Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтанд нийт 199 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1191 зөрчил илрүүлж, 158 зөрчил буюу 13.2 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 96, мэдэгдэл 65, танилцуулга 4, ажиллагаа зогсоох тогтоол 3, дүгнэлт 5-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг ноцтой зөрчсөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай Алтан Өргөө сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны 72 а, 73 а барилгуудын зоорийн давхарт төлөвлөгдсөн автомашины гарааш, иргэн Н.Пүрэвдоржийн авто засварын газар зэрэг нийт 3 газрыг Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авч, зөрчлийг арилгуулж, мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласан.
Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт 10 субъектыг 2.156.000 /хоёр сая нэг зуун тавин зургаан мянган/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцож ажилласан байна.