Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

600x600УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжив. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа.

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр гаргасан Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Засгийн газрын тогтоолыг үндэслэн уг хуулийн төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан байдаг. Монгол Улс мөн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүнчлэлтэй зэрэг нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байгааг хууль санаачлагчийн илтгэлд дурджээ.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжрах юм. Монгол Улс төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно гэж төсөл санаачлагч үзэж байгааг Ерөнхийлөгчийн Хүнийн эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр эрхэм гишүүдэд танилцуулав.

Уг хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гаргасан горимын саналын дагуу уг хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцлээ.

Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл, түүний танилцуулга, дагалдан гарах УИХ-ын тогтоолын төслүүдийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс сүүлийн 25 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн төвийг сахих зарчмуудыг байнга төвийг сахих бодлого болгон хэлбэржүүлж хуульчлах нь зүйтэй гэж үзэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж, Засгийн газар тогтоол гаргасан билээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, мөн НҮБ-ын Дүрэм, бусад улстай байгуулсан харилцааны үндсэн гэрээ зэрэгт төвийг сахих бодлогын зарчмууд туссан нь, түүнчлэн манай улс ЭҮНХ-ий гишүүн байгаа нь хуулийн төслийг боловсруулах эрх зүйн болон бодлогын үндэслэл болж байна.

 Хуулийн төсөл нийт 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг, 2 дугаар зүйлд байнга төвийг сахих тухай хууль тогтоомжийг, 3 дугаар зүйлд хуулийн зохицуулах үйлчилэх хүрээ, 4 дүгээр зүйлд “байнга төвийг сахих” гэдгийг тус тус тодорхойлон, 5 дугаар зүйлд Монгол Улс байнга төвийг сахих бодлого явуулах тухай, 6 дугаар зүйлд байнга төвийг сахих бодлогын үндсэн зарчмуудын тухай, 7 дугаар зүйлд Монгол Улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрхийн тухай, 8 дугаар зүйлд Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох тухай, 9 дүгээр зүйлд байнга төвийг сахих бодлогыг тайлбарлах тухай, 10 дугаар зүйлд хууль тогтоомж зөрчигчид хариуцлага хүлээлгэх тухай, 11 дүгээр зүйлд хууль хүчин төгөлдөр болох хугацааны тухай заана.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна. Төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт орохгүй, харин ч бусад улстай тэнцвэртэй харилцахад чиглэсэн гадаад бодлогын үндэслэл болно.

Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндэс, бусад хууль тогтоомжтой уялдсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалд өөрчлөлт оруулах шаардлагатай тул холбогдох Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулав.

Мөн түүнчлэн Хуурай замын дайны үед төвийг сахисан улс, этгээдийн эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын V конвенц, Тэнгисийн дайны үед төвийг сахисан улсын эрх, үүргийн тухай 1907 оны Гаагын XIII конвенцид нэгдэн орох шаардлагатай байгаа тул холбогдох асуудлыг Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан УИХ-д оруулан шийдвэрлүүлэх шаардлагатай болно.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ   /ТӨСӨЛ/

2015 оны … дугаар                                                                                                     Улаанбаатар

сарын …-ны өдөр                                                                                                                      хот

                                            МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ ТУХАЙ

                                                                        НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж

2.1. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,  энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, харилцааг үл хөндөх бөгөөд Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол уг гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.  Энэ хууль нь Монгол Улс байнга төвийг сахихтай холбогдсон харилцаанд хамаарах бөгөөд тус улсаас бусад улстай улс төр, нийгэм, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхтэй холбогдсон харилцаанд хамаарахгүй.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. “Байнга төвийг сахих” гэж аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвсэл, холбоонд нэгдэхгүй байхыг хэлнэ.

                                                                     ХОЁРДУГААР БҮЛЭГ

Монгол Улс байнга төвийг сахих бодлого, үндсэн зарчим

5 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих бодлого

5.1. Монгол Улс бусад улстай энхийг эрхэмлэсэн, байнга төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлого явуулж, бүхий л салбарт эрх тэгш, тэнцвэртэй харилцана.

5.2. Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох,  маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх зэрэг олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтална.

5.3. Монгол Улс аль нэг улсаас хэт хамааралтай буюу хараат байдалд орохоос сэрэмжилнэ.

6 дугаар зүйл. Монгол Улс байнга төвийг сахих бодлогын үндсэн зарчмууд

6.1. Монгол Улс өөр улсын эсрэг түрүүлж цэргийн хүч хэрэглэх болон хэрэглэхээр заналхийлэхгүй бөгөөд аливаа хүчирхийлэл, түрэмгийллийг хүлээн зөвшөөрөхгүй.

 6.2. Монгол Улс бусдын зэвсэгт түрэмгийлэлд өртсөнөөс бусад тохиолдолд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, дайтагч талуудад туслахгүй, нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй бөгөөд тэдгээртэй адил тэнцүү харилцана.

6.3. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд цэргийн аюул, заналхийлэл учирсан буюу учрах нь бодитой болсноос бусад тохиолдолд цэргийн аливаа эвсэл, холбоонд нэгдэхгүй.

6.4. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд зааснаас өөр тохиолдолд гадаадын цэргийн хүчнийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй.

6.5. Монгол Улс нутаг дэвсгэр, агаар мандлаа дайны зориулалтаар аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй бөгөөд цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгээс ангид байлгана.

6.6. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тогтоосноос бусад хориг арга хэмжээнд оролцохгүй.

7 дугаар зүйл. Монгол Улсын өөрийгөө хамгаалах бүрэн эрх

7.1. Монгол Улс гадны халдлагаас өөрийгөө хамгаалах болон бусад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тусламж хүсэх бүрэн эрхтэй.

7.2. Монгол Улс зөвхөн гадны халдлагаас өөрийгөө хамгаалахад чиглэсэн батлан хамгаалах бодлого явуулж, зэвсэгт хүчнээ бэхжүүлнэ.

7.3. Монгол Улс дайны үед туслалцаа үзүүлэх үүрэг хүлээхгүйгээр бусад улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллана.

8 дугаар зүйл. Олон улсын хамтын ажиллагаа

8.1. Монгол Улс даян дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

8.2. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцоно.

8.3. Дайны үед энх тайван тогтоож, сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэлэлцээ хийх бололцоог хангах эрхтэй.

8.4. Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн хэмжээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг чармайна.

                                                                       ГУРАВДУГААР БҮЛЭГ.

Бусад зүйл

9 дүгээр зүйл. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг тайлбарлах

9.1. Монгол Улсын Их Хурлаас тодорхойлсон төрийн дотоод, гадаад бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн хүрээнд гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг тайлбарлаж, түүнтэй холбоотой байр суурийг тодорхойлно.

10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1. Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

11.1. Энэ хуулийг … оны … дугаар сарын …-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                             МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ  /ТӨСӨЛ/

2015 оны … дугаар                                                                                                     Улаанбаатар

сарын …-ны өдөр                                  Дугаар                                                              хот

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтадөөрчлөлт оруулах тухай

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.1.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3.1.1.3. Энхийг эрхэмлэсэн, байнга төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай баримталж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжинэ.”

2. Энэ тогтоолыг 2015 оны … дугаар сарын …-ны өдөр батлагдсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

                                  МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ   /ТӨСӨЛ/

2015 оны … дугаар                                                                                                     Улаанбаатар

сарын …-ны өдөр                                  Дугаар                                                              хот

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-д доор дурдсан өөрчлөлтийг оруулсугай:

1/ “4. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, байнга төвийг сахисан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.”;

2/ “11. Монгол Улс байнга төвийг сахина. Монгол Улс ямар ч тохиолдолд өөр улсын эсрэг цэргийн хүч түрүүлж хэрэглэхгүй, цэргийн аюул, заналхийлэл бусдад учруулахгүй. Монгол Улсад гадны цэргийн аюул занал учраагүй нөхцөлд аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөнд оролцохгүй, цэргийн аливаа холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаар мандлаа аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх чиг шугам баримтална.”

2. Энэ тогтоолыг 2015 оны … дугаар сарын …-ны өдөр батлагдсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ГАРЫН ҮСЭГ

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …