Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих бодлогын хүрээнд ямар хуулиуд боловсруулж өргөн барихаар болж байгаа вэ?
-Том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогын хүрээнд нэлээд олон хуулийн төслүүд санаачлан боловсруулах шаардлага бий. Үүний дагуу эхний ээлжинд гурван хуулийн төсөл бэлэн болчихсон байна. Шилэн дансны тухай хууль, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүд дээр Засгийн газраас санал авчихсан учраас ирэх долоо хоногт УИХ-д өргөн барих гэж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс намрын чуулган завсарлахаас өмнө амжиж батлуулах байр суурьтай байгаа.
-Ямар утга агуулгатай хуулиуд билээ?
-Иргэдийн татварын мөнгөөр бүрддэг төсвийн хөрөнгө юунд зарцуулагдаж байна гэдгийг иргэд өөрсдөө хянах боломжийг Шилэн дансны тухай хуульд тусгасан. Төсвийг захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнууд тодорхой хугацаанд зарцуулалтын тайлан мэдээллээ өгөөгүй тохиолдолд тооцох хариуцлагыг нь мөн энэ хуульд тусгасан байгаа.
-Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн талаар?
-Одоогийн байгаа төрийн аж ахуйнуудыг нэгдсэн журмаар тоолъё. Үр ашиггүйг нь татан буулгая, хооронд нь нэгтгэе, заримыг нь хувьчилъя. Ийм замаар төр ямар аж ахуй үйлчилгээнд оролцох юм гэдгийг тодорхой болгох асуудлыг энэ хуулийн төсөлд тусгасан. Ингэж цэгцлэхгүй бол бодлого тодорхойлох ёстой яам агентлагууд аж ахуйн асуудал руу хутгалддаг нийтлэг хандлага бий. Ер нь энэ хуулиудыг УИХ, Засгийн газар, бодлогын түвшинд дэмжиж байгаа. Учир нь том төрөөс ухаалах төр рүү шилжих бодлогын хүрээнд аль аль нь хамтарч ажиллах байр сууриа илэрхийлсэн шүү дээ.
-Гурав дахь хуулийн төсөл нь юу билээ?
-Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл юм. Төслийн хувьд бэлэн болчихсон. Засгийн газраас санал авч, хаврын чуулганы үеэр УИХ-д өргөн барих болов уу. Үүнтэй зэрэгцээд Нээлттэй сонсголын тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй. Тиймээс ажлын хэсэг гаргачихсан байна. Ямар ч байсан энэ хоёр хуулийн төслийг цогцоор нь өргөн барих байх аа.
-УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй байх асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс хууль болгон оруулж ирлээ. Гэвч саяхан байнгын хорооны хурал дээр гишүүд санал гаргаж, Засгийн газрын сайд нарын 50 хувь нь гаднаас үлдсэн хувь нь парламентаас томилогддог байя гэдэг агуулгыг дэмжчихлээ?
-Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан энэ хуулийн төсөлд зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг албыг хавсран гүйцэтгэж болно. Бусад сайд нарын хувьд давхар УИХ-ын гишүүн байх ёсгүй гэдэг байдлаар анх туссан байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийг парламентын гаднаас бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу төрийн хуулийн биелэлтийг УИХ-ын өмнө Ерөнхий сайд хариуцдаг. Дээрээс нь Ерөнхий сайд огцорвол Засгийн газар огцордог. Тиймээс цаад утгаараа Ерөнхий сайд Засгийн газрын 50 хувь гэсэн үг. Энэ утгаараа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байж болох юм гэдэг агуулгыг төсөлд оруулсан.
-Хэлэлцүүлгийн явцад зарим гишүүд гол чиг үүргийн сайд нар УИХ-ын гишүүн байж болдоггүй юм уу гэдэг асуудлыг яриад байна лээ?
-Хууль зүй болон Сангийн сайдын хувьд УИХ-ын гишүүн байж болох юм. Ямар ч хууль, төрийн бодлого шийдвэр төсөв мөнгөтэй холбогддог учраас Сангийн сайд УИХ-ын гишүүний албыг хавсран гүйцэтгэдэг байж болно. Мөн төрөөс гарч байгаа бодлого шийдвэр хуулийн хүрээнд явах ёстой, Үндсэн хууль болон бусад хуульд нийцэх шаардлагатай учраас Хууль зүйн сайд нь хууль тогтоох байгууллагаасаа томилогддог хувилбар байж болно. Бусдаар бол Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь УИХ-ын гишүүн байх нь учир дутагдалтай. Хэрэв ийм байдлаар хууль батлагдвал Ерөнхийлөгчийн зүгээс тавиад байгаа төрийн эрх мэдэл хуваарилах зарчим алдагдана. Парламент болон Засгийн газрын харилцан хяналттай байх асуудал ч учир дутагдалтай болчихно.
-УИХ-ын гишүүдийн гаргасан саналын дагуу Засгийн газрын сайд нарын 50 хувь нь УИХ-ын гишүүн байна гэдэг агуулгаар хуулийг баталчихвал Ерөнхийлөгч хориг тавих уу?
-Хориг тавих асуудал бол Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон хэнтэй ч хуваалцашгүй бүрэх эрх нь юм. Тийм учраас хориг тавих асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга юм уу эсвэл аль нэг зөвлөх байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд хориг тавих эсэх шийдвэрээ Ерөнхийлөгч өөрөө л гаргадаг.
-Гүйцэтгэх засаглалынхаа бүх сайдыг парламентын гаднаас сонгочихоор УИХ нь Засгийн газрынхаа шийдвэрүүдийг хүлээж авахгүй болчих сөрөг тал үүсч магадгүй талаар хүмүүс яриад байгаа л даа…
-Яалаа гэж тийм зүйл байх вэ. Парламентад олонхи болсон нам Засгийн газраа байгуулдаг шүү дээ. Тиймээс УИХ нь Засгийн газартайгаа харилцан ойлголцож байж бодлого шийдвэрээ хэрэгжүүлнэ. Хэрэв тэгж чадахгүй бол сонгуулийн бүрэн эрх нь дуусч, ард түмний өмнө хангалтгүй тайлан тавих асуудал үүснэ. Ийм учраас олонхийн бүрдүүлсэн УИХ өөрсдийн байгуулсан Засгийн газраа жадлан эсэргүүцэх нь үндэслэл муутай. Би сайд болоогүй гэдэг үүднээс Засгийн газрын бодлого шийдвэрийг гацааж, сайд нарыг нь татаж унагах нь эргээд муу үр дүн л авчирна шүү дээ. Мэдээж Засгийн газрын гишүүний дархлаа, парламентын хяналтыг сайжруулах чиглэлд хууль тогтоомжийг нь сайжруулах шаардлага бий.
Эх сурвалж: “ӨДРИЙН СОНИН”