Сэтгүүлч миний бие гэр хороололд амьдардгийн хувьд нэг зүйлд бухимддаг. Түлээ, нүүрс жижиглэн зардаг хүмүүс түлээ, нүүрсээ шуудайлахдаа нунтаг нүүрс, яртай эсвэл ялзарсан модоо шуудайны ёроолд нуудаг. Нөгөөх нь асаж өгөхгүй гэрээр дүүрэн утаа манарч, яаж ч жижиглэх боломжгүй, шуудайны талыг эзэлсэн, зууханд багтахгүй яртай модыг нь хаяхаас аргагүй болно. Ингээд л авсан мөнгөндөө харамсаж хэсэг бухимдахдаа ахиж тэр зальжин этгээдээс түлээ, нүүрс авахыг больё гэж шийднэ. Харин сүүлийн үед гэрээс хэдэн автобусны буудлаар хол ч намайг хуурдаггүй, нүүрсээ урамтай гэгч нь шигшиж шуудайлдаг нэг эмэгтэйгээс байнга түлээ, нүүрсээ авдаг болсон юм.
Мөнгийг биш, хэрэглэгчийг нэгдүгээрт тавьдаг ийм энгийн зүйлийг манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид анхаарч компанийн үйл ажиллагааныхаа нэгээхэн салшгүй хэсэг болгох хэрэгтэй гэдгийг энэ удаагийн ярилцлагын зочин онцоллоо. Та бүхэнтэйгээ “Алтайн заяа” компанийн захирал Б.Болдбаатартай ярилцсан ярилцлагыг хүргэе
– Та Монголын бизнесийн орчин, бизнесменүүдэд гарч буй өөрчлөлтийг хэрхэн харж байна?
-Саяхныг болтол монголчууд нэг газарт арай хямдхан байгаа юмыг нөгөө газарт нь үнэ нэмж зарахыг бизнес гэж ойлгосоор ирсэн. Үнэндээ энэ бол бизнес биш наймаа.
Өнөөдөр байдал өөрчлөгдөж байна. Олон нийт бизнесмен хүнийг зальхай, шуналтай гэж ойлгодог хандлага өөрчлөгдөж, баялаг бүтээдэг, хүмүүст ажил олгож, төсвийн мөнгийг бүрдүүлдэг, эдийн засгийг нуруун дээрээ авч явдаг хүмүүс гэж үздэг болсон.
“Итгэлт баян”, “Равсал панзчин” шиг бизнесийн анхан шатны ойлголттой, байгалиас заяасан бага зэргийн гүйлгээ ухаантай, ойр хавийн хүмүүсээ аргалаад ажлаа бүтээчихдэг тийм сэтгэлгээ, хандлагаар одоогийн нөхцөлд хол явахгүй. Өөрөөр хэлбэл бизнесмен хүн ямар байх ёстой гэдэг асуудал зайлшгүй яригдах болж байна.
Орчин үеийн компаниудад байх ёстой нэн тэргүүний зүйл нь эрхэм зорилго буюу менежментийн философи болж байна. Нийгэм, цаг үеийн энэхүү шаардлагын дагуу өнөөдөр Монголын бизнесийн орчинд шинэ үеийнхэн төрж эхэллээ. Тэд анхнаасаа компанийхаа эрхэм зорилгыг тодорхой болгосон, менежментийн философитой бизнест хөл тавьж байна. Тэднийг бид анзаарч, үлгэр дууриалал авах хэрэгтэй.
Менежментийн философигүй компани урт насалдаггүй, хэсэг хугацаанд ашиг олоод замхардаг. Зах зээлийн харилцаанд шилжээд 25 жил болоход Монголд байгуулагдсан компаниудын 70 хувь нь дампуурсан, эсвэл нэрээ өөрчилсөн нь тодорхой философигүй байсантай холбоотой.
– Менежментийн философи гэж яг юуг хэлээд байна? Ямар асуудлыг хамааруулах вэ?
-Менежментийн философи гэдэг зөвхөн том компаниудад л хамаатай зүйл биш. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг жижиг компани байлаа гэж бодоход “Бид зөвхөн амтыг мэдрүүлнэ” гэсэн философитой байхад тэр нь оршин тогтнож буй утга учир нь болдог. Амтыг мэдрүүлэхийн тулд мэдээж чанартай байна.
Хэрэглэгч таны бүтээгдэхүүнийг авсандаа сэтгэл ханамжтай, та бүтээгдэхүүнээ зарж чадсандаа, хүнийг баярлуулсандаа жаргалтай байж гэмээнэ тэр нь менежментийн философийн үр дүн юм.
Энгийн үгээр хэлэхэд, чи энэ компанийг яах гэж байгуулсан, юуны төлөө оршин байгаа, чухам юу хийж бүтээж байгааг илэрхийлэх зүйл болдог. Бизнесмен хүн энэхүү итгэл үнэмшилдээ хөтлөгдөж явдаг. Жишээ нь “М Си Эс” группийн ерөнхий захирал, УЗ-ийн дарга Ж.Оджаргал эрхэм зорилгоо “Дэлхийн хөгжлийг Монголд” гэж тодорхойлоод түүндээ хүрэхээр ажиллаж байна.
Би мод тайрдаг бизнес эрхлээд байвал байгальд хортой, харин мод тарьдаг бизнес хийвэл зүй зохистой бизнес болно. Өөрөөр хэлбэл ямар ч төрлийн бизнест эрхэм зорилгоо боловсруулахдаа нийгэмд тустай, байгаль орчинд ээлтэй, хэрэглэгчээ дээдэлсэн гэх зэрэг заавал тусгах ёстой зүйлс гэж бий.
-Тэгвэл яг энэ зарчмаар ажиллаж чадаж байгаа компаниуд хэр олон байна вэ?
-Энэ процесс одоо л түүчээлээд явж байна. Энэ зарчмыг үйл ажиллагаандаа бодитоор тусгаад, хэрэгжүүлж чадсан нь амжилтад хүрч байгааг бид нүдээрээ харж байна. “Тесо”, “АПУ”, “Газар шим” гээд томоохон компаниудаас гадна байгуулагдаад удаагүй жижиг компаниуд багагүй бий. Эдгээр компаниудыг хараад байхад боловсон хүчин нь гадаадад бэлтгэгдсэн, эсвэл орчин үеийн бизнесийн утга учрыг ойлгочихсон хүмүүс байдаг.
Нөгөө талаас 20 жил зах зээлд манлайлагч байчихаад унаж байгаа компани байна. (компанийн нэрийг нийтлэхгүй байхыг хүсэв). Тэр хүн 20 жил зүтгэчихээд “Би одоо энгийн хүн боллоо” гээд сууж байна. Учир нь эцсийн эцэст юунд хүрэх вэ гэсэн зорилгогүй явж ирсэнтэй холбоотой. Яагаад том бизнесмен нас барахад бүх ноу хау нь эзэнтэйгээ хамт алга болчихоод байна вэ?
Компанийн бизнесийн үзэл санаа залгамжлагдаж чадахгүй, эзэнтэйгээ замхардаг нь тухайн компани эрхэм зорилгоо тодорхойлж чадаагүйтэй холбоотой
Ингээд бодохоор эрхэм зорилго нь зөвхөн компанийн захирлын асуудал биш, тэнд ажиллаж буй хүн болгоны асуудал. Энгийн ажилчин ч гэсэн манай компани 5 жилийн дараа ийм болно, бидний давуу тал, үнэт зүйл, компанийн үйл ажиллагааны шат дамжлага ийм юм гэдгийг мэдэхгүй байгаагаас компани нь эзэнтэйгээ хамт алга болчихоод байгаа юм.
-Тэр болгонд мэдээлэлд ойр байж чаддаггүй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ийм зарчмаар ажиллах боломж хомс юм биш үү?
-Би ч гэсэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг. Тиймээс би жижиг компаниудынхаа удирдлага, эсвэл менежерүүд нь бизнесийн аливаа сургалтанд тогтмол хамрагдаж, мэдлэгээ зузаатгаж байгаач гэж уриалж байна. Миний хувьд Японы Засгийн газрын жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төслийн сургалтанд хамрагдаж олон зүйлийг мэдэж авсан. Энд төгссөн хүмүүс нь “Кайзен” гэсэн холбоо байгуулж, монгол маягийн менежментийн ухааныг түгээхээр сургалт, семинарууд хийж байна.
” Хэрэв жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нь ажилтнуудаа мөнгө олох хэрэгсэл гэж харах юм бол тэр компани удаан оршин тогтнохгүй. “
Энэ бол надтай нэг завинд сууж яваа багийн гишүүн гэж харвал өөр хэрэг. Дэлхийн компаниудын хөгжиж чадсан түүх бол ердөө л энэ. 1000 ажилтантай ч улс төрөөс болж унаж байгаа компаниас тавхан ажилчинтай ч он удаан жил оршиж байгаа компани илүү үнэ цэнэтэй.
Эх сурвалж: vip76.mn