Э.Нарантунгалаг: Төвлөрлийг сайн төлөвлөвөл хөгжил,төлөвлөж чадахгүй бол эрсдэлийн бөөгнөрөл болчихдог

Монголын даатгалын зуучлагчдын холбооны ерөнхийлөгч Э.Нарантунгалагтай ярилцлаа.

-Даатгалын зуучлал, даатгалын зуучлалын үйлчилгээ гэж яг юуг хэлээд байна вэ. Эндээс ярилцлагаа эхлүүлье?

-Даатгалын зуучлагч нь нэг талаасаа даатгалын компаниудын борлуулалтын сувгийн нэг хэсэг нөгөө талаасаа даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн даатгалын үйлчилгээг зах зээл дээр бий болгодог мэргэжлийн оролцогч юм.Даатгалын зах зээл өндөр хөгжсөн орнуудад аль нэг аж ахуйн нэгж, иргэнд даатгалын хэрэгцээ гарлаа гэхэд шууд даатгалын компани руу биш даатгалын брокер руу ханддаг. Энэ нь тэд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж тэдэнд эрсдэлээс хамгаалах оновчтой зөв шийдлүүдийг санал болгодогтой холбоотой юм. Даатгалын зах зээл цаашлаад санхүүгийн зах зээлийг тогтвортой зөв голдрилоор нь хөгжүүлэхэд даатгалын брокеруудын үүрэг оролцоо өндөр байдаг.

-Санхүүгийн зах зээлийг зөв голдрилоор хөгжүүлэхэд юунд анхаарвал зохистой вэ?

-Санхүүгийн зах зээлийг бүрдүүлэгч үндсэн гурван тулгуур cектор байдаг. Банкны зах зээл, даатгалын зах зээл, хөрөнгийн зах зээл гэж. Мэдээж бусад хөрөнгө оруулалтын сангууд гэх мэт төрөлжсөн хөгжүүлэх шаардлагатай дэд бүтцүүд бий. Гэтэл манай санхүүгийн зах зээлийн 95 орчим хувийг зөвхөн банкны зах зээл эзэлж байна. Өөрөөр хэлбэл нэг өндөр баганатай нөгөө хэсгүүд нь маш жижигхэн доголон зах зээл. Даатгал болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж олон жил ярьж байгаа ч харилцан уялдаа холбоо сайнгүй байна.Түрүүлж томорсон салбар нь л улам бүр томроод байдаг. Үүний нэг хэсэг болох даатгалын зах зээлийг хөгжүүлэхэд даатгалын мэргэжлийн оролцогчид чухал үүрэгтэй. Энэ ч утгаараа 2004 онд даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль батлагдаж мэргэжлийн брокерын анхны цөөхөн компаниуд байгуулагдаж байлаа. Өнөөдөр даатгалын зуучлагч 37 компани зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаагийн долоо нь арилжааны банк байгаа. Банкны тухай хуульд өөрчлөлт орж банкуудад даатгалын зуучлалын эрх олгож эхэлсэн. Энэ нь олон улсын практикт байдаг үзэгдэл хэдийч манайд авч хэрэгжүүлэхэд арай эртэдсэн. Учир нь Монгол Улсын хүн амын дийлэнх нь, аж ахуйн нэгжүүд нь бараг бүгд банкинд өртэй эдийн засагтай байгаа нөхцөлд банкуудад зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх олгож байгаа нь хөл дээрээ зогсч амжаагүй бусад мэргэжлийн зуучлагч компаниудад халтай бодлого үйлчлээд байна. Үүн дээр нарийн зохицуулалт хэрэгтэй байна. Хэдхэн брокерын компаниудын эрх ашиг хөндсөн асуудал биш даатгалын салбар цаашлаад аливаа бодлого шийдвэр эцсийн дүндээ хүн рүү л чиглэсэн байх ёстой. Даатгуулагчдын эрх ашгийг хамгаалж хөндлөнгөөс оролцох мэргэжлийн оролцогчид чадавхижих нь даатгуулагчдад хэрэгтэй.

-Монголын даатгалын зуучлагчдын холбооны үйл ажиллагааны талаар сонирхуулахгүй юу?

-Манай холбоо 2012 онд байгуулагдсан. Мэргэжлийн брокерын таван компани анх нэгдээд уг холбоог үүсгэн байгуулсан юм. Бусад орны практикийн дагуу мэргэжлийн холбоод нь хөгжиж явах нь зөв. Даатгалын брокерын зах зээлийг хөгжүүлэх, хөгжүүлэхийн тулд брокеруудаа чадавхижуулах, нэгдмэл байр суурьтай байлгах, эрх ашгийг нь хамгаалах зэрэг хэрэгцээнүүд зайлшгүй гарч ирсэн. Үүнээс үүдэж манай холбоо байгуулагдаж байлаа. Брокер нь дотоод, гадаад зах зээл дээр ажилладаг, давхар даатгал, ердийн даатгал гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа нь төрөлждөг. Даатгалын эрүүл зөв тогтолцоог бий болгох зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч аливаа эрсдэлийг бууруулах оновчтой шийдлүүдийг санал болгох, олон талт мэдээллийг тэнцвэртэй хүргэх, тухайн байгууллагын онцлогт тохирсон даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэх нь бидний зорилго төдийгүй ард иргэдийн амар тайван амьдрах нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулах нь бидний үүрэг бас хариуцлага юм.

-Та сая эрсдэлийн талаар ярьлаа. Аливаа улс орон, хот хөгжихийн хэрээрээ эрсдэл дагадаг гэж ярьдаг шүү дээ. Манай нийслэл хотыг эрсдэлтэй хот гэж үздэг. Чухам юуг хотын эрсдэл гэж яриад байдаг юм бэ?

-Маш өргөн хүрээнд ярих сэдэв. Хотын хөгжил гэдэг ойлголтыг тодруулъя. Эргүүлээд танаас “Хотын хөгжил гэж юу вэ. Хотын хөгжлийг иргэн хүний хувьд юугаар хэмждэг вэ?” гэж асууя.

-Хотын захиргааны зүгээс “Замыг өргөн болголоо. Нийтийн тээвэр ухаалаг болчихлоо. Олуулаа очоод салхилах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй болгочихлоо” гэж яриад байхаар хот маань хөгжиж л байгаа юм байна даа л гэж ойлгодог?

-Өнөөдөр бидний амьдарч байгаа нийслэл хот хүн амьдрах орчин нөхцөл нь эрсдэлтэй хэмжээнд хүрсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагууд, олон улсын судлаачид аль хэдийнэ дүгнээд гаргаад тавьчихсан асуудал. Хүмүүсээс хот хөгжиж байна уу гэхээр “Хөгжиж байна. Гоё шилэн барилгууд сүндэрлэж байна. Зам, талбай гоё болж, хогноосоо салах гэж хичээж байна. Утаанаас ч салах гэж зүтгэж байна” гэх байх. Энэ бүхэн нь хөгжлийг хэмжих нэг л үзүүлэлт юм. Миний хувьд хотын хөгжил гэдэг зүйлийг ойлгохдоо тэнд амьдарч байгаа иргэдийн сэтгэл ханамжаар хэмжиж амьдарч байгаа орчин нөхцөлөөр тодорхойлмоор санагдаад байдаг юм. Хот маань хөгжөөд байгаа бол оршин суугч иргэн бид хотдоо сэтгэл хангалуун, гэр бүлтэйгээ амар тайван амьдрах ёстой шүү дээ. Энэ үзүүлэлтээр хэмжих гэхээр сэтгэл хангалуун хүн ховор байна да. Гараад л бөөн айдастай, халдварт өвчлөл, агаар, хөрсний бохирдолтой.

-Энэ бүх эрсдэлд юу хамгийн ихээр нөлөөлөөд байгаа вэ?

-Миний бодлоор энэ бүх асуудалд нөлөөлж байгаа хамгийн том хүчин зүйл нь хэт төвлөрөл гэж бодож байна. Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод шавчихаад байна. Төвлөрөл ихсэхээр эрсдэл дагаад нэмэгдчихдэг. Эрсдэл нэмэгдэхээр эцсийн дүндээ хүний амь нас эрүүл мэнд, мөнгө санхүү, цаг хугацааг үргэлж алдаж байдаг. Энэ өөрөө хямралыг үүсгэдэг. Энэ үед хамгийн их ачаалал эмнэлгийн байгууллагын нуруун дээр буух нь ойлгомжтой. Халдварт өвчин гархад түүнийг дарж чадахгүй, даамжруулж байна. Улаанбурхан өвчнөөр олон хүүхэд хорвоог орхиж байна. Үүнээс үүдээд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал, хөрс, ус, агаарын бохирдол, зэрэгнь зүгээр нэг улиг болсон сэдэв биш цогцоох харж шийдэх асуудлууд болоод байна.Улаанбаатар хот гал, үер ус, газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд байна. Бидэнд газар хөдлөлтийн эрсдэл золоор тохиолдоогүй байгаа болохоор л түүнийг ярихгүй байгаа болохоос биш таван баллын хүчтэй газар хөдлөхөд нийслэлийн барилгуудаас хэд нь нурахгүй үлдэх бол. Нэг хашаанд дундажаар 3-5 айл амьдарч, нэг айлын авах тогны хүчдэлээр таван айл хэрэглээд байхаар цахилгааны шугам нь ачааллаа даахгүй халах үүнээс үүдэлтэй галын эрсдэл нэмэгдэнэ мөн нэг биш хэд хэдэн айл нэг тохиолдлоор галд өртөх магадлал ихсэнэ. Гэхдээ дэлхий дээр Улаанбаатараас хэдэн арав дахин их шигүү хүн амтай хотууд байна. Тэдгээр хотууд хөгжөөд болоод байгаа байхгүй юу. Төвлөрлийг сайн төлөвлөж чадвал хөгжил, төлөвлөж чадахгүй бол эрсдэлийн бөөгнөрөл болчихдог.

-Манай нөхцөлд хотоо бараадаад төвлөрөхөөс өөр аргагүй. Малаа бараад, хөдөө орон нутагт ажлын байр олдохгүй учир яалт ч үгүй нийслэлдээ толгой хоргодох зам үлддэг. Төвлөрлийг зогсоох арга олон ч нааш ирж байгаа иргэдийг нутагт нь ажил, амьдралтай болгох замаар тогтоох нь хамгийн зөв гэдэг?

-Төвлөрлийг сааруулахын тулд эхлээд төвлөрөл нөлөөлөөд байгаа хүчин зүйлүүдийг зөв оношлох нь зүйтэй. Төвлөрлийг үүсгэж байгаа хоёр шалтгаан байгаа. Нэгдүгээрт, хүн хөгжил, баялгийг дагаж төвлөрдөг. Хоёр дахь шалтгаан нь тухайн оршин суугаа газартаа байх аргагүй болоод төв барааддаг.Товчоор хэлбэл хөгжлийг дагаж төвлөрнө. Амь зогоохын эрхээр хот, хүн бараадсан ядуурлаас үүдэж төвлөрнө гэсэн үг.Энэ хоёрыг зөв харах нь зүйтэй. Нийслэлд төвлөрөл үүсгэхгүй гээд хил зураад багана тогтоолтой нь биш.

Хөдөөд байгаа хүмүүсийн амьдрах нөхцөлийг ярихын тулд бүс нутгийн хөгжлийг заавал ярих ёстой. Улаанбаатар хотын хөгжлийг төлөвлөж ярихын тулд хөдөөд ч хөгжлийг давхар төлөвлөж, зэрэг харж явмаар байгаа юм. Бүсийн хөгжлийг маш оновчтойгоор төлөвлөж олж харах хэрэгтэй. Бүхнийг шүүмжлэгчийн байр сууринаас хараад хэлэх амархан. Нэгэнт нөхцөл байдал ийм болчихсон юм чинь, төвлөрлөөс яаж зөв гарах вэ. Хотод үүсчихсэн байгаа энэ төвлөрлийг цаашид яаж зөв авч явах вэ гэдгийг оновчтой бодлогоор зохицуулах ёстой байхаа. Нийслэл хотод олон шинэ ажил, бүтээн байгуулалт өрнүүлж эхнээсээ үр дүн нь гарч байгаа ч нөгөө талд нь эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тиймээс аливаа ажлыг эхлүүлэхдээ түүнээс гарах эрсдэл үр дагаврыг маш сайн тооцох хэрэгтэй.

-Үүний нэг жишээ авто машины захыг хотоос гаргана гэдэг нь зүйтэй ч хэрхэн гаргах вэ гэдэг дээр одоо ч шийдэлд хүрээгүй, нөхцөл байдал нь тодорхойгүй, эсэргүүцэлтэй тулгарч байгаа?

-Томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос гаргаж түгжрэлийг бууруулна гэсэн. Энэ бол зөв шийдэл. Хоёр жилийн өмнөөс эхлээд л аравдугаар сарын 1-нд нүүлгэнэ, дөрөвдүгээр сарын 1-нд нүүлгэнэ гэж ярьсаар өдийг хүргэж байна.Өнөөдрийн байдлаар тийш очсон нь бараг үгүй. Санаа зөв байсан ч юуг тооцоолоогүй вэ гэхээр авто цогцолборыг тийш нүүлгэснээр тэнд ажиллаж амьдарч байгаа олон мянган хүний эрх ашиг яаж хөндөгдөөд, хичнээн хүний амьдралд ямар хэмжээний эдийн засгийн хохирол учрах вэ гэдгээ судлаж эрсдэл хамгийн бага байх хувилбаруудыг сонгох нь хэрэгжүүлэх процессыг түргэтгэнэ. Дахин дахин хэлмээр байгаа санаагаа дахиад хэлье. Бид амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгодсон эрхтэй. Аливаа бодлого шийдвэрийг гаргахдаа хүндээ наалдсан хүний эрхийг дээдэлсэн, хохирч болох үр дагавар эрсдэлээ тооцоолсон түүнийг нь шийдвэрлэх оновтой гарц гаргалгаатай зөв шийдвэр гаргаж байж амьдралд амархан хэрэгжинэ.

-Их сонирхолтой юм. Эрсдэл гэдэг зүйлийг манай төр засагт ажиллаж байгаа, шийдвэр, хууль тогтоомж гаргадаг хүмүүс байнга санаж, ажилдаа тусгаж баймаар юм байна?

-Би мэргэжлийн хүний хувьд тэр өнцгийг л харж тайлбарлаад байгаа байх. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Яагаад гэвэл цаана нь иргэд л хохирч үлддэг.

-Таны ярьж байгаа зүйлс манай нийгэмд, нийслэлд тун хэрэгтэй юм байна. Маш олон салбар чиглэл байхад та яагаад даатгал, даатгалын зуучлал гэдэг салбарт ажиллах болсон юм бэ?

-Энэ салбар бол маш сонирхолтой салбар нэг орсон хүн бараг л гардаггүй. Би 2005 онд магистраа төгсөөд даатгалын компанид ажилд орж байлаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй энэ салбартаа ажиллаж байна. Хүнийг хувь хүнийх нь талаас маш сайн хөгжүүлж өгдөг. Аливаа эрсдэлийг судлахын тулд тухайн салбарынхаа гүн рүү орж мэдэх шаардлагатай байдаг. Эмч, эмнэлгийн байгууллагад зориулсан даатгалын бүтээгдэхүүн гаргалаа гэхэд би тэр салбарыг мэдэх хэрэгтэй болно. Уул уурхайн салбарт л гэхэд бас мэргэжлийн онцлогийг нь олохын тулд гүн рүү нь орох хэрэгтэй болдог. Ингээд ажиллаад ирэхээр ажил маань маш сонирхолтой болоод ирдэг л дээ. Өнөөдөр барилгачин байснаа маргааш нь эмч нарын дунд ороод ажил мэргэжлийнх нь эрсдэлийг судлаад явчихдаг.

Нөгөө талаасаа маш буянтай ажил. Даатгалын хураамжийг татвартай андуураад мөнгө цуглуулаад байгаа юм шиг зарим хүмүүст харагддаг мөртлөө даатгалын тохиолдол болоод эрсдэлтэй нүүр тулсан хувь хүн, байгууллагад санхүүгийн маш хүнд нөхцөл үүсчихсэн байхад тэр байдлаас нь гаргаад нөхөн төлбөрийг нь өгөөд хөл дээрээ дахин босохыг нь харах шиг сайхан зүйл үгүй. Гэр нь шатчихсан айл хэцүү шүү дээ. Хаана хэнийдээ толгой хорогдох юм бэ. Хэцүү байдалд орчихсон даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг нь өгөөд амьдралыг нь буцаагаад хэвийн байдалд нь оруулж, баярласан царайг нь харах шиг том сэтгэл ханамж байдаггүй юм. Их буянтай ажил. Энэ утгаараа энэ салбараасаа гарч чадалгүй бүхнээ зориулж ажиллаж байна даа.

-Янз бүрийн салбарын мэдлэг боловсролтой залуустай уулзахад их олон төрлийн сайхан санал санаачилгууд хэлдэг юм. Тантай уулзахад ч тийм сэтгэгдэл төрж байна. Та бүхэл бүтэн мэргэжлийн салбарын холбоог удирдаж, хажуугаар нь олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог эмэгтэй. Амьдрал болоод ажилдаа мөрдлөг болгож дагадаг зарчим тань юу вэ?

-Шийдвэр гаргах түвшинд эрчүүдтэй мөр зэрэгцэн явахад эмэгтэй хүнд эрчүүдээс илүү олон саад даваатай тулгардаг. Тэр бүхнийг давах шаардлага гарна. Хамгийн эхэлж гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Тэгээд нийгэмд, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гээд олон асуудал байдаг. Бид чинь хоёр нийгмийн шилжилтийн үед хүүхэд насаа өнгөрөөгөөд тэр хүнд үед сурч боловсрох гээд л, шуурган дунд хамт давалгаалаад л, яаж байртай болох вэ, яаж боловсрол мэдлэгтэй болох вэ гээд бүгдийг нь даваад өнөөдрийн түвшинд хүрцгээсэн улс.Нийгэм өөрөө эмэгтэйчүүдийг ийм л байх ёстой гэж хайрцганд хийгээд байх шиг санагддаг. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу хэн ч бай өөр өөрсдийн гэсэн үзэл бодол, төлөвшилтэй хүмүүс шүү дээ. Хүн нь зөв байгаад үйлдэл нь зөв байвал эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу хамаагүй хүлээн зөвшөөрөөд л явах хэрэгтэй. Мэдээж хурдтай, завгүй нийгэмд амьдарч байгаа хүмүүс олон тийш цаг заваа зохицуулаад явах хэрэгтэй болдог. Би завгүй байна гээд хүүхэд төрүүлэхээ хойшлуулаад явж болохгүй байх аа. Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, өсгөх,ар гэртээ анхаарал тавих зэрэг нь хийх ёстой зүйлийн нэг л хэсэг. Нийгэмдээ ч дуу хоолойгоо хүргээд манлайлаад боловсролоо эзэмшээд явах боломж нээлттэй. Бусдадаа хүлээн зөвшөөрөгдөх тухай ойлголт болов уу. Хичнээн завгүй байсан ч төөрөхгүйгээр миний үнэт зүйл бол миний гэр бүл гэдгээ санаж үр хүүхдийнхээ амьдрах сайн сайхан нийгмийн төлөө л бүх зүйл минь чиглэгдэх болно.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …