Б.Гомбосүрэн: Ницше, Витгенштэйн хоёрыг уншихгүйгээр өнөөгийн философийг ойлгохгүй

6n1o4gnpebjm15e25r3qh1798fХүн төрөлхтний оюуны соёлын ууган төрлүүдийн нэг болох философийн тухай доктор (Sc.D.), профессор, гавьяат багш Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа. Тэрбээр философийн 20 гаруй ном, 100 гаруй өгүүлэл нийтлүүлсэн юм.  

-Та өөрийгөө товч танилцуулна уу?

-Би 1966 онд Өвөрхангай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг төгсөөд МУИС-ийн философийн ангид элсэн суралцаж, 1971 онд төгссөн. Аспирантурт суралцсан, зарим нэг албан тушаал хааяа эрхэлсэн зэрэг  хугацааны 10 гаруй жилээ хасвал зөвхөн МУИС-д багш, тэнхмийн эрхлэгч, зөвлөх профессор зэрэг ажил хийж байгаад энэ хавраас албан тушаалаас бүрэн чөлөөлөгдөж , жинхэнэ тэтгэврийн хүн болсон доо.

-Зарим хүн тэтгэврийн насаа тэсэн ядан хүлээдэг байхад зарим нь тийм биш байдаг бололтой юм билээ. Харин таны хувьд?

-Хэдхэн хоногийн өмнө хоёр танилтайгаа тааралдахдаа тэтгэвэртээ бүрэн сууснаа дурстал нэг нь,  “Чөмөг чинь барагдахаар одоо та баяртай гэгдсэн үү” гэж намайг цаашлуулж байна. Би хариуд нь, “Харин ч сайхан шар чөмөг сүүлийн жилүүдэд надад суусан шүү” гэж мөчөөрхөн хоёулаа марзганалдаж байлаа. Тэтгэврийн хуульд 70 шахаж яваа хүн би захирагдахгүй хайчихав дээ.  “Зөвлөх профессор” гэдэг чинь тэтгэвэрт гарсан багш нараа сунган ажиллуулахын тулд МУИС-иас   өгдөг албан тушаалын цол л доо.

-Та хэдэн жил зөвлөх профессоор ажиллав?

-2010 оны хоёрдугаар сараас хойш гэхээр таван жил юм.

-Тантай ярилцлага хийх бэлтгэл болгож сүүлийн жилүүд дэх таны бүтээлтэй бага зэрэг танилцсан. Тэгэхэд таны лав л хоёр номонд философи гэж юу болохыг философичид янз янзаар тайлбарладаг гэсэн байсан. Яагаад өөр өөр тайлбар байдаг вэ?

-Философийн хичээл орж байгаа үед ийм асуултын хариулт болох тайлбар хийхэд бэрхшээлтэй байдаг. Яагаад гэвэл философийн янз бүрийн чиглэлийн төлөөлөгч ийм асуултад өөр өөрийнхөө сургаалын үүднээс хариулт томъёолдог. Тэдгээрийг бүгдийг тоочих бололцоогүй. Аль нь ч мэдлэгийн тодорхой нөхцөлд үнэний хувьтай үнэлэмжийн томъёолол байдаг. Өөрөөр хэлбэл нэгий нь туйлчлан зөвтгөөд бусдыг нь ор тас үгүйсгэвэл өрөөсгөлддөг. Тиймээс онолын мэдлэгийн аль нэг юм уу хэд хэдэн төрөлд, эсвэл тухайн нэг онолын төрлийн хэд хэдэн салбарт нийтлэг хүчинтэй   үнэлгээ гаргадгийг онцлох замаар философи гэж юу болохыг томъёолох илүү дөхөмтэй шийдэл байдаг. Би бичсэн философийн сурах бичгэндээ өөрийнхөөсөө гадна хоёр өөр тийм ерөнхий тодорхойлолтыг бусад зохиогчоос ишлэн оруулаад тус бүрийнх нь өвөрмөц, давуу талыг дурдсан байгаа. Одоо би бүх философид, харицан нэгнээ эрс үгүйсгэдэг философиудад ч хүчинтэй  байж чадах бас нэг тодорхойлолт хэлье. Үүнд, философи бол онолын мэдлэгийн төрлүүд, шашны сургаал хоёрт аль алинд нь юм уу аль нэгэнд нь үнэлгээ өгөн үүсэж, оршдог онол мөн. Бусад онолынхтой адилаар философийн ямар ч тодорхойлолт дэлгэрүүлж, тодотгосон тайлбар шаарддаг нь миний энэ томъёололд ч холбогдно.

-Та мэдлэгийн төрлүүд гэдэгтээ юу юуг багтааж байна вэ?

-Шинжлэх ухаан, шашин, урлагийн онол, ёс суртахууны онол, философи зэргийг багтааж байна.

-Аль ч шинжлэх ухааны ямар ч ойлголтын  тодорхойлолт нэг хариулттай байдаг биз биз дээ. Харин философид олон өөр хариулт байж болно гэсэн үг үү?        

-Ямар ч шинжлэх ухааны ойлголт, зарчим, хууль зэргийн тодорхойлолт хожимдоо няцаагддаг тохиолдол цөөнгүй ч баримтлагдаж байгаа тухайн үедээ үнэн гэж тооцогддог талтай. Харин орчин үеийн философи бол шинжлэх ухааны танин мэдэхүй, өөрийнхөөсөө бусад хүмүүнлэгийн (үнэлэмжийн) онол зэргийг үгүйсгэдэг биш,  харин түрүүн дурдсанчлан тэдгээр онолоос өөр өөр зохиогч бие биеэсээ ялгаатай онолын дүгнэлт хийсний үр дүн болж байдаг . Философи  ингэж бие биеээсээ ялгаатай үнэлгээ гаргасан олон  чиглэл болж ямагт задардаг. Үүгээрээ тухайн үедээ асуудлынхаа нэг л шийдвэрийг “үнэн” гэж зонхилон баримталдаг шинжлэх ухаанаас ялгаатай.

-Зарим нэртэй философич “философийн шинжлэх ухаан”,  “философи бол аугаа их шинжлэх ухаан” гэх мэтээр ярьж, бичээд байдаг даа. Харин та өөр үзэл баримталдаг шалтгаанаа тодруулна уу?

-“Сонгодог”, ”уламжлалт” гэх мэтээр тодотгодог философийн үе үе дэх зарим чиглэлийн төлөөлөгч нар өөр өөрийн философи сургаалыг шинжлэх ухаан гэж үнэлж ирсэн түүхтэй. Идеалист философич Гегель өөрийнхөө философийг “шинжлэх ухаануудын шинжлэх ухаан” гэж үзсэн. Бас марксист-ленинист философи өөрийнхөө диалектик материалист сургаалыг “ганц үнэн шинжлэх ухаанч философи” гэж өргөмжилж, энэ нь социализм байгуулж байсан орнууд, түүний дотор социалист Монголын нам-төрийн албан ёсны онолын удирдамж болж байсан юм.  Би ч гэсэн тэр нийгмийн бүтээгдэхүүн мөний хувьд эл үнэлгээний үүднээс уг философийг биширч, сурталчилж явлаа. Үзэл санааны олон ургальч зарчмыг хуульчлан зөвшөөрсөн 1990-ээд оноос хойших жилүүдээс марксист-ленинист философи дахь өдгөө илт явуургүй, нийгмийн зарим онолыг дурдахаа болиод бусдыг нь, ялангуяа “диалектик материализм” гэдэг бүрэлдэхүүнт сургаалыг нь хичээлээрээ зааж, ном бичдэг хүмүүс байгаа. Үүний зэрэгцээ авах гээхийн ухаанаар ханддаг, олон ургальч арга зүйгээ түүхэн ба орчин үеийн аливаа философид хамаатуулдаг мэргэжлийн хүмүүс манайд гарч ирж байна. Монголын оюуны амьдрал дахь ийм шинэ үзэгдэл бол философийг шинжлэх ухаантай адилтгашгүйн нэг чухал практик баталгаа юм. Одоо онолын зарим баталгаа дурдъя. ХIХ зууны 30-40-өөд оноос хойш эдүгээ үеийг хүртэлх хугацааны туршид шинжлэх ухаан гэж юу болохыг онцлон авч үзсэн олон философи бий болжээ. Гэтэл тэдгээр нь шинжлэх ухааны аль нэг шинж, талыг бусад шинж, талаас нь илүү  онцолсон зорилготой бие биеийнхээсээ ялгаатай философи бүтээсэн байна. ХIХ зууны сүүлийн хагасаас хойш шинэ кантч үзэлтнүүд философи бол шинжлэх ухаан биш,  харин үнэлэмж мөн хэмээн жинтэй үндэслэсэнд нь энэ баримт хүч нэмж чадна. Илүү ойлгомжтой жишээ дурдъя. Хэрвээ дэлхий дахинд юм уу монгол нутагт төр анх үүсэж, улмаар тэр нь устаж, дахин бий болж ирснийг судлан тогтоож байвал энэ нь улс төрийн шинжлэх ухаан, түүхийн шинжлэх ухаан зэрэгт хамаардаг мэдлэг мөн. Харин “төр гэж юу вэ” гэдгийг томъёолсон өөр өөр агуулга бүхий тодорхойлолтууд байдаг нь философийнх, бүр тодруулж хэлбэл улс төрийн философийнх байдаг. Энд зарим номонд байдаг гурван тодорхойлолт дурдъя. Үүнд, марксист-ленинист философид: “төр бол эдийн засагт ноёрхож буй анги бусад ангийг дарлаж байгаагаа тогтоон барих зориулалттай дарангуйллын машин мөн (В.И.Ленин)” гэж томъёолдгоо төрийн тухай жинхэнэ шинжлэх ухаанч тодорхойлолт хэмээн сурталчилж ирсэн түүхтэй.  Гэтэл үүнээс  өөрөөр,  “төр бол тухайн нэг улс бусад олон улсыг эзлээд түүнээ тогтоон барьдаг улс төрийн зохион байгуулалт мөн”,  бас “төр бол ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэгч улс төрийн засаглалын дээд хэлбэр мөн” гэх мэт тодорхойлолт байдаг юм. Агуулгаараа сүрхий ялгаатай ч эдгээр тодорхойлолт Монголын түүхэн ба орчин үеийн төрд бүгдээрээ хамаардаг. Үүнд,  Монголын эзэнт гүрний төр бол нэг (Монгол) улс бусад олон улсыг эзлээд түүнээ тогтоон барих улс төрийн зохион байгуулалт болж байсан бөгөөд Тогоонтөмөр хаан Бээжингээс хөөгдөн Монголдоо ирснээс хойш уг төр устжээ. Үүний зэрэгцээ эзэнт гүрний үед болон түүний задарснаас хойшхи олон зууны туршид оршиж ирсэн манай төр бол марксист-ленинист тодорхойлолтод өгүүлсэнчлэн эрх баригч анги хүн амынхаа бусад  бүх анги, давхрааг ноёрхон дарангуйлдаг машин байсан. 1992 онд баталсан Монгол улсын үндсэн хуульд буй холбогдох заалтуудыг үндэс болговол манай өнөөгийн төр бол ард түмнийхээ нийтлэг хүсэл эрмэлзлийг биелүүлэгч улс төрийн засаглалын дээд хэлбэр мөн байх ёстой. Харамсалтай нь нийгэм, улс төрийн ардчилсан онолд нийцэх ийм  төр манай оронд практикт хараахан хэрэгжээгүй байна. Яагаад гэвэл эдүгээ манайд тогтсон төр бол олигархиудын ноёрхол тогтсон,  авилгалыг цэцэглүүлсэн машин мөн бөгөөд үүгээрээ манай шат шатны бараг бүх эрх баригчид маань өөрсдөө шүүмжлээд байдаг марксист-ленинист томъёоллын дагуух мөлжигч, дарангуйлагч төр бүтээж орхисон байна.

Шинжлэх ухаан, шашин зэрэг мэдлэгийн төрлүүд хувь хүн, цаашлаад хүн төрөлхтний амьдралд ямар нэг байдлаар нөлөөлдөг. Тэгвэл философи тэгж нөлөөлдөг үү. Өөрөөр хэлбэл философийг судлахын ашиг юу вэ?

-Бас л тэгж нөлөөлдөг. Мэдлэгийн аливаа төрлийн онолд эерэгээр нөлөөлдгийгөө “аргазүйн ач холбогдол” гэж философи нэрлэдэг хэрэг. Өөрөөр хэлбэл, философи бол асуудлыг шийдвэрлэхэд туслах удирдам, зөвлөмж, сургамж болдог.

-Тэгэхээр мэдлэгийн бусад төрлөөс философи илүү, дээгүүр гэсэн үг үү?

Би тэгж ухуулах гээгүй. Философийг бусад төрлийн мэдлэгээс дээгүүр ч биш, бас  дорд, дутуу ч биш гэж үзэхийг эдүгээ үеийн түрүү философидолтууд  зохистой сануулдаг юм.

Зарим эрдэмтэн юм болгоныг философитой холбох гээд байх шиг анзаарагддаг?

-Өнөөгийн манай зарим зохиогч философийн онцлог, үнэ цэнийг нь орхигдуулдаг, эсвэл бусад төрлийн мэдлэгээс дээдлээд ч байгаа юм шиг байр суурь илэрхийлдэг л дээ. Үнэ цэнийг нь яаж орхигдуулж байна вэ гэвэл монгол ардын үлгэр, оньсого, зүйр цэцэн үг, цаашилбал бэлчээрийн мал маллах арга, түүхийн сурвалж бичгүүд дэх чухал чухал мэдээ, Чингисийн билиг сургаал зэргийг манай нэр хүндтэнгүүд судлан нягталж бий болгосон, угтаа агуулгын хувьд чухал үнэ цэнэтэй тайлбараа “гүн ухаан (философи)” гэж зарладаг нь философийн бие даасан олон онцлогийг үгүйсгэж, түүний үнэ цэнийг алдагдуулж байдаг. Гэтэл манай түүхэн дэх мэдлэг, ухаануудыг философи биш гэж үзэх нь тэдгээрийг дорд үзэж байгаа хэрэг биш ээ. Тэдгээр мэдлэг өөр өөрийн талбартаа юугаар ч солихгүй үнэ цэнэтэй байдаг. Адууг туухад шилбүүр биш, уурга хэрэгтэй гэдэг мэдлэгт философи хэрэг болдоггүй. Аливаа сургаал, айлтгалын үнэ цэнэ нь философидсонд биш, харин холбогдох үйлдэлд хэр оновчтой нийцэж байгаагаар тогтоогдох байх. Гэтэл зарим хүн философийг шинжлэх ухаанчилж, заримдаа бүр түүнээс ч дээгүүр, бусад аливаа мэдлэгээс илүү гэж лекцэлдэг байна. Жишээ нь өөрийгөө философийн доктор гэж сурталчилдаг нэгэн зохиогч “идеализм бол хүн төрөлхтний танин мэдэхүйн хамгийн эртний хэлбэр мөн” гэсэн худлаа томъёолол зохиогоод түүнийгээ Платоны үзэл юм шиг сурталчлахдаа Платоны зарим философи тайлбарыг өөрт санагддагт тохируулан ашигласан байх юм. Бас өөрийгөө философич гэж сурталчилдаг нэгэн зохиогч орчлонгийн оршихуйн үндсэн хууль, түгээмэл онолыг мэдэхийн тулд  дэлхийн гол гурван шашин, орчин үеийн шинжлэх ухаан, дэлхийн философиуд зэргийг бүгдийг судлаад хариугаа олж чадахгүй байтал ашгүй эртний Монголын гүн ухаанд тэр хариу нь байсан мэт бичсэн байх юм. Гэхдээ энэ хүн аливаа философийг биш, харин мань мэтийнхээр бол ямар ч байсан өнөөдрийг хүртэл нээгдээгүй байгаа тийм философиор орчлонгийн хуулийг нээсэн болж таардаг. Философийг зохиомлоор өргөмжилдөг өөр нэг үзлийн гэрч нь өнөөгийн Монголын философичид Монголын хөгжлийн ирээдүйн хандлага, зүй тогтлыг мэргэжлийнхээ үүднээс тогтоож чадахгүй байна гэдэг зарим хүний зэмлэл. Урьдчилан харахуй бол шинжлэх ухааны зорилт болохоос философийн зорилт байдаггүйг миний өмнөх тайлбаруудыг зөвшөөрсөн хүн бол ойлгоно.

-Бас Монголын философийн түүхийг хэзээнээс эхлэлтэй тухайд ч санал нэгдэж чадаагүй юм шиг байдаг. Таны хувьд хэдийнээс эхлэлтэй гэж үздэг вэ?

-Эртний монголчуудын мэдлэгийг философи биш гэснээр соёлын түүхээ дорд үзэж байгаа хэрэг биш, харин тэр үеийн монголчуудад философи шаардагдах, үүсэх нөхцөл бүрдээгүй байсныг илэрхийлж байгаа юм. Дэлхийн бүх ард түмний олонхийнх нь эртний соёлын түүхэнд философи байгаагүйг бас ингэж ойлгох шаардлагатай. Монголд буддын гүн ухааны бүтээлүүдээс орчуулж тэдгээрт тайлбар хийж ирсэн XIV зуунаас Монголын философийн түүхийг эхэлсэн гэж ярих нь түүхэн бичгийн дурсгалын өнөө үе дэх олдцын төвшинд зөв байх.

-Философи бол хувь хүний хөгжил, төлөвшилд хамгийн их ач холбогдолтой гэж үзэж болох уу?

-Энэ асуултад философидож хариулах онолын бэлтгэл, чадвар надад байхгүй байгаа тул хувийн бодлоо л хэлье. Зарим мэдлэг хөгжилд онцгой ач холбогдолтой. Үүнд шинжлэх ухаан техник, технологи зэргийн мэдлэгийг онцолж болох юм. Харин урлагийн болон ёс суртахууны мэдлэг, философи гэх мэт үнэлэмжийн мэдлэгүүд, бас шашин зэрэг бол хүний төлөвшил,  хүмүүжлийн гол  хэрэглүүр юм. Зарим байгууллага боловсролыг хүмүүнжүүлэх тухай сурталчилдаг нь үнэхээр дэмжүүштэй сонсогддог. Гэтэл зарим их сургуулийн удирдлага байгууллагаа шинжлэх ухаанжуулах тухай тунхагладаг нь өрөөсгөл сонсогддог юм. Үнэндээ мэргэжлийн мэдлэг, хүмүүнлэгийн мэдлэг хоёрыг зөв хослуулан эзэмшсэн мэргэжилтэн, удирдах ажилтан нь эх орондоо юм бүтээдэг. Жишээ нь өнөөгийн манай төрийн дампуу байдал бол шат шатны удирдах ажилтнууд мэдлэг чадваргүйдээ юм уу, мэргэжсэн ажилтны туслалцаа авч чадахгүй байгаагаас шалтгаалдаг биш, харин хамгийн гол нь хүмүүнлэгийн боловсролгүйгээс, ялангуяа бэртэгчин сонирхлоос нь  шалтгаалдаг нь анзаарагддаг. Философи бол хүнийг төлөвшүүлэхэд онолын үндэс болж өгдөг олон чухал бүрэлдэхүүнтэй. Ёс зүй, гоо зүй, соёлын философи, экологийн философи, нийгмийн философи гэх мэт.

-Ес зүйтэй, хүмүүнлэг болж төлөвшүүлэхэд яах хэрэгтэй юм бол?

-Олон л талын юм ярих ёстой байх. Энд холбогдох сургалтыг явуулдаг багш нар онцгой үүрэг хүлээх ёстой нь ойлгомжтой. Гэтэл багш нар бидний нэг ноцтой дутагдал бол бэлэн онол ярих нь голлоод сургалтыг амьдралтай холбох нь хангалтгүй байдаг. Гэхдээ тийм дутагдал ганц багш нарын ч буруу биш, бас бололцоо, нөхцөлөөс багагүй хамаардаг. Багш нар бид сургалтынхаа онолын агуулгын шинэчлэлд ахиц гаргалт хангалтгүй байгаа.

-Яаж ахиц гаргах бололцоотой гэж та бодож байна вэ?

-Жишээ нь зарим онолын ойлголтын нэрийг бүр социализмын үед орос хэлнээс буруу орчуулаад тэгээд орчуулсан үгнийхээ утгын дагуу уг ойлголтыг худлаа тайлбарлаж ирсэн. Тэр дутагдал өнөөдөр ч үргэлжилдэг тал ажиглагдсаар байна. Бид бас өөрсдөө философи ойлголт, үндэслэл шинээр боловсруулах, мөн заримд нь цаг үедээ нийцүүлэн шинэ санаа, шинэ арга зүй нэмэх санаачлага бараг гаргахгүй шахам байна.

-Уучлаарай, таныг дайрч байгаа юм биш шүү, та өөрөө энэ талаар ямар санаачлага гаргаж ирсэн бэ?

-Энэ ч байж болох л асуулт байна. Би амьхандаа энэ талаар их л мэрийдэг дээ. Анзаардаг зарим хүн байдаг л юм. Жишээ нь би бичсэн сурах бичгээ ганц бэлэн онолоор дүүргэх биш, харин бүтээлч хандсан ойлголт, үндэслэлүүдээр, бас шинэлэг санагдах гарчгаар ч гэсэн баяжуулахыг чухалчилсан юм. Энэ тухай манай хоёр философич хамтарч бичин 2010 оны үед байх, “Философи, шашин судлал” сэтгүүлд хэвлүүлсэн шүүмждээ овоо тодорхой бичсэн байдаг.

-Өнөөгийн Монголын философичдоос та хэн хэнийг илүү хүндэлдэг вэ?

-Бичиж, нийтлүүлдэг хүн бүрт хүндэтгэлтэй хандахыг чухалчлах ёстой. Яагаад гэвэл аль нэг бүтээл бүхэлдээ биш ч зарим нэг зүйлээрээ ололттой байдаг. Гэхдээ философид хандах арга зүйн зарчмаараа ойролцоо хүмүүсээ илүү хүндэтгэдэг дээ. Тийм хүмүүстэйгээ хамтарч ном өгүүлэл бичих, тэднээр номнуудаа редакторлуулах, бичсэнээ хэвлүүлэхийн өмнө танилцуулан санал зөвлөгөө авах зэрэг ажил хийдэг.

-Тэгвэл дэлхийн философичдоос хэн хэнийг илүү хүндэлдэг вэ?

-Олоон олон.

-Та ихэнх асуултад маань хувь хүний биш судлаачийн үүднээс хариуллаа. Уг нь хувь хүний тань бодол сонин байх юм.

-Мэдлэгийг үнэн гэж баримталж байлаа ч тэр мэдлэгт алдаа байх вий гэж танддаг байх нь философийн зарчим. Энэ зарчмыг бүр эртний философичид боловсруулснаа “скептицизм” гэж нэрлэдэг. Орчин үед энэ зарчмыг гүнзгийрүүлэн дэлгэрүүлэх замаар бий болгосон нь “фальсификацийн(няцаах) зарчим” нэртэй болсон. Бид энэ зарчмыг аль болохоор баримталж сурах шаардлагатай. Зарим хүн юм л бол өөрийгөө зөвтгөхийг урьтал болгож, алдаа дутагдлыг нь хэлбэл мэнчийгээд байдаг нь үүнтэй нийцдэггүй.

 Философи үй олон чиглэлд хуваагддаг, тэр бүгд нь өөр өөрийн үндэслэгч болоод том төлөөлөгчидтэй байдаг. Тийм учраас би орчин үеийн философийн үндсэн бүх чиглэлийг ямар нэг хэмжээгээр эзэмшсэн судлаач хүний хувьд зарим нэг чиглэл болон зохиогчийг бусдаас нь илүү дээр гэж хэлж чадахгүй байна. Сургалт, судалгааныхаа ажлын сүүлийн жилүүдийнхээ зорилтын үүднээс Ницше, Витгенштеин нарын философид анхаарлаа илүү хандуулсан. Энэ хоёр философичийн онолыг эзэмшихгүйгээр эдүгээ үеийн философидолтын агуулгыг бүрэн зөв ойлгохгүй.

Витгенштеиний боловсруулсан хэл шинжлэлийн философийг багтаасан ном та гаргасан байсан. Харин Ницшегээр та юу хийсэн бэ?

-Арав гаруй жилийн өмнө хэдэн залуучууд Ницше бол дэлхийн философи сэтгэлгээний томоохон төлөөлөгч мөнийг өгүүлсэн нэг товхимол хамтран бичиж хэвлүүлснээ надад бэлэглэж байсан юм. Тэнд Ницшегийн олон чухал афоризмыг хэвлүүлсэн байсан. Энэ товхимол Ницшегийн философийн гавьяаг монголчуудад мэдээлсэн анхны ном байсанд би тэдэнд талархалтай байдаг. Гэхдээ энэ сэтгэгчийн философийн агуулга ба онцлог нь афоризмуудаар хангалттай илрэхгүй л дээ. Тийм учраас мэргэжлийн сэтгүүлүүдэд өөрөө болон өөрийнхөө удирдаж буй докторантаар хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн байгаа. Уг нь надад амьдралын тухай философиор арваад жилийн өмнө бичиж үндсэндээ дуусгасан нэг сэдэвт зохиол хэвлэгдээгүйгээр миний шүүгээнд хэвтэж байгаа.

-Яагаад хэвлүүлэхгүй байгаа юм бэ?

-Миний хариултыг уншаад атеист уншигч нар намайг шоолох үндэстэй шүү. Гэхдээ яаж хариу хэлэхгүй байхав дээ. Би уг нь бурханы шашины шүтлэгтэй ч гэсэн аливаа шашин бол соёлын чухал төрөл, өөр өөрийнхөө үүднээс гэгээрүүлэгч зэрэг олон чухал гүйцэтгэлтэй гэдэг үүднээс алинд нь ч хүндэтгэлтэй ханддаг. Харин хэрэглэгч нь л шашныг буруу ашигладаг талтай. Ийм үзлийнхээ үүднээс христос шашныг шүүмжилсэн төдийгүй ихэд ёжилсон Ницшегийн философийг бүхэл цогцоор нь сурталчлахаа хойш тавьж ирсэн юм. Гэхдээ би дэлхийн эдүгээгийн философидолтод арга зүйн нэг гол чиг болж буй энэ философийг багтаасан номоо хэвлүүлнэ ээ. Гэтэл ном худалдаж авахыг номын сангуудад хүртэл хумиж байгаа өнөө үед бид мэтийн зээлээр хэвлүүлээд номоо борлуулсныхаа орлогоороо зарлагаа нөхөж ирсэн хүмүүс ойр дотныхноо дайчилж байж санхүүгийн алдагдлаа барагдуулах аргаар юм хэвлүүлдэг байх нь лав л олон давтмааргүй ажил болсон доо.

-Удахгүй хэвлүүлнэ гэдэгт итгэж байна.

-Болтугай. Төгсгөлд нь нэмж хэлэхэд, миний бичсэний агуулга, арга зүйд талархалтай ханддаг, бас шүүмжлэлтэй ханддаг хүмүүсээс энэ ярилцлагыг уншсан байгаасай гэж хүсэмжилээд та нартай ийнхүү сонины хуудсаар учирч, санаа бодлоо илэрхийлж байгаадаа баяртай байна. Ийм бололцоо олгосон танай сонинд баярлалаа.

-Ажил хэрэгч ярилцлага өгсөн танд баярлалаа.

Д.Пүрэвсүрэн

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …