Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх асан, хуульч Г.Ганзоригтой шүүхийн тогтолцоо тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Шүүхийн тогтолцооны талаарх маргаан Монгол улсын асуудал болчихоод байна. Энэ ойлголт дэлхий дахинд яаж авч үзэгддэг юм бэ?
– Шүүхийн тогтолцооны талаар УИХ хууль гаргаад, иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар Цэц хүчингүй болгож, УИХ дүгнэлтийг нь хүлээн авсныг Ерөнхийлөгч хориг тавьсан энэ процесс бол ардчилсан оронд нэг их айхтар буруу зүйл биш. Байдаг л асуудал. Энэ нь төрийн тогтолцооны талаар төрийн өндөрлөгүүд өөр өөр байр суурьтай байгаагийн л нэг илэрхийлэл. Харин тогтолцоо ямар байх ёстойг тал бүрээс нь бодож, Монголынхоо онцлогт тохируулж, дэлхий нийтийн хандлагад нийцсэн л байх ёстой. Миний хувийн бодол бол тойргийн буюу дагнасан шүүхийн тогтолцоог зөв гэж үздэг. Шүүгчээр 16 жил ажиллаж, АНУ-д арваад жил амьдарсан миний хувьд өөрөө гэнэтхэн бодож сууж байгаад ийм зүйл хэлээд байгаа юм биш л дээ. Америкт Монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалаад олон шүүх хуралдаанд оролцож явсны хувьд Америкийн шүүхийн тогтолцоог би сайн мэднэ. Холбооны улсын шүүхийн тогтолцоог тухайлан авч үзэх юм бол 50 муж улстай энэ улсад 13 тойргийн шүүх бий. Монголчилбол аймаг дундын шүүх нь гэсэн үг. Монгол 3 сая, Америк 390 сая хүн амтай гээд бодоод үз. Бид хүн ам, газар нутаг, дэд бүтцийнхээ онцлог, шүүхийн ачаалал, зардлыг нь тооцоолж шүүхээ яаж байгуулахаа ярих ёстой. Эсвэл аймагт засаг захиргааны нэгжийн дагуу шүүх байгуулна гэж бодоод байгаа юм уу. Жижгэвтэр аймагт 2-3 шүүх байгуулах хэрэгтэй болж байна. Давж заалдах шатны шүүх байгуулахад ерөнхий шүүгч, шүүгч, жолооч туслах гээд зардал нь тоймгүй. Шүүхийн гол үүрэг бол хэрэг шийдвэрлэх. Цөөн хүн амтай газар хичнээн хэрэг байх вэ. Би жирийн иргэн, татвар төлөгчийн хувьд олон шүүх байгуулж мөнгийг минь үр ашиггүй цацаад байвал татвараа төлөхгүй. Надад үйлчлэх шүүх байгуулж, шүүгчид нь цалин өг гэж би татвараа төлж байхад ажилгүй амьтад бий болгоод тэдэнд мөнгийг минь өгвөл мэдээж төлөхгүй. Тийм учраас би шүүх байгуулах үйл ажиллагаанд татвар төлөгч иргэний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа.
– Шүүхийг дагнаж, орон нутаг дахь давж заалдах шатны шүүхийг тойргоор байгуулж, хэл ам татлаад байгаагийн утга учир юу вэ?
– Үндсэн хуульд ч, Шүүхийн тухай хуульд ч дагнасан шүүх гэж хуульчилсан. Дагнасан шүүх гэдэг чинь энгийнээр хэлэх юм бол мэргэжлийн шүүх. Захиргааны шүүх гээд манайд мэргэжлийн шүүх байгуулсан. Монгол улс 1994 оноос хойш 20 гаруй жил захиргааны хэргийн шүүхийн хувьд ганц давж заалдах шүүхтэй явж ирсэн гээд бод доо. Ийм байтал 3 аймгийн дунд эрүү, иргэний давж заалдах шатны шүүхтэй болгохоор буруу болдог нь ямар логик вэ. Мэргэшсэн шүүх байгуулна гэдэг шүүгчдийн ур чадвар өндөрсөнө гэсэн үг. Үүнийг шүүгчид ч хүлээн зөвшөөрдөг. Би шүүгчийн болоод иргэн хүний хувьд дүгнэхэд туйлын ач холбогдолтой гэж үздэг. Анхан, давах, хяналтын шатны шүүхүүд дээр шийдвэр нь савлаад, иргэд гомдол их гаргадаг. Аль шатны шүүх нь зөв шийдэж байгааг иргэд, дор нь ажиллаж байгаа прокурор, мөрдөн байцаагчид алийг нь ч ойлгохгүй байна. Үүнийг арилгах гол арга нь мэргэшсэн шүүх, шүүгч. Ингэснээр иргэдийн шүүхэд мэдүүлэх эрх бүрэн утгаараа хангагдаж байгаагаараа ач холбогдолтой.
– Дагнасан шүүхээс ухарч болохгүй гэж шүүхийнхэн их ярьдаг. Ерөнхийлөгч мөн тэгж хэлдэг. Энэ тийм ухарч болохгүй чухал тогтолцоо юм уу?
– Урсгал сөрөөд сэлээд байх юм бол урагш ахидаггүй. Түүнтэй адил бид нийгмийн хөгжил, дэлхий нийтийн хандлагыг сөрөөд хаа хол хүрэх вэ. Олон жилийн өмнөх шиг аймаг бүрт давахын шүүх байгуулна гэдэг бол асар том ухралт. Ийм байдлаар төрийн бодлого барьж, нийгмийн хөгжлийг ойлгож явбал хэзээ ч ардчилал урагш явахгүй. Нийгмийн хөгжил урагш л ахидаг жамтай. Саяхан УИХ-ын дарга хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, адууныхаа хэрээр исгэр гэж хэлсэн нь бидэнд ямар боломж байна, тэр хүрээндээ асуудлаа шийдээд явах ёстой гэсэн үг. Нөгөө талаар хуулиа баримталж, олон улсын жишигтэйгээ бид нийцэж явах нь зүй. Тиймээс хуульч хүний хувьд хуулийг яаж тайлбарлах вэ гэдгээ Цэцийн гишүүд сайн бодож, шийдвэрээ гаргах ёстой. Хуулийнхаа зөвхөн нэг үгэн дээр тээглүүлээд, хойш чангаагаад байх хэрэггүй. Үнэхээр иргэдийн эрхийг хамгаалья гэж бодож байвал аль болох хэрэгжүүлэхэд хялбар, дөхөм байдлаар иргэдийн эрхийг нь хангах боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ бүх ололт, дэвшлээс ухраад байх шаардлага байхгүй. Шүүхийн тогтолцоог аймаг дунд байгуулсан хэлбэрээр нь явуулсан бол олон улсын жишигт ч нийцээд, иргэдэд ч ашигтай. Давах шүүхэд хэдэн мянган км явж очих боломжгүй, хүний эрхийг хохироогоод байна гэж л байналээ. Хичнээн хүн давах шүүхэд ирдэг билээ гэдгийг хэлэх ёстой. Цөөхөн хүн давах шатны шүүхэд өөрөө ирдэг. Одоо бол аймаг хооронд явах хол бол онлайнаар шүүх хуралд орж болдог боломжийг харахгүй байна. Америкт хоригдлыг шоронгоос нь зөөхгүйгээр прокурор, шүүгчид тус тусын өрөөнөөсөө өдөр тутам л онлайнаар хурлаар шийдэж байна. Бид үүнийг хэрэглэхгүй, далимдуулаад заавал аймаг бүрт шүүх байгуул гээд байж болохгүй.
– Та Дээд шүүхийн шүүгч байсан хүн. Хүмүүс таныг шүүхийн хүн гэж хардаг. Шинэтгэлийг эхлүүлэхэд та Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх байсан хүний хувьд шүүхийн шинэтгэлийг хэрхэн дүгнэж байна вэ?
– Шүүхийн шинэтгэл бол нийгмийг залж чиглүүлж, урагшлуулагч. Шүүгчид ямар шийдвэр гаргаж, шударга ажиллаж чадаж байгаа эсэхээс нийгмийн хөгжлийн чиг хандлага тодорхойлогдож байдаг. Түүнээс улс төрчид нийгмийн бодлогыг тодорхойлдог юм биш. Хууль нь ойлгомжгүй бүдэг бадаг, нийгэмд тодорхой бус, хуулиар зохицуулагдаагүй байгаа зүйлийг зөвхөн шүүх л эцэслэн шийдвэрлэдэг. Төрийн тэргүүн 6 жилийн өмнөөс шүүхийн шинэтгэлийг санаачлан эхлүүлээд, явуулж байна. Гэвч энэ бол зөвхөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн нэг хүний хийх ажил биш юм. Тэр хүн өдөр бүр шүүх дээр ирээд “Та нар шүүхийн шинэтгэлийг ингээд хийгээд яв” гэхгүй. Санаачлага хөтөлбөр бол зөв, дэмжиж байна. Хөтөлбөрийг нь бид хийх ёстой. Шүүхийн шинэтгэл гэдэг зөвхөн Ерөнхийлөгч, Цэц, УИХ-ын асуудал биш. Шүүгчид , Дээд шүүх, прокурор бүгдийнх нь үйл ажиллагааны үр дүн. Шүүхийн тухай багц хуулиуд гаргаж хэрэгжүүлээд явж байна. Түүний алдаа оноог яривал шинэлэг, оносон нь илүү. Алдааг нь засаад бид урагшлах ёстой. Харамсалтай нь Шүүхийн тухай багц хуулиас гайгүй ололтыг нь, зарим зүйл заалтыг нь сүүлийн үед хүчингүй болгоод явчихлаа. Би үүнд их сэтгэл эмзэглэн хардаг. Шүүх бол ялангуяа үүнд онцгой анхаарч, ач холбогдол өгч, хариуцлагыг үүрч явах ёстой. Шүүхийн шинэтгэлд ололт их бий. Сая Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиас “ Шүүхийн төсвийг батлахдаа шүүгчийн цалин хөлсний бүрэлдэхүүн, хэмжээг бууруулж болохгүй“ гэдэг заалтыг хүчингүй болгосонд би их харамслаа. Ингэснээрээ шүүхийн шинэтгэлийн гол амин сүнсийг авчихаж байгаа юм. Ганц монголд биш бусад улсын Үндсэн хуульдаа хуульчилж өгдөг заалт нь энэ. Манайх үүнийг Шүүхийн тухай багц хуульдаа оруулж өгснийг нь хасчихлаа. Америкийн Үндсэн хуульд шүүгчийн хараат бус байдлыг хангасан 3 чухал заалт бий. Бүх насаар нь томилох, цалинг нь бууруулахгүй гэж Үндсэн хуулиараа дархалж хуульчилсан байдаг. Шүүх эрх мэдлийн засаглалд тулгамдсан асуудал үүсч байхад шүүгчид, энэ салбарынхан чимээгүй суугаад байгаад нь би их харамсч байна. Шүүгчид өөрсдөө дуугарч, байр сууриа илэрхийлж байх ёстой. Улсын дээд шүүх яагаад дуугарахгүй байгаад би их гайхдаг. Тэнд ерөнхий шүүгч, 3 танхимын тэргүүн байна. Шүүхийн тогтолцоо, шүүгчийн эдийн засгийн баталгаа, шүүгчийн хараат бус байдлын талаар хэлж, ярьж, тайлбарлах ёстой. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж л ганцаараа хүн болгонд хараалгуулаад л, загнуулаад л, муу хэлүүлээд л яриад л явдаг. Энэ бол ганц Н.Лүндэндоржийн асуудал биш. Монгол улсын иргэн бүхний асуудал. Тийм учраас Дээд шүүх нь өөрсдөө бас дуугарч ярьж байгаач ээ гэж хэлмээр санагдах юм.
– Ерөнхийлөгчийн хоригийн талаар Ц.Нямдорж гишүүн “Даргыгаа хууль зөрчсөнийг барьж өгсөнд баяр хүргэе” гэж Ч.Өнөрбаяр зөвлөхт хэлээд сууж байсныг та хэрхэн хүлээн авсан бэ?
– Хуулийн зөвлөх нь байсан хүн Ерөнхийлөгчийн зөв гээд хэлчихээр хамгаалж байна гэж бодож магадгүй. Гэхдээ би хувь хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлж байна гэдгээ түрүүн хэлсэн. Хуульч хүний нүдээр хоригийг харах юм бол буруу юм байхгүй. Буруу байсан бол УИХ яалаа гэж авч хэлэлцэх юм. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолд хориг тавьсан шүү дээ. Цэцийн дүгнэлт дээр биш. Үүнд төөрч будилж болохгүй.
– Америкт шүүх, шүүгчдээ хандах нийгмийн үнэлэмж ямар вэ? Манайх шиг багш, эмчтэйгээ цалин, төсвийг нь харьцуулдаг уу?
– Шүүхийн хараат бус байдал бол маш чухал. Америкт үүнийг номер нэг авч үздэг. Энэ нь иргэн хүнд яаж тусдагийг хэлье. АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Р. Куэст гэж хүн “Америкийн төрийн тогтолцооны шүр сувд нь шүүхийн хараат бус байдал” гэж хэлсэн байдаг. Америк манайд ямар хамаатай юм гэх хүн гарах л байх. Хараат бус байдлыг хэрхэн харж, яаж үнэлэх ёстойг эндээс бодох ёстой. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх гээд сайхан юм ярьдаг хүн олон болжээ. Аливаа маргаан, аргагүй байдал үүсэхэд баян ядуу, дарга цэрэг хэн ч бай шүүхэд ханддаг. Шударга шийдвэр гаргаж өгөөч гэж л зорьж очдог. Шударга шийдвэр гаргах хүнээ хүн шиг цалин, байртай байлгаж байж л хариуцлага шаардана. Гуйлгачин царайтай, түрээсийн байранд амьдарч байгаа шүүгч дээр мөнгөтэй хүн очоод бай, унаа өгье, хүүхдийг чинь гадаадад сургаж өгье гэхэд тэр хүн шударга байж чадах уу. Үүнийг шүүгчийн хараат бус байдал хөндөгдөх гэж хэлдэг юм. Баян хүний мөнгөнд автахгүйгээр галч, үйлчлэгч, жирийн иргэн хэний ч бай эрхийг шударгаар хамгаалахыг л шүүгчийн хараат бус байдал гэж байгаа юм. Шүүгчид цалин хангамжаараа биднээс илүү байж л бусдад худалдагдахгүй. Цалин бол аль ч улсад шүүгчийн хараат бус байдлын номер нэг хамгаалалт. Тэр хүнд өөр юу ч өгч болохгүй. Шүүгч зөвхөн цалингаараа амьдардаг. Дараагийн гол асуудал нь хариуцлагажуулах гэж өндөр цалин өгөх ёстой. Бид өдөр бүр шахуу л хэвлэлээр шүүгчийг хардаж, муу муухайгаар хэлж, болохгүй байна, чадахгүй байна гэж шүүмжилж байдаг. Шүүгч бол жирийн хүн биш. Цалинг асуудалгүй л өгөх ёстой. 2002 онд АНУ-ын Дээд шүүхийн шүүгч жилдээ 223 000 долларын буюу хамгийн өндөрт нь орох цалинтай байсан. Тэгэхэд дундаж америк хүний цалин тэр үед 50 мянган доллар байсан.
– Шүүхийн шийдвэрүүд цахимд ил тавигдаж, шүүх хуралдаанд бичлэг хийгддэг болсон. Шүүх “хаалга цонхоо” нээсний эерэг, сөрөг тал юу вэ?
– Ардчиллын гол шалгуур бол ил тод, нээлттэй байдал. Төрийн, шүүхийн үйл ажиллагаа ил тод байх ёстой. Интернэтэд шийдвэрүүд байршиж, шүүх хуралдааныг бичлэгжүүлнэ гэдэг шүүгчдийн хариуцлагыг мөн дээшлүүлж байгаа ач холбогдолтой. Зарим улсад шүүх хуралдааныг зөвхөн гар зургаар харуулдаг. Саяхан манайд 5 хоногийн турш шүүх хуралдааныг дамжуулж шүүгч, өмгөөлөгч, прокурор яаж ажилладагийг харууллаа. Ард түмэн шүүхийн үйл ажиллагааг ямар нэг тайлбаргүйгээр харлаа. Энэ нь шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх үр дүнтэй. “Нуугаад байх юмгүй, шүүх хурлыг ингэж явуулдаг” гэдгээ сая харууллаа. Шүүх хуралдаан гэж юу байдгийг л иргэд харж мэдэрсэн гэж бодож байна.
– Ярилцсанд баярлалаа.