Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсон номын нээлт болов

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өнөөдөр болов. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсноороо онцлог юм.

Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтад түшиглэн харуулсан байна.

Номын нээлтийн ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Институц байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монгол Улс бол эрт дээр үеэс төрт ёсны баялаг түүх, уламжлалтай улсын нэг. Монголчууд бид түүхийнхээ ихэнх цагт хаанаар толгойлуулсан засагтай байсан бөгөөд төр барихуйн ухааны арвин мэдлэг хурааж, хүмүүн төрөлхтөний түүхэнд ул мөрөө тод үлдээсэн их өвөг дээдэстэй ард түмэн.

Өнгөрсөн ХХ зуун бол Монголын ард түмний хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн болгох, хөгжлийн хоцрогдлоо арилгахын төлөө тасралтгүй тэмцэл, цуцалтгүй хичээл зүтгэл, ололт, амжилт, бас ухаарлын зуун байсан юм. Энэ үйл явц дунд орчин цагийн төр засаг төлөвших өрнөл ч нэгэн адил хэд хэдэн үе шатыг дамжин өнөөдөртэй золгосон түүхтэй.

Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, Буддын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтыг Олноо өргөгдсөн хаанаар өргөмжилж, шинэ он тоолол эхлүүлж байсан бол 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа Богд хааны эрхийг хязгаарлан Бүгд найрамдах төрийн хэлбэр тогтоохыг зорьж, улмаар 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр хаант засгийн хэлбэрийг бүрмөсөн халсан билээ.

БНМАУ 1924 оны Үндсэн хуулиар иргэнээ өмч хөрөнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварласан, коммунист үзэл онолтой, шашингүй, ангигүй нийгэм байгуулах зорилготой, төрийн байгуулалтын мөн чанарын хувьд хамтын удирдлагын Бүгд найрамдах хэлбэртэй, Ерөнхийлөгчгүй улс байхаар тогтсон бөгөөд уг тогтолцоо үндсэндээ 1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал хүртэл хадгалагдсан.

Монгол Улс 1990 онд ардчилалтай золгож, 1960 оны Үндсэн хуульд нэмэлт оруулж, Ерөнхийлөгчийн албан тушаалыг анх удаа бий болгож, Монгол Улс Төрийн тэргүүнтэй болсон. Энэ нь хүн ахтай, дээл захтай, айл өрх ч тэргүүнтэй байх төр барих монгол ухаан, уламжлалтай нийцсэн шийдвэр байлаа. Улмаар монголчууд шинэ Үндсэн хууль боловсруулж, Ерөнхийлөгчийн институцийг улам баяжуулж, баталгаажуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах ашиг сонирхлын үүднээс идэвхитэй гадаад бодлого явуулж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд зүй зохистой харилцан ажиллахад нь Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэхээс гадна Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийг дээдэлж, нийгмийн тогтвортой байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.

Ерөнхийлөгчийн институц хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэлтэй харьцуулбал өнгөрсөн хугацаанд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн билээ.

БНМАУ-ын Ардын Их Хурал 1990 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Пунсалмаагийн ОЧИРБАТЫГ БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр томилсон бөгөөд Ерөнхийлөгч 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргыг томилж, мөн сарын 19-ний өдөр Тамгын газрынхаа бүтэц, орон тоог баталсан байна.

Түүнээс хойш Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хүрээнд манай улсыг хөгжил дэвшилд хөтөлсөн, ахиц, дэвшил авчирсан олон чухал шийдвэр, санал санаачилга гаргасан, түүхэн үйл явдлаар дүүрэн 300 сар буюу бүхэл бүтэн 25 жилийн төрийн түүх шастрын шинэ товчоон бүтээгджээ.

Энэ хугацаанд эрх чөлөөг эрхэмлэгч Монголын ард түмэн эдийн засаг, улс төр, нийгмийн гурамсан шилжилтийг нэгэн зэрэг тайван, сонгуулийн замаар хэрэгжүүлж, чамгүй их амжилт оллоо. Манай улсын нийгэм-эдийн засгийн амьдралд чанарын эерэг олон өөрчлөлт гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ даруй арав гаруй дахин өсч, хүн ам 3 саяд хүрч, дундаж наслалт 7 жилээр уртассан байна.  Цаашид, бид олсон ололт, амжилтдаа эрдэж ташуурах, булаацалдан толхилцож ухрах бус, харин ч улам эрэмшин зоригжиж, эвлэлдэн зохицож хөгжлийн гайхамшгийг бүтээхийн төлөө нэгэн амьсгаатай, нэгэн баг болон ажиллахыг үндэсний эрх ашиг шаардаж байна.

Та бүхэнд толилуулж буй энэхүү бүтээлд Пунсалмаагийн ОЧИРБАТ (1990-1997), Нацагийн БАГАБАНДИ (1997-2005), Намбарын ЭНХБАЯР (2005-2009), Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (2009 оноос одоог хүртэл) нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тойм, Монгол төрийн хараа, чиг баримжааг албан ёсны эх болон архивын гэрэл зураг, баримтанд түшиглэн харуулахыг хичээсэн болно. Болгоон соёрхоно уу.

Энэ бүтээлд 300 сарын 500 богино өгүүлэл, 500 гаруй гэрэл зураг, 2500 орчим үйл явдал дурсагдсан байна.

Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, мөн тэдний итгэлтэй ар тал, багт нь багтан ажиллах ховор хувь заяатай, бас нэн хариуцлагатай  үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон, үйл ажиллагааг нь дэмждэг хамтран зүтгэгчдэд, мөн Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг олон түмэнд хүргэж, сурталчилж ирсэн нийт хэвлэл мэдээллийнхэнд гүн талархал илэрхийлж, Монголын ард түмний буян заяа улам өөдрөг байхын өлзийтэй ерөөл өргөе” гэлээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …