Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 оны зургаадугаар сарын 24-нөөс, 2009 оны зургаадугаар сарын 18-ныг хүртэл Монгол Төрийн жолоог атгажээ.
Ер нь бол МАХН-ын дарга тэрээр Монгол улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр есөн жил ажиллаж үзсэн цорын ганц улстөрч билээ.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хуучнаар ЗХУ-д төлөх ёстой 11.4 тэрбум шилжих рублийн өрийг тэглэж нэрийнхээ өмнө насаараа дурсагдах үйл хэргээ амжуулчихсан байсан нь түүний хамгийн давуу тал байв.
2003 оны Шинэ жилийн баярын өдөр Н.Энхбаярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд Москвад тэр үеийн ОХУ-ын Ерөнхий сайд М.Касьяновтой Монголоос төлөх их өрийн 98 хувийг тэглэсэн түүхэн тэмдэглэлт баярын шомпанскийг буудуулж зогссон билээ. Тэр ажиллагаанд оролцсон өнөөдрийн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй улстөрчид асгартал уйлцгааж байсан гэдэг.
Н.Энхбаяр 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат зэрэг өрсөлдөгчдөө төвөггүйхэн буулган авч нийт сонгогчдын 65 хувийн саналаар илүүрхэн ялж Монгол улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. П.Очирбатыг бодвол Н.Энхбаяр уул уурхайтай тэгтлээ гүнзгий хутгалдаагүй.
Монголчуудын хувьд нэг үе зөвхөн өгсөх л заяатай төрсөн мэт үзэгддэг байсан энэ хүн өнөөдөр II эмнэлгийн орон дээр өнгөрснөө эрэгцүүлэн бодож, ирээдүйг тунгаан хэвтээ нь тодорхой.
2000 онд УИХ-д МАХН үнэмлэхүй олонх болох үед ид яригдаж байсан газар хувьчлах асуудал ингээд “даший шог” боллоо гэх хүмүүс захаас аваад байсан. Харин тэр үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр энэ асуудлын учрыг тун ч амархан олж 2002 онд газар хувьчлах шийдвэр гаргаж дөнгөсөн нь түүний нэртэй холбогдох яах аргагүй түүхэн гавьяа билээ. Газар хувьд шилжсэнээр эдийн засгийн болон, улстөрийн ямар их дэвшил гарсныг өнөөдөр ч тоймтой базан хэлэхэд хэцүү юм.
Ер нь Монголын шинэ цагийн түүхэнд Н.Энхбаяр гэдэг хүний нэр хуссан ч, хассан ч яах аргагүй тод харагдах нь ойлгомжтой. Хаалттай нийгэм нээгдэж, түүхийн хуудас солигдоход яах аргагүй өөрөө нуран унаж байсан МАХН гэдэг бугшсан архаг сүлжээг Н.Энхбаяр л амлан авч, буцаан амьдруулсан түүхтэй. Үзэл санаа, итгэл үнэмшилгүй болж хоосроод байсан МАХН-ыг зөвхөн асар их мөнгө, басхүү тун ч их хүсэл, шунал буцаан амьдруулж чадна гэдгийг тэр үед түүнээс өөр сэхээрэн ойлгох хүн байгаагүй юм.
Н.Энхбаяр бол эрчилсэн хүчтэй, тун ч хоржин зальтай, хавь ойрынхноосоо толгой дээгүүр улстөрч байсан тэр л хэвээрээ үлдсэн.
Хэрвээ Н.Энхбаяр төр, засгийн бүх өндөрлөгт 15 жил байхдаа өөрийн бүх л сэтгэл зүрх, хүч энергийг улс монголынхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зориулсан бол яах аргагүй үндэсний их удирдагч болох байсан ч байж магадгүй.
Гэхдээ байгуулсан гавьяанаасаа дутахгүй гай балаг гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэртэй салшгүй холбоотой. Монголын нийгмийг авилга, хээл хахууль, хүнд суртлаар хэвтэрт ортол нь өвчлүүлж, төр засгийг эвдэн сулруулсан улстөрийн намын “шинэ” загварыг Н.Энхбаяр л анх хэрэгжүүлсэн түүхтэй.
Төрийн үйл ажиллагаанд бүхнийг мөнгөөр хэмждэг шулуухан хэлбэл авилга хэмээгч “бензин”-ээр ажилладаг засаг, төрийн шинэ машиныг Н.Энхбаяр ба түүнийг тойрон хүрээлэгчид анх асааж, хөдөлгөөнд оруулсан билээ.
Сонирхолтой нь гадаадын хэвлэл мэдээлэл түүний талаар ихэнхдээ сайн сайхан, эерэг мэдээлэл цацдаг байсан нь тавир том бие, нүүр дүүрэн инээмсэглэлээс нь болдог ч байж магадгүй. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулан Монгол Улсын гурав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсоных нь дараа “ВВС” агентлаг “Монголд хүчирхэг, шинэ цагийн удирдагч төрлөө” хэмээн бичиж байж.
Ерөнхийлөгчийн хувиар Энэтхэгт айлчлахад нь эхнэр О.Цолмонгийнх нь зургийг маргаашийнх нь гол сонин, сэтгүүлүүд эхний нүүрэндээ байрлуулж магтан, сайшаасан мэдээ материалууд гарч байжээ. Түүний Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн “Мянганы зам”-ыг Мянгуужингийн зам боллоо хэмээн шуугиж байсан нь саяхан. Тэгвэл өнөөдөр энэ аварга төсөл хоёрдугаар үе шатандаа амжилттай хэрэгжиж явна.
Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Монгол Улсын гадаад валютын нөөц анх удаа 1.036 тэрбум ам. долларт хүрч байж. Төгрөгтэй харьцах ам. долларын ханш 1700-гаас 1420 төгрөг болон буурч байв.
“Атрын III” аяны ард ч Ерөнхийлөгч Н.Энхбаяр зогсож байсан гэх нь ч бий. Хэрэв тийм бол 2012 онд хурааж авсан 883.1 мянган тонн ургац, 242.7 мянган тонн төмс, 98 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн тосны ургамал, 45 мянган тонн тэжээлийн ургамалд ч түүний хүчин зүтгэл оролцсон гэсэн үг.
Түүнийг Ерөнхийлөгч байхад буюу 2008 оны долоодугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн үр дүнд бухимдсан иргэд жагсаал зохион байгуулж, цагдаа, хүчнийхэн гал нээсний улмаас таван залуу амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд Онцгой байдал оройтож зарласан гэх хардлага одоо ч явдаг нь нууц биш бөгөөд түүний уршгаар таван хүн амиа алдсан гэж үзэх хүмүүс ч байдаг. Ямартай ч монголын улстөрд өөрийн хүчирхэг орон зайг баттай эзэлсэн нь бодит үнэн билээ. МАХН-ыг хоёр хуваагдахад Н.Энхбаяр уугуул нэрээ хадгалан авч салан явснаар монголын улстөрийн хүчирхэг тоглогчийн ганцаарчилсан үзүүлбэр эхэлсэн. Харин Засаг төрийг дахин хааш нь ч эргүүлж магадгүй үед нь буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөө тусгай хүчнийхэн гэрээс нь хүч хэрэглэн баривчлан авснаар түүний улстөрийн амьдрал өнөөдрийг хүртэл торны цаана байгаа билээ.
Гэхдээ хамгийн сүүлд авсан мэдээллээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ руу хөлгийн жолоо залж, ядарч сульдсан биеэ эмчлүүлэх тохиролцоог АН-ын удирдлагуудтай хийгээд байгаа нь батлагдаж байгаа сурагтай. АН-ын дарга Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нарын идэвхийлэн хөөцөлдөж байгаа энэ ажиллагаа тун удахгүй ажил хэрэг болох бүх тохиролцоо хийгджээ.
Харин Н.Энхбаяр АНУ-аас ямар бэлэгтэй ирэх нь одоогоор тодорхойгүй. Тэр дахин хоёр хөл дээрээ бат зогсох нь тодорхой. Дараагийн алхам нь чухам юу байх бол.