Дунд сургуулийн багш нарыг магистр зэрэгтэй болгоно

IMG_4395_ (1) “Багш боловсролын шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал хоёр өдөр болж өндөрлөлөө.
Энэ үеэр хурлыг зохион байгуулагч МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-“Багш боловсролын шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал энэ жилээс олон улсынх болж өргөжсөн байна. Тэгэхээр онцлох зүйл их байгаа байх?

-Боловсролын салбарын судалгаа, шинжил­гээний ажлыг өргөжүүлэн хөг­жүү­лэх, багш боловсролын шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор “Багш боловс­­ролын шинэчлэл” сэдэвт эрдэм шинжил­гээ­ний бага хурлыг найм дахь жилдээ зохион байгуулж байна.

МУБИС өөрийн бүрэлдэхүүний сур­гуулиуд болох Боловсрол судлалын сур­гууль, Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуультай хамтран зо­хион байгуулж буй энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурал нь Монгол Улсын Засгийн газраас боловсролын чанарын ши­нэчлэлд онцгойлон анхаарч БШУЯ-наас “Багшийн хөгжил” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын эхлэл тавигдсан цаг үед, олон улсын туршлагатай уялдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

-Өнөөдөр хүүхэд нэг бүрийг хөг­жүү­лэхийн тулд шинэ зууны боловсролын шаардлагыг хангахуйц чадварлаг багш бэлт­гэх нь үндэсний хэмжээний тулгамдсан асуудал болоод байгаа. Тиймээс энэ удаа­гийн хэлэлцүүлэгт оролцож буй гадны мэргэжилтнүүд юу зөвлөж байна вэ?

-Багш боловсролын чанарын шинэч­лэлийг амжилттай хэрэгжүүлэхэд багш бэлт­гэх дэлхийн шилдэг туршлага, орчин үеийн судалгаа, шинжилгээний үр дүнгүүдээс суд­лах, суралцах шаардлагатай болоод байна.

Энэ хуралд тавигдсан илтгэлүүд нь АНУ, Англи, Япон, Финланд зэрэг өндөр хөгжилтэй орнуудын багш бэлтгэх тогтол­цооны шинэчлэлийг танилцуулах, Монгол Улсад шинэ зууны багш бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих, судалгаанд тулгуурласан багш боловсролын шинэчлэлд хөтлөх талаар хийсэн судалгааны явц, үр дүнгүүдийг тусгасан. Мэдээж авч хэрэгжүүлэх олон зүйл байна.

Монголын ЕБС-ийн багш нарыг магистр­жуулах бодлогын хүрээнд багш бэлтгэх тогтолцоог магистр багш бэлтгэх “4+1” гэсэн шинэ тогтолцоонд шилжүүлэх боломжийг онцгойлон хэлэлцлээ.

-“4+1” гэсэн тогтолцооны талаар илүү дэлгэрүүлбэл?

-Энэ удаагийн хуралд оролцсон улсууд багш бэлтгэх тогтолцоонд хүн төвтэй багш бий болгохыг зорьдог. Өөрөөр хэлбэл зөвхөн хичээлээ болсон болоогүй заагаад байдаггүй, хүүхэд бүрт тохирсон арга барилаар ажилладаг чадварлаг боловсон хүчин бэлтгэдэг. Тэгэхээр манай улс ч гэсэн энэ чиглэл рүү явж байгаа.

“4+1” гэсэн тогтолцооны тухайд манайх дөрвөн жил сураад багш болдог. Үүний дараа ЕБС-д багшлах багш нарыг магистржуулах шаардлатай гэсэн асуудал яригдаж байна. Гэхдээ өнөөдөр манай дунд сургуулийн багш нарын 10 орчим хувьд магистр багш нар ажиллаж байгаа. Энэ тоог цааш нь нэмэгдүүлэх юм.

-Тэгэхээр дунд сургуулийн багш бүр магистрт суралцах шаардлага гарч ирлээ гэж ойлгож болох уу?

-Багш бүрийг нэг доор магистржуулна гэвэл бүтэхгүй асуудал. Тиймээс багшийн чанарыг сайжруулах энэ ажил аажмаар, тодорхой үе шаттайгаар хийгдэнэ. Дэлхий дахинд багш нараа магистржуулах хандлагатай болж байна.

ugluunuu_sonin_logo

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …