдарна гэдэгтээ хэзээ ч эвлэрэхгүй учраас эцсээ хүртэл тэмцэнэ. Бяцхан охиноо гүнээ хүндэтгэсэн ээж Ө болон Э.М.А 3-н эгч нь…..
УМ МАНИ БАД МЭ ХУМ
Одоогийн хуулийн байж байгаа царайгаар ялгүй өнгөрөх магадлал өндөр учир цааш нь сайн тарааж өгнө үү.” хэмээжээ
Д.Үржин