Авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн их орооцолддог монголын хууль, шүүх, цагдаагийн байгууллагуудад эрс шинэчлэл хийхээр залуу хүний зоригоор эрч, далайцтай ажиллаж багагүй бэрхшээлийг сөрж яваа Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттер хуудсандаа “Томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга. Новш…” хэмээн асар их бухимдлаа шуудхан зарласан нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татсан билээ.
Тэгвэл Хууль зүйн сайдыг бухимдуулж, сандал ширээтэйгээ зууралдан цол хэргэмд толгойгоо мэдүүлж, ардчиллыг өмчлөхөөр мугуйдлан зүтгэж байгаа тэр “мал” нь өөр хэн ч биш ЦЕГ-ын дарга, бригадын генерал “боевик” Б.Билэгт гэдгийг хүмүүс хэнээр ч заалгалгүй мэдрээд байгаа. Сэтгүүлч би ч тэгж хардаж байна.
ЦЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан улаанбаатарчуудын амар
тайван амьдралыг хамгаалахад хамгийн их тус нэмрээ үзүүлсээр ирсэн “Хөдөлгөөнт эргүүл”-ийг татан буулгаж ЦЕГ-ын даргын ажлыг дуулиантайхан эхлүүлсэн нөхөр бол бригадын генерал Б.Билэгт. ЦЕГ-ын дарга, хурандаа Б.Билэгт 2013 оны нэгдүгээр сарын 1-нд хэв журам сахиулах анги нэгтгэлүүдийн удирдлагуудтай хийсэн нэгдсэн уулзалтынхаа үеэр “Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар харьяалагдах дүүрэг, тойргоосоо гадагш явдаггүй, хэргийн газар очдоггүй, хэсгийн байцаагчтайгаа уялдаатай ажилладаггүй” гэсэн шалтгааныг үндэслэн хөдөлгөөнт эргүүлийн албыг татан буулгах шийдвэрээ танилцуулж, тэнд ажиллаж байсан 1000 гаруй цагдааг харьяалагдах дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, албадад хуваарилах шийдвэр гаргаж байв.
Ингэснээр тэртэй тэргүй байр савны хүрэлцээ, хангамж муутай дүүрэг, хороо, хэсгийн цагдаагийн байгууллагууд татан буугдсан хөдөлгөөнт эргүүлийн 1000 гаруй цагдааг багтаан шингээх гэж өнөөдрийг хүртэл үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналдаж байгаа нь нууц биш.
Нөгөөтэйгүүр хөдөлгөөнт эргүүлийн алба татан буугдсанаар Улаанбаатарчуудын амар тайван амьдралын төлөө залуу насын гал дөлөөр жигүүрлэн, өргөсөн тангарагтаа эзэн болж явсан олон залуу цагдаа ажлын байрны нөхцөл, орон тоо зэргээс шалтгаалан цагдаагийн байгууллагаас өөрийн хүсэлтээр болон, албан газрын тодорхойлолтоор халагдсаар л байгаа. Энэ бүхэн нь ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн хөдөлгөөнт эргүүлийн албыг татан буулгасан шийдвэрийн шууд үр нөлөөгөөр өрнөсөн процесс гэж дүгнэж болно.
Тэгвэл Улаанбаатар хотын цагдаагийн шуурхай албыг “хөдөлгөөнгүй” болгосон ЦЕГ-ын дарга Б.Билэгт дахин нэгэн томоохон шуугиан тарьчихаад байна. 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийж нийгмийн байгууламжаа өөрчлөн даян дэлхийд ардчиллын бэлгэ тэмдэг болсоор яваа Монгол Улсын нэр хүндийг сэвтүүлж “Монголын хууль хүчнийхэн ард иргэдийнхээ эсрэг жинхэнэ яргалал үйлддэг, хамгийн харгис дэглэмтэй орон” гэх тодорхойлолтод хүрч ч болзошгүй хамгийн харгис, жинхэнэ дарангуйлагчын үйлддэг ажлыг ЦЕГ-ын дарга, шинэхэн бригадын генерал Б.Билэгт хийсэн нь одоо нэгэнт тодорхой болсон. Энэ нь ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очир 2012 онд БНХАУ-ын “ИЕПҮ” гэх компанитай гэрээ байгуулан 150 орчим сая төгрөгөөр 400 ширхэг эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал” оруулж ирснийг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 21 аймгийн цагдаагийн хэлтэс, тэр ч бүү хэл зарим сумын хэсгийн төлөөлөгч нарт тараасан жигшүүрт хэрэг юм.
Өнөөдөр Төвөдийн ард түмний эсрэг аймшигт хэрцгийлэл үйлдэж байгаа БНХАУ, мөн Гаунтанамогийн хорих лагерьт л хэрэглэдэг эрүүдэн шүүж, тамлах зориулалттай энэхүү “гяндан сандал”-ыг ЦЕГ-ын дарга “сахал” Б.Билэгтийн тушаалаар Монгол Улс даяар тарааснаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдсэн манай улс нь дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээсээ ухарч, байж болшгүй ичгэвтэр алдаа гаргалаа. Олон улсын эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эмнести интернэшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд энэ төрлийн сандлыг хэрэглэх нь байтугай дэлхий нийтээр ул мөргүй устгаж хаях талаар идэвхтэй тэмцэл өрнүүлсээр байгаа.
Гэтэл төв Азийн цээжин дээрх ардчиллын бэлэг тэмдэг болсон Монгол Улсын ЦЕГ-ын дарга нь орон даяар тараах шийдвэр гаргаж түүнийг нь хүлээн авсан хууль, хүчний байгууллагууд нь хэзээ мөдгүй ашиглахаар зэхэж байсан нь үнэхээр аймшигтай.
Өнгөрсөн зургаадугаар сарын 25-нд Хүний эрхийн үндэсний комиссоос Хууль зүйн яаманд албан бичиг хүргүүлж ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 2012 оны арваннэгдүгээр сард улс даяар тараагдсан эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал”-ыг яаралтай татан авахыг хүсэмжилснээр энэхүү дуулиан дэгдсэн түүхтэй.
Улсын мөрдөн байцаах газарт гурав, Эрүүгийн цагдаагийн газарт гурав, Завхан аймгийн цагдаагийн газарт 25, Төв аймгийн цагдаагийн газарт 28, Хэрэг бүртгэх албанд нэг ширхэгийг тус тус хувиарлаад байсан эдгээр “гяндан сандал”-ууд хэргээ гаргаж эхэлсэн бол Монгол Улс ард иргэдээ эрүүдэн шүүж, тарчлаан зовоох талаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэгэн болох байсан нь гарцаагүй.
2012 оны улсын төсөвт цагдаагийн байгууллагын тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийг сайжруулан шинэчлэхэд зориулж 740 сая төгрөг баталсан байдаг. Тэгвэл нийгмийн амар тайвныг сахиулахын төлөө бороохой, гавнаас өөр зэвсэггүй улаан гараараа гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж явдаг эргүүлийн цагдаа нарынхаа техник хэрэгсэлд анхаарахын оронд нэг бүр нь 370 мянган төгрөг буюу нийтдээ 150 саяын үнэтэй “гяндан сандал” оруулж ирсэн ЦЕГ-ын өмнөх удирдлага, хошууч генерал Д.Сандаг-Очиртой ч хариуцлага тооцох нь бас л шударга ёсонд нийцнэ.
Энэхүү “гяндан сандал” дээр гар, хөлийг нь хөдөлгөөнгүй гавлаж, нуруунаас нь татчихаар ямар ч хүн нэгээс илүү цаг тэсвэрлэдэггүй тул хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчдөг БНХАУ-аас өөр оронд энэ төрлийн сандлыг хэрэглэдэггүй ажээ. Харин ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар “гяндан сандал”-ыг ашиглах журмын төслөө боловсруулаад Улсын Ерөнхий прокурор руу санал авахаар явуулчихаад байхад нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ талаар мэдэж улс даяар тараагаад байсан 400 ширхэг эрүүдэн шүүх зориулалттай сандлыг хураан авчээ.
Хамгийн аймшигтай нь Монгол орны бүх л алслагдсан суманд суугаа хэсгийн төлөөлөгч нар сэжигтнийг саатуулаад төв, орон нутгаас тусламж ирэх хүртэл энэхүү “гяндан сандал” дээр байлгана гэж журманд бичээстэй байсан нь Монгол Улс даяар эрүүдэн шүүх, аймшигт машины араа шүд хэзээ мөдгүй хяхтнан эргэх гэж байсныг илтгэж байгаа юм.
Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсгалыг өмчлөхөөр зүтгээд байдаг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн Монгол Улсын цагдаагийн байгууллагыг эрүүдэн шүүх аймшигт машин болгохоор санаархсан энэхүү харгис тушаалыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин мэдсэн даруйдаа таслан зогсоож Монгол Улсыг нэгэн төрлийн аймшигт дарангуйлалаас аварлаа. Улсын Ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс, ЦЕГ харилцан зөвшилцсөний үндсэн дээр эдгээр “гяндан сандал”-ыг есдүгээр сарын нэгэн гэхэд устгасан байх үүргийг хүлээгээд байгаа нь шударга ёсны ялалт мөн. Буруутай этгээдүүдэд яаралтай хариуцлага тооцох ч ёстой.
Гэхдээ ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн гаргасан хүний эрхийг уландаа дэвсэлсэн шийдвэрийн золиос болж ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ш.Ганболдыг ажлаас нь чөлөөлснийг олон нийт нэг төрлийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа.
Бүх ард түмнийхээ итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа ардчилсан хувьсгалын лидер Ц.Элбэгдорж тангараг өргөхдөө “Ард түмнийхээ төлөө төрсөн хүү шиг нь зүтгэх болно” гэсэн билээ. Тэгвэл ард түмнийх нь эсрэг эрүүдэн шүүх, яргалалын машин ажиллуулахаар бэлтгэж байсан ЦЕГ-ын дарга, өөрөөс нь бригадын генерал цолоор шагнуулсан Б.Билэгттэй хариуцлага тооцох эрх нь Ерөнхийлөгчид бий.
Алдаж, онож яваа ч хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулахаар 23 жил зүтгэж, тэмцэж яваа Монгол Улсын хувьд ЦЕГ-ын дарга, бригадын генерал Б.Билэгтийн тушаалаар орон даяар тараагдсан “гяндан сандал” тамлан зовоож, эрүүдэн шүүх аймшигт ажлаа эхлүүлсэн бол юун 1937 оны хэлмэгдүүлэлт, ард иргэдийнхээ эсрэг жинхэнэ цуст яргалал үйлдэгч дарангуйллын системтэй орон болон хувирах байлаа.
Монгол Улс хүний эрхийг тууштай хамгаалах чиглэлээр хууль зүйн салбарын зоригтой шинэчлэл хийж байгаа үед Хууль зүйн сайддаа ч мэдэгдэлгүй эрүүдэн шүүх зориулалттай 400 ширхэг “гяндан сандал”-ыг улс даяар тараах харгис шийдвэр гаргасан ЦЕГ-ын дарга Б.Билэгт нэн даруй огцрох ёстой юу.