УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барина гэсэн нэрийдлээр барилгын тусгай зөвшөөрөл авч, “Шонхор тауэр”-ыг ашиглалтад оруулсан гэсэн мэдээлэл байна. Танай охины нэр дээр байдаг гэх “Шонхор тауэр” анх ямар зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж барилгын тусгай зөвшөөрөл болон газраа авсан юм бэ. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
-Нэгдүгээрт, хүүхдийн паркийн газар руу нэг сөөм ч ороогүй. Хоёрдугаарт, энэ газрыг авахдаа “Төгс эрдэм” сан Төрийн бус байгууллагын өөрийнх нь үйл ажиллагааны зориулалтын дагуу хүсэлтээ тавиад авсан газар. Газар нь том газар биш шүү дээ. Оногдсон талбай газартаа тааруулж барилгынхаа зургийг хийсэн. Та бүхэн харсан байх. Тэгш өнцөгт биш, хагас гурвалжин маягийн хэлбэртэй барилга байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барина гэж барилгын зөвшөөрлөө авсан юм уу?
-Энд ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал байхгүй. Анх хотын захиргаанд өгсөн хүсэлт дээр ч тийм юм байхгүй. Хотын захиргаанаас гаргасан захирамж дээр ч тийм үг үсэг байхгүй. “Төгс эрдэм” сангийн өөрийнх нь үйл ажиллагаан дотор хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд тус дэм болох гэсэн ерөнхий чиглэл байдаг. Тэрийг харсан юм уу, яасан юм. Түүнээс биш газар авахдаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр, хаяг барьж газар авсан асуудал байхгүй.
-Тэгвэл Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв ер нь хаана баригдах юм бэ. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
-Өнөөдрийн байдлаар энэ Хятадын Засгийн газраас ирүүлсэн бичиг байна. Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 30 сая доллар буюу 60 орчим тэрбум төгрөгөөр баригдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын гадна, пасад зураг байна. 11 дүгээр сарын дундуур энэ барилгын шавыг тавьж, хамтарсан нээлтээ хийх саналаа ирүүлсэн албан бичиг энэ байна. Одоогоор энэ ажил албан ёсоор эхлээгүй байгаа. Хоёр тал ярилцаад, санал бодлоо солилцоод жил гаруй хугацаанд ажиллаж байна. Зураг төслийн ажлыг Хятадын тал гүйцэтгэж байгаа. Монголын талаас нэгдүгээрт газрын асуудал, хоёрдугаарт холбогдох дэд бүтцийн асуудлыг шийдэхээр ажиллаж байна.
-Улсын төсөвт дэд бүтцийн асуудлыг шийдэх мөнгийг суулгаж байгаа юу?
-2016 оны улсын төсөв дээр одоогийн байдлаар хоёр тэрбум төгрөг суусан байгаа. Энүүгээр дулаан, цэвэр, бохирын шугамын асуудлыг шийдэх юм. Удахгүй тендер нээгдээд, шалгарсан компани энэ байгууламжийн дэд бүтцийн ажлыг хийх юм. Барилгын ажлын гүйцэтгэлийг Хятадын тал өөрийн хөрөнгөөр, өөрийн гүйцэтгэгч компаниар хийлгэхээр тохирсон. Манай талаас хяналт тавина.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийг барих Хятадын Засгийн газрын тусламжийн мөнгөөр “Шонхор тауэр”-ыг барьсан гэх асуудалд та ямар тайлбар хийх вэ?
-Хятадын талын хөрөнгийг аваад байшин, барилга бариулчихсан ашиглаж байгаа мэтээр хүн гүжирдэж болохгүй. Төртэй, хуультай улс шүү дээ. Хууль хяналтгүй, төргүй, засаг захиргаагүй юм шиг бие, биенээ гүтгэх шаардлага байхгүй байх гэж бодож байна. Өнөөдөр ямар нэгэн төсөв хөрөнгө орж ирээгүй. Харин ч энэ асуудлыг уйгагүй хөөцөлдсөний үндсэн дээр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийг барихаар энэ асуудлыг шийдвэрлэж чадсан. Ингээд Хятадын Засгийн газартай гэрээ байгуулаад ажил эхлэх шатандаа явж байтал янз бүрийн гүтгэлэг, хардлага ихээр гарч байна. Ажил хийж байгаа нэгнээ битгий ингэж гутааж байгаач ээ гэж хэлмээр байна.
-Хугацааны хувьд хэдийгээр ашиглалтад орох вэ?
-Хятадын талтай ярилцсанаар бол 1.6-2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Хятадын талаас ямар нөхцөл тавьж байгаа вэ?
-Нэгдүгээрт, барилга баригдана. Хоёрдугаарт, энэ барилга дотор тавигдах бүх тоног төхөөрөмжийг төсөв хөрөнгөдөө багтаан тавьж байршуулж өгөх, гуравдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, сургах, хүмүүжүүлэх 150 орчим мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэж өгөх асуудлыг Хятадын тал хариуцахаар төсөл хөтөлбөрт оруулсан. Энэ 60 орчим тэрбум төгрөг бол зөвхөн барилга байшин барих биш дотор байгаа бүх тоног төхөөрөмжийг байрлуулах, тэнд ажиллах эхний шатны боловсон хүчнийг бэлтгэх зардлууд орсон байгаа.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн энэ төвийн барилгын ажил төлөвлөгөө ёсоор одоо л эхэлж байгаа юу. Зарим хүмүүс аль эрт ашиглалтад орох ёстой байсан гэх юм?
-Энэ хөрөнгийг олж, энэ ажлыг эхлүүлэх амаргүй байсан. 30 сая доллар гэдэг зүгээр нэг таван цаас биш шүү дээ. Энэ төсөл, хөтөлбөрөө дэмжүүлнэ, батлуулна, хэрэгжүүлэх хөрөнгө мөнгийг олно гэдэг маш том ажил. Үүнийг ажил хийж байгаа, бүтээн байгуулж байгаа хүмүүс л ойлгоно. Ажил маш амжилттай яваа гэж харж байгаа. Төсөв хүнд байгаа ч гэсэн Монголын тал дэд бүтцийн хөрөнгө оруулалт 3.4 тэрбум төгрөгийн төсөв орсон. Үүний хоёр тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгуулж чадсан. Шавь тавих ажлыг 11 дүгээр сард хийнэ. Өдрөө хараахан тогтоогүй байна. Жижиг барилга биш шүү дээ. Эмчилгээ, үйлчилгээ, сэргээн засалт, сургалт гээд иж бүрэн байгууламж байгаа юм.
-Хаана баригдах билээ?
-Байгаль цаг агаар эрүүл, гол усны хөвөөнд хөл хөдөлгөөн харьцангуй бага, дэд бүтэц сайтай гэдэг утгаар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний наад талд байрлалтайгаар гурван га газрын асуудлыг шийдсэн. Том хэмжээний газар хотын төвд олдохгүй.
-Архангай аймгийн Хайрхан суманд 1.6 тэрбум төгрөгөөр ганц хүнд зориулсан барилга баригдаж байна гэсэн асуудал төсөв хэлэлцэх үеэр хөндөгдсөн. Ямар учиртай барилга гэдгийг Эрдэнэ сайдаас асуугаарай гэж Болор сайд хэлж байна лээ?
-Аймгуудын алслагдсан сумдад зориулсан үйлчилгээний тасгуудын барилгыг барьж байгаа. Архангай аймгийн алслагдсан сумд, Булган аймгийн ойролцоо сумдыг хамарсан сум дундын тасгийн барилгыг Хайрханд барьж байгаа. Түүнээс биш төсвийг үр ашиггүй зарцуулж байгаа юм биш. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд зэрэг хүн ам ихтэй байгууллага, Ховд аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хужирт, Завхан аймгийн Тосонцэнгэл гээд тасагтай сум олон байна. Тухайн орон нутгийн хүн амын төвлөрөл, хүрч үйлчлэх үйлчилгээний боломж нөхцлийг сайжруулах зорилгоор энэ ажлуудыг хийж байна.
-Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн Г.Уянга хөндөж, гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Та Засгийн газрын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Энэ Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад долоо, найман сар байна. Энэ хугацаанд Засгийн газрыг огцрууллаа гээд дараагийн Засгийн газар гарч ирээд үр дүнтэй ажил хийж чадах уу, бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилийн төсөв хэлэлцэгдэж байна. Энэ төсөв батлагдаад л цаана нь зургаан сар ажиллах хугацаа байна. Энд Засгийн газрыг солих өөрчлөх тухай асуудал бол улс орны нийгэм эдийн засагт эерэг сайн зүйл авчрахгүй гэж харж байна. Харин ч тогтворгүй байдлыг бий болгоно. Гадаад талдаа Монголд итгэх итгэл улам буурна. Хөрөнгө оруулалт бүүр таг зогсоно. Энэ бол Монгол Улсын хувьд ашигтай үйл ажиллагаа биш гэж харж байна.
Эх сурвалж: ask.mn