“ХӨХ СУДАР”-ААС ТӨРСӨН БОДОЛ…

 

3577_1284705314Монголын Их бичгийн хүмүүний  нэг,  Ванчинбалын Инжинаашийн нэрийг сонсоогүй хүн  ховор бизээ.  Тэрээр  19-р зууны дунд үед амьдарч, олон арван  зохиол бүтээл туурвиснаас бид эдүгээ “Их Юань улсын мандсан төрийн Хөх судар”   буюу  товчилсон нэр болох “Хөх судар” зохиолоор нь сайн мэдэх билээ. Их бичгийн хүмүүн Инжинаашийн чөмгөө дундартал, үсээ цайтал,  бийр бэхэстэй зууралдан байж үлдээсэн  “Хөх судар”  зохиолыг нь бүрэн бүтнээр нь  анзаарч уншсан хүмүүс  бидний дунд хир олон байдаг бол.

Тэгээд ч саяхных болтол  “Хөх судар” хэсэг бусгаараа крилл үсэгт буусан, хөрвүүлэг нь ойлгон уншихад нэлээд хүчир бэрхшээлтэй байсныг   Олхонууд овогт Ядамын Долгоржавын  тэргүүтэй  ном эрдмийг эрхэмлэдэг хүмүүсийн  санаачлага,  Ш.Чоймаа, М.Баярсайхан нарын бичгийн эрдэмтэдийн зүтгэл,  хөрвүүлэг, зүүлт тайлбараар орчин цагийн монгол хэлэнд нийцүүлэн, крилл үсэгт 3 дэвтэрээр буулган 2009 онд хэвлүүлснийг сүүлийн хэдэн хоног өдөр,  шөнө ялгалгүй шимтэн шимтэн уншлаа. Бичгийн их багш нарт мөргөм үү.

Энэ явцад төрсөн хэдэн бодол санааг бусад хүмүстэй хуваалцан хэлцэе хэмээн бодож  доорх хэдэн мөрийг тэрлэн бичлээ.

Надад төрсөн бодол гэвэл:

–       Монгол хүн бүр, тэр тусмаа  үүх түүхээрээ бахархахыг хүсэгч, тэнгэр газартай холбогдох улаач, түүх шаштир судлан үзэгч, улс нийгмийн үйл хэрэгт зүтгэн явагч хэн хүн “Хөх судар” зохиолыг заавал уншууштай.

–       Бидний хэсэг бусгаар нь сонсож байсан Чингис хааны олон  билэг сургаалыг Их хаан ямар үйл явдалтай холбогдуулан хэлсэн тухай  “Хөх судар”-ын уншин байж бүрэн ойлгож мэдэх больюу

–       Бидний амьдран суугаа Монгол орны цаг уур, газарзүйн байдал, амь амьжиргааны онцлогийн  давуу  хийгээд сул талыг  Инжинааш авхай  хэдэнтээ  дурьдан хэлсэн бөгөөд анзааран үзвээс,  дэлхийн аль ч орон газраас  хэд дахин сайн, эерэг шинж  бидний энэ орон нутагт маань байгааг  дурьджээ.

–       Төрийн үйл  хэрэгт хуумгай бодол, цалгар явдал, хов үг, буруу санаа ямар их гай гачигдал дагуулдаг тухай тун энгийн ойлгомжтойгоор дүрсэлжээ

–       Чингис хаан болон Жонон Мухулайн цэрэг  дагуулахуйн ухаан, цөөн цэргээр олныг сөнөөхүйн урлагийг нарийн тод гаргажээ. /“Аливаа цэргийн ёсонд нэг хүн эндүүрэн  хөдөлвөөс  олон хүний амь бусних,  хөнгөн болвоос цэрэг ихээр дарагдах, хүнд болвоос улс орон мөхөх тул цэргийн цаазыг  чангаар барихаас өөрцгүй” гэсэн Чингис хааны зарлиг үнэхээр үе үеийн цэргийн хүмүүст баримтлавал зохих сургаал болох мэт/

–       Чингис хаан нэгэнтээ тэнгэрийн доорх их хаан хүн атлаа энгийн цэргийн нэгэн адил тэдний дунд амьдран тэдний хоол хүнсээс зооглон, тэдний уух уснаас ундлах зэрэг нь цэрэг иргэдийн жаргал зовлонг ойлгон ухаарч, тэдэн дунд хүндлэгдэхүйн эх болжээ. Өдгөө манай засаг төрийн  түшмэдүүд,  ард олны дунд биш, тэдний амьдралаас хэтэрхий алс хол яваа нь ширхэг талх, кг махны үнэ мэдэхгүй байгаагаар илчлэгдэн харагдана биш үү.

–       Ерөөс төрийн их ёс, баяр зугаа, алиа наадам, дүрэм хэмжээ, өнгө  байдал нь хэтийдэн ихэдвээс улсын хүчийг сулруулж, түшмэдийн чигч  шударгуу чанарыг гээгдүүлж, эзэн иргэний омгийг  нэмэгдүүлж,  завсрын зальхай хүмүүсийг олноор төрүүлэхүйн эхлэл болдог хэмээсэн Чингис хааны  айлдвар нь өнөөгийг бидний төрх байдлыг хөндлөнгөөс харж хэлсэн мэт. Эдүгээ цагийн  төрийн түшээдийг,  мэдлэг чадвартай гэхээс илүүтэй бялдууч долдой, зусар заальхай хүмүүс тойрон хүрээлчихсэн  гэлтэй.

–       “Хүн хэдий цэцэн ч хэлэхээс нааш үл мэднэ” гэдэгчлэн Чингис хаан хэлэхдээ: “би нэгэнтээ хүн л юм  хойно санаандгүй  гаргах  буруу үйл, осол  эндэгдэл байваас үүнийг, миний   сайд түшмэд,  цэрэг жанжин, энгийн иргэд  ухан таниулж, өргөн мэдүүлвээс арвин ихээр шагнан тогтооно” гэжээ. Үүнийг  өнөө цагийн  өөрийн бодлоо туйлын зөв хэмээн зүтгэж, бусдын үгийг үл сонсогч  сайд дарга, эвэртэн туурайтнууд эргэн харвал зохилтой мэт.

–       Чингис хааны зөв бодлого болон амгалан  төрийн төлөө  үнэнхүү сэтгэл, чигч шударгаар зоригч  түшмэд жанждын  үйл хэрэг нь тэртээх 13-р зууны Монгол төрийн мандан бадрахуйн уг эх болсон ажээ. Харин энэ цаг дор  үг хэлээд хэлсэнээ мартах, үйл хийгээд буруутснаа үл ухах,  шударга гээд урианаас цаашгүй,  төрийн төлөөнөөс хувийн ашгаа чухалчлагч түшмэд албан тушаалтан олон байгаа нь харуусалтай.

Эдүгээ   энэ хэдэн  үгээр  Их бичгийн хүмүүн В.Инжинааш  авхайн  “Хөх судар”-аар дамжуулан хожмын  бидэнд  мэдүүлэхийг  зорьсон Эзэн Чингис хааны  олон санаанаас цөөнийг бодруулан  орхие. Боломж буй аваас үргэлжлүүлэн “судар”-аас төрсөн бодлоо тэрлэхийг хүсмүй.

Үргэлжлэл бий.

 

 

Ц.Мөнхбаатар

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: Зуданд өртсөн малчин өрх бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будаа олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …