Аугаа Эх орны дайны эхний хэдэн сар ЗХУ-ын хувьд сүйрэл болсон юм. Зөвлөлтийн тал фашист-германы гэнэтийн довтолгоонд асар их тооны нисэх онгоц, танк, хуягт тээвэрлэгч, автомашин, их буу өртөж сүйрсэнээс гадна амь үрэгдсэн, шархдсан, олзлогдсон цэргийн тоо хэмжээ төсөөлөхийн аргагүй өндөр байв. (Германы зарим эх сурвалжаар бол нийтдээ Улаан армийн 3,6 сая цэрэг олзлогдсоны ихэнх нь дайны эхний хэдхэн сарын дотор олзлогдсон гэнэ.) Эхний нэг сар дайсны хорлон сүйтгэх ажиллагаа, эрчимтэй давшилтаас болж маш олон дарга, штаб өөрийн цэрэгтэй холбоо тасарч, цэргүүд нь эмх замбараагүй фронтын шугамаас ухарч, дайсантай тулалдах цэрэггүй, буу сумгүй болсон баруун фронтын олон дарга нарыг азгүй бөгөөд эмэгнэлтэй хувь тавилан хүлээж байсан юм. И.Сталинд энэ бүх хохирол, ялагдлын бурууг үүрүүлэх цэргийн өндөр албан тушаалтан хэрэгтэй болжээ. Ингээд түүний “золиг”-т гаргахаар шийдсэн хүн нь ЗХУ-ын Баатар, маршал Григорий Иванович Кулик байлаа.
Г.Кулик нь 1890 оны 11 дүгээр сард 9-нд одоогийн Украйны Полтав хотын ойролцоох Дудников тосгонд төржээ. Дэлхийн нэгдүгээр дайны үед тэрбээр цагаан хааны армид элсэн орж орос орны төлөө фронтод тулалдаж байв. Цэргийн хэрэгт авьяастай болохыг нь олж анзаарсан дарга нар, түүнийг их бууны бага прапорщик сургуульд явуулав. 1916 онд сургуулиа төгсөөд артиллерийн батарейд салааны захирагчаар томилогдож, хувьсгал гартал ажиллаж байв. 1917 онд Баруун фронтын төлөөлөгчийн хувиар Бүх ард түмний конгресст төлөөлөгчөөр сонгогдож оролцлоо. Хуралд оролцоод буцаж ирсэний дараа большевикийн ажлыг фронтод шургуу хийх болжээ.
Иргэний дайны үеэр Полтав, Киев, Харьков, Луганск, Царицынд болсон тулалдаанд их бууны анги, нэгтэлийг сайн удирдаж, тулалдан ялалт байгуулсан тул албан тушаал хурдан ахиж байв. Тэр эхлээд К.Ворошиловын Украйны 5 дугаар армийн, дараа нь С.Буденный Коннын 1 дүгээр армийн артиллерийн командлагчаар томилогдон ажиллав. Дараа нь Өмнөд Кавказын цэргийн тойргийн артиллерийн командлагчаар ажиллаж байхдаа И.Сталинтай танилцаж түүнд өндөр сэтгэгдэл төрүүлсэн байдаг. Царицынд болсон тулалдаанд тэрбээр И.Сталинд нэлээд том тус болсон нь хожим өөрт нь ашиг тусаа өгч албан тушаал нь хурдан ахих боломжийг олгосон юм. Тэрбээр фронтод тулалдаж байх үедээ М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид давхар суралцаж төгссөн байна.
1937 онд ЗХУ-д хэлмэгдүүлэлт эхлэж, цэрэг-улс төрийн талаар найдваргүй төрийн албан тушаалтан, цэргийн дарга нарыг хомроглон баривчлаж, заримыг нь буудав. Дотоод хэргийн ардын комиссариатын газраас (ДХАК) Г.Куликийг буруутгасан нотлох баримт бүрдүүлж, И.Сталинаас баривчлах зөвшөөрөл хүсчээ. И.Сталин түүнийг биечлэн хамгаалсан хэдий ч дараагийн удаа түүнээс нүүр буруулсан юм. Зарим түүхчид энэ байдлыг И.Сталинд оператив-стратегийн түвшиний цэргийн мэдлэгтэй дарга нар цөөхөн байсан гэдэг утгаар тайлбарладаг.
1938 оны 3 дугаар сарын 13-нд Бүх холбоотны Коммунист намын төв хорооны шийдвэрээр ЗХУ-д Цэргийн Ерөнхий зөвлөлийг 9 хүнтэй байгуулсанд Г.Кулик багтаж орлоо. 1939-1940 онд явагдсан ЗХУ-Финландын өвлийн дайнд ялалт байгуулахад артиллерийн цэрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн учир Улаан армийн артиллерийн ерөнхий командлагч Г.Куликт ЗХУ-ын Баатарын алтан таван хошуу, мөн цэргийн хамгийн дээд цол болох маршал цолоор шагнаж, удалгүй Батлан хамгаалах ардын комиссарын орлогчоор томилжээ. Энэ албан тушаал нь өнөө цагаар бол Батлан хамгаалах яамны орлогч сайд гэсэн үг. Түүнд энэ дээд цолонд хүрэхэд хялбар зам туулаагүй, амь өрссөн олон тохиолдол байсан гэдгийг тулаанд оролцож байхдаа 5 удаа шархдаж байснаас нь харж болно.
Дайны эхний өдрүүдэд И.Сталин түүнийг дуудаж, дадлага туршлагагүй дарга нарт туслуулахаар баруун фронт руу явууллаа. Фронт явахаар машиндаа суухдаа Г.Кулик “Би 1941 онд байлдахгүй, харин 1942 оны дайнд бэлдэж байна,” гэж хэлсэнийг нь тэр дор нь нөхөр И.Сталинд илтгэв. Энэ үгийг хашир удирдагч марталгүй, толгойдоо бат тогтоож авчээ. Тэгэхээр эндээс цэргийн өндөр боловсролтой Г.Кулик анхнаас нь энэ бол маш хүнд, сунжирсан дайн болно гэдгийг мэдэж байсан гэсэн дүгнэлт хийж болно.
Г.Кулик тэр өдөртөө явсаар 10 дугаар армийн штабт хүрэлцэн ирэхэд сандарч балмагдсан генералиуд угтаж авлаа. Тэрбээр үүсээд буй цагийн байдлыг үнэлээд яаралтай хариу арга хэмжээ авахаар шууд фронт руу явсан боловч оройтсон байжээ. Арми сүйрлийн хэмжээнд цохилт аваад, амьд үлдсэн цэргүүд нь Белоруссын ойгоор нэг тараад эмх замбараагүй ухарч, зарим хэсэг нь бүслэгдэн эсэргүүцэл үзүүлж байв. Мэдээж тэнд төв штабтай ямар ч холбоо харилцаагүй байв. Г.Кулик ч тэдний дунд хутгалдан хаана байгаа нь тодорхойгүй болов. Фронтод үүссэн нөхцөл байдлыг мэдсэн И.Сталин ямар ч үнээр хамаагүй Г.Куликыг олохыг тушаалаа. Тэр ЗХУ-ын маршал германчуудад олзлуулж магадгүй гэдгээс болгоомжилсон байна. Гэвч эрэл хайгуул амжилтгүй болж, маршалыг хаана байгааг нь тогтоож чадсангүй. Нэлээд хэд хоногийн дараа, 1941 оны 7 дугаар сарын эхээр Г.Куликын сураг гарчээ. Түүнтэй хамт 10 дугаар армийн 3 дугаар дивизийн захирагч ойгоос гарч ирж өөрсдийхөнтэй нийлжээ. Дарга нэг бүр хариуцлагаас зугтаж, амиа авч гарахыг хүсэж байсан эгзэгтэй үе тул 3 дугаар дивизийн захирагч И.Сталинд хандаж өөрийгөө өмгөөлсөн илтгэл бичлээ. Тэр “Маршал Г.Кулик ухрах тушаал өгч, бичиг баримтуудыг устгахыг тушаасан, тэгээд бусад цэргүүдийг тариачны хувцас өмсөхийг шаардаж байсан. Түүнд ямар нэгэн бичиг баримт байгаагүй,” гэжээ. Харин үнэн хэрэгтээ байдал арай өөр байжээ. Маршал китель дээгүүрээ танкчины куртик өмссөн байсан нь олны дунд алхаж яваа түүнд маршалын алтан таван хошуугаа далдлахад нь байхад хялбар байсан бололтой. Харин энэ бүх нөхцөл байдлыг ДХАК-ийн газар өөрөөр харж байв. Энэ бол Г.Куликын хувьд тун эгзэгтэй цаг үе байсан бөгөөд өмнөхөн нь 7 дугаар сарын 22-нд түүнийг туслуулахаар явуулсан Баруун фронтын бүх удирдлагыг толгой дараалан буудсан байв.
Маршал Г.Куликыг олоод И.Сталин дээр авчирахад тэр хоёр хооронд товч бөгөөд тун ч эвгүй яриа болжээ. И.Сталин түүнийг огт танихгүй царай гаргаж байв.
– Та хэн бэ?
– Маршал Г.Кулик, би таны …
– Гутал чинь хаана байна?
– Нөхөр Сталин, би таньд тайлбарлая …
– Бүслэлтээс гарч ирэхдээ өмсөж байсан гутал, хувцас чинь хаана байна? гэж асууснаар тэдний яриа гэнэт дуусчээ. И.Сталин түүний цолыг бууруулж хошууч генерал болгох гэж байснаа түүнийг явсаны дараа бодлоо өөрчилж, түүнд өөрийнхөө гэм бурууг фронтод засах боломж олгохоор шийдлээ. Маршалыг эмнэлэг руу явуулж, нэг сарын хугацаанд асарч сувилав. Ингээд түүнийг фронтын хамгийн хүнд, хамгийн найдваргүй болсон газрууд руу зориуд явуулах болжээ. Эхлээд Ленинградын фронт руу 54 дүгээр армийн командлагчаар томилон явууллаа. Энэ бол түүхэнд анх удаа маршал цолтой хүн арми командалсан тохиолдол болсон юм. Энд Г.Кулик жинхэнэ цэргийн жанжины ур чадварыг харуулж чадсан байдаг. Ялангуяа их бууны мэргэжлийн хүн тул артиллерийн хүч хэрэгслийг зарим шаардлагатай газар хуралдуулж, хамгийн үр нөлөөтэй хэрэглэх тал дээр бусад фронт, армийн командлагч нарт үлгэр дууриалал болж байв. Тэрбээр эхлээд ухарч буй цэргийг зогсоож, улмаар идэвхитэй хориглолт бий болгоод зогсохгүй 9 дүгээр сарын 26-нд хөрш армиудаа зохион байгуулалттай ухрах боломж олгох зорилгоор сөрөг давшилт зохион байгуулж байх яг тэр мөчид түүнийг Москва руу эргүүлэн дууджээ.
И.Сталин түүнтэй уулзаад Хойд Кавказ аюулд орлоо, 51 дүгээр армийг удирдаж, Таманий хойгыг хамгаалах, мөн Крымээр дамжин Хойд Кавказад орохоор санаархаж буй германчуудад саад болох үүрэг өгчээ. Ингээд 51 дүгээр армийг 302 дугаар уулын дивизээр хүч нэмэгдүүлээд ажиллагааны газар орон руу илгээв. Уул нь Тамань хүртэл ердөө 300 км зайтай байсан хэдий ч замын нөхцөл байдлаар шалтгаалан маршал гурав хоногийн дараа зорьсон газартаа очлоо. Очсон газар нь түүний төсөөлсөнөөс долоон дор нөхцөл байдалтай газар угтаж авчээ. Бүх зүйл эвдэрч сүйрчээ. Улаан армийн цэргүүдийн дунд эмх журам алдагдаж, зэвсэгтэй бүлэг дээрэмчид шиг нөхдүүд дүүрэн байлаа. Олон анги, нэгтгэлүүд цэргийн техник, хүнд зэвсэгүүдээ хаячихсан байснаас гадна германы онгоцнууд агаарт ноёрхож, тасралтгүй бөмбөгдөж байсан нь олон хүнийг “шок”-д оруулсан байв. Тэнд байлдах чадвартай тус бүр нь 1500 хүнтэй 106 болон 302 гэсэн хоёрхон дивиз байлаа. Г.Кулик ажлаа сахилга дэг журам тогтоох, армийн штабаа бусад ангиудтай холбоо тогтоохоос ажлаа эхлэв. Гэхдээ тэр нөхцөл байдлыг үнэлж үзээд ийм байдлаар хотыг хоёр хоног ч хамгаалж чадахгүй гэдгээ ойлгожээ. Мөн тэнд ухрах ганцхан гарцтай, хэрвээ германчууд гарцыг эзэлчихвэл буланд шахагдаж сүйрэх нь тодорхой байлаа.
7 дугаар сарын 12-нд Г.Кулик нөхцөл байдлыг илтгэсэн телеграм Дээд командлал руу явууллаа. Москвагаас ямар ч хариу өгөлгүй “таг” болов. 11 дүгээр сарын дундуур нөхцөл байдал хүндэрч германчууд агаар, тэнгис, хуурай газарт бүх талаар давамгайлж, хэзээ мөдгүй шийдвэрлэх давшилт хийх нь тодорхой болоод байв. Харин Г.Куликт Тамань болон Керчь хоёрыг зэрэг хамгаалах хүч хэрэгсэл байсангүй. Нөхцөл байдлыг дахин судалж үзсэний үндсэн дээр 1941 оны 11 дүгээр сарын 15-16-ны шилжих шөнө тэрбээр өөрийн гол хүчээ Таманий булан руу шилжүүлж хориглолтын бэхлэлт барьж эхэлжээ. Гэтэл дөрөв хоногийн дараа Москва гэнэт амь орж, “Керчийн өмнөд эргийг ямар ч үнээр хамаагүй хамгаал,” гэсэн тушаал орж ирлээ. Одоо яах ёстой вэ? Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байдаг. Яг энэ цаг мөчтэй давхцан германчуудын ерөнхий давшилт эхлэв. Г.Куликын цэргүүд юун нөгөө Керчь, өмнө байгаа Тамань хотоо арайхийж хамгаалж байв.
Тэнд тулалдаж байсан генерал Ремезов, Мельников нар маршалыг явган цэргүүдийг удирдан сөрөг дайралтад орж байхыг, дайсны танкын дайралтыг няцаахад артиллерийн гал удирдаж байхыг өөрсдийн биеэр харсан байдаг. Тэр шөнө маршал фронтын хамгийн аюултай хэсэг болох нэгдүгээр траншей дээр цэргүүдтэйгээ хамт хоножээ. Маршал шөнөжин, өдөржингөө фронт дээр өнжиж, эгзэгтэй үед армийн штабыг хамгаалахаар илгээсэн рот цэрэг, тэр бүү хэл өөрийнх нь бие хамгаалагч цэргүүдээ дагуулан хэд хэдэн удаа биечлэн сөрөг дайралтад оржээ. Та нар ЗХУ-ын маршал хүн гартаа автомат буу бариад дайсны суман мөндөр сөрч “Цэргүүдээ миний араас, урагшаа, Ура, Ураа гэж хашгираад,” гүйж явсан гэдгийг төсөөлөөд үзээрэй. Гэвч удаан хугацаанд зууралдан тулалдсан зөвлөлтийн цэрэг ядарч туйлдан, сум галт хэрэгсэлгүй болж улмаар дайсны давуу хүчинд аргагүй дийлдлээ. Германы 8 нэгж танк өндөр хурдаар хориглолтыг сэтэлсэн тул хотыг алдаж, Батайск руу ухрахаас өөр аргагүй болсон байна. Харин хэд хоногийн дараа, 11 дүгээр сарын 29-нд 56 дугаар арми хотыг германчуудаас чөлөөлсөн юм. Энэ удаагийн бүтэлгүйтэл нь маршалыг бүрмөсөн баллаж хаялаа. Г.Куликыг Москвад эргүүлэн дуудаж, ирэнгүүт нь түүнийг хатуу ширүүн байцаалтад оруулж, маршал цолыг бууруулж, бүх шагналыг, түүний дотор ЗХУ-ын Баатар цолыг нь хураан авчээ.
Дайны үед хариуцлага алдсан маршал цолтой хүнийг албан тушаалаас нь авч хаяж байсан тохиолдол бий. Тухайлбал маршал И.Коневыг фронтын командлагч гэсэн албан тушаалаас нь 6 удаа авч хаяж байсан бол А.Еременког 10 удаа албан тушаалаас нь буулгаж байсан байх юм. Харин Г.Куликын маршал цолыг хурааж, бүх шагналыг нь хүчингүй болгосон явдал нь Аугаа эх орны дайны үед цорын ганц тохиолдол болон түүхэнд үлджээ.
1943 онд И.Сталин түүнд дахин нэг боломж олгож, Гвардын 43 дугаар армийн командлагчаар томилон Курскийн цүлхэн рүү явууллаа. Тэнд Г.Кулик өөрийн армийн цэргүүдийг гайхамшигтай удирдаж, Чутов болон Полтавын чиглэлд явагдсан давших ажиллагааг удирдаж германчуудыг бут цохиод яг дуусах үед нь Москва руу гэнэт дууджээ. Магадгүй энэ нь түүнийг ялалт байгуулахаас нь урьдчилан сэргийлсэн арга хэмжээ байсан байх. Г.Кулик фронтод сайн байлдаж, өөрийн гэм буруугаа цагаатгуулна хэмээн бодож байхал харин И.Сталин энэ талаар өөрөө бодолтой байжээ. Түүнд Г.Кулик хэр сайн байлдах нь огт хамаагаагүй байлаа. Зөвхөн тэр өмнө нь юу хэлж, юу бодож байсан нь чухал байв. Г.Куликын найз нөхөд, гэх бүл, ярьж хэлж буй бүхнийг Дотоод хэргийн ардын комиссариатын газраас нарийн хянаж, чагнаж байсан юм. Тэд түүнийг “Загас үргэлж толгойноосоо өтдөг,” гэж ярьсаныг И.Сталинд илтгэлээ. И.Сталинд зөвхөн энэ үг л түүнийг ардын дайсан гэж зарлаад устгахад хангалттай байсан боловч тэр дайн дуусахыг хүлээжээ. Ингээд дайн дуусаж, 1947 онд түүнийг баривчлав. Дотоод хэргийн ардын комиссариатын хүчирхэг машин ажиллаж, түүнийг хүний ёсноор гадуур байдлаар эрүүдэн шүүсний дараа тэрбээр зөвхөн хувьсгалын эсэргүү, ардын дайсан байгаад зогсохгүй дайсны нууц тагнуул байснаа хүлээн зөвшөөрсөн гэнэ. Удаан хугацааны шоронгийн амьдрал, доромжлол, эрүүдэн шүүлт, байцаалт нь түүнийг түүхийн тавцангаас бүрмөсөн үгүй хийсэн бөгөөд өнөөдрийг хүртэл энэ маршалыг ихэнх хүмүүс мартаж, түүний тухай мэдээлэл тун бага үлдсэн байдаг. Г.Кулик нь дайн эхлэхээс өмнө ЗХУ-д байсан долоон маршалын нэг байсан бол дайны дараа 1950 онд буудуулах үед нь ЗХУ-д 19-хөн маршал цолтой хүн байсны нэг нь Сталин өөрөө байсан юм.
1950 оны 8 дугаар сард ЗХУ-ын Дээд шүүх түүнд алах ял оноож, сүүлчийн үгээ хэлэх боломж олгоход ЗХУ-ын Баатар, маршал Г.Кулик “Би Зөвлөлт засгийн дайсан биш, эх орноосоо хэзээ ч урваж байгаагүй. Үргэлж үнэнч шудрагаар эх орондоо зүгтэж байсан юм шүү,” гэж хэлсэн байдаг. И.Сталин нас барсаны дараа 1956 онд Г.Куликын бүх цол, хэргэмийг сэргээсэн байдаг юм.
Р.Энхболд