ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд: Тариаланчид дутагдах үрийн буудайгаа татваргүйгээр импортлох бүрэн боломжтой

12825306_1152673058085656_240262458_nХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

-Үрийн улаан буудай дутна гэсэн мэдээлэл бий. Яг хэчнээн тонн үрийн буудай дутахаар байгаа вэ?

-Хүнсний тухай хуульд зааснаар бол үрийн улаан буудай стратегийн хүнсэнд хамаардаг. Ер нь үрийн улаан буудайг  тариаланчид, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Онцгой байдлын Улсын нөөцийн газар жил тутам тариалах хэмжээгээр нь нөөцөлж, тариалалт явагддаг. Өнөө жилийн тухайд 24 мянган тонн үрийн улаан буудайг тариаланчид өөрсдөө нөөцөлсөн гэсэн мэдээтэй байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 6700 үрийн улаан буудайг өөрийнхөө эх үүсвэрээр буюу зээлээр худалдаж аваад нөөцөлсөн байгаа. Улсын нөөцийн  5000 орчим тонн үрийн улаан буудай бий. Ингээд тооцохоор улсын хэмжээнд 20 орчим мянган тонн үрийн улаан буудай дутагдах нь гэсэн тооцоо гарч байгаа юм. Хүнс, Хөдөө аж ахуйн яамны зүгээс өнгөрсөн намрын ургац хураалтын дараахан гаргачихсан тооцоо л доо. Тэгээд 2016 онд 20 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэж үзээд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанд оруулсан. Үүгээр асуудал шийдэгдсэн.

-Дутуу байгаа 20 мянган тонн үрийн улаан буудайг хэн оруулж ирэх вэ, яамнаас уу эсвэл сангаар дамжих уу?

-Энэ буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас оруулж ирэхгүй. Улсын төсөвт үрийн буудай худалдаж авах мөнгө суугаагүй. Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд санхүүгийнхаа нөөц бололцоонд тулгуурлаж импортлох бүрэн боломжтой. Хүнс, хөдөө аж ахуйн яам үрийн улаан буудайг импортлоход  нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг УИХ-аар оруулж шийдүүлсэн. Өөрөөр хэлбэл НӨАТ-гүй болсон. Энэ мэтээр дэмжлэг үзүүлж байгаа. Тэгэхээр тариаланч аж ахуйн нэгжүүд шаардлагатай байгаа үрийн буудайныхаа квотыг хугацаа алдалгүй яамнаас авч импортлох шаардлагатай.

-Аж ахуйн нэгжүүд дутуу байгаа үрийн улаан буудайныхаа импортын квотыг авч эхэлсэн үү?

 -Энэ ажлыг өнгөрсөн нэгдүгээр сараас хийгээд эхэлчихсэн. Өнөөдрийн байдлаар арваад аж ахуйн нэгж 14 мянган тонн үрийн уланбуудай импортлох хүсэлтээ ирүүлсэн. Квотыг нь олгосон. Үрийн улаан буудай импортолъё гэсэн хүсэлтийг багцлаад харвал нийтдээ наяад мянган тонны хүсэлт ирсэн. Тариалан эрхэлдэггүй компаниуд эдний дунд бий. Тариалан эрхэлдэг компаниудын хувьд үрийн улаан буудайн импортын квотыг ямар нэг саадгүй олгож байгаа. Дахин хэлэхэд одоогийн байдлаар зарим аж ахуйн нэгжүүд  14 мянган тонн үрийн улаан буудайг өөрсдийнхөө хөрөнгөөр гаднаас импортлоё гэсэн хүсэлт ирүүлээд квотоо авсан. Гаднаас импортлох нь үрийн шинэчлэл талаасаа маш ач холбогдолтой. Тариалан эрхэлдэг том аж ахуйн нэгжийн хувьд өнгөрсөн намрын ургацаас 24-25 мянган тонн үрийн буудай нөөцөлсөн, нөгөө талаас импортын квот авсан аж ахуйн нэгжүүд квотынхоо дагуу үрийн буудай оруулаад ирвэл ямар нэг асуудал гарахгүй. Улсын нөөцтэй нийлээд арав гаруй мянган тонн улаан буудайг тодорхой хэмжээгээр нөөцөлсөн. Өөрөөр хэлбэл үрийн улаанбуудайн нийт хэрэгцээний 20 орчим хувьтай дүйцэхээр нөөц бий. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Хүнс, хөдөө аж ахуйн яам хамтарч аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаа төлбөртэйгөөр, зээлээр худалдах асуудлыг шийдээд явж байна. Үрийн буудай нөөцөлсөн томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд хаврын тариалалтын үед буудай дутагдсан нэгэндээ илүү гарснаа зараад явчихдаг практик бий. Сүүлд тооцоонд ороогүй зарим аж ахуйн нэгжийн зүгээс “Бидэнд үрийн улаан буудай байна. Худалдаж авах боломж байна уу” гэсэн хүсэлт тавьж байгаа.

-Үрийн буудайны импортын хувьд санхүүжилтийг компаниуд өөрсдөө гаргана гэж таны ярианаас ойлголоо. Ургац муу авсан, хямралын жил зэрэг том шалтгаанууд бий. Тариаланчид хөнгөлөлттэй зээл хүсч таарах болов уу. Энэ тал дээр яамнаас хэр анхаарч байгаа вэ?

-Санхүүжилт дээр дэмжихийн тулд санхүүтэй байх ёстой. Яамны тухайд үрийн буудайнд төсөвлөсөн мөнгө, санхүүжилт байхгүй. Харин Хөгжлийн банкны эх үүсвэрээс тодорхой хэмжээний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэ гэсэн УИХ, Засгийн газрын шийдвэр гарсан. Яамны зүгээс Хөгжлийн банкинд ийм аж ахуйн нэгжүүдэд өдий хэмжээний мөнгийг тариалалтдаа зарах шаардлагатай байна гэсэн тооцоо судалгаа, компаниудын нэрсийг хүргүүлсэн. Хөгжлийн банк энэ долоон хоногтоо хуралдаад санхүүжилтийн асуудлаа шийдэх байх. Тэгвэл манай зүгээс аж ахуйн нэгжүүдийнхээ нэрийг арилжааны банкуудад хүргүүлж санхүүжилт хийгээд явчих бүрэн боломжтой. Банк санхүүгийн байгууллагаар дамжуулж санхүүжилтээ шийдэх л гарц байна.

-Арилжааны банкаар дамжина гэхээр бага хүүтэй зээл биш байх нь ээ?

-Арилжааны биш бодлогын зээл учраас жилийн 12.5 хувийн хүүгээр гарах магадлал байгаа. Хаврын тариалалтын ажил эхэлж байгаа учраас ийм санхүүжилт яаралтай шаардлагатай. Яамны зүгээс банк санхүүгийн байгууллагад боломжоо тайлбарлаж, асуудлаа оруулж, шийдвэрлүүлээд явж байна. Өнгөрсөн жил үрийн улаан буудайны дэмжлэгийн хувьд 2400 тонн байсан. Энэ оны тухайд ургац алдсан гэдэг утгаар үрийн улаан буудайнд илүү их ач холбогдол өгч байгаа. Дутагдах хэмжээгээр нь асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Тариаланчид ч гэсэн өөрсдийнх нь бизнес учраас үүнд хариуцлагатай хандах ёстой.

-Яамнаас импортын квотыг цаг алдахгүйгээр өгч байгаа гэж ойлголоо…?

-Өнөөдөр хүсэлтээ өглөө гэхэд квотыг өдөрт нь шийдээд өгнө. Зөвхөн төрд хандаж миний асуудлыг шийдэх ёстой гэх биш, нөөц бололцоон дээрээ тулгуурлаж ажиллах хэрэгтэй байна.

-Хаврын тариалалтын тухайд техникийн шинэчлэл ямархуу байна?

-Өнгөрсөн жил нийт зүтгэх хүчний техникийн 15 орчим хувьд  шинэчлэл хийсэн. Энэ жилийн хувьд ноднингийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд орж ирсэн трактор болон бусад техник хэрэгсэл байгаа. Хүсвэл авч болно. Тэгэхээр техникийн шинэчлэлийн тухайд ноцтой асуудал байхгүй.

-Шатахуун дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Яамнаас жил бүр шатахуун импортолдог компаниудтай гэрээ хийж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан шатахууны дэмжлэг үзүүлдэг. Энэ жилийн тухайд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүднээс зөвхөн газар тариаланд хэрэглэгдэх 20 орчим мянган тонн дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг Засгийн газарт оруулна. Бүх бичиг баримтаа бэлдээд байна.  УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байгаа. Тариалалтын үеэр хэрэглэх  шатахууны онцгой албан татварыг чөлөөлөөд өгвөл дизель түлш литр нь 1000-1200 орчим төгрөгөөр нийлүүлэгдэх боломж бүрдэх юм.

-Буудайнд олгох урамшууллын материалыг хүлээж авч байгаа юу?

-Өнгөрсөн жилийн хүнсний улаан буудайн урамшууллын материалыг энэ сарын 10-нд багтааж хүлээж авахаар ажиллаж байна. Энэ асуудлыг аймгуудын Хүнс, Хөдөө аж ахуйн газруудад хүргүүлсэн. Урамшууллыг дутагдах үрийн улаан буудай, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун гэх мэт дэмжлэгтэй уялдуулж олгох бодлого барьж байгаа. Цаг агаарын хувьд сүүлийн үед хур тунадас их орлоо. Хаврын тариалалтад тун хэрэгцээтэй зүйл гэж олзуурхаж байна. Хөрсний угтвар  чийг бий болох, цаашлаад яривал арвин ургац авахад эерэгээр нөлөөлнө. Цаг агаарын энэ таатай боломжийг ашиглаж, тариалалтаа сайн хийж арвин ургац авахын төлөө ажиллана.

-Хичнээн га талбайд улаан буудай тариална гэж төлөвлөсөн бэ?

-Өмнө нь төлөвлөгөө гаргахдаа 350 орчим мянган га-д тариалалт хийнэ гэж тооцоолсон байсан. Үүнээс 301 мянган га-д нь улаан буудай тариалахаар төлөвлөсөн юм. Өнгөрсөн жилийн гангаас болж энэ тооцоо өөрчлөгдсөн. Өнгөрсөн намар зарим аж ахуйн нэгжид ургацын болц гүйцэхийг хүлээж байсан ч болц нь гүйцээгүй л дээ. Үүнтэй холбоотойгоор тариаланчид намар нэг хэсэг талбайгаа уриншилсан.  Өөрөөр хэлбэл тариагаа хураах боломжгүй болонгуут өнөө талбайгаа уриншилсан хэрэг. Намрын хагалгаа хийгээд уриншилсан. Ийм шалтгаанаар улаан буудай тариалах талбай нэмэгдсэн. Тодруулж хэлбэл, энэ жил 406 мянган га-д улаан буудай тариална гэсэн төлөвлөгөө орж ирээд байна. Яамны өнгөрсөн оны төлөвлөгөөнөөс 100 орчим мянган га-гаар тариалалт нэмэгдэхээр байгаа. Үрийн буудай дутагдах болсон гол шалтгааны нэг нь энэ.

-Тариалалт хэдийгээр эхлэх бол, цаг агаарын байдал ямаршуу байх төлөв гарсан бэ?

-Тавдугаар сарын эхний долоо хоногоос прогнозоо харна. Цаг уурынхан дулааны улирлын төлөв байдал гээд урьдчилаад гурван сараар гаргадаг байсан. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор тэдний гаргасан прогноз зөрөөд байна л даа. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд л олон жилийн дундаж байна гэж прогнозолсон ч ган болж ургац алдсан асуудал бий. Олон жилийн дунджаар дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр тариалалт эхэлдэг. Энэ оны хувьд тавдугаар сарын эхээр тариалалт эхлэх болов уу. Цаг уурынхны тухайд 5-14 хоногийн өмнө өгсөн мэдээ ойролцоо гарна гэж тайлбарлаж байгаа.

Г.Хишиг

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …