Г.Янсанжав: Төгрөгийн ханшийг өсгөе гэвэл бодлогын хүүг нэмэх хэрэгтэй

yansanМонгол Улсын гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Г.Янсанжавтай ярилцлаа.

-Ирэх оны төсөв ид яригдаж байгаа энэ үед мэргэжлийн хүний хувьд шийдвэр гаргагчдад анхааруулж хэлэхээр зүйл байна уу?

-2016 оны Монгол Улсын төсвийн тооцоонд төгрөгийн ханшийг унагахаар авсан нь хэлэхгүй өнгөрч болохгүй асуудал. Урьд онуудад төсвийн тооцоонд нэг ам.доллар ойролцоогоор 1500 төгрөгийн орчимд хэлбэлздэг байсан. Гэтэл ирэх жил нэг ам.долларыг 2030 төгрөгөөр тогтоох гэж байна. Эндээс төгрөгийн ханшийг хэт унагаж болзошгүй байдал анзаарагдаж байна. Үндэсний валютынхаа үнэ цэнийг ингэж унагаж болохгүй.

Мөнгөний ханшийг төрийн мөнгөний бодлого, төсөв хоёр бие бие рүүгээ чихээд байна л даа. Монголбанкны зүгээс төсвөөс шийдэх асуудал дээрээ хөдөлж өгөхгүй юм, хэрвээ шийдчихвэл бид асуудлаа ойлгомжтой болгомоор байна гэсэн тайлбар хийдэг. Төсөв нь болохоор шийдэж чадахгүй дүр зураг ажиглагдаад байгаа. Зарим зүйлийг баримттайгаар хэлмээр байна. Сард 500 мянган төгрөгийн цалинтай хүнээр жишээлье. Тэр хүний цалин 2012 онд ам.доллар 1350 төгрөг байхад 370 ам.доллар, доллар 2000 дөхсөн энэ үед 250 ам.доллар болсон гэсэн үг. Дундаас нь зөвхөн ам.долларын ханшийн зөрүүгээр л 120 ам.доллар алга болчихсон гэж ойлгож болно. Үүнийг төгрөгт шилжүүлэхэд 240 мянган төгрөг. Энэ хэмжээний мөнгө ханшийн зөрүүнээс болж тэр хүний халааснаас алга болчихсон байх жишээний. Гэтэл хүмүүсийн цалингийн хэмжээ энэ хугацаанд нэмэгдээгүй. Долларын ханшийн өсөлт иргэдэд ингэж нөлөөлсөн. Үүнийг төв банкинд хэлж, ханшаа тогтоож барихын төлөө ажиллах ёстой. Гэтэл тэгэхгүй байна л даа.

-Долларын ханшийн өсөлт гаднаас орж ирэх ам.долларын урсгал багассанаас болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг хэн үргээсэн бэ, эхлэл нь хаанаа байна вэ гээд харахаар гол буруутан нь УИХ, Засгийн газар гээд явчих юм биш үү?

-Ямар нэг хэргийг эзэнгүй болгож хаяад байна. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах нь төв банкны үндсэн зорилт. Үүнийг хуулиар заагаад өгчихсөн. Тэгэхээр Монголбанк энэ тал дээр асуудал боловсруулах хэрэгтэй. Гэтэл ямар ч асуудал боловсруулахгүй байна.

-Таныхаар төв банк яах ёстой вэ, тодорхой гарц санал болгооч?

-Яг хуулийн дагуу хэрэглэх нэг том арга бий. Бодлогын хүүг нэмэх хэрэгтэй. Бодлогын хүүг бууруулж байгаад долларын ханшийг өсгөчихсөн шүү дээ. Тэгэхээр нарийн үндэслэл, тооцоотойгоор бодлогын хүүг нэмэх хэрэгтэй. Зээлийн хүү нэмэгдэхээр хадгаламжийн хүү дагаад өснө. Хадгаламжийн хүү нэмэгдэхээр төгрөгийн хадгаламж өснө. Одоо бол төгрөгийн хадгаламж буураад, ам.долларын хадгаламж нэмэгдчихсэн. Гэтэл төв банк доллар байхгүй гэсэн тайлбар хэлээд байгаа. Ам.долларын хадгаламж өсчихөөд байхад доллар байхгүй гэдэг бол ташаа тайлбар. Надад тодорхой мэдээлэл алга байна. Гэхдээ УИХ-ын гишүүдийн ярьж байгааг сонсоход Монголбанк гурван их наяд төгрөгийг үнэ тогтворжуулах хөтөлбөрт өгсөн юм билээ. Уг нь хуулиараа төв банк зөвхөн арилжааны банкуудтай л харилцах эрхтэй. Мэргэжлийн хүний хувьд харамсч байна. Монголбанкинд өртэй улс байна гэж мэдээлээд эхэллээ. Монголбанк энэ хүмүүсээс өрөө авах хэрэгтэй.

-Төсвөө таная, бага зардалтай амьдаръя гэцгээж байна. Үүн дээр таны байр суурийг сонсъё?

-Төсвийг танахаас аргагүй. Байшин барилга замбараагүй болсон. Яам, төрийн өмчийн агентлагууд гэхэд л дандаа өндөр байшингууд. Дүүрэг гэхэд л өөрийн гэсэн байртай хэрнээ тусдаа өндөр байшин бариулчихаж байна. Сангийн яаманд бүр орж ч болохоо байсан. Давхар бүр нь тусгай түгжээтэй, их тансаг барилгад ажиллах юм. Тэдний ажиллаад байгаа шинэ, тансаг барилгуудыг төсвөөс мөнгө гаргаж барьдаг. Төсвийн мөнгө хамаагүй урссаны ил баримтууд гэвэл энэ барилгууд байна. Ирэх жилийн төсөвт ийм хэрэггүй зүйлд мөнгө зарах хэрэггүй. Барилгын салбарт мөнгө хиймээргүй байна. Одоо гэхэд л баахан орон сууцны хороолол баригдчихсан. Ямар ч захиалгагүй. Орон сууцанд орох боломжтой нь орчихсон шүү дээ. Орон сууц зарагдахгүй болохоор барихад зарцуулсан мөнгө нь түгжигдэж таарна. Түгжигдсэн мөнгийг яаж тайлах вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод байна. Нэг хэсэгтээ гарахгүй байх. Орон нутгийнхан хот руу их ирж байна. Зарим нь бүр малаа туугаад ирчихсэн. Мал нь хотын захад борлогдохгүй байж байна. Бүх юмны харьцаа алдагдсаны нэг жишээ л дээ. Хот тойрсон малыг төрийн бодлогоор л зохицуулах хэрэгтэй байх. Малын үнэ буураад махны үнэ үнэмших аргагүй байдал руу орчихлоо. Ийм байдал газар авбал цаашдаа мах олдохоо байна. Тийм учраас энэ асуудлуудыг төсөв, төрийн мөнгөний бодлогоор л зохицуулж өгөх хэрэгтэй. Төрөөс гардаг мөнгө нэг бол төсвийн эсвэл зээлийн мөнгө байдаг. Хотын зах руу байгаа малыг яах вэ гэдгийг төсвөөс мөнгө гаргаж шийдэх хэрэгтэй.

-Жишээ нь та ямар гарц санал болгомоор байна?

-Махны томоохон үйлдвэр алга. Ийм үйлдвэртэй бол бөөндөж авах арга зам байж болно. Махыг экспортод гаргая гэж олон жил ярьж байгаа. Ажил болгох хэрэгтэй.

-Төсвөөс таначихмаар өөр юу байна вэ?

-Хавтгайрсан халамж. Ерөнхийлөгч өөрөө хүртэл сонгуульд идэвхтэй ажилласан хүмүүсийг халамжид хамруулдаг гэж ярьсан шүү дээ. Сонгуульд идэвхтэй ажилласан хүмүүсийн зарим нь группт орсон, гадаадад амьдардаг хүний халамжийн мөнгийг энд авдаг, нас барсан хүний тэтгэврийг үлдсэн нь авцгаадаг гээд өчнөөн жишээ сонсогддог. Нэгэнт жишээ нь яригдаад эхэлчихсэн энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Аль дүүрэгт хэн гэдэг иргэн нас барсан хүний мөнгө аваад байна гэдгийг нарийн тогтоох ёстой. Бүхэл бүтэн улс байж ийм асуудлыг зүгээр хараад сууж таарахгүй л дээ.

-Эдийн засаг таагүй байгаа энэ үед онцолж хэлчихээр өөр санаа, оноо байна уу?

-Сүүлийн үед хүмүүсийн хэрэглээ тансаг болсон. Харамсалтай нь бүгдийг нь зээлээр авчихсан гэдгийг статитистикийн баримтаас харж болно. Лизингийн, тэтгэврийн, орон сууцны зээл гээд яривал олон зээл байна. Зээлийг журмаар биш хуулиар зохицуулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг хүн машины, нөгөө нь утасны, гурав дахь нь байрны зээлтэй байхаар сүүлдээ яах вэ гэдэг том асуудал. Өвдөж зовбол яах вэ, эдийн засаг хямарвал яах вэ.

logo

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …