Академик АНГЛИ ХЭЛ гэж юу вэ?

 Академик англи хэлний талаар “Jet School of English”–ийн Ерөнхий захирал Ц. Чинзоригтой ярилцлаа.

3157a6_IMG_2724_x800

– Орчин үеийн хүүхэд залуус нийтээрээ англи хэл сурахыг зорьдог болсон байна. Англи хэлийг зохих түвшинд сурна гэж юу гэсэн үг юм бэ. Хүмүүсийн хэлний мэдлэг харилцан адилгүй байх юм?

Ямар ч салбарын боловсролд тодорхой хэмжээний стандарт шаарддаг. Жишээлбэл, талх хийлээ гэхэд амт нь ямар байхыг тухайн мэргэжилтний ур чадвар илтгэх учиртай. Аливаа бүтээгдэхүүн стандарттай байдаг. Хэдэн грамм ус орох, хэдэн грамм гурил орох вэ гэхчлэн. Түүнтэй адил англи хэл бас адил.

Анхан шатны англи хэл гэхэд 200 үг ашиглан ярих ёстой. 400 үгтэй текстийг уншаад ойлгох ёстой, эсвэл хүн арван үгтэй өгүүлбэр хэллээ гэхэд зургааг нь ойлгож эргээд дөчин хувьд нь багтаан ярих гэдэг ч юм уу. Энийг л стандарт буюу хэмжүүр гээд байгаа юм. Дэлхийн дээр анхан, дунд, дээд шатны стандартын тухай ярьдаг. Дэлхий даяар 11 төрлийн стандарт байдаг юм. Орчин үед дэлхийн стандарт Европын сүлжээгээр явагдаж байгаа. А1, А2 гэхчлэн явж байгаа. Хуучных шиг анхан, дунд шат гэхээ больчихсон. Тэрийг л хэмжүүр гээд байгаа юм. Энэ хэмжүүр хүний ярих, сонсох, унших чадвар аль түвшинд байгааг тодорхойлж байдаг.

– Танай сургалтын төв академик англи хэлний сургалт явуулж эхлэх гэж байгаа. Академик англи хэл гэхээр эдгээр түвшнээс ямар ялгаатай байх вэ?

– Академик гэхээрээ өөр. Ерөнхий англи хэл буюу анхан, дунд шатных бол олон нийтэд зориулсан байдаг. Нэг ёсондоо сонирхогч гэсэн үг. Ерөнхий англи хэл зааж буй нэг ангид янз бүрийн сонирхолтой хүмүүс орчихсон байдаг. Нэг нь гадагшаа явах хэрэгтэй болсон тул ойр зуурын хэрэглээний англи хэл сурах гэж ирдэг. Нөгөөх нь сэтгүүлчийнхээ хэмжээнд гадаад мэдээлэл орчуулдаг болох гэж сурдаг. Мөн бизнесээ өргөжүүлэхийн тулд, хэлний шалгалт өгч гадаад явахын тулд англи хэл сурч байна. Иймэрхүү зорилготой хүмүүст англи хэлний ерөнхий мэдлэг олгодог юм. Гэтэл таныг сэтгүүлчдийн байгууллагаас АНУ-д сургуульд сургахаар болсон байна. Энэ үед та тодорхой зорилгоор англи хэл сурч эхэлнэ. Тэгэхээр нэг ёсондоо академик англи хэл гэдэг их, дээд сургуульд сурахад чиглэсэн англи хэлний мэдлэг.

– Юу заана гэсэн үг вэ?

Академик англи хэлний сургалтад дунд шатны мэдлэгтэй хүмүүс суралцаж болно. Юу заах вэ гэхээр аль нэг улсад очоод суралцах боллоо гэхэд шууд хичээлээ ойлгох түвшинд очно гэсэн үг.

Эмчийн мэргэжлээр гадаадад суралцахаар очлоо гэхэд лекцээ ойлгох хэмжээний боловсролыг олгох юм. Миний хувьд 17 настайдаа Орост анх удаа очиж байхад лекц нь үнэхээр хэцүү санагддаг байсан. Монголд байхдаа орос арван жилийн сургуульд сурч байсан, хар багаасаа орос хэл үзчихсэн байлаа. Гэтэл очоод багшийнхаа лекцийг ойлгодоггүй. Юунд гацаад байсан бэ гэхээр эх орондоо орос хэл сурч байхад ерөнхий мэдлэг л олж авсан байдаг. Харин нутагт нь очоод сурахаар шууд хэл шинжлэл яриад явчихаар ойлгохоо больчихдог юм байна. Тэгэхээр академик англи хэлний сургалт гадаадад сургуульд сурах гэж байгаа хүмүүст тун их хэрэгтэй. Академик англи хэл гэдэг бол нэг ёсондоо мэргэжлийн хэл болоод явчихаж байгаа юм. Хууль эрхзүйтэй, сэтгүүлзүйтэй, хүний эрхтэй холбоотой англи хэл гэсэн үг. Гадаадад сурч байгаа оюутнуудад очоод хамгийн түрүүнд тулгардаг бэрхшээл нь багшийнхаа лекцийг тэмдэглэж авч чаддаггүй, курсийн ажлаа бичиж чаддаггүй, номоо уншаад ойлгохоо больчхоод байдаг. Эдгээр бэрхшээлийг давахын тулд академик англи хэл сурах ёстой.

– Манайд өмнө нь академик англи хэл заадаг сургалтын төв, сургууль байсан уу?

– Монголд академик сургалт явуулж байсангүй. Бүх их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, гадаад хэлний төвүүд дандаа ерөнхий англи хэл заадаг байсан. Монголд анх удаа академик англи хэлний сургалт явуулж эхлэх гэж байна.

Манай хамт олон уг сургалтыг явуулахын тулд дөрвөн жилийн турш судаллаа. Судалгаа явуулж байхад бид одоо л академик англи хэл зааж эхлэхгүй бол оройтох нь гэдгээ ойлгосон. Баруунд оюутны бие дааж бүтээлч сэтгэх зүйл гэж байдаг. Бид тэр жишиг рүү орохгүй бол болохооргүй болсон байна. Гадаадад очоод их, дээд сургуульд сурахад мэргэжлийн номоо өөрийнхөө хэмжээнд ойлгочихдог, багштайгаа ярилцчихдаг, семинартаа маш идэвхтэй оролцдог, өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлдэг байх ёстой. Ийм хэмжээний боловсролыг академик англи хэлээр олгох юм. Тэгэхгүй бол өнөөдөр манайд ерөнхий боловсролын сургууль нь ч тэр, их, дээд сургууль нь ч тэр англи хэлний одоо, өнгөрсөн, ирээдүй цагуудаа л зааж байна. Их сургуулийн оюутанд хэрэгтэй чадваруудыг олгоход дутагдалтай байна..

– Та түрүүн хэллээ. Манайхан дандаа ерөнхий англи хэл заадаг гэж. Тэгэхээр одооноос академик англи хэл заах багш нараа хэрхэн бэлдэж байгаа вэ?

– Багш нарын тухайд бид үндсэндээ уг сургалтын явуулах дөрвөн багш бэлдчихсэн байгаа. Багш нарын маань нэг нь зургаан настайдаа Америкт очоод тэндээ ахлах болон их сургуулиа төгссөн. Энэ багш маань академик англи хэлний сургалтыг явуулах багш нарын маань нэг. Мөн Америкт арав гаруй жил сурч байгаад ирсэн багш байгаа. Гэтэл яагаад дээрх хоёр багшийг сонгов гэхээр хамгийн гол нь Америкийн дунд сургуульд сурч байсан юм. Америкт сурсан гэдэг чинь тэндхийн стандартыг мэднэ гэсэн үг. Дор хаяж тэндхийн стандартыг мэдэх хүн хичээл заахгүй бол болохгүй.Тиймээс яг орчинд нь, өөрийн биеэр сурч байсан, тэндхийн бүх л нарийн ширийнийг мэдэх багш нарыг сонгож авсан хэрэг. Гурав дахь багш нь би өөрөө заана. Би Британид их сургууль төгссөн. Дээрээс нь академик англи хэлээр мэргэшсэн америк багш ирчихсэн байгаа.

– Уг сургалтад дунд шатны хэлний мэдлэгтэй хүн хамрагдах боломжтой гэсэн байх аа?

– Дунд шатнаасаа заана. Түвшин янз бүр л дээ. Жишээлбэл, TOEFL-ын шалгалтыг залуус маань өгч байна. Арван хүүхэд дээрх шалгалтыг өглөө гэхэд зургаа нь тэнцээд, дөрөв нь тэнцэхгүй байна. Гэтэл тэнцээгүй тэр хүүхдүүд англи хэлээ мэдэх үү гэвэл мэддэг. Хамгийн гол нь юун дээр гацдаг вэ гэхээр чадвар эзэмшээгүй байдаг. Лекцээ яаж тэмдэглэх, товчлол хэрхэн хийх аргаа олоогүй байдаг. Зуун үгтэй текст уншаад гол санааг нь алдагдуулалгүйгээр хорин үгтэй өгүүлбэрт яаж багтаах вэ гэдгээ мэддэггүй. Нэг өгүүлбэрийн утгыг алдагдуулалгүйгээр яаж өөрөөр илэрхийлэх вэ гэхчлэн чадваруудыг эзэмшээгүй болохоор шалгалтдаа унаад байна.

Их, дээд сургуульд сурч байхдаа бид яадаг билээ. Багш лекцээ уншиж байхад дундаас нь хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авдаг. Хичээл дууссаны дараа багш тийм, тийм номын тэддүгээр хуудсыг уншаарай гэж хэлнэ. Үүний дагуу бид өөрсдөө боловсруулж хэрэгтэй мэдлэгээ олж авдаг шүү дээ. Гэтэл манай англи хэл сурч байгаа хүүхдүүдэд ийм чадвар дутаж байгааг л нөхөх гээд байгаа юм.

– Сургалт хэдэн үе шаттай байх вэ?

– Дөрвөн үе шаттай байх юм. Нэг түвшний сургалт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ. Үндсэндээ дэлхийн жишгийг харж байхад дөрвөн шаттай байдаг. Бид тэр дагуу л хичээллэнэ. Сургалтаа хоёр, хоёр сараар үргэлжлүүлнэ. Хоёр сардаа гэхдээ нэлээн шахуу хөтөлбөртэй. Манай үндсэн ангиуд долоо хоногт дөрвөн удаа буюу 12 цаг хичээллэдэг. Харин академик түвшний анги маань 18 цаг хичээллэнэ. Үндсэн хичээлээ 15 цаг ороод бямба гариг бүр чөлөөт өдөр нээж байгаа.

– Чөлөөт өдрөөр бие дааж сурна гэсэн үг үү?

– Бямба гаригийн чөлөөт өдөр багш нар маань бүгдээрээ ирээд сууж байна. Багш нартайгаа уулзана, хичээлээ давтана, ярилцана. Манайхаас янз бүрийн семинарууд зохион байгуулдаг. Англи хэлийг хэрхэн сурах вэ, уншлагаа хэрхэн дээшлүүлэх вэ гэхчлэн янз бүрийн сэдвээр семинар зохиодог юм. Оюутнуудын хичээлээс бусад цагийн чөлөөт өдөрлөг гэж ойлгож болно.

– Ер нь ямар үндэслэлээр ийм анги нээх болсон юм бэ?

– Гурван шалтгаан байсан юм. Манай “Jet” сургууль хорь гаруй жил англи хэлний сургалт явуулж байнашүү дээ. Тэгэхээр манайд суралцаж байсан маш олон хүүхэд бий. Тэд нар маань гадаадад сургуульд яваад зуны амралтаа эх орондоо өнгөрөөх үедээ хүрч ирж уулздаг юм. Ирээд ганцхан зүйлийг л хэлдэг. “Багш аа, монголчууд гадаадад очоод суралцахаараа хэлний тал дээр санаа зоволтгүй байдаг юм байна. Хамгийн гол нь бидэнд чадвар дутаад байна” гэдэг. Ямар чадвар дутаж байгааг нь асуухаар “Лекцээ ойлгохгүй байна, эссе бичиж чадахгүй байна, шинжилгээ судалгаа хийж чадахгүй байна” гэдэг. Эндээс л академик боловсрол олгох ёстой юм байна гэх санаа үүдсэн юм.

Тэгээд ч аяндаа буюу 2005 оноос эхлэн дэлхий даяар англи хэлийг заах арга өөрчлөгдсөн. Тэрийг дагаад шалгалтууд нь өөр болчихлоо. Барууны технологи хэрэглээ талаасаа явдаг. Таних бол сонин биш, яаж хэрэглэх вэ гэдгийг чухалчилдаг. Тэр талаасаа сургалт явуулах ёстой юм байна гэж үзсэн. Гэхдээ академик хэрэглээний анги нээхгүй бол манай хүүхдүүдэд хүндрэлтэй байгааг анзаарсан. Ялангуяа өндөр түвшний их, дээд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд ийм чадвар илүүтэй дутагддаг нь анзаарагддаг юм билээ.

– Өөр сургалтын төвд англи хэл сурахаар “Jet”-ээс гаргасан сурах бичиг хэрэглэхийг зөвлөдөг. Академик түвшний боловсролд зориулан сурах бичиг шинээр гаргаж байгаа юу?

– Гаргаж байгаа. Ер нь бол сурах бичиг маань бэлэн болж байгаа. Сурах бичгийн тухайд хоёр жилийн хугацаанд судалгаа хийж байгаад Оксфордын Макмилан компанийн сурах бичигт тулгуурлан сурах бичгээ гаргасан. Хамгийн гол нь гадаадын ямар ч сайн сурах бичиг байж болно. Тэрийг Монголын түвшинд, монгол хүнд тохируулан өөрчлөх хэрэгтэй болдог. Бид энэ ажил дээр бүтэн жилийн турш судалгаа хийсэн.

– Англи хэл дэлхийн хэл болчихлоо. Ер нь дэлхийн бусад улс орныхон англи хэлний академик боловсрол ямар түвшинд судалдаг юм бэ?

– Улс орнууд нэлээн эрт судалж эхэлсэн байдаг. Миний судалж буйгаар 1995 оноос академик түвшний англи хэлийг судалсан байгаа. Харин 2005 оноос хойш дэлхий даяар тархаж эхэлсэн. Тэгэхээр барууны ийм сэтгэлгээ рүү орохгүй л бол бэрхшээлтэй тулгараад байна. Манайд яагаад ийм орой хөгжиж байна вэ гэхээр бид англи хэлийг сурахдаа ерөнхийг нь сонгоод байдаг. Гэтэл дэлхий даяар академик англи хэлний сургалт явуулдаг маш олон төв бий. Яагаад тэнд суралцахгүй байна вэ гэхээр сургалтын төлбөр өндөр. Тиймээс аль нэг улсад очоод англи хэл сурах гэж байгаа хүмүүс төлбөр багатай буюу ерөнхий мэдлэг олгох сургалтад сурдаг.

Эх сурвалж: ikon.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …