Танин мэдэхүй: Философидохын учир

download 2015 оны 11-р сарын 10-нд Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах сунгаанд оролцогчдын дөрөв дэх халз мэтгэлцээнболж, “Фокс Ньюс” телевизийн сувгаар дамжууллаа. АНУ-ын гол хоёр нам ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах сунгааг бүтэн жилийн турш явуулж, нэр дэвшигчдээ сонгогчидтой уулзуулан тэдний баримтлах бодлого, санал санаачилгуудыг нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлдэг. Энэ нь нэр дэвшигчдийн зүгээс асар их мөнгө, цаг хугацаа зарцуулахад хүрдэг хэдий ч зөв хүнээ гаргахын тулд “долоо хэмжиж, нэг огтолдог” зүйтэй зарчим юм. Энд тэдний тухай, сонгуулийн тухай өгүүлэх гэсэнгүй, харин энэхүү ээлжит мэтгэлцээний үеэр эдийн засгийн байдал, хөдөлмөрийн хөлсний нэгцагийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай, банк, санхүүгийн гол байгууллагуудын тухай асуудал хөндөгдөхөд философи, философичдын тухай яриа гарсан нь анхаарал татсан хэрэг. Тухайлбал, Тед Круз “Холбооны Нөөцийн Сан”-гийн удирдлагыг эдийн засагт юу болохыг төсөөлөхийг л оролддог философич-хаад юм гээдийм философич-хаадтай төрийнзарим инститүцүүдийг татан буулгахаа илэрхийлэв. Жон Кэйсик ямар нэг ажил явуулах болоход философийн хэрэг байдаггүй гэв.

Нэр дэвшигчээр гарч ирэх магадлалтай байгаа Марко Рубио “бидэнд илүү олон гагнуурчин, цөөн философич хэрэгтэй байна. Гагнуурчид философичдоос илүү мөнгө олдог” гээд философиор сургаж байхаас илүү мэргэжлийн сургалтын төвүүдийг өргөтгөх нь АНУ-ын иргэдийн орлого болон эдийн засгийн нөөц боломжийг илүү нээнэ гэж санаагаа тодотголоо.Хэрэв философийн салбарт Нобелийн шагнал олгодог байсан бол энэ орны философичид л голдуу авах учиртай орчин үеийн философийн тэргүүлэх гүрний нэг билээ. Гэвч шинэ цагийн улс төрчид нь Америкийннийгмийн оюун санааг чиглүүлж ирсэн философи, философичдоо үгүйсгэх хандлага гаргах болов.

Хэдэн жилийн өмнө, Их Британийн нэр хүндтэй их сургуулиуд хүмүүнлэгийн салбаруудыг нэгтгэх, философийн анги танхимаа цөөлөх, багшлах боловсон хүчнээ цомхотгох, шинээр элсүүлэх оюутны тоог бууруулах зэрэг арга хэмжээ авч, санхүүжилтээ танаж эхэлсэн нь ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ. Зарим нэг сургууль философийн танхимаа ч хааж байлаа. Соён гэгээрэл, хүний эрхийн тунхаглалын өлгий нутаг Франц эртнээс нааш сэтгэгч мэргэдээр гайхагдажирсэн.Ерөнхий боловсролын сургуульд философийг заавал үзэх хичээл болгосон учраас иргэд нь логиксэтгэлгээ сайтай. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ орны агуу сэхээтний уламжлал уруудаж байна гэх болов. Олон суутнуудыг төрүүлсэн, бас тэдний ажиллаж, бүтээх орчин болж байсан Сорбонын их сургууль дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад орохоо болиод удаж байна. Харин нааштай сайхан мэдээ гэвэл, Германд философийн нэр хүнд өндөр хэвээр, их сургуулийн философийн ангид элсэх өрсөлдөөн ихтэй, философийн ном зохиол, сэтгүүлийн гүйлгээ сайн байна. Вилгельм вон Гумболдт Берлиний их сургуулийг үндэслэн байгуулж, Фихте, Гегель, Шлейрмахер, Шопенгуэр, Шеллинг нарынгарамгай философичдын оролцоотой хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны чиглэлийг нээсэн юм. Германы философи 200 шахам жил дэлхийд тэргүүлж байсны учир ч үүнтэй холбоотой. Тухайн үеийн натурализмын эсрэг зогсож, юм бүхнийг шинжлэх ухаанаар тайлбарлах боломжгүй гэсэнбайр сууринаасүүдэлтэй энэ загвараар орчин үеийн дэлхийн бараг бүх л шилдэг их сургуулиуд замнаж, хүмүүнлэгийн ухааныг хөгжүүлж байгаа билээ.Францын философич Ж.Ф.Лиотар “постмодерн нөхцөл: мэдлэгийн тухай тайлан” номондооэнэхүүгерманы дээд боловсролын тогтолцооны ач холбогдлыг дэлгэрүүлэн тайлбарласан буй.

Эхэнд дурдсан нэр дэвшигчдийн мэтгэлцээннь философи гэж юу болохыг, философи нь нийгэм, хүн төрөлхтөнд ямар ач холбогдолтой болохыг ойлгохгүй,үгүйсгэх болж байгаа шинэ үеийн хүмүүсийн нийтлэг төрхийг харуулсан юм. Тэд философиос илүү бүтээлч, илүү ашиг тустай, шинжлэх ухаан, технологийн хөгжил,эдийн засгийн өсөлтөд илүү чухал гэж үзсэн зүйлийг үнэлнэ. Шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл философийн өнөөгийн байдалд тааламжгүй хандаж байна. АНУ-ын нэрт физикч Фримен Дайсон өнөөгийн философи бол “сүр жавхлант өнгөрсөн үеийн шүдгүй болсонүлдэгдэл” гэсэн бол Их Британийн агуу физикч Стефен Хокинг “философи үхсэн” хэмээжээ. Ер нь ертөнц болоод түүнд эзлэх хүний байр суурь, бодит байдал, мэдлэг, үнэт зүйлсийн тухай эрэл хайгуул хийж байдаг философичдын эсрэг дайралт хийх, философийг “доош хийх” нь шинэ зүйл биш, түүхийн аль ч үед байсаар иржээ.МЭӨ 399 онд Афины шүүх Сократыг залуу үеийн оюун санааг хордуулж, хот улсын хүлээн зөвшөөрдөг Бурхадыг үгүйсгэлээ хэмээн цэцэн мэргэн ухаанд дурласных нь төлөө цаазалж байлаа.

Гэхдээ ЮНЕСКО-ийн шийдвэрээр жил бүр философийн өдрийг тэмдэглэдэг болсон нь философийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрсний илрэл юм. Эртний грекийн philoдурлах, sophia цэцэн мэргэн ухаан гэх философийн гарал үүсэл төдийгөөр нийтэд тайлбарлаад философичид юу хийдэг, философи хүн төрөлхтөнд ямар хэрэгтэй тухай тодорхой ойлгуулж чадахгүй болж байна. Тиймээс философийг нийгмийн оюун ухааны хөтөч, мэргэн ухаанаар өөрийгөө хамгаалах зэвсэг, аялалын газрын зургийг бүтээгч,аюулгүй зорчих навигацийн хэрэгсэл юм гэсэн утгаар тайлбарлах хэрэгтэй. Их Аристотель философийг гайхахаас эхэлнэ гэсэн, харин АНУ-ын философич Ч.Пирс эргэлзэхээс эхэлнэ гэсэн нь философийн эхлэх цэг дээр зарчмын ямар ч ялгаагүй юм. Нарийвчлан хэлэх юм бол ямар нэг зүйлийн тухай гайхах, эргэлзэхээс буюу асуулт тавих хүний ерөнхий сониуч зангаас үүдэн эхэлж, тэгэхдээ арай илүү түвшинд асуултыг тавина. Формал асуултад аксиом болсон үнэн мэдлэгээс дедукци хийх замаар хариулах боломжтой. Эмпирик асуултад материаллаг ертөнцийг ажиглах, турших, тоолох арга зүйгээр хариулна. Харин юмсын мөн чанар, сайн, муу, сайхан, муухай гэх мэтийг тодорхойлох, эмпирик арга зүйгээр хариулахболомжгүй асуулт бол философийн дэвшүүлжхариулах зүйл юм. Философичид ажиглалт хийдэггүй, туршдаггүй, хэмждэггүй, тоолдоггүй. Философидоод шинжлэх ухаан шиг байгалын нууцыг нээн илрүүлж чадахгүй, өвчнийг эмчлэхгүй, үйлдвэрлэлийн арга технологи боловсруулахгүй, шинжлэх ухаан нь философи шиг хүнийг амар амгалан аж төрж, нирванд хүрэх зам мөрийг зааж өгч чадахгүй, тиймээс л энэхүү эрхэлж буй үйлийн агуулгаар хүний бүтээсэн цаглашгүй мэдлэгүүдийг ангилж, шинжлэх ухааны ба хүмүүнлэгийн мэдлэг хэмээн 200 гаруй жилийн тэртээгээс тогтоожээ.

Шинжлэх ухааны анхны мэдлэгүүд эрт цагт философи дотор боловсорч, хожим Галилейн одон орон, Ньютоний физик, Дарвиний биологи, Менделеевийн хими дараалан гарч ирснээр эртний их сэтгэгчдийн философи систем ганхаж, тэр байтугай дунд үеийн шинжлэх ухаанд ойр философичдийн систем ч няцаагдаж эхэлсэн билээ. Тэгэхдээ философийн явж ирсэн түүхийн 90-ээс дээш хувьд философи бүх мэдлэгийн эх үндэс байж ирсэн.

Нэрт түүхч Билл Дурант “философийн тууж” номондоо тэмдэглэсэнчилэн, шинжлэх ухаан бол цонх юм, түүгээр нь философи ертөнцийг үздэг болой.  “бидний мэдлэг төсөөлөх аргагүй өргөжин дуран авайн хүчээр хүний төсөөлж байгаагүй олон од эрхэсийг илрүүлж, газар зүй сая сая жилийн түүхийг хүүрнэн хүний мэдэж байсан мянга мянган жилийг ардаа орхисон, физик ертөнц атомоос тогтдогийг нээж, биологи эсийн түвшинд микрокосмийг олж, физиологи организм бүхэнд байх нууцыг, психологи мөрөөдөл бүхнийг илрүүлж, антропологи эртний хүнийг судлан тогтоож, археологи мартагдсан улс, нурманд үлдсэн хот тосгодыг олж гарган, түүх бүх түүх хуурамч гэдгийг илчилж, теологи ганхаж…” буй үед философи шинжлэх ухааны байр сууриа алдсан билээ. Шинжлэх ухааны баримтууд философийн ойлголтыг орлох болж, философиос эх үүсэлтэй мэдлэг хэдэн мянган хэсэгрүү салаалаад явчихлаа. Шинжлэх ухаан онолын хатуу зохион байгуулалттай, пирамид хэлбэрээр конструктив хөгждөг бол философи спирал маягаар эргэлдэж, тухайн, тухайн үеийнхээ нэн чухал асуултыг тавьж, нийгэм, хүний бүхий л үйл хэрэгт хувь нэмрээ оруулж байдаг.Шинжлэх ухаан нь арга ба анализ, философи нь билиг ба синтез болой. Шинжлэх ухаан олдог, философи бүтээдэг юм. Шинжлэх ухааны эрдэмтэд тодорхой постулат онол,аксиом томъёололоор цааш явдаг бол философичид мөнхийн гэгдэх асуултаа тойроод маргаж байдаг нь философийн олон -изм сургаалаас харагдана.Өөрөөр хэлбэл, 2500 жилийн өмнө тавьж ирсэн асуултыг одоо ч тавьсаар л байдаг. Энэ нь ямар ч дэвшил хөгжил байхгүй гэж харагдах, шүүмжлэгдэх нэг үндэс болдог байх. Философичид олон зүйлийн хариуг мэдэхгүй, практик ур чадвар байхгүй, гэвч үнэн, шударга ёс, Бурхан, аз жаргал гэх мэтолон асуултыг үргэлжлүүлэн тавьж, хариулах гэж оролдож байдаг нь хүний гайхах, эргэлзэх нь шавхагдахгүй болохыг харуулдаг. Философичид нягт няхуур уншиж судална, шүүмжлэлт, бүтээлч байдлаар сэтгэнэ, үндэслэлийн дутагдалтай талыг олж тогтооно, утгагүй дэмийрлийг илрүүлж чадна. Ийм чадварууд бол хүнийг ч нийгмийг ч үйлдлээ урьдчилан харах луужин болох нь гарцаагүй.

Философийн хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний ажилтан Ж.ЭнхбаярUgluu-logo

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …