-Эхлээд өөрийгөө танилцуулах нь зөв болов уу?
–Намайг Мөнхнасан гэдэг. Унаган хотын хүүхэд. Одоогоор эхнэр, гурван хүүхдийн хамт нийслэлд амьдарч байна. Товчхондоо нэг ийм/инээв.сур/.
-Дэлхийн аварга үсчин болсонд баяр хүргэе. Ямар төрөлд өрсөлдсөн бэ?
-Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд манай улс 29 үсчин, гоо засалч, 11 моделийн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон. Миний хувьд эрэгтэй, эмэгтэй Сreativе засалт, классик засалт, үдшийн гоёлын засалт хийх даалгавар авсан. Сreativе засалт нь мэргэжлийн техникийн төрөл бөгөөд үсчнээс маш их ур чадвар шаарддаг. Тухайлбал, эмэгтэй үсийг богино тайрч сам, лакаар босгох, эрэгтэй үсийг хээ гаргаж хэвлэж засах гэх мэт даалгавуудыг гүйцэтгэсэн. Олон улсын 40 гаруй үсчинтэй өрсөлдөж, аварга боллоо.
-Анх удаа оролцсон уу?
– Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо 2006 онд байгуулагдаж тухайн жилээсээ олон улсын тэмцээнд үсчин явуулж эхэлсэн. Би тус мэргэжлийн холбоонд 2012 онд элсэн орсноос хойш Ази, Европын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жил алгасахгүй л оролцсон доо. Энэ тэмцээнд хамгийн анх 2012 онд оролцож байлаа. Тэр үед 16 дугаар байрт орж байсан юм. Харин 2014 онд 10 дугаар байр эзэлсэн. Энэ хоёр тэмцээнээс хуримтуулсан туршлага, сурч авсан зүйлс минь энэ удаа аварга болоход их нөлөөлсөн болов уу гэж би бодожбайна. 2006 онд анх Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлээд түүндээ урамшаад л байнга тэмцээнд ордог болсон доо.
-Хэдэн орны үсчинтэй өрсөлдөв?
-Биднээс гадна 41 улсаас нийт 1002 үсчин, гоо засалч ирсэн. Надаас гадна “Хос шагай” салоны захирал Н.Алтаншагай дөрөвдүгээр байрт шалгарч, манай эрэгтэй үсчид багаараа гуравдугаар байрт орсон.
-Дэлхийн аваргын хэмжээнд хүртэл хэн таныг мэргэшүүлэв ээ?
-Би аравдугаар ангиа төгсөөд 2002 онд анх үсчин болж байсан. Үсчингийн 45 хоногийн сургалтад хамрагдаж үнэмлэхтэй болсон юм. Тэгээд “Сор” гэдэг салонд анх ажилд орж хоёр жил ажиллаж байлаа. Түүний дараа “UB Hair” салонд жил ажиллаад, 2006 оноос “Видал” салонд ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна даа. Ер нь үсчид үйлдвэр урлалийн дээд сургууль юм уу аль нэг дамжаа курсэд хоёр жил хагас сураад мэргэжлийн үнэмлэх эзэмшдэг. Төгсөөд мэргэжлийн салонд ажилд ороод практикаар суралцаж туршлагаждаг даа.
-Дамжаанд сураад л дэлхийн аварга болж байна гэхээр манай үсчид ур чадвар өндөртэй байх нь ээ?
-Би хувьдаа дамжаанд суусан гэхээс илүүтэй олон жилийн туршлага чухал болов уу гэж бодож байна. Би одоо үсчин мэргэжлээр ажиллаад 14 жил болж байна. Тэр хугацаанд л дэлхийн аварга болох ур чадвар, туршлагыг олж авсан юм болов уу даа. Ер нь Монгол үсчид маш их мэдрэмжтэй. Юмыг маш хурдан сурч, хүлээж авдаг.
-Олон улсын шүүгчид Монголчуудыг хэрхэн дүгнэдэг бол?
-Биднийг тэмцээний талбар дээр даалгавраа гүйцэтгэж дууссаны дараа шүүгчид болон бусад орны оролцогчид баяр хүргэж, зургийг маань хүртэл авч байсан. Тэнд байсан ихэнх улсын үсчидтэй өмнө нь тэмцээнд оролцож, уулзаж байсан болохоор биднийг мэддэг. Гэхдээ энэ удаагийн тэмцээнээс хойш илүү их мэддэг болсон байхаа.
-Хүүхдүүд багадаа багш, эмч болно гэж их ярьдаг. Харин таны багын мөрөөдөл үсчин болох байв уу?
-Би арван жилдээ хөгжимчин болно гэж бодож хөгжмийн ангид сурдаг байсан. Тэгэхээр үсчин гэдэг миний мөрөөдөл биш байсан болов уу. Гэхдээ сонирхолтой байсан. Би есдүгээр ангийн сурагч байхдаа гэртээ нэг үсний машинтай байсан. Би хоёр ахтай. Бид гурав гэртээ ээлжлээд л бие биеныхээ үсийг засдаг байлаа. Бас найзуудаа авчирч үсийг нь засна/инээв.сур/. Яг аравдугаар ангиа төгсөөд хөгжмөөрөө явж их сургуульд орох уу, үсчинээр ажиллаж дамжаа төгсөх үү гэдэг хоёр сонголт тулгарсан. Тэгсэн нэг эгч маань санал болгоод, надад ч ирээдүйтэй санагдаад энэ мэргэжлийг сонгосон доо.
-Буруу сонголт байж, больдог ч юм уу гэж бодох үе байв уу?
-Байхгүй ээ. Ер нь би энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Тухайн үед үс засалт өнөөдрийнх шиг ийм өндөр түвшинд хөгжөөгүй байсан нь үнэн. Гэхдээ эмэгтэй үсний тайралт, шинэ жилийн гоёлын засалт, тэмцээний гоёлын засалт, сэнс ороолт зэрэг засалтууд надад урлагийн бүтээл мэт л санагддаг байсан. Энэ бүгдийг хийж сурах юмсан гэсэн хүсэл минь намайг энэ мэргэжил рүү хөтлөсөн. Үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцээгүй засалт хийх ч юм уу аль нэг байдлаар алдаа гаргах явдал зөндөө л байдаг. Гэхдээ тэр болгонд болих, орхих тухай нэг ч удаа бодож байгаагүй.
-Үйлчлүүлэгчдээ айхтар загнуулж байв уу?
-Анх үсчин болоод удаагүй байсан юм. 2003 оны эхээр байхаа. Ээж, охин хоёр орж ирээд охиныхоо үсэнд сор тавиулсан юм. Ээж нь манай охины үсэнд тод сор сайхан зохидог гэхээр нь би ч хэлснээр нь хийлээ. Би тэгсэн арай жаахан нарийн, бага сор тавьчихсан юм шиг байгаа юм. Тэгсэн ээж нь загнаад л эхэлсэн. Би гараад зугтаачихсан/инээв.сур/. Би чинь хүний өөдөөс үг хэлж чаддаггүй болохоор, үгийг нь сонсохгүй гээд л гараад явчихсан юм. Тухайн үед би “Сор” салонд ажиллаж байлаа. Тэгээд удалгүй цэрэгт явсан даа.
-Үсчин цэрэг байв уу?
-Үс зассан шүү. Нэг сар хөдөө бэлтгэлд гараад ирсний дараа Тангарагын баяр болсон юм. Тэгсэн ээж баярт ирэхдээ миний үс засдаг багаж бүх юмыг маань аваад ирсэн. Би уг нь үсчин гэдгээ цэрэгт нууж байсан юм. Би Зүүнбаянд алба хаасан. Тэнд сумын төвд нь үсчин байдаггүй байсан болохоор цэргийн ангийн нэг үсчин бид хоёр сумын төвийн хүмүүсийн үсний асуудлыг нэг жил хариуцсан даа/инээв.сур/. Энгийн ард нь ч дарга, хурандаа нь ч засуулдаг байлаа. Цэргүүдэд ямар үс байх биш дээ/инээв.сур/.
-Үс засахдаа юуг чухалчилдаг вэ?
-Цэвэрхэн, нямбай байхыг чухалчилдаг. Зааланд үс засаад зогсох, олон улсын тэмцээнд оролцох хоёр ялгаатай. Манай улсад надаас илүү мундаг үсчин олон бий.
-Хариуцлага өндөртэй мэргэжил байх аа?
-Ерөнхийлөгч ч бай, ердийн иргэн ч бай бүх хүн бидэнд итгэж тэргүүндээ хүргэдэг. Энэ л бидний ажлын бахархал, бардамнал. Тэр утгаараа бид маш их хариуцлагатай байж, алдаа гаргах эрхгүй улс шүү. Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Үсээ янзлуулаад үнэхээр өнгөлөг болоод гарч байгаа үйлчлүүлэгчээ харахад урамтай байдаг юм.
-Цалин мөнгө амьдралд хүрэлцээтэй биз?
-Яахав ээ. Овойж оцойсон баян биш ч эхнэр, гурван хүүхэдтэйгээ дутуу зүйлгүй л амьдарч байна.
Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Г.Тэгшсүрэн
Эх сурвалж: Shuud.mn