Аяны үргэлжлэх хугацаа: 2015.10.20-12.29
Монголын шинэ үеийн түүхэнд болсон онцгой чухал үйл явдлуудыг хүүхэд залууст хүргэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой “Эх түүхээр аялахуй” аян ньМонголын Үндэсний Музейд 2015.10.20-ны өдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнд БНМАУ-ын Ерөнхий Сайд, Маршал Х.Чойбалсангийн цүнх, тамхины мөнгөн хайрцаг, лац, гарын тэмдэг, лацны лав, өмхүүр цавуу, бичгийн хавтас, Монгол Улсын Тусгаар Тогтнолын төлөө аймаг, сумын иргэдээс гаргасан илэрхийлэлүүд, Тусгаар тогтнолын тухай найраглал, Бүх Ард Түмний Санал Асуулгын Төв Комиссын дарга, БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэндийн цэрэг өмд, цамц, Бүх Ард Түмний Санал Асуулгын Төв Комиссын гишүүн, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн С.Янжмаагийн бичгийн хэрэглэл, дипломат пасспорт, холбогдох баримт бичгүүд, зураач Д.Гомбосүрэн “Тусгаар тогтнол”, “10 дугаар сарын 20-ны өдрийг санагтун” ухуулах хуудас гэх мэт Монголын Үндэсний Музейгээс 20 үзмэр, эд өлөг, ухуулах хуудас, уран зураг, Үндэсний Төв Архиваас 41 ширхэг гэрэл зураг, баримт бичиг зэргийг дэлгэн үзүүлж, үзэсгэлэнг хүндэт зочид төлөөлөгчид болон ард иргэд хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.
“Монгол бахархлын өдөр” буюу 2015.11.11-ны өдрийн 11.00 цагт Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн, ОУ-ын хүүхдийн 6-н удаагийн шагналт, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог эцэг эхчүүд, багш нарт зориулж “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” лекцээ үнэ төлбөргүй уншиж, өнөөгийн нөхцөлд хүүхэд хөгжүүлэх шинэ гарцын талаар хөндөн ярина. Мөн өөрийн зохиосон шүлэг, үлгэр, дууны ертөнцөөр та бүхнийг аялуулж, бага насны тань гэрэлт өдрүүдтэй золгуулана. Лекцийн үеэр зохион байгуулагдах шинэ номынхоо үзэсгэлэн худалдаанд та бүхнийг урьж байна.
“Эх түүхээр аялахуй” аян:
- Бүх нийтийн санал асуулгын өдөр 1945.10.20
- Монгол бахархлын өдөр / Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн/
- Үндсэн хууль баталсан өдөр 1924.11.26
- Ардчиллын анхны цуглаан 1989.12.10
- Үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр 1911.12.29
гэсэн түүхэн үйл явдалтай холбоотой өрнөх бөгөөд Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлаа хамгаалан туулж өнгөрүүлсэн түүхэн бодит үнэнийг энэхүү аянаар үзэж сонирхож болно.
Бүх нийтийн санал асуулгын өдөр
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргаж, “Бүх ард түмний саналыг тус улсын нутаг дэвсгэр дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай”хэмээн заажээ. Мөн “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагдсан байдаг. Ийнхүү монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд ”Тусгаар улс” гэдгээхүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Монгол бахархлын өдөр
Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг “Үндэсний бахархлын өдөр” болгон зарлаж, Монгол хүн бүр эх орон, ард түмэн, эзэн хаан, түүх шастираараа бахархаж, гэр бүл, үр хүүхэддээ үндэсний эх соёл, уламжлалаа өвлүүлэхэд энэ өдрийг зориулж байхыг нийт иргэддээ уриалсан билээ. Монголын төр Их хааныхаа мэндэлсэн огноог ёсчлох, уг өдрийг “Үндэсний бахархлын өдөр” болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргахдаа онцолжээ. Ерөнхийлөгч зарлигтаа:
“-Ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй. Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай” гэсэн байна.