Ази, Европын хөгжлийг нэг дор харлаа

Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөл, БНТУ-ын хууль зүйн академийн хамтын ажиллагааны хүрээнд Монголын шүүхийн шүүгч ажилтнууд Туркийн шүүх эрх мэдлийн байгууллагын туршлагатай танилцаж, шүүх, шүүгчийн хараат бус байдал,шүүгчийн ёс зүйд тавигдах хэм хэмжээний уламжлалт арга өнөө цагт хэрхэн шилжин ирсэн талаарх сэдвээр асуудлаар сургалтад хамрагдлаа.

1446696594_04-2

Үүний зэрэгцээ эртний түүхт Анатолийн газар нутагт өнө эртний үеэс хадгалан ирсэн түүх, соёлын дурсгалт цогцолборууд, их хөгжил ололт амжилтыг үзэн нүд баясгав. БНТУ нь эртний Анатолийн газар нутагт / газар зүйн ойлголтоор Бага Азийн хойг гэж нэрлэдэг /олон зууны турш оршин тогтнож хүчирхэгжин хөгжиж, дэлхийн түүхэнд нэр алдраа үлдээсэн Ариун Ромын эзэнт гүрний зүүн хэсэг болон эртний алтай язгуурын хэлний төрөлд хамаарч үүгээрээ Монгол угсааны нэгэн хүчирхэг аймгийн нэг болж явсан түрэгүүдээс угшилтай Турэг Сельжукын эзэнт гүрэн. Византын эзэнт гүрэн, Оттоманы Эзэнт гүрэн зэрэг олон аугаа түүхт улсын залгамж болж тэдний түүх соёлыг хадгалан хөгжүүлж буй бахархам түүхт улс ажээ. Энэ улсын нутаг дэвсгэрт Их Монгол улсын жанжин Байжу 1242 онд 20000 мянган цэрэгтэйгээр довтлон орж, тэдний султан ханаар удирдуулсан 80000 цэргийг бутцохин уг нутгийг Монголын их хаан Батын мэдэлд оруулж түүнээс хойш 100 гаруй жил Монголчууд төр засгийг эрхшээсэн аугаа түүхийн дурсгал ч тэнд л оршиж , дурсагдан яригдаж байна. Турк улсын нийслэл нь Анкара хот бөгөөд өөр нэг том хот болох Истанбулыг Туркийн европын нийслэл ч гэж нэрлэдэг ажээ. Истанбул нь анх Константинополь гэсэн нэртэй байгаад Византийн гүрний үед энэхүү нэрээр нэрлэгдэн тус улсын нийслэл болж хөгжжээ. Эртний түүхийн олон зуун дурсгалыг энэ хот хадгалж байдгийн зарим болох Султан Ахметын сүм, хажа Софиягийн сүм, Долмабахче ордон зэрэг уран барилгын дурсгалыг харлаа. Истанбул хот нь Босфорын хоолойг дамнан Ази, Европын нутаг дэвсгэрийг эзлэн оршдог 17 сая хүн бүхий асар том хот бөгөөд чухам энэ хотод очсон хүн л Ази Европ хоёр тивд хоёуланд нь зэрэг очлоо гэж хэлэгдэж болно гэж манай багийн гишүүн Дархан уул аймгийн шүүхийн ерөнхий шүүгч Батзориг маань хэлж байсан. Тэрээр Турк улсад дөрвөн жил ном үзсэн мань мэтийн дэргэд номтой, турк хэлтэй нэгэн байлаа.

1446696629_05

Бидний үндсэн зорилго бол БНТУ ын шүүх , хууль зүйн тогтолцооны хөгжилт, шүүгчдийн ёс зүйн талаархи үзэл баримтлалын үндэслэлтэй дэлгэрэнгүй танилцах явдал байлаа. Энэ хүрээнд хууль зүйн ухааны доктор, Гавьяат хуульч н. Бямбаагаар ахлуулсан манай багийнхан тун шахуу идэвхтэй ажилласан юм. Бид БНТУ ын Үндсэн хуулийн шүүх/ANAYASA MAHKEMESI/, Туркийн хууль зүйн академи/ TÜRKIYE ADALET AKADEMISI/, Улсын дээд шүүх/YARGITAY/, Дээд шүүхийн ерөнхий прокурор/YARGITAY CUMHURIYET BAŞSAVCILIĞI/, Анкара хотын баруун тойргийн шүүх /ANKARA BATI ADALET SARAYI/ зэрэг байгууллагуудаар айлчлан танилцав. Тус улсын шүүх хууль зүйн тогтолцооны талаар Осман Хазир, Жанер Грохен зэрэг шүүгч нар танилцууллаа. Турк улсын шүүх хууль зүйн тогтолцоо нь 1982 оны Үндсэн хуулиар тогтоогдсон байна. Энэ хуулийн 2 дугаар зүйлд эрх зүйт төрийн тогтолцоотой гэж хуульчилсан байдаг бөгөөд эрх мэдэл хуваах зарчмын дагуу шүүх нь бусад байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулахаар хуульчилжээ. Үндсэн хуульд заасан нэг байгууллага бол Шүүх прокурорын дээд зөвлөл агаад шүүгч прокурорын томилгоо, сахилга, ёс зүйн асуудлыг шийдвэрлэдэг байхаар тус хуулийн 159 дүгээр зүйлд заасан ажээ. Турк улсын шүүхийн систем нилээд салбарласан өргөн шинжтэй ажээ. Үндсэн тогтолцоо нь:

Үндсэн хуулийн шүүх

Дээд шүүх энэ дотроо эрүүгийн 23, иргэний 23 танхимтай

Захиргааны дээд шүүх

Цэргийн болон цэргийн албан тушаалтны шүүх

Эрүү, иргэний болон захиргааны шүүх байхаас гадна Эрүүгийн хэргийн шүүх нь хүнд хүндэвтэр бусад хэргийн гэж ангилдаг ба үүнээс гадна хүүхдийн шүүх ажилладаг байна. Энэ улсад 18 аас доош насны хүнийг хүүхэд гэж үздэг бөгөөд аймгууд болон зарим томоохон сумдад хүүхдийн шүүх ажиллаж байна. 12 хүртэл насны хүүхдэд /манайд зарим хэрэгт 14 наснаас/ эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй, хүүхдийн шүүх хурлыг хаалттай хийдэг, прокурор оролцдоггүй, ямар ч тохиолдолд хүүхдийн хэргийг бусдаас тусгаарлан шийдвэрлэдэг, 5 аас доош жил хорих ялтай хэрэгт ял оноодоггүй зэрэг онцлог байгааг судалж үзэхээр туршлага байлаа. Ер нь хөгжилтэй орнууд хүүхдийн асуудлыг шийдвэрлэх шүүхийг ихэвчлэн тусгайлан байгуулсан байдаг нь хүүхдийн ирээдүй, боловсрол, хүмүүжилд анхаарсан том дэвшил бөгөөд чухам үүнийг хэрэгжүүлж чадваас шүүх дагнасан, мэргэшсэн байх чиглэд хандсан зохион байгуулалт юм байна.

Дээрхээс гадна Шүүхийн шийдвэр биелүүлэх шүүх, зам тээврийн хэргийн шүүх, оюуны өмчийн шүүх, кадастрын шүүх, гэр бүлийн шүүх, худалдааны шүүх, тэнгисийн худалдаа болон тэнгисийн даатгалын шүүх, хэрэглэгчийн шүүх, хөдөлмөрийн шүүх зэрэг ажилладаг гэж танилцууллаа. Манай улс одоо эрүү, иргэн, захиргааны хэргийн чиглэлээр дагнасан шүүх байгуулж байгаа нь дээрх чиглэд хандсан эхний алхам бөгөөд цаашдаа дагнасан шүүхийн хэлбэрийг өөрийн орны онцлогт тохируулан хөдөлмөрийн, гэр бүлийн,насанд хүрээгүй хүүхдийн хэргийн шүүх байгуулах, эсхүл мэргэшсэн танхим байгуулах хэлбэрээр дагнан мэргэшүүлэх нь зүй ёсны болох нь Туркийн шүүхийн туршлагаас харагдаж байна.

Бидний сургалтаар мэдэх ёстой нэг үндсэн асуудал нь шүүгчийн ёс зүйн талаархи үзэл баримтлалын тухай байв. Энэ сургалтыг Турк улсын захиргааны хэргийн дээд шүүхийн шүүгч асан. одоо тус улсын нийтийн албаны ёс зүйн зөвлөлийн дэд дарга, доктор, ноён Сельчук Хонду гуай удирдан явуулсан. Тэрээр хүний амь бие, эрүүл мэнд , итгэл үнэмшил, амар амгалан аюулгүй байдлыг хангаж буй гол зүйл бол шударга ёс юм. Морь худалдаж авсан хүн мөнгөө төлөхгүй бол шүүгчид хандаж эрхээ сэргээлгэнэ. Шүүх шударга ёсыг хангаж чадахгүй бол оронд нь дур зоргоор аашлах, хүчирхийллээр асуудлыг шийдэх орон зай гарч ирж, түүнийг өөрийн хүчээр шийдвэрлэх буюу эсвэл мафи, терроризм зэрэг хууль бус үйлдэл эзэлдэг. Шударга ёс бол хүмүүс нэгдэн амьдрахад шаардлагатай аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл бөгөөд энэ үүргийг хэрэгжүүлэхэд шүүгч прокурор асар их ач холбогдолтой хэмээн эрхэм Сельчук Хонду гуай яриагаа эхэлсэн юм. Шударга ёсны төлөөх нэг үйлчилгээ 60 жил мөргөл хийсэнтэй тэнцэнэ гэдэг. Бүүр Оттоманы эзэнт улсын үеэс шүүгчийг сонгоход их хариуцлагатай ханддаг байжээ. Сонгогдсон шүүгч алдаа гаргавал сонгон шалгаруулсан хүн ч давхар хариуцлага хүлээдэг ажээ. Жишээ нь: нэг орон нутагт шүүгчийн орон тоо гарч 3 хүн нэр дэвшжээ. Томилох эрх бүхий албан тушаалтан нь нэг хүнийг томилж уг 3 хүнийг судлуулсан байна. Томилогдсон хүн Ахмед гэх нэр дэвшигчийн суудаг газарт очоод хүнээс хаа байгааг заалган очсон байна. Очиход Ахмед нэг илжиг хөтлөх гээд илжиг нь явахгүй байгаа дүр зураг харагджээ. Шинжээч энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь вэ гэж харж байтал Ахмед илжгэндээ өвс зулгаагаад өгөхөд илжиг нь идэх гээд дагаад хөдөлж байж. Үүнийг харсан шинжээч Ахмедийг хууран мэхэлж магадгүй хүн гэж илтгэлдээ бичиж байжээ.

Оттоманы эзэнт улсын сүүл үед буюу 1800 аад оны үед Уламжлан хэрэглэгдэж байсан бүх хэм хэмжээнүүд нэгтгэгдэн эмх цэгцэнд орсноор Mecelle гэх хууль гарч иржээ.Энд 1800 аад хууль орсноос 1784 оос хойшхи бүх зүйлд шүүгчийн тухай заажээ. Энэ хуульд дурьдсан гол чухал зүйлийн нэг бол доорхи ишлэл юм.

1446696726_turkHĀKIM – Шүүгч

HAKIM – Мэдлэгтэй байх аваас үнэн зөв шийдвэр гаргаж чадна. Мэдлэггүй бол шийдвэр гаргаж эс чадна. Өндөр мэдлэгтэй хүн хэргийн учрыг хурдан олно.

FEHIM – гэж юмыг ойлгож хүлээн авах сэргэлэн ухаалаг чадварлаг байдлыг илэрхийлнэ

MÜSTAKİM – шударга , ямар нэг зальжин зангүй гэсэн санааг агуулна.

VE EMIN – энэ нь маш их итгэл даах чадвартай хэлсэндээ хүрдэг байдлыг илтгэнэ.

MEKIN – Хэлсэн үг нь олонд хүрдэг маш их хүндэтгэл хүлээсэн, хүчтэй эрх мэдэл эзэмшсэн гэж харагдах байдал юм

METIN – тэсвэр тэвчээртэй хатуужилтай гэсэн санаа юм.

Энэ өгүүлбэрийн утгыг ажваас Шүүгч хүн бол өндөр мэдлэгтэй сэргэлэн ухаантай, шулуун шударга зантай, хэлсэндээ хүрдэг итгэл найдвар бүхий , эрх мэдэл эзэмшсэний хэрээр хүндэтгэл хүлээсэн, их тэсвэр хатуужилтай хүн байх ёстой гэсэн үг байна.

Шүүгч хүнд байвал зохих нэг зүйл бол аливаа сайн муу ямар ч юмыг бүрэн зааглан харах чадвартай байх явдал юм. Шүүгч хүн бүх талд тэгш хандах, албан тушаалаар ялгаварлахгүй байх, аль нэг талд ойлглмжгүй хандлага гаргахгүй байх шүүх хуралдаан дээр наймаа ярих юмуу наймаачны хандлага гаргах, хэн аль нэгнийг тоглоом шоглоом хийх эсвэл загнаж зандрах илүүц үг ярих зэргээс цээрлэх ёстой. Харьцаанд их анхаарах ёстой бөгөөд сайхан үг могойг ч үүрнээс гаргана гэж зүйрлэн хэлдэг ажээ. Шүүгч талуудаас бэлэг сэлт огт авч болохгүй, бүр чихэр шоколад ч авч болохгүй. Аманд орсон идэх юм нүүр улайхад хүргэхээс сэргийлж яв гэж эрхэм эрдэмтэн сургаж байлаа. Өөр олон чухал зүйлийн талаар бидэнтэй санал хуваалцан ярилцсан бөгөөд энэ дотроос маш чухал гэж бодож явдаг хэргийн хугацааны талаар тодорхой санал хэлж байлаа. Эрдэмтэний хэлснээр бол хэргийн хугацааг маш сайн баримтлан хурдан шуурхай шийдвэрлэх ёстой бөгөөд ” хожимдсон шийдвэр шударга ёсыг хангаж чадахгүй ажгуу. Бидний уулзалт ярилцлага ихээхэн үр дүнтэй бүтээлч байсан бөгөөд уулзалтын дараа эрхэм Сельчук Хонду гуай 1999 онд Монгол улсад айлчлах үед Танай ерөнхийлөгч Н.Багабанди гуай надад хандан та манай шүүгчдийг сурган боловсруулах ажилд туслалцаа үзүүлээрэй гэж хүсэж байсан Тэр хүсэлт санал 15 жилийн дараа биелэгдэж эхэлсэнд их баяртай байна. Дараа дараагийн ирэх шүүгчдийн сургалтанд идэвхтэй туслана гэдгээ халуун дотноор илэрхийлсэн юм.

Эцэст нь ард түмнийхээ эрх чөлөөний тэмцлийг удирдан ялалтанд хүргэж , тусгаар тогтносон өнөөгийн Турк улсыг байгуулсан анхны ерөнхийлөгч Кемаль Мустафа Ататуркийн шүүгчдэд хандаж хэлсэн” ард түмний дунд шударга ёсыг тогтоох нь улс орны тусгаар тогтнолын эх үндэс, бие даасан байдлын эхний шалгуур юм” гэсэн үгээр нийтлэлээ өндөрлөе. Эрхэм уншигч авах гээхийн ухаанаар хандахын зэрэгцээ Монгол улсын хууль шүүх ч бас эзэн Богдоосоо хайрласан сургааль зарлигтай Мөнх тэнгэр шүтээнтэй, өөрийн түүх ололт амжилттай, оюун эрдмийн дархлаатай улс гэдгээрээ бахархах ёстой.

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах

шатны шүүхийн шүүгч Ш. Төмөрбаатар

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …