Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой, ТӨХ-ны дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас ихээхэн хэмжээний хээл хахууль авсан байж болзошгүй хэл ам сүүлийн тав, зургаан сарын турш үргэлжилсээр байгаа ч Үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй эрхээр хамгаалуулсаар өнөөдрийг хүрээд байгаа. “МИАТ”, “Эрдэнэт”, хамгийн сүүлд “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэрэгт нэлээд гүнзгий хутгалдаад байгаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар олон сар дуугүй байсны эцэст “Еаgle” телевизэд энэ сарын 26-ны өдөр өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
-“Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан ӨАБНУ-ын “Стандарт” банкнаас зээлсэн 103 сая ам. долларын баримтан дээр таны болон Ч.Ганзориг захирлын гарын үсэг байгаа хөдлөшгүй баримтыг ТӨХ-ны дарга байсан хүний хувьд хэрхэн тайлбарлахаас яриагаа эхлэх үү?
-Нутаг руугаа явж хоёр хоног наадчихаад иртэл ийм сүрхий хэл ам гарч, бөөн шуугиан дэгдчихсэн байна. Энэ нь зүгээр ч нэг шуугиан биш, ноцтой асуудал л даа. Их олон бичиг баримттай танилцаж амжаагүй байгаа ч байр сууриа илэрхийлэхийг оролдъё.
Хамгийн гол нь энэ бол хэд хэдэн заагтай асуудал байгаа юм. 2009-2010 оны хооронд “Жаст” групп гурван удаагийн гэрээ, хэлцлээр 103.9 сая ам. доллар “Стандарт” банкнаас зээлсэн байна. Энэ бол тэдний л хоорондын бизнесийн асуудал. Хамгийн ноцтой нь энэ их мөнгийг “Жаст” групп хугацаандаа төлж чадахгүй бол өмнөөс нь “Би төлж барагдуулна” гээд “Эрдэнэт” үйлдвэр үүрэг хүлээчихсэн юм шиг хүмүүс буруугаар ойлгоод байна. Тэгэхээр “Жаст” группийн 103.9 сая ам.долларын зээлийн гэрээнд “Эрдэнэт” үйлдвэр өчүүхэн ч хамаагүй төдийгүй энэ талаар удирдлагууд нь шуугиан дэгдтэл юу ч дуулаагүй, сонсоогүй. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг бид хоёр ямар ч тийм зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдгийг амьдралаараа батлан тангаргалахад ч бэлэн байна.
Тэр бичгийг нь сая үзсэн. Тэнд “Жаст” группэд дэмжлэг үзүүлэх ёстой гэх маягийн эрүүл ухаанд ч багтамгүй Төрийн албаны наад захын мэдлэггүй хүний эрээчсэн ёстой л “галзуу” хүний бичгэрхүү юм байсан. Энэ бүх бичиг, баримтыг “Жаст” группийнхэн шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт ямар аргаар хуурамчаар үйлдсэнийг би мэдэхгүй.
Гэхдээ шалгадаг, тогтоодог газар нь удахгүй нотлоод ил болгох байлгүй дээ. Ч.Ганзориг бид хоёр энэ бузар хэргээс өөрсдийгөө салгаж аваад л санаа амарчихна гэсэн үг биш. Энэ бол Монгол Улсыг төдийгөөс өдий хүртэл тэжээсээр ирсэн “Эрдэнэт” хэмээх аварга том үйлдвэрийн хувь заяатай холбоотой асуудал болохоор үнэхээр сэтгэл зовж байна.
Эцсийн эцэст ийм булай хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тэр газар нь энэ асуудлаа бүрэн хариуцаж, улсыг хохиролгүй болгох ёстой.
-Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэр батлан дааж, “Стандарт” банкнаас авсан 103.9 сая ам.долларын зээлийн бичиг баримт дээрх таны гарын үсэг хуурамч гэдгийг та хаана ч батлахад бэлэн байгаа хэрэг үү?
-Шууд батлан хэлнэ. Тогтоодог, шалгадаг газар нь очиход бэлэн байна. Харин улс гүрэн, тив алгасан ийм ноцтой хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тэр хүмүүс нь хуулийн дагуу хатуу шийтгэл хүлээх ёстой. Олон улсын шүүх, цагдаа болж энэ хэрэг өндрөө авахаас өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд санхүүгийн бүх л бичиг баримтуудаа цэгцэлж, бэлтгэлтэй байх нь чухал. Хоёрдугаарт 2007 оны 10, 11 дүгээр сард санхүү, бизнесийн нэгэн яриа хэлцэл болсон юм. Тэр үед Улаанбаатар төмөр зам санхүүгийн хүндрэлтэй болчихоод “Эрдэнэт”-ийн баяжмалыг зөөх асуудал тун бэрхшээлтэй болоод байсан.
Дээр нь “Жаст” групп хэзээнээсээ Эрдэнэтэд шатахуун нийлүүлж, тэдний томоохон гэрээ хэлэлцээрт чөлөөтэй оролцдог компани байсан. Тэр үед “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирлаас хамтарсан үйлдвэрийн Оросын талын захирал М.Е.Сесоев, монголын талын захирал Д.Сугар миний бие хоёрт хандсан хүсэлт ирсэн юм.Тэр нь “Энэ хүндрэлээс гарахын тулд шатахуун нийлүүлдэг “Жаст” группийн гэрээг барьцаа болгож аваад хариуд нь “Жаст” группийг мөнгө босгоход нь батлан даалт гаргаж, дэмжлэг үзүүлье” гэсэн утгатай хүсэлт байсан. Тэр хүсэлтэнд бол би гарын үсгээ зурж байсан. Оросын тал ч түүнийг судалж үзээд “Өөр гарц алга” гээд зөвшөөрч байсан юм. Энэ бол 2007 оны асуудлыг би яриад байгаа юм шүү.
Хамтарсан үйлдвэрийн совет хяналт тавьж, ТӨХ-оор хэлэлцэгдээд энэ гэрээ 2008 онд хэрэгжиж 20 сая ам. доллараа бүрэн төлж барагдуулсан. Тухайн үедээ “Эрдэнэт” үйлдвэр, Улаанбаатар төмөр зам, “Жаст” групп бүгд л энэ гэрээнээс тодорхой ашиг хүртсэн.
Ер нь томоохон аж ахуйн нэгжүүдийн дунд энэ зэргийн харилцаа бол байдаг л юм. Улсад нэг ч төгрөгийн хохиролгүй, харин ч ашигтай энэ хэлцэл бүгд хууль ёсны дагуу ном журмаараа явагдаад дууссан. Харин 2009 оноос хойших асуудлыг бид үнэхээр мэдэхгүй, энэ талаар өчүүхэн ч хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм.
-Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хүндрэлтэй байсан ч хувийн компанитай гэрээ байгуулан санхүүгийн ийм том асуудалд хутгалдсан нь Монгол Улсын тодорхой хууль, дүрмүүдийг зөрчсөн хэрэг биз дээ. Энэ талаар ТӨХ-ны дарга байсныхаа хувьд та өчүүхэн ч хариуцлага хүлээхгүй гэж үү?
-Ер нь 2008 оны эдийн засгийн хямралыг та бүхэн санаж л байгаа байх. “Жаст” бол “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд захын нэг компани биш шүү дээ. Бараг л монофоль байдлаар Эрдэнэтэд шатахуун нийлүүлсээр ирснийг хэн хүнгүй мэдэж байгаа. Шатахууныхаа үнийг “Эрдэнэт” үйлдвэр “Жаст”-д төлөх л үүрэгтэй. Дээр нь Эрдэнэтийн зэсийн баяжмалыг зөөдөг Улаанбаатар төмөр зам энд оролцож нэгэн том сүлжээ болчихсон байсан.
Тэгэхээр энэ мөнгийг алдахгүй гэсэн бүрэн баталгаатай нөхцөлд советоороо хэлэлцэж Орос, Монгол захирлууд нь хүсэлтээ гаргаад олон хэлтэс, газрууд нь зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжсэн асуудал юм л даа. Тодорхой хэмжээний эрсдэлтэй ч энэ бол томоохон аж ахуйн нэгжүүдэд хэрэглэгддэг л санхүүгийн нэгэн ажиллагаа байсан. Энд өчүүхэн ч хууль зөрчсөн зүйл байхгүй гэдэгт би одоо ч итгэлтэй байна.
Дахин хэлэхэд энэ бол 2007 онд хэрэгжээд бүрэн дууссан асуудал шүү. Энд зориуд цохон тэмдэглэхэд “Жаст”-ын Ш.Батхүү хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ 2007 оны энэ процессыг 2009 онд “Стандарт” банктай байгуулсан луйврын шинжтэй гэрээтэйгээ холбогдуулах гэж оролдож байна лээ. Тийм юм байх ямар ч боломжгүй шүү гэдгийг миний зүгээс маш хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Одоо хамгийн гол нь энэ айхтар санхүүгийн булхай, луйвраас “Эрдэнэт” үйлдвэр, цаашлаад Монгол Улсаа алдагдалгүй авч гарч буруутай хүмүүст нь хариуцлага ногдуулах талаар л бүх талаасаа хүч чадлаа дайчлах нь чухал юм.
-Тэгвэл 2007 онд хэрэгжээд дууссан энэ гэрээн дээрх таны гарын үсгийг “Жаст” группийнхэн ашиглаж, дараагийнхаа булхайтай үйлдлийг хийсэн гэж үзэж болох уу?
-Бичиг баримттай нь тэгтлээ нарийвчлан танилцаагүй болохоор яг тэгсэн гэж хэлэхэд эрт байна. Харин зүгээр орчин үеийн керамналистикийн шинжилгээгээр үүнийг тогтоох шиг амархан юм байхгүй. Аль нь жинхэнэ, аль нь хуурамч вэ гэдгийг амархаан тогтоогоод асуудал цаашаа үргэлжлэх байх. Асуудал ийм л тодорхой учир өөрийнхөө төлөө нэг их санаа зовохгүй байгаа. Харин буруутай, булхайтай хүмүүсийн өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн томоохон хариуцлага хүлээх хэмжээнд хүрчихгүй байгаа гэж л хамгийн ихээр санаа зовж байна.
-Хамтарсан үйлдвэрийн Оросын талтай харилцан зөвшилцсөний үндсэн дээр 20 сая ам. долларын зээлд баталгаа гарган өгч байж. Энэ талаар Оросын талтай эргэн холбоо барьсан, ярилцсан зүйл байна уу?
-Одоо миний эрх үүрэг, албан тушаал өөрчлөгдсөн болохоор тэнд юу болж, ямар яриа өрнөж байгаа талаар үнэхээр юу ч мэдэхгүй байна. Оросын тал ч мэдээгүй байх. Яагаад гэвэл Ганзориг бид хоёр дөнгөж сая л энэ талаар мэдлээ шүү дээ. Оросын тал одоо л мэдээд бужигналдаад эхэлж байгаа нь тодорхой. Хамгийн гол нь бүгдээрээ сайтар ярилцаж, нэг санаа зорилготой болж аваад буруутай хүмүүсээр нь энэ их хариуцлагыг нь үүрүүлж, улсыг хохиролгүй болгох нь л хамгийн чухал болоод байна.
-Хуулийн байгууллагын зүгээс таныг “Жаст” компанитай холбоотой санхүүгийн энэ томоохон луйвар, булхайн хэргээр асууж, байцаасан зүйл байгаа юу?
-Байхгүй. Надад одоогоор дуулгасан, мэдэгдсэн зүйл байхгүй.
-Ганц удаа ч байцаалт аваагүй гэж үү?
-Энэ чинь надаас байцаалт авахаар хэрэг биш шүү дээ. Та наад асуултаа нэг жаахан бодож тавиарай гэж хүсэх байна. Энд зориуд тэмдэглэж хэлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болж л өгвөл намайг буруутгаж, ямар нэг юманд хутгалдуулчих гэсэн сонирхол яваад байгааг би маш сайн мэдэрч байгаа.
-Тухайн үед “Жаст” группийн зээлсэн 20 сая ам. долларт батлан даалт гаргаж өгсөн хүмүүс ихээхэн хэмжээний өргөл, барьц авсан нь тодорхой гэсэн хардлага яваад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энд би хоёр л тайлбар хэлье. Нэгдүгээрт тухайн үед ТӨХ-ны дарга байсны хувьд төрийн өмчит 86 компанийн бүх л үйл ажиллагаа надтай шууд хамаатай байсан юм. Тийм ч учраас эдгээр 86 компанийн сайн, муу бүх л үйл ажиллагаанд хүссэн, хүсээгүй намайг хамааруулчихсан л байдаг. Монголын хэвлэл мэдээлэл бол аливаа юмны сайн талыг ерөөсөө ярьдаггүй, бичдэггүй.
Тиймээс ч төдийгөөс өдий хүртэл би ганц удаа сайн нэр зүүж үзээгүй. Намайг энэ байтугай гүтгэж, гүжирдэх л байх. За энэ ч яах вэ. Хоёрдугаарт намайг шалгах ёстой газрууд нь шалгах л байлгүй. Үнэн зөв нь ч удахгүй тогтоогдох нь тодорхой. Өөрийн зүгээс энэ хэргийн үнэн зөв нь илэрч, буруутай этгээдүүд нь зохих шангаа хүрттэл нь мэдэх, чадах бүхнээрээ хуулийн байгууллагад тусалж, хамтарч ажиллахад бэлэн байгаа.
-Таны нэр “МИАТ”-ийн дуулиант хэрэгт хутгалдсан ч Үндсэн хуулийн цэцийн гишүүний эрх дархаар чөлөөлөгдөөд үлдсэн. Хожуухан ч гэсэн энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Би юу ч болоогүй байхад өөрийгөө өмөөрч сонин хэвлэлд ярилцлага өгөөд, хэвлэлийн баатар болоод байх зорилго тавьдаггүй. “МИАТ”-ийн шуугианы үеэр ганц удаа л телевизээр гарсан. Өнөөдөр танайд ярилцлага өгч байна. Дахиж хаана ч ярилцлага өгөхгүй. Би энэ бүх ажлыг хариуцаж байсны хувьд хардлага, сэрдлэгэд өртөх нь ч аргагүй.
Харин энэ бүхнийг шалгаж, үнэн мөнийг тогтоосны дараа Д.Сугар гэж хэн бэ гэдгийг ард түмэн минь хараарай. Тийм болохоор энэ бүх гүтгэлэг, дайралтад тэгтлээ бухимдахгүй байгаа. Удахгүй бүх зүйлийн үнэн учир тодрох байлгүй дээ.
-Та “МИАТ”-ийн хэргийн үед ч “Би ямар ч буруугүй” гээд сууж байсан. Одоо “Эрдэнэт”-ийн хэрэг мандчихлаа. Ер нь танд Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзаад энэ бүх хэргээ нэг мөр шалгуулчих иргэний зориг байгаа юу?
-Хүмүүс намайг их муухайгаар бодож, төсөөлж байгаа гэдгийг сайтар ухаарч хүнийхээ хувьд ихээхэн эмзэглэж явна. Гэхдээ Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр захын нэг төрийн албан хаагч, ажлаа хэл амгүйхэн шиг хийгээд гэлдэрч явсан хүнийг авч ирээд тавьчихдаг ч юм биш. Миний хувьд баахан хэрэг тарьчихаад цэцийн ард нуугдаад байгаа зүйл ерөөсөө байхгүй.
Миний эрхийг баталгаатай хамгаална гэсэн итгэл үнэмшил бүрдэх юм бол Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татгалзах эр зориг надад байна. Би зарим хүмүүсийн бодоод байгаа шиг баахан хэрэг тарьчихаад, Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх, хамгаалалтын ард нуугдаж суугаа хулчгар, үл бүтэх амьтан нь биш шүү.
Хүмүүс мартчихаагүй бол би олон жил төрийн албыг найдвартай хашиж, ноён нуруутай төрийн хар хүн гэж хэлэгдэж явсан юм шүү. Одоо бол зориудаар намайг унагах санаатай гүтгэсэн тоймгүй олон гүтгэлэг доромжлолын үр дүнд хүмүүсийн дунд Д.Сугар шиг муу хүн байхгүй гэсэн ойлголт яваад байгаа нь тодорхой.
Гэхдээ хүмүүст хандаж хэлэхэд “Жаахан тэвчээртэй хүлээгээрэй. Бүх зүйл хууль журмын дагуу шалгагдаж үнэн зөв нь олдоно. Ямар ч гэсэн Д.Сугар нэрээ цэвэрлээд, энэ бүхнийг даваад гарна” гэдгийг л хэлэх байна. Өөр ч яриад байх юм алга даа.