Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон бусад хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.11.27/ өргөн барилаа.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль батлагдахаас өмнө мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 2 ба 5 жилээр авсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгох харилцааг зохицуулах шаардлага үүсч, энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэшсэн нягтлан бодогчдод хуулийн шаардлага нэг ижил мөрдөгдөх боломж бүрдэх аж.
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль батлагдахаас өмнө аудитын тусгай зөвшөөрөл авсан аудитын 120 орчим компаниудын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэ хуульд нийцүүлэх шаардлага үүссэн байна. Аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 19.3-д заасны дагуу аудитын хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчид тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул энэ хууль батлагдахаас өмнө аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан аудитын компаниуд болон 2016 оноос эхлэн шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах компаниудад тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан болохоо Хууль зүйн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 4.2-д Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компанид аудит хийхдээ Компанийн тухай хуулийн 76.1.10-д заасныг мөрдөхөөр буюу төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын байгууллагыг сонгохоор заасан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж нь Компанийн тухай хуулийн дагуу төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК), Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) гэсэн 2 хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Харин Төрийн аудитын тухай хуулийн 4.1, 15.1.2, 15.2.2, 15.3-д төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Үндэсний аудитын байгууллага аудит хийхээр заасан нь Компанийн тухай хууль, Аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн дээрх заалттай зөрчилдөх нөхцөл үүсээд байна. Иймд хуулиудын зөрчлийг арилгах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан болно. Төрийн аудитын тухай хуульд дээр дурдсан өөрчлөлт орсноор төрийн өмчит, тэдгээрийн оролцоотой компаниудын аудитын байгууллагыг сонгох үйл ажиллагаа компанийн засаглалтай нийцэх төдийгүй тэдгээрт үзүүлэх аудитын үйлчилгээний хараат бус байдал сайжрах болно. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.