Монголын уран зохиол түүний дотор яруу найргийн ертөнцөд ихээхэн нэр хүнд, ач холбогдол бүхий нэгэн уралдаан байдаг нь “БОЛОР ЦОМ” яруу найргийн наадам юм. Уг наадам анх 1983 оноос хойш өнөөг хүртэл даруй 29 удаа зохиогджээ. Энэ жил 30 дахь удаагаа зохиогдоно. Монголчуудын тоог чухалчлан үздэг ёсоор энэ жилийн Болор цом наадамд яруу найрагчид өндөр ач холбогдол өгч буй бололтой. Хэрэв улсын баяр наадам байсан бол иймэрхүү тэгээр төгссөн тоотой наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн хүнд нь араатан, жигүүртнийхээ нэрийг хоёр давхарлаж өгөх хуультай. Харин Болор цом наадамд түрүүлсэн хүнд даанч цол өгдөггүй нь харамсалтай. Начин, шонхороо байг гэхэд ядаж болжмор, турлиах ч билээ нэр, хоч өгдөг байсан бол хэдийнээ цолны найраа энэ тэр нь бий болчихсон байхгүй юу. Гэсэн ч яруу найрагчид Болор цомынхоо «бэлтгэл»-д гарчихсан байгаа бололтой.
Болор цом наадмын зохиогдож ирсэн түүхэн хугацаанд уг наадмыг хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргаан заримдаа өрнөдөг байсан. Тухайлбал нэлээд олон жилийн өмнө уран зохиолын нэрт шүүмжлэгч, академич Х.Сампилдэндэв абугай сэрүүн ахуйдаа «“Болор цом”-ын наадмаа “Балар цам”-ын шоу болгохгүй юмсан» хэмээн шүүмжилснээс үүдэн уг наадмыг хэрэгтэй, хэрэггүй гэсэн маргаан сонин, хэвлэлээр өрнөж байсан ч тасралтгүй зохион байгуулагдсаар өнөөг хүрчээ. Тэгэхээр хэрэгтэй бололтой. Зарим уран бүтээлчид энэ наадам шиг хэрэггүй юм байхгүй, Болор цом наадам бол яруу найргийн хөгжлийг гажуудуулж байгаа, жинхэнэ солиорол гэж үздэг бол зарим уран бүтээлчид энэ наадам шиг сайхан юм байхгүй энэ наадмын ачаар л монголын яруу найраг өдий зэрэгтэй яваа мэтээр үздэг.
Болор цом хэмээх энэ уран уншлагын тэмцээнд уран бүтээлчид яагаад ач холбогдол өгдөг вэ? Өөрөөр хэлбэл яруу найрагчдад Болор цом наадам ямар хэрэгтэй вэ?
Ер нь урлаг гэдэг нь хүн төрөлхтөн амьдралынхаа түүхэн хөгжлийн явцад бүтээн бий болгосон онцгой маягын сэтгэлгээний үр дүн юм. Хүний амьдрал бол зовлонгоор дүүрэн. Ерөөсөө хүн төрсөн цагаасаа эхлээд л тасралтгүй зовж эхэлдэг бололтой бөгөөд үүнийг зарим шашны сургаалд ч дурьдсан байдаг. Хүн төрөлхтөн тэрхүү амьдралын зовлонгоо мартах, тэрхүү зовлонгоос түр ч болов ангижрах янз бүрийн аргуудыг бодож олсон байна. Тухайлбал шашин, урлаг, кино, дуу хуур, дуурь драм, архи, тамхи, хар тамхи, мансууруулах бодис, янз бүрийн гаж сексийн аргууд гээд хүний зовлонгоо мартахын тулд бий болгосон бүтээлүүдийн жагсаалт хөвөрнө. Уг жагсаалтаас харахад хүнд хамгийн үр өгөөжтэй буюу эерэг байж болохоор арга бол урлаг бөгөөд урлаг хэмээх энэхүү томьёололд мөнөөхөн яруу найраг маань хамаарна. Өөрөөр хэлбэл яруу найраг бүтээж байгаа хүн, түүнийг уншиж буюу сонсож байгаа хүн хоёр түр ч атугай өнөөх мөнхийн зовлонгоо мартан тайтгардаг. Яг л архи уугаад «тасарчихсан» яваа хүн шиг. Архиндаа согтоод ухаанаа алдсан хүн амьдралын зовлон, ядуу зүдүү байдал, банкны зээл, хотын утаа, дээрээс унах кран, маргаашийн шар тайлах мөнгө мэтийг аль хэдийн мартаад өөрийн хөлчүү бодолдоо жаргадаг. Үүн шиг хүн уран зохиол уншаад эхэлсэн л бол мөн эргэн тойрны амьдрал, зовлон гунигаа цөмийг мартаад мөнөөхөн уншиж буй зохиол дотроо амьдардаг. Энэхүү хэрэгцээ /зовлонг мартах хэрэгцээ/ нь хүнд зайлшгүй шинжтэй үйл явц. Энэ зайлшгүй шинжтэй үйл явц байгаа учраас л уран бүтээлчид шүлэг зохиол туурвиад түүнийг бусад нь уншдаг, сонсдог.
Нөгөө талаас Австрийн сэтгэл зүйч З.Фрейд“Хүн бол биохимийн тасралтгүй үйл явц дунд оршиж байдаг нэг зүйлийн бичил үйлдвэр юм. /микропроцессор/ Энэхүү үйлдвэр нь асар их эрчим хүч ялгаруулж байдаг агаад чухам тэр эрчим хүчний ачаар бид амьд явж байдаг. Фрейд үүнийг дур хүслийн эрч хүч буюу “либидо” гэж нэрлэсэн. Эрчим хүч хуримтлагдаад ирэхээрээ илүүднэ гэж байх бөгөөд жишээ нь хүн зүв зүгээр яваа хэрнээ өөрийн эрхгүй бухимдаж, уцаарлаж, эсвэл уйтгарлаж эхэлнэ. Энэхүү нэгэнт хуримтлагдаж, илүүдсэн энергийг тайлах, саармагжуулах шаардлага зүй ёсоор гарах бөгөөд үүнийг сублимаци гэж нэрлэжээ. Энэхүү илүүдэл энергийг зайлуулах хоёр үндсэн арга байдаг. Үүнд: 1.секс 2. урлаг” гэж тодорхойлсон байна.
Хүн хэмээх энэхүү биет нь бичил үйлдвэр учраас дотроо үйлдвэрлэл явуулж хуримтлагдсан эрчим хүчээ гадагшлуулдаг байна. Үүнийг л үйлдвэрлэл гэж нэрлэсэн ба энэхүү үйлдвэрлэлийн явцад хуримтлагдсан илүүдэл эрчим хүчийг либидо, түүнийг гадагшлуулах хэрэгцээг сублимаци хэмээн нэрлэжээ. Гэхдээ З.Фрейдийн онолд хүний бэлгийн дур хүслийн талыг авч үздэг бөгөөд үүнийг яруу найрагт бага зэрэг хамаатуулж үзвэл яруу найрагч хүн ямагт уран бүтээлээ бодон дотроо «шатаж» явдаг учраас либидо буюу илүүдэл эрчим хүч хуримтлагдах нь нэн их. Тэрхүү эрчим хүчээ гадагшлуулж «сублимацилагдах»-ын тулд шүлгээ бичдэг. Шүлэг бүтээлээ бичээд түүнийгээ уншин өөрөө өөрийгөө дөвийлгөн аугаа бүтээл туурвичихлаа хэмээн хөөрцөглөн бодох үйл явц нь сублимацилагдаж байгаа нь бөгөөд үүнийг манай өмнөх туршлагад «уран бүтээлчийн жаргал эдлэх» гэж социалист ёсоор нэрлэж иржээ. Яруу найрагчдын либидо буюу эрчим хүч нь маш хүчтэй байдаг учраас зөвхөн өөрөө өнөөх суут бүтээлээ уншаад л сублимацилагдах боломжгүй байдаг бололтой. Өөрөөр хэлбэл яруу найрагч хүн бүрэн сублимацилагдаж, дур хүслээ бүрэн хангая гэвэл ихээ том тайз, олон үзэгч, сонсогч, чанга яригч болон телевизийн камерууд, бас дээр нь нэр хүндтэй шүүгчид, болж өгвөл ямар нэгэн эмэгтэй бурхны хөрөг зураг, мөн болор ч юм уу шилэн ч юм уу томоохон хэмжээний сав хэрэгтэй байдаг бололтой. Ямар ч л байсан манай яруу найрагчдын хувьд гарцаагүй ийм байсаар 30 оныг үдэв. Яруу найрагчдын энэхүү амин чухал хэрэгцээг нь хангаж өгөх хамгийн тохиромжтой талбар бол Болор цом яруу найргийн наадам. Чухам ийм л учраас яруу найрагчид маань өөрийн бүтэн жил хуримтлагдсан дур хүсэл буюу либидогоо гадагшлуулж сублимацилагдахын тулд Болор цом наадмыг хоног тоолон хүлээнэ, оролцоно, шүлгээ уншина. Чухам ийм л учраас Болор цом наадам яруу найрагчдад хэрэгтэй. Бүр маш чухал хэрэгтэй.
Болор цом наадам хэмээх мөнөөхөн уран уншлага нь уншигчдад буюу ард түмэн хэмээх хар масст ямар хэрэгтэй вэ?
Дээр дурьдсан З.Фрейдийн психоанализын онолд хүн урлагаар илүүдэл эрчим хүч буюу либидогоо гадагшлуулах үйл явц буюу (бэлгийн дур хүслээ хувиргах) сублимацилагдах үйл явц нь дотроо 1.Бүтээх, 2.Хүртэх гэсэн хоёр хэлбэртэй хэмээн дурьджээ. Урлаг, яруу найраг хэмээх энэхүү гаж зүйлтэй хүн хоёр зүйлээр холбогддог. Тэдгээрийн нэгдэх нь дур хүсэл, хоёрдахь нь авьяас мэдрэмж юм. Өөрөөр хэлбэл яруу найрагт заавал дуртай бай, Болор цом наадмыг заавал үз гэж хэн ч хэнийг ч албаддаггүй, ингэх ч боломжгүй. Хүн зүгээр л өөрийн дур хүслийн үндсэн дээр буюу дуртайдаа л яруу найраг уруу ханддаг, дургүй нь өөртөө таарсан урлагаа буюу доод түвшний урлаг болох хошин шогоо үздэг. Яруу найрагч биш жирийн хүн ч гэсэн мөн л нэгэн бичил үйлдвэр учраас мөн үйлдвэрлэлийг дотроо явуулж өөрийн либидо буюу эрчим хүчийг хуримтлуулна. Бас тэрхүү эрчим хүчээ гадагшлуулж сублимацилагдах хэрэгцээ ч үүсдэг. Жирийн уншигч илүүдэл эрчим хүчээ гадагшлуулахдаа З.Фрейдийн дурьдсан хоёрдахь хэлбэрээр буюу хүртэж гадагшлуулдаг байна. Энэ хэрэгцээг нь ханган чадахад мөн л Болор цом наадам юутай ч зүйрлэшгүй тохиромжтой орон зай болж өгнө. Өөрөөр хэлбэл жирийн молхи уншигчийн хувьд илүүдэл эрчим хүч буюу либидо хуримтлагдах, түүнийг гадагшлуулж сублимацилагдах үйл явц нь яруу найрагчдынх шиг их эрч хүчтэй бус харьцангуй сул байдаг учир зүгээр л яруу найрагчдын шүлэг зохиолуудыг уншаад, сонсоод, тэдний аашилж аяглахыг хараад сублимацилагдчих боломжтой гэсэн үг юм. Харин Болор цом наадам байхгүй болчихвол хар масс сублимацид орох орон зайгүй болж түүнийг үгүйлэн санагалзах магадлалтай. Учир нь хуримтлагдсан либидогоо гадагшлуулахдаа зүгээр л номонд хэвлэгдсэн шүлгийг уншаад дур хүслээ хангачих боломжгүй тийм тодорхой масс нийгэмд бий болчихсон байгаа учир мөнөөхөн Болор цом наадам дээр заавал ирж, яруу найрагчдын нэвсгэр үс, навсгар дээл сэлтийг харж, тэдний хоолойгоо шахан цахиртсан өнгөөр шүлгээ унших, зарим нэгийнх нь хөлчүү гарч ирж аашлах, агсамнахыг үзэж, бас өөрөө орилж хашгирч шүгэлдэж, алгаа ташиж, ундааныхаа савыг шидэж байж сая бүрэн дур хүсэл нь ханадаг аж. Чухам ийм л учраас Болор цом наадам ард түмэн хэмээх хар масст хэрэгтэй. Бүр зайлшгүй хэрэгтэй.
Болор цом наадам нийт уран зохиол, яруу найргийн хөгжилд ямар хэрэгтэй вэ?
Уран бүтээлчдийн дунд яруу найраг хөгжих тусмаа цөөнхийн урлаг болж байна, ийнхүү сонирхлын хүрээ үрүү орж байгаад баярлах хэрэгтэй гэх мэтээр үзэх үзэл нэлээд байдаг. Гэтэл хүн төрөлхтөний нийтлэг зүй тогтол нь аливаа зүйлийг хүнд зориулан бүтээдэгт оршдог нь анзаарагдана. Ерөөсөө хүний хийж бүтээсэн зүйлс дотор хүнд зориулагдаагүй зүйл ховор байдаг бололтой. Энэ утгаараа яруу найргийг ч мөн хүнд л зориулан бичиж туурвидаг. Тэгээд ч аливаа зүйл нь хүнд хүрч дэлгэрч байж л сая жинхэнэ утгаараа хөгждөг зүй тогтолтой. Яруу найраг гэдэг бол сэтгэл зүрхний дуудлага, хувь заяаны оноолт байдаг бөгөөд хүртэгчийн буюу уншигч, сонсогчийн мөн л сэтгэл зүрхэнд хүрч, үйлчилж байдаг эрхэм чанартай. Тиймээс хүнийг хүнээрээ байхад нь яруу найраг л туслах учраас зүгээр л цөөнхийн урлаг болж байна гээд баярлаад орхиж боломгүй. Гэхдээ жинхэнэ яруу найраг хүн бүрт хүрч ойлгогдон мэдрэгдэх боломжгүй нь үнэн агаад өөрөөр хэлбэл жинхэнэ яруу найргийг мэдрэх чадвар хүн бүрт тэгш заяадаггүй. Боломж ч байхгүй. Тодруулбал Болор цом наадмыг үзэж суугаа үзэгчдийн зарим хэсэг нь жинхэнэ яруу найргийг ойлгон мэдрэх чадвартай, /энэ хэсэг нь маш цөөн байдаг/ зарим хэсэг нь жинхэнэ яруу найргийг ойлгох чадваргүй /ихэнх нь энэ хэсэгт хамаардаг/ байх бөгөөд энэхүү жинхэнэ яруу найргийг ойлгох чадваргүй зонхилох хар масст энгийн нийтлэл шүлгүүд, зовлон жаргалын учирлал, улс төрийн ухуулга, уриалгууд л таалагдах ба тэдгээрийг яруу найраг гэж итгэн өөрсдийнхөөрөө сублимацилагдаж байдаг. Ер нь хар масс гэдэг бол аливааг бүрэн ухаарах чадваргүй ялангуяа яруу найраг, урлагийг ойлгох мэдрэмжгүй сүрэг байдаг ба тэрхүү хүн сүргийг профессор /АНУ/ Д.Бёлль Үзэл суртлын төгсгөл /1960/ бүтээлдээ ангилсан буй. Тэрээр:
1. Харанхуй бүдүүлэг хэсэг
2. Хүсэл шуналынхаа эрхшээлд байдаг эргэцүүлэн бодох чадваргүй хэсэг
3. Хүнд сурталжсан бөөн хүн
4. Техникийн хавсарга болсон хүмүүс
5. Ялгараагүй олонлог гэж ангилжээ.
Иймэрхүү мөн чанар бүхий хар масст таалагддаг урлагийг массын урлаг, пара утга зохиол, шүлэг найргийн хувьд бол олон нийтийн яруу найраг, хоёрдугаар зэргийн яруу найраг гэх зэргээр томьёолон нэрлэж ирсэн агаад олон нийтийн яруу найраг нь цаг үеийн сэдэвтэй, энгийн үнэнийг илэрхийлэн дуулсан, ямар нэгэн үзэл санаанд уриалсан зэрэг хэд хэдэн онцлогуудтай байдаг байна. Энгийн ойлгомжтой өөрөөр хэлбэл олон нийтийн шүлэг уншмагц Болор цомын үзэгчид сүргийнхээ мөн чанарыг харуулж байдгаараа орилолдон, шүгэлдэж, алгаа ташна, харин жинхэнэ сайн шүлэг өөрөөр хэлбэл уг тэмцээнд дээгүүр байранд орж болохуйц хангалттай солиотой шүлэг уншсан тохиолдолд ихэнх нь ойлгохгүй учраас орилолт, шүгэлдэлтийн хэмжээ далайц нь «өнөөх»-өө гүйцэхгүй. Харин шүүгчид нь үзэгчдээсээ арай дөнгүүр юм болохоор мөнөөхөн солиотой шүлэгт нь гайгүй оноо тавина, тэгсээр байгаад дүн гарах болоход үзэж суугаа хүн сүргийн зүгээс ирэх ихээхэн эсэргүүцэлтэй тулгарна. Иймээс шүүгчид “нэг муу нохой заль” хэрэглэн хамгийн их үзэгчдийн таашаал хүлээсэн буюу хамгийн их орилуулж, алга ташуулж чадсан, олон нийтийн шүлэг уншсан «таварашт» эхэлж шагнал өгөх байдлаар аргалж өнгөрөөнө. (Аав хүү, ах дүү, багш шавь, нууц амраг, дов жалга, гол усны лобби орохгүй бол шүү дээ) Ийм л юм болдог. Харин сүүлийн жилүүдэд хөдөө орон нутагт зохиогдох болсноор үзэгчдийн дарамт арай багассан, учир нь хөдөөний “хүн сүрэг” бол хотынхоосоо арай хүмүүжилтэй байдаг бололтой. Энэ үйл явц нь уран зохиол яруу найргийн хөгжил, дэлгэрэлд ямар хэрэг болж байгаа вэ гэвэл нэгдүгээрт нийгмийн анхаарлыг яруу уруу хандуулж өгнө, хоёрдугаарт мэргэжлийн бус энгийн уншигчийг яруу найраг уруу ойртуулж өгнө. Хар масс жинхэнэ яруу найргийн хүрээ үрүү дэвшихдээ олон түмний яруу найргаар дамжин ойртож очдог. Тодруулбал олон нийтийн шинж чанартай нийтлэл шүлгүүдийг уншиж байгаад яваандаа жинхэнэ яруу найраг гэж юу байдгийг ухаарч түүнд шимтэн татагдаж магадгүй гэсэн үг. Жишээлбэл:
…Эх байгалийн дуулсан авиа бүхнийг сонордож
Элэнцийн элэнцээс туурвисан даанч яруу монгол хэлээ /Д. Болдхуяг. Болор цом-29/ гэх шиг шүлгүүдийг эхэлж сонсож, уншиж яруу найрагт дурлаж байж дараа нь жинхэнэ яруу найргийг ойлгодог болж магадгүй. Өөрөөр хэлбэл олон нийтийн яруу найраг, түүнийг Болор цомын тайзнаас чангаар уншихыг сонссоны үрээр уран зохиол яруу найраг уруу хандагсад олширч, сонирхогчдын хүрээ өргөжих боломжтой юм. Болор цомын тайзан дээрээс байнга л уншигдаж байдаг хоосон цэцэрхэл бүхий олон нийтийн шүлгүүдээр дамжин уран зохиол, яруу найраг уруу хандагсад олон болж байгаад уран зохиолд элэгтэй хүн бүр баярлах ёстой. Тэгж байгаад л хар массын сэхээлэг хэсэг нь жинхэнэ урлагийг ойлгодог болж мэдэх билээ. Түүнчлэн Болор цомын ачаар л яруу найрагчдыг хүмүүс таньдаг болж, хүндлэл хүлээлгэдгийг ч үгүйсгэх аргагүй. Хичнээн олон нийтийнх ч гэлээ гэсэн нэг ч болов яруу найрагчийг хүмүүс мэддэг болж тэдэн үрүү хандана гэдэг чинь хэн нэгэн сайн уран бүтээлчийн ном “Интерном” дэлгүүрийн тавиураас зарагданаа л гэсэн үг. Үүнийгээ бодсон ч Болор цом наадам уран зохиолын хөгжил, дэлгэрэлд өөрийн хувь нэмрийг оруулсаар ирснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чухам ийм л учраас Болор цом наадам нийт уран зохиолын хөгжилд хэрэгтэй.
Тэгэхээр Болор цом хэмээх энэхүү уран уншлагын тэмцээн нь яруу найрагчдын илүүдэл эрчим хүчийг гадагшлуулдаг сайн талбар болохынхоо хувьд, уншигч, үзэгчийн мөн илүүдэл эрчим хүчийг гадагшлуулж, дур хүслийг нь ханган чадагч болохынхоо хувьд, бас уран зохиол, яруу найрагт хар массыг ойртуулах тохирсон арга болохынхоо хувьд зохион байгуулагдсаар байх хэрэгтэй юм. Иймээс Болор цом наадмыг устгах хэрэггүй харин шүүмжлэх хэрэгтэй.
Болор цом наадмын зохион байгуулагдаж ирсэн байдлаас харахад шүүмжлэлд өртөх гол учир шалтгаан нь наадмын үзүүр, түрүүг шударга бусаар авах явдал юм. Шударга бусаар дээгүүр байранд ордог шалтгаануудыг тоймлож үзвэл:
1. Улс төрийн нөлөөлөл
2. Ивээн тэтгэгчийн нөлөөлөл
3. Зохион байгуулалтын гажуудал зэрэг юм.
Улс төр яагаад яруу найрагт нөлөөлдөг вэ гэхээр сонгууль дөхсөн үеийн Болор цомд намууд нэг их ач холбогдол өгч урлаг яруу найргийг ойлгодог, түүнд их хайртай хүмүүс болж харагдах гэж «том тэнэг»-тэнэ. Бас өөрийн намын харьяат буюу өөрийн намд талтай, бас өөрийн намын хэн нэгэн лидертэй ил далд ойрын хамааралтай яруу найрагчийг уг наадамд түрүүлүүлэх гэж улайран зүтгэдэг. Энэ нь маш инээдтэй байдлыг үүсгэдэг бөгөөд ийм байдлаар Болор цом авсан тохиолдлууд бий. Яг үнэндээ бол аль нэг намын нөлөөгөөр Болор цом авлаа гээд, олон яруу найрагч дагуулж навсганалаа гээд уг нам нь нөгөө намаасаа илүү санал авна гэж мэдээж байхгүй, үүнийг мэддэг юмуу эсвэл ийм энгийн юмыг мэддэггүй ч юм уу ямар ч байсан иймэрхүү байдлаар уг наадамд хандан нэр хүндийг нь унагаж байсан тохиолдлууд бий. Уг нь улс төрчид өөрсдийн луйвраа хийдэг газраа л хийж баймаар, гэтэл яагаад ч юм өөрт хамааралгүй яруу найргийн ариун гэгээн ертөнцөөр эргэлдэж сурсан луйвраа хийцгээнэ. Болор цом наадмаар далимдуулан өөрийн намын буюу нэр дэвших магадлалтай хүний сурталчилгааг л хийж байгаа ухаантай юмуу даа ямар ч байсан л нэг тиймэрхүү юм хийдэг нь улс төрчдийг “муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэдэг шиг “хуйвалдагч дээрээ худалч, худалч дээрээ хулгайч” болохыг нь ил тод харуулж өгнө. Ганцхан жишээ дурьдвал 2005 оны Болор цомд яруу найрагч Ж.Мөнхбат түрүүлсэн. Яруу найрагч Ж.Мөнхбат нь тухайн үеийн МАХН-ын идэвхтэй гишүүн, нэг лидер удирдагчийнх нь итгэлт хүн, мөн хуучин нэрээр нь хэлбэл Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооных нь тэргүүлэгч гишүүн байсныг /Одоо ч байгаа байх/ хүмүүс санаж байгаа. Ж.Мөнхбатын бас нэгэн удаагийн Болор цомд дэд байрт орж байсан “Төрд хэлэх үг” шүлэгт:
…Морин сүлдтэй морин нүүдэлтэй
Монголын төр чамд хэлэх үг байна
Гэм хийсэн буруутанг гэсгээж шийтгэхдээ чи
Аав шиг төр бай
Гэнэдэж яваа үрсийнхээ гэмийг нь уучлахдаа чи
Ээж шиг төр бай
Буруутай бол буруугаа хүлээчихдэг
Хүү шиг төр бай
Бусдын төлөө бүхнээ зориулсан
Бурханлаг төр бай… гэх мэтээр сонгуулийн сурталчилгаа хийдэг бол сүүлийн
үед янз бүрийн тайзнаас их л унших дуртай болоод байгаа “Шүүрийн чимээ” шүлэгт нь:
…Дүүрэг хорооллын гудмыг толийтол цэвэрлэдэг шүүрээр чинь
Дүүрэн хогтой төрийн тархийг нэг шүүрдүүлмээр байна
Дөнгөж саяхан ургасан ногооны үндсийг сугсарч цэвэрлэн ургуулдаг шүүрээр чинь
Дүлийрч хатсан нийгмийн хулхийг нэг шүршүүлж угаамаар байна… гэх мэтээр уриална. Энэ шүлэг бол жинхэнэ утгаараа тайзны шүлэг юм. Мөн нөгөө талаасаа бол яруу найрагч Ш.Гүрбазарын “Хоршоо Дэрэм” дуулийн улс төржсөн, ур муутайхан хувилбар. Ш.Гүрбазарын “Хоршоо Дэрэм” дуульд:
…Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ
Нар, өглөө, Дэрэм гурав
Насаараа ингэж л учирсан… гэдэг бол
Ж.Мөнхбатын “Шүүрийн чимээ”-нд:
Гэгээн өглөө бүхэн
Гэрийн цонхоор шүүрийн чимээтэй хамт ирдэг
Их хотыг шүүрийн чимээгээрээ сэрээж
Иргэн хүмүүн үүрийн туяаг угтдаг аа
Төрийн дуулал эгшиглэж байхад
Үүрийн цолмонтой хоёулхнаа
Түрүүчийн одод мишээж байхад
Үдшийн бүрийтэй хоёулхнаа
Түрдэг тэрэг, шүүр, гурвуулхнаа
Хотын гудманд ханьсах
Тэр хүнийг гудамжны цэвэрлэгч гэхээс биш
Тэр бүр сайн мэддэггүй ээ… гэж өгүүлнэ. Мөн Ш.Гүрбазарын “Хоршоо Дэрэм” дуульд: …Хугацаагаар авсан одонгууд
Хурандаагийн цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэнд эцсэн Дэрэмийн энгэр дээр
Үгүйдээ ганц нь гялайх нь яагаа вэ… гэдэг бол Ж.Мөнхбатын “Шүүрийн чимээ” шүлэгт:
…Зүтгээд байя гэж уужуухан бодох
Зүүх одонгүй түүх өгүүлсэн энэ гавьяатан
Арван хуруугаа хөлдөж, цэврүүттэл гудамж шүүрдсэн ч
Алтан гадас бүү хэл баярын бичиг ч горьдоогүй… гэж уншдаг. Эдгээрээс уг шүлгийн “Хоршоо Дэрэм” дуультай ижилссэн дүрслэлүүд тод харагдах юм. Харин ялгаа нь гэвэл дээр өгүүлсэн төрийг шүүрдэх тухай өгүүлэмж юм. Иймэрхүү Болор цомын тайзны шүлгүүд нь болон ер нь түүний олон шүлгүүд нь Ж.Мөнхбатыг яруу найрагч гэхээсээ илүүтэй «Багийн ухуулагч» болохыг нь нотлон харуулж байдаг. Гэсэн ч тэрээр Болор цомын эзэн болсон л юм.
Улс төрийн намууд Болор цомын үйл ажиллагаанд гар дүрснээрээ намдаа хүмүүсийг татах бус харин ч эсрэгээрээ нийтийн дургүйг хүргээд л дуусна. Энэ бол яруу найргийн хөгжилд улс төрийн намаас үзүүлж байгаа дэмжлэг бус доромжлол. Дараагийнх нь ивээн тэтгэгчийн нөлөөлөл бөгөөд уг наадмыг зохион байгуулахад ямар нэгэн хэмжээгээр мөнгө хэрэг болно. Уг мөнгийг хариуцна гэж хэн нэгэн баян дарга амлах ба мөнгөө өгч байгаа болохоор хөгжимөө захиална, ингэснээр Болор цомын тэргүүн шагнал мөн л шударга бусаар өнөөх баян даргатай бас л ил далд холбоо, сүлбээ бүхий яруу найрагчид очно. Зохион байгуулж байгаа дарга нар нь ч, шүүж байгаа шүүгчид нь ч адилхан л мах цусанд төрсөн, идэж уух юмаа мөнгөөр авдаг хүмүүс болохоор яаж ийж байгаад л өнөөх баян хүний халаасанд орно. Ийм байдлаар «Болор цом»-ыг халааслагчдын жагсаалтыг өдгөө яруу найрагч Ш.Лхамноржмаа, До.Болдхуяг нар өнгөлж буй. Эрдэнэт хотод зохион байгуулагдсан наадмыг Эрдэнэт үйлдвэрийн захирал Ч.Ганзориг ивээн тэтгэсэн. Уг наадамд Ч.Ганзориг захирлын нутгийн бүсгүй болох Ш.Лхамноржмаа түрүүлснийг тохиолдлын хэрэг биш гэж үздэг, бичдэг хүмүүс олон бий. Мөн Болор цом-29 наадам Архангай аймагт зохион байгуулагдсан ба наадмын ивээн тэтгэгчээр ХААН банк ажилласан. Уг банкны дэд захирал Д.Батсайхан гэгч эрхэм Архангай нутагт заларч Болор цом наадмын үйл ажиллагаанд оролцов. Гэтэл «гай болж» Д.Батсайхан захиралтай нэг нутгийн хүүхэд болох яруу найрагч До.Болдхуяг «Болор цом»-ыг өвөртөлжээ. До.Болдхуягыг түрүүлэхэд гайхах хүн олон байсан, бас «Батсайхантай нэг нутаг шүү дээ» гээд гайхахгүй орхих хүн ч байсан нь одоо ил болжээ. Энэ байдлууд нь яруу найрагт үзүүлж байгаа ивээн тэтгэлэг бус бас л доромжлол. Дараагийн зүйл нь зохион байгуулалтын алдаа гажуудал бөгөөд зохион байгуулж байгаа болон шүүгчээр ажиллуулж байгаа хүмүүсийн сонголтоос ихээхэн зүйл шалтгаална. Ашиг сонирхлын тухай хуулинд Болор цом наадмын шүүгчийн талаар зүйл заалт байхгүй болохоор багш нь шавьдаа, нутгийн ах нь дүүдээ, найз нь найздаа, нууц амраг нь нууц амрагтаа, аав нь хүүдээ, бас охиндоо оноо тавихаас өөр аргагүй байдалд хүрнэ. Тэгэхээр чинь хүн л юм болохоор яаж ч шударга байх гээд мөн чанар нь зулгаана. Энэ ангиллаар «Болор цом»-ыг өөрийн болгогчдын жагсаалтын «Зүүны магнай»-д яруу найрагч Л.Хасар гарах учиртай. Болор цом-22-т яруу найрагч Л.Хасар сүүлийн шатанд үлдсэн бөгөөд түүний аав болох яруу найрагч Б.Лхагвасүрэн “Би хүүгээ хаслаа” хэмээн мэдэгдээд хассан байдаг. Энэ тухай шүүмжлэгч Х.Сампилдэндэв агсан “…Хэдийгээр би шүүгч ч гэсэн ёс суртахуунтай хүн учраас хүүгийнхээ нэрийг хаслаа” гэсэн нь нас намбандаа таарахгүй зан төрх бөгөөд ийм учраас олон сонинд яруу найргийн наадмыг шоу гэж нэрлэсэн буй заа. Энэ нь шүүгчдийн сонголт бүрэлдэхүүн тааруу болсныг харуулж байна. Ерөнхий шүүгч хэнийг ч гэсэн ганцаар дур мэдэн хасах эрхгүй, хэрэв хүүгээ яруу найргийн наадамд орохыг мэдсэн бол шүүгчдийн бүрэлдэхүүнд ч гэсэн орохоос татгалзах нь харин зүй ёсны хэрэг байлаа. Сурвалжлагчийн асуултанд “эхний шатанд хүүдээ оноо тавиагүй” гэсэн нь ёстой шоу бөгөөд оноо тавиагүй байхад түрүүлчих гээд байдаг, тэгтэл аав нь наадмаас хасчихсан гэсэн өрөвдөх сэтгэл төрүүлж “миний хүүгийн он цаг, амжилт бүтээл өмнө нь байгаа” гэдгийг ойлгуулж дараагийн наадамд аваргын титмийг хэнээс ч юм шаардах сэтгэлзүйн бэлтгэл гэхэд хэтрүүлэг болохгүй…” гэж бичиж байв. Гэтэл түүнээс 3 жилийн дараа болсон Болор цомд яруу найрагч Л.Хасар бас л сүүлийн шатанд шүлэг уншиж, түрүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн бөгөөд уг наадмыг бас л аав нь болох Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн шүүж, түрүүлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрчээ. Ёстой нөгөө үйлийн үр гэдэг л энэ байхдаа. Энэ бүхний эцэст “Энэ Хасар нээрээ даравч дардайсан, их авъяастай хүн юм аа” гэж л харагдахыг хүссэн бөгөөд энэ нь ч амжилттай хэрэгжсэн.
Иймэрхүү байдал нь бусдад “Би ч гэсэн эднээс юугаараа дутах юм” гэсэн бодол төрүүлж байгаа бөгөөд одоо яруу найрагч аав, хүү хоёр болох Д.Төрбат, Т.Зөнбилэг нар «Хонины ээлж»-ээ хүлээж байна. Яагаад болохгүй гэж Д.Төрбат найрагч бол монгол даяар нэр нь түгсэн Б.Лхагвасүрэн найрагчаас хуруу дутуу ч хувь дутуу биш гэж үзэх үндэстэй хүн.
Иймэрхүү л байдлаар явагддаг тэмцээнд сайн шүлэгтэй найрагчид тусгай байр, болон эхний таван байранд орж хоцордог. Бүр хоёр, гурван ч удаа сүүлийн даваанд үлдсэн найрагчид байж л байдаг. Учир нь аль нэг нөлөө бүхий улс төрийн намын идэвхтэн гишүүн бус, хэн нэг мөнгөтэй хүний холбоотон бус, бас нэр хүндтэй яруу найрагч аавгүй төрсөн нь тэдний буруу. Ийм янзаар явагддаг Болор цомд оролцохдоо яруу найрагчид бас л хүн юм болохоор түрүүлэх гэж алга ташиж орилолдох баахан хүмүүс олж ирнэ, таньдаг шүүгч нартайгаа уулзана, утсаар ярина, мессеж бичнэ, нэр нөлөө бүхий хүнээр хэлүүлнэ, тэгээд шүлгээ илүү чангаар уран тод уншина, яг уншиж байх үедээ үзэгчдийг дундуур нь алга ташуулахын тулд зарим «чухал» мөр бадгийн дараа жаахан хүлээж паузлана. Энэ бүхний эцэст дүн гарна, оноо тэнцэнэ, дахиад уншина, түрүүлнэ. Жүжиг ингэж л өрнөдөг. Энэ жилийн Болор цомыг хэн гэдэг аав зохион байгуулж бас хэн гэдэг хүү түрүүлэх бол? Ингээд Болор цом-30 наадам ямар болохыг яруу найргийн тэнгэр ЯНЖКА эгчдээ л найдаж хүлээх үлдлээ дээ.
эх сурвалж: урлаг.мн
Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурь
Улаанбаатар. 2013-01-02