2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл УИХ-аар ид хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан МҮЭ-ийн холбооноос санал шаардлагыг УИХ, Засгийн газарт санал өгсөн энэ талаар тодруулахаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.
Хүн бүр төсөвт анхаарлаа хандуулж байна. МҮЭХ–оос Улсын төсөвт ямар саналууд хүргүүлсэн бэ.
Манай улсын төсөв ДНБ-д эзлэх хувь өндөр болохоор бараг бүгд л хамааралтай болчоод байна.
МҮЭХолбоо гишүүн байгууллага иргэдээс ирж байгаа саналуудыг багцлан зарчмын нилээн хэдэн санал хүргүүлсэн. Тухайлбал: Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. 2015 оны төсөвт суусан цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээгээ авах хэрэгтэй. 2016 онд цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ёстой. Ингэхдээ дор хаяж үнэ инфляци, валютын өсөлтийг нөхөх хэмжээгээр нэмэх ёстой.
Цалин нэмэх гэхээр хаанаас нэмэх вэ төсвийн танаж болох ямар зардлууд байна вэ.
Төсөв ерөнхийд нь харахад сонгуулийн тойрогтоо таалагдах гэсэн ажлууд нилээн байна. Гэхдээ тэр нь байгаа оносон уу үгүй юу. УИХ-ын гишүүн бүр л Сангийн яам руу гүйж утас цохиж байгаа байх л даа. Яг өнөөдөр бол урт хугацаанд үр өгөөжөө өгөх, бодит нөхцөл байдалдаа наалдаагүй зардлуудыг хасах хэрэгтэй. Хүнээ дагасан төсөв байх ёстой. Зарим жишээ дурьдахад Туг байрлуулах суурь хийхэд 200 сая, музей барих 2 тэрбум, малын хашаа 1 тэрбум, тоног төхөөрөмж гэхэд өчнөөн тэрбум, угталтын хаалганы засвар 300 сая, Хувьчлаад өгцөн орон сууцны дээврийг улсын төсвөөс засаад байдаг, хувийн том оффисын өмнөх зогсоолыг төсвийн хөрөнгөөр хийгээд байгааг юу гэж ойлгох вэ. Зөвхөн төрийн байгууллагад байгаа үнэтэй том дунд оврын машинуудыг зарж борлуулж, холбогдох урсгал зардлуудыг танаснаар 50 тэрбум хэмнэх боломж байна. Мөн хөгжлийн банкнаас зээлж улсын төсвөөс эргүүлэн төлөх нөхцөлтэй төсөл арга хэмжээг бууруулах санал өгсөн. Нийтдээ төсвөөс 200 аад тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ хөрөнгө оруулалтуудыг хойшлуулан хэмнэж, цалин тэтгэвэр, тэтгэмжийхээ бодит худалдан авах чадварыг хадгалж хэрэглээ, эрэлтээ дэмжин ажлын байр хувийн хэвшлээ дэмжих боломж байна гэж үзэж байгаа.
Нөгөө талаас орлого талаа харах ёстой.
Зарим татварыг нэмэх сэргээх хэрэгтэй. Тухайлбал алт, үнэт металл, орон сууцнаас бусад чинээлэг хэсгийн хөрөнгийн татвар, өндөр үнэтэй автомашин, үнэт эд хогшил зэрэг тансаг хэрэглээний татварыг нэмэх хэрэгтэй. Харин мах сүү талх гэх мэт өргөн хэрэглээний барааны НӨАТ-ыг энэ хүнд үед тэглэх хэрэгтэй. Нийт ажил хөдөлмөр эрхэлж шудрагаар татвараа төлсөөр ирсэн иргэддээ Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж ядаж улсын 3 талт хэлэлцээрээр тохирсоноороо ХХДХ 192000 төгрөгт ногдох татварыг чөлөөлөх ёстой. Ажлын байр ихээр бий болгодог аж ахуй нэгжээ дэмжих ёстой.
МҮЭХолбоо Засгийн газартай хамтарсан хэмнэлтийн уриалга гаргаад байсан биш билүү.
Гаргасан. Эдийн засгийн хүндрэлийг Засаг дангаар давчихгүй нь ойлгомжтой. Гэхдээ гол санаа засаг төрөөсөө эхлээд тансаг хэрэглээгээ танаж, нийт иргэдэд цалин орлого нэмэх эх үүсвэрийг бий болгох, эх оронч юм бол үндэсний үйлдвэрээ дэмж, гадагшаа валютын урсгалыг бууруулах Ажил олгогчидыг ажлын байраа хадгалах, татвараа цаг хугацаанд нь төлөх ҮЭ-үүд гишүүдийнхээ цалин хөлс, ажлын байрыг хамгаалахад нийгмийн түншүүдтэйгээ хамтын гэрээ хэлэлцээрээ сайжруулах зэрэг асуудлуудыг л уриалсан шүү дээ.
Цалин нэмэхгүй гэж тохирсон юм бишүү.
Зарим хэвлэл, хүмүүс буруу ойлгож сурталчилж, коммент нэмсэн. Ямар зорилготойг нь мэдэхгүй. МҮЭХолбоо цалингийн асуудлаар бол ямар нэгэн тохироо хийгээгүй. Харин ч цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай байна. ҮЭ-ийн үндсэн ажлын нэг бол энэ. Одоо хамтын маргаан үүсгээд явж байна.
Төрийн албан хаагчдыг цомхотгох, цалин хасах гэж байна. Зөв үү.
Хүний цалин хөлсийг хасах, ажилгүй болгоно гэдэг лав ҮЭ-ийн дэмжих ёстой ажил биш. Төрийн үр ашиггүй бүтэц орон тоо бий гэвэл бий. Гэхдээ үнэхээр гэнэт ухаараад байгаа бол эдийн засаг сайн хувийн хэвшил бусад салбарт ажлын байр элбэг үед хийх ёстой байдаг юм. Одоо бол ажлын байр улам л хумигдаад байна.
Эдийн засгийн хүндрэлийг даван туулах гарц юу вэ.
Эдийн засгийн хөгжлийн үр дүн нь хүн рүү чиглэх ёстой. Дэлхий даяараа эдийн засгийн хүртээмжтэй өсөлт, хөгжлийн төлөө уриалж байна. Төрд бодлого байгаа бол лоозон биш бодитой ажлаар хэмжигдэх ёстой. Тэрний нэг хэлбэр төсөв мөнгөний бодлогоор харагдах ёстой. Гэтэл энэ төсөвийн бодит үр дүн оновчтой биш байна. Зарим хийх гээд байгаа хэмнэлт нь хэлбэр төдий жинтэй биш байна. Хэт улс төржсөн байдал, тогтворгүй байдал эдийн засгаа чирээд байна шүү дээ. Аливаа тогтолцоонд итгэлцэл хамгийн чухал байдаг. Хамгийн сүүлд итгэл мөхдөг гэдэг байхаа. Жаахан өөдрөгөөр төсөөлбөл эдийн засаг элгээр хэвтцэн хямраад болохоо байцан юм алга байна. Жижигхэн эдийн засагтай, сэргэхдээ ч амархан. Гэхдээ ганц төрийн хэдэн хүмүүс рүү хараад суугаад байх биш иргэн бүр оролцоо чухал шүү дээ. Энэ төсвийг уг нь нийгмийн түншлэлийн талууд илүү нээлттэй хэлэлцэж шийдсэн бол илүү бодитой үр дүн илүү болох байсан болов уу.